Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00828

 

Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/03270 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 284 дүгээр магадлалтай,

Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч Ч.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд миний өмчлөлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 19а байрны 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2202020599 дугаарт бүртгэгдсэн 158 м/кв талбай бүхий үйлчилгээний байрыг 392,612,914 төгрөгийн 70 хувь болох 274,829,039 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйлдэл, эс үйлдэхүй нь Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43, 44, 45, 46, 47, 48 дугаар зүйлүүд заасан журмыг дараах байдлаар зөрчиж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаан оруулах тухай Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяагийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар дурдаагүй байгаа явдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  46.1.1, 46.1.2, 47.1 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна. Иймд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5283 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 19а байрны 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэгдсэн 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний байрны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр 2 дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулсан байна. Үүнийг иргэний хэрэг үүсгэсний дараа олж мэдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны удаа дараагийн энэхүү үйлдэл нь үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Иймд 2 дахь албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.                                                 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Энхтүвшингээс 232,928,000 төгрөг гаргуулж Ориент инвенст ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Б315/1318 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Л.Энхтүвшингийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 19А байрны 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 2202020599 дугаарт бүртгэлтэй 158,6 м.кв  талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 164/01 тоот актаар битүүмжилж, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг өгсөн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 164/01 тоот актаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг авч шинжээч томилон үнэлүүлж, үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 06 дугаар сарын15-ны өдрийн 3/21995 албан тоотоор мэдэгдсэн. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/16833 албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнийн 70 хувиар тооцон 274,829,039 төгрөгөөр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлуулагдаагүй тул төлбөр төлөгч Ч.Энхтүвшингийн барьцаа хөрөнгийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4–т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 392,612,914 төгрөгийн 50 хувь буюу 196,306,457 төгрөгөөр оруулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Болорчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үеийн хуулийн 20.3-д мэдэгдлийг шуудангаар хүргүүлнэ гэж заасан байдаг. Оршин суугаа газрын хаяг руу мэдэгдлийг явуулсан байдаг. Нэхэмжлэгч тал ерөнхийдөө хугацаа хожих маягтай байна. Хоёрдох дуудлага худалдааг мэдээгүй гэдэг. Шүүхэд ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргасан гэдгээ хариуцагч талдаа мэдэгдээгүй. Тийм учраас 2 дах дуудлага худалдаа хүчинтэй байна. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль өөрчлөгдсөн. Шинэ хуулиараа 7 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой ба энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 14 хоногтоо мэдээлэгдсэн нь харагдаж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/03270 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 284 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/03270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.24-ний өдрийн 284 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Л.Энхтүвшингээс 234.250.590 төгрөгийг гаргуулан төлбөр авагч “Ориент инвест” ББСБ-д олгуулахаар шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.11.18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Ц- миний өмчлөлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 19А байрны 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэгдсэн 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний байрыг 2017.06.21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд, мөн 2017.07.18-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулахдаа2002 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 43.3, 46.1.1, 146.1.2 дугаар зүйлүүд заасан журмыг зөрчиж, өмчлөгч Ч.Ц- миний эрх ашгийг хохироосон. Давж заалдах шатны шүүх нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2002 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 46.1.1 дүгээр зүйл болон 46.1.2 дугаар зүйлийг хэрэглээгүй явдалд гомдолтой байна. Мөн хавтаст хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл нь өмчлөгч Ч.Ц-д хүрэлгүйгээр, буцаагдсан болохыг нотлох шуудангийн байгууллагын нотлох баримт бичгээр байсаар байхад хоёр дахь дуудлага худалдааны талаар Ч.Ц-д мэдэгдсэн гэж үзнэ хэмээн дүгнэж буй явдалд гомдолтой байна. Хяналтын гомдлын хүсэлт: Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.19-ний өдрийн 101/ШШ2017/03270 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.24-ний өдрийн 284 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, Ч.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Ч.Ц-ийн  “...анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч, маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 5233 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Энхтүвшингээс 232.928.000 төгрөг гаргуулж, “Ориент инвест” ББСБ-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19а байрны 1 тоотын 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасан.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилсон, хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК 392.612.914 төгрөгөөр үнэлсэн, энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нь үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 274.829.039 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, хоёр дахь дуудлага худалдааны үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө Өнөөдөр сонинд мэдээлж, төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/03270 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 284 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Ц-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ