Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 235

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Х овогт Г-н Б-д холбогдох эрүүгийн 2005004130268 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 199 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...  3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг эх дүүгийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард-Аюушын өргөн чөлөөний гудамж, 0 байрны 0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Төмөр замын эмнэлгийн урд байрлах 0 байрны 0 тоотод түр оршин суух /РД:/, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г.Б.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Б  нь 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс” зочид буудалд иргэн Б.Г-тэй маргалдан зодож тархи доргилт, 2 хацар, нуруу, баруун хөх, баруун мөр, суганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 1 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс” зочид буудалд хохирогч Б.Г-тэй маргалдан зодож тархи доргилт, 2 хацар, нуруу, баруун хөх, баруун мөр, суганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн орчим найз залуу Б-тэй уулзсан. Тэгээд Гурван билэг төвийн доод давхарт байдаг “Олон үндэстний хоол”-ны газарт хоол идсэн. Тухайн үед Б өөрийнхөө найз О-г миний утсаар яриад дуудсан. Б  бид хоёр захиалсан хоолоо идээд хоолны газраас гарахад О  гэх найз нь ирсэн. Тэгээд бид гурав Өргөө кино театрын ард байдаг Си Юү сүлжээ дэлгүүрийн гадаа очиж О-н найз охинтой уулзаад бид дөрөв тэндээсээ Бичил хорооллын урд байрлах “Хаан банк” ороод би данснаасаа 200.000 төгрөг аваад Б ийн найз О д өгсөн. Тэгээд бид дөрөв “Эрхэс” нэртэй орж хоёр ортой буудал авсан. Тэгээд буудлын өрөөнд ороод байж байхад Б , О  нар гарч 750 грамм нэг шил, 500 граммын нэг шил нийт хоёр шил “Соёрхол” нэртэй архи ус, ундаа авч ирсэн. Тэр авчирсан архинуудыг уугаад сүүлийн архи талаасаа доогуур болж байхад О гийн найз Э-н “би бол найз залуугаа араар нь тавьж магадгүй, харин О  бол миний араар тавьж чадахгүй. Бас надад гар хүрэхгүй” гэх утгатай зүйл ярьсан чинь Б  хажуунаас нь “Би бол Г-г дургүй хүргээд байвал гар хүрнэ” гэсэн утгатай юм хэлсэн. Тэр үед миний дургүй хүрээд Эгшиглэнд “танай найз залуу чамайг ажилтай байсан өдөр өөр охинтой уулзчихсан байна. Та хоёр хүрээд ир гэж хэлж байсан. Тэр үед ямар аймар юм бэ ингэж болох юм уу гэсэн чинь Б  надад .. "танай найз охин өөр бандитай уулзаад найз О д баригдаж байсан юм чинь яадаг юм .... гэсэн утгатай юм хэлж байсан” гэж хэлчихээд буудлын өрөөнөөс гарч явах санаатай гадуур хувцсаа өмсөх гэж байхад Б  намайг буудлын өрөөний ариун цэврийн өрөө лүү чирээд оруулсан. Тэгээд ариун цэврийн өрөөнд байхад Б  намайг өмссөн хувцастай минь ариун цэврийн өрөөний ванн уруу түлхэж унагаасан. Тэр үед би Б эд түлхэгдээд Ванн уруу ороод байхад Б  ванны усны хоолойг авч хүйтэн ус гоожуулан над уруу цацсан. Би Б ийн цацаж байгаа усанд амьсгалж чадахгүй байсан болохоор эсэргүүцэл үзүүлсэн боловч Б  миний нүүрэнд яг аль гараараа гэдгийг сайн хараагүй хоёр удаа цохисон. Тэгээд намайг ваннаас буулгаад газар чирэх үед би нэлээн зууралдаж байгаад ариун цэврийн өрөөнөөс гарсан. Тэр үед Б  миний хувцсыг тайлах гэж зууралдаж байгаад бүх хувцсыг тайлаад нүцгэн болгосон хойноо буудлын өрөөнөөс коридорт гаргачихсан. Тэр үед би эсрэг талын өрөө онгорхой байхаар нь орж орны бүтээлгийг нь авч биеэ ороогоод доошоо буух гээд коридорт алхаж байтал Б  өрөөнөөс гарч ирээд миний араас дуудаад хөөхөөр нь би зугтаад буудлын ресепшин дээр очсон. Тэгээд хүний гар утас гуйж ах руугаа ярьсан. Удалгүй манай ах ирээд намайг авсан бөгөөд цагдаад дуудлага өгөөд ахын машинд байж байхад Б  зугтаах гэж оролдсон боловч манай ах хөөж барьсан. Энэ хүн надаас хол байвал болно. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 21-22 тал/,

            Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г манай нөхөр бид хоёрт хэрүүлийн өнгө аястай О  Б  хоёрыг өөр хүүхэнтэй уулзсан талаар яриад О  бид хоёрын хооронд бас маргаан үүссэн байсан. Тэгээд Б  буцаж ирээд Г-д чи хоёр хүний хооронд болсон болоогүй юм яагаад яриад байгаа юм гээд уурлан буудлын өрөөний ор луу Г-г түлхсэн. Тэр маргаан болох үед би өөрийнхөө нөхөртэй зочид буудлын тусдаа байдаг нэг өрөөнд тэр хоёр нөгөө өрөөнд маргаад байсан. Тэгээд тэр хоёр буудлын өрөөний ариун цэврийн өрөөнд ороод Б  ямар ч байсан Г-н нүүрийг угаагаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

Гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлаас дүү Б.Г-г  авсан. Тэр үед би гэртээ унтаж байхад нэг танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь автал манай дүү уйлчихсан байдалтай “...намайг зодоод хамаг юмыг маань булааж аваад нүцгэн буудлын өрөөнөөс хөөгөөд гаргачихлаа..” гээд байсан. Тэгэхээр нь би босоод шууд гэрээсээ гараад дүү Б.Г-н хэлсэн газар болох “Эрхэс” нэртэй Бичил хорооллын урд байдаг зочид буудлын гадна очсон. ... Тэгээд би дүүгээсээ юу болсон талаар асуухад манай дүү надад ...манай найз залуу намайг зодоод хувцсыг тайлаад буудлын өрөөнөөс хөөж гаргасан. Би уг нь хүнд 200.000 төгрөг өгөөд найзуудтайгаа энэ буудалд орсон боловч найз залуу намайг зодчихлоо гээд өөрийнхөө хувцсыг өмсчихсөн зогсож байсан. Яг тэр үед бол манай дүүгийн зүүн хацар орчим алгадуулсан гэл үү, цохиулсан гэл үү бага зэрэг улайсан байдалтай байсан, шүүх эмнэлэгт үзүүлэх явцад Г-н баруун дал орчим нь ямар ч байсан хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Э-н 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1122 дугаартай шинжээчийн “…Б.Г-н биед тархи доргилт, 2 хацар, нуруу, баруун хөх, баруун мөр, суганы цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 57, 58 тал/,

 

Яллагдагч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл болон санал хүсэлт байхгүй. Би хохирогч Б.Г-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 42 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 50 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  нь “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Прокурортой ял тохиролцсон...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 1122 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.Б  нь Б.Г-г зодож тархи доргилт, 2 хацар, нуруу, баруун хөх, баруун мөр, суганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 1122 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Г.Б  нь хохирогч Б.Г-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б ийг 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс” зочид буудалд иргэн Б.Г-тэй маргалдан, улмаар түүнийг зодож тархи доргилт, 2 хацар, нуруу, баруун хөх, баруун мөр, суганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 23-24 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

 

Хэргийн 57 дахь талд авагдсан хохирогч Б.Г-н прокурорын газарт гаргасан хүсэлтэд “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул Г.Б ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.Б эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Б ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б эд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Г хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

`

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА