Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 232

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч А.Марал /томилолтоор/,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Х-н Б-д холбогдох эрүүгийн 2005004120171 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн тэсэлгээний инженер мэргэжилтэй, ОУ ХХК-нд захирал ажилтай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт, Орхон аймгийн 0 дүгээр баг, 0 суманд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух РД: урьд ял шийтгэлгүй, тэргүүний уурхайчин шагналтай, Б овогт Х.Б.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар Алмааз” баарны гадна иргэн Э.С-тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар Алмааз” баарны гадна хохирогч Э.С-тай “жолооч мөн үү” гэснээс маргалдаж, улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Э.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн үед ажлаа тараад З бид 2 ажил дээр хүлээж байсан 2 эмэгтэйтэй хамт Б дээр очсон. Тэгээд 13-р хорооллын тэнд байх 1 караокед ороод 0.5 граммын пиво 4 ширхэг, Золбоо, Билгүүтэй мөн 2 ширхэгийг уусан байх. ...Бид 3 харих гээд такси барихад миний таньдаг эмэгтэй Болор “унтаагүй байгаа юм уу” гээд чат бичихээр нь би залгасан чинь “Модны хоёрт хүрээд ир” гэхээр нь яваад очиход 3 эмэгтэйтэй байсан. Мэнд мэдээд ойр зуурын юм яриад машинд нь орох гэхээр багтахгүй бас тамхи татах гээд Б-н машины гадна зогсож байтал хажуу талд хар өнгийн Харьер байсан. Тэр машинаас 1 залуу гарч ирээд пээдгэр маягтай “жолооч мөн үү” гэхээр нь “жолооч шиг харагдаад байна уу” гээд хэрэлдсэн. Тэгсэн чинь З машинаас бууж ирээд тэр залуутай хэрэлдсэн ба харьераас бас 1 өндөр залуу бууж ирээд пизда энэ тэр гээд хэрэлдсэн. Хэрүүл болж байтал харьер машинаас анх бууж ирсэн залуу “хоёулаа эр хүн шиг сайхан зодолдох уу “ гэхээр нь би “болно шүү дээ” гээд бужигнаад дөрвүүлээ зодолдоод эхэлсэн. Би зодоон дунд анх машинаас бууж ирсэн залууд “чи ч намайг цохилоо, би ч чамайг цохилоо, одоо ингээд больчихъё” гэхэд намайг унагаах гээд дайраад байсан, болихгүй байсан. Тэгээд Болороо, найз охидууд нь салгаад машин руу оруулж суулгасан. Чи одоо машинаас буувал дахиад зодоон болно, чиний уруул аймар болчихож цагдаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Зодоон болох үед миний Тессот цаг алга болж, куртик урагдсан. ...Уруулын гэмтлийг харьер машинаас анх бууж ирсэн залуу учруулсан. Зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Зууралдаад зодолдож байхад өвдгөөрөө хальт газар шүргэсэн ч юм уу эсвэл унасан байх, яг хэн яаж учруулсныг мэдэхгүй. Тухайн үйл явдал болсоны дараа надтай зодолдсон намхан залуу толгой өвдөөд байна гэхээр нь би толгойны томографик зураг, рентген зураг нийт 60.000 төгрөгөөр авахуулсан, гэхдээ энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Би зодоон болох үед цагаа алга болгосон, намайг зодсон залуу ч бас эд зүйлээ алга болгосон. Би тэр залуугийн эд зүйлийг аваагүй, зодоон болох үед л алга болсон учраас надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 16-18 тал/,

Гэрч С.З-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С түрүүлж буугаад Бгээд охинтой уулзаад байж байхад нь Б бид 2 араас нь очоод 10-аад метр орчим зайтай зогсож байтал Болороогийн машины хажууд зогсож байсан хар өнгийн харьер машинаас 1 залуу бууж ирээд “дуудлагын жолооч мөн үү” гэх мэтээр С-тай ярилцаж байгаад удалгүй учир зүггүй муудалцаад эхэлсэн. Тэр залуу С-г энгэрээс нь заамдаад чирсэн. Тэгэхээр нь би очоод болиоч гээд салгаж байхад харьер машин дотроос өндөр залуу “чи ямар овоо пизда вэ” гээд энгэрээс заамдаад тонгорох гээд байсан. Би тэр залууг цааш нь цээж рүү түлхээд унагасан. Тэгээд харахад С анх машинаас бууж ирсэн залуутай зодолдож байсан. Б тэр 2-ыг салгаж байсан. Тэгсэн нөгөө өндөр залуу буцаж над руу ирээд бид 2 зодолдсон. Тэр харьераас бууж ирсэн залуу С-г дуудлагын жолоочтой андуурч үл ойлголцсоноос болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Гэрч Ч.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг Б машинд суулгачихаад дуудлагын жолооч дуудах гээд баарны гадаах зогсоол дээр очсон. Тэр зогсоол дээр байсан Хонда инсайт маркийн машин дээр жолооч асуух гэж очоод хоорондоо муудалцсан. Б ногоон цамцтай, өндөр цагаан куртиктэй 2 залуутай муудалцаад байхаар нь би Б-г  авах гээд машинаас буугаад очиход ногоон цамцтай, цагаан куртиктэй залуутай зодолдоод ноосон малгайтай залуу нь тэр хэдийг салгах гээд байж байсан. Намайг очихын хооронд л цохилцоод эхэлсэн. ...Тэгээд намайг салгах гээд очиход Баасандоржгой хамт байсан 2 залуу над руу зэрэг дайраад нэг нь миний зүүн хөмсөг рүү цохисон. Яг хэн цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1752 дугаартай шинжээч эмчийн  “...Э.С-н биед уруулд няцарсан шарх, зүүн өвдөгг зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

Шинжээч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...уруулд няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Шүүгдэгч Х.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие хохирогч Э.С-н биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Би тус үйл явдал болох явцад өөрийн эд зүйлээ алдсан. Болсон үйл явдлыг гэрчлэх камерийн бичлэг байх ёстой...” гэх мэдүүлэг зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 тал/, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-ийн 57 тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 23-24 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Х.Б, хохирогч Э.С нар нь үл ялих зүйлээс буюу “дуудлагын жолооч мөн үү” гэж асууснаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн байх ба улмаар хоорондоо харилцан зодолдож, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь бусдыг зодож цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Х.Б-н хохирогч Э.С-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 1752 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан тул 2020 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зөв байна.

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б “...Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэргийн явцад би эд зүйлээ хулгайд алдсан гомдолтой байна” гэж мэдүүлсэн нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” тухайн хэрэгт хамааралгүй тул тусдаа “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Х.Б-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж, шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Х.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА