Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 233

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч Ч.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х я овогт Ч-н Г-д холбогдох эрүүгийн 2005001890088 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 197 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, .... ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо 0 гудамж 0тоотод оршин суух /РД: /, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаар зарлигаар Алтангадас одонгоор шагнагдаж байсан, урьд

Завхан аймгийн Улиастай дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт зааснаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 280 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өршөөн хэлтрүүлсэн, Х я овогт Ч-н Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Г  нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс молл” нэртэй худалдааны төвийн гадна зогсоолд байршуулан тавьсан байсан иргэн Б.Д-н өмчлөлийн 77-44 УБЭ улсын дугаартай Ланд 200 загварын автомашины урд, хойд талын 2 ширхэг дугуйг хууль бусаар буюу хутгаар хагалж гэмтээсний улмаас 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Г-г “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ч.Г  нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс молл” нэртэй худалдааны төвийн гадна зогсоолд байршуулан тавьсан байсан иргэн Б.Д-н өмчлөлийн 77-44 УБЭ улсын дугаартай Ланд 200 загварын автомашины урд, хойд талын 2 ширхэг дугуйг хууль бусаар буюу хутгаар хагалж, гэмтээсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/,

            Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Максмолл худалдааны төвөөр үйлчлүүлэхээр гадна талын автомашины зогсоол дээр өөрийн 77-44 УБЭ улсын дугаартай Ланд-200 автомашинаа байрлуулж тавьчихаад 30-40 минутын дараа гарч ирээд машинаа анзааралгүй Баянгол дүүргийн 7 дугаар хороонд гэртээ очоод гарч ирээд юманд явах гэтэл миний автомашины дугуй хагарсан байсан. Би дугуй засвар дээр очиж асуухад хутгаар санаатай хагалсан байна гэж хэлсэн. Би тэр даруйдаа очиж Максмолл худалдааны төвийн хяналтын камер шүүхэд зүс таних Г хутгаар хагалчихаад явж байгааг хараад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-22 тал/,

Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах Формула авто сервисийн газарт ажлаа хийж байсан. Би өглөө 9 цагаас оройны 21 цаг хүртэл ажилладаг. Тухайн өдөр үд дунд хавьцаа Ланд 200 загварын улаан өнгийн машиныг нэг эмэгтэй жолоодчихсон урд, хойд 2 дугуйны нэг нь бага зэрэг хийтэй, нөгөө дугуй нь огт хийгүй манай ажлын газарт орж ирсэн. 2 дугуй нь хурц үзүүртэй зүйлээр хатгасан юм шиг дугуйны бөөрөн дээр нь байсан. Харин би нэг дугуйг нь сольж олгой олгой хаймар хийж өгсөн. Нөгөө дугуй нь дахин ашиглах боломжгүй байсан. Би 12 жил тасралтгүйгээр энэ газарт ажиллаж байна. Ерөнхийдөө дугуй хагарч хадаас зоогдвол дугуйныхаа хээ нь дээр үүсдэг. Гэтэл тэр хоёр дугуйны бөөрөнд байрлалтай. Бас үүссэн гэмтэл нь хурц үзүүртэй хутга шиг зүйлээр үүсгэгдсэн юм шиг байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 23 тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 12 цаг 34 минут 40 секундэд тамхи зуусан эрэгтэй хойд талын дугуй хэсэг рүү доошоо тонгойж байгаа харагдаж байна. 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 12 цаг 34 минутаас 12 цаг 55 секундэд Хар куртиктай тамхи зуусан эрэгтэй тойроод нөгөө талын хойд талын дугуй руу тонгойж байгаа хэсгийг харуулав. ...2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 12 цаг 35 минут 12 цаг 36 минут хүртэл хар куртиктай тамхи зуусан эрэгтэй ямар нэгэн эд зүйл халаасандаа хийгээд цааш явж байгаа хэсгийг харуулав..." /хх-ийн 7-9 тал/,

“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний: “...Үнэлгээгээр тогтоогдсон Ланд круйзер 200 маркийн 2 ширхэг дугуйны /285-65-17/ зах зээлийн дундаж үнийг 520.000 төгрөгөөр тогтоов...” гэх тайлан /хх-ийн 24-26 тал/,

            Яллагдагч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвийн гадна компаний дансыг шалгах гээд явж байтал Д-н УБЭ 0000 гэсэн улсын дугаартай улаан өнгийн Ланд 200 загварын автомашин зогсож байхаар нь хутгаар урд болон хойд талын дугуйгаар нэг нэг удаа хатгасан. Миний тэр дугуйг хагалсан шалтгаан бол би тэр эмэгтэйдээ 2 жил орчим нууц амрагийн холбоотой байсан. Тэгээд болъё гэж хэлээд уулзахаа больсон чинь намайг удаа дараа утсаар дарамтлаад сүүлдээ манай эхнэр рүү танай нөхөртэй 1 жил 6 сар явалдсан гээд байсан. 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь би 600.000 төгрөгийг өгсөн. Тэгээд дараа нь миний утсыг блоклоод алга болчихсон. Мөн манай эхнэр рүү залгаж байсан болохоор уур хүрээд дугуйг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ч.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 50 тал/, “Өнөр бүл” төвийн Хүндэт тэмдэгийн хуулбар /хх-ийн 52-53/, Алтангадас Одон тэмдэгийн хуулбар /хх-ийн 54 тал/, Завхан аймгийн Улиастай дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-63 тал/, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 280 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 71 тал/, хохирогч Б.Даваажаргалын гаргасан хүсэлт /хх-ийн 74 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.Г  нь иргэн Б.Д-н өмчлөлийн 00-00 УБЭ улсын дугаартай Ланд 200 загварын автомашины урд, хойд талын 2 ширхэг дугуйг хууль бусаар буюу хутгаар хагалж гэмтээсэн үйлдэл тогтоогдсон.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэргийн 28 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр 520.000 /таван зуун хорин мянган/ төгрөгний хохирол учирсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ. 

Мөн шүүгдэгч Ч.Г  нь хохирогч Б.Д-н эзэмшлийн автомашины эд анги болох дугуйг хагалж буй үйлдэл, эд хөрөнгөнд учирсан хохирол хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгийг гэмтээж буй нь шууд санаатай ба хохирогчийн өмчид хууль бусаар халдсан  үйлдэлд хамаарна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн...” гэмт хэргийн шинж бүрдсэн гэж дүгнэж, шүүгдэгч Ч.Г-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г  нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-д 520.000 /таван зуун хорин мянган/ төгрөгний эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...Миний бие гомдлын дагуу Ч.Г ас 520.000 төгрөг бэлэн авч намайг хохиролгүй болгосон. Би тус мөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 37 минутад хүлээн авсан...” гэжээ.

Иймд шүүгдэгч Ч.Г ас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Г  нь Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол, хор уршиг арилсан гэх хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Г  нь тодорхой эрхэлсэн ажилтай, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг арилсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ” гэж заасан тул шүүгдэгч Ч.Г д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.          

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг флаш диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт тул хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Г д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х я овогт Ч-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Г д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Б.Д-д 520.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргахаар тогтсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА