Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 16

 

Ж.Б-, Ж.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Ж.Б-, Ж.Э-, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, прокурор Я.Дина, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Б-, Ж.Э-  нарт холбогдох эрүүгийн 1735000560034 дугаартай хэргийг шүүгчдэгч Ж.Э-, Ж.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  төрсөн, 47 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 04 дүгээр багт оршин суудаг, Харнууд овогт Жаргалын Б нь 2017 оны 08 дугаар сарын 15-16-ний өдрийн хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багийн  нутгаас хохирогч Л.Мөнхцэндийн 3 тооны адуу, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 3 дугаар багийн нутаг “Шар нурган” гэх газраас хохирогч А.Нямсүрэнгийн 2 тооны адууг хулгайлж, нийт 4.200.000 төгрөгийн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт,

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 03-ний өдөр  төрсөн, 37 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг Их тугтан овогт Жийпрэлийн Э- нь 2017 оны 08 дугаар сарын 15-16-ний өдрийн хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Л.Мөнхцэндийн 3 тооны адуу, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 3 дугаар багийн нутаг “Шар нурган” гэх газраас хохирогч А.Нямсүрэнгийн 2 тооны адууг хулгайлж, нийт 4.200.000 төгрөгийн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харнууд овгийн Жаргалын Б, Их тугтан овгийн Жийпрэлийн Э- нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-, Ж.Э- нарт 6 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б-, Ж.Э- нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ж.Б-ы гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эд зүйл болох суран бугуйл 1 ширхэг, суран жолоотой хазаар 1 ширхэг, суран ногт 1 ширхэг, цэрэг хар эмээл 1 ширхэг, эсгий тохом 1 ширхэг, шүүгдэгч Ж.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн төмөр бүүрэгтэй эмээл 1 ширхэг, эсгий тохом 1 ширхэг, хазаар 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Л.Мөнхцэнд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шүүгдэгч Ж.Б-, Ж.Э- нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохьг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Б-, Ж.Э- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ж.Э-, Ж.Б- нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Л.Мөнхцэнд 3 адуу, А.Нямсүрэн 2 адуугаа тус тус зүсээр нь буцаан авсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Л.Мөнхцэнд нь 3 тооны адуугаа эрж хайхад 350000 төгрөгний зардал гарсан гэж нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байдаг. Гэсэн хэдий ч шүүгдэгч нар нь хохирогч Л.Мөнхцэндийн эрлийн зардлыг төлж барагдуулж өгнө гэдгээ илэрхийлсэн.

Ж.Б- нь эхнэр 6 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд эхнэр Б.Гэрэл нь түнхний мултрал оноштойгоор хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан бөгөөд 1994 оноос хойш группт байдаг. Өрхийн тогтмол орлого байхгүй сураар аргамж, бугуйл хийх, эмээл хийх зэрэг хувиараа хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо эхнэр 6 хүүхдээ тэжээн тэтгэж байсан. Ж.Э-ын хувьд анхан шатны шүүх хуралдаан орох үед төрсөн ах Ж.Эрдэнэжамц нь биеийн байдал нь хүнд ухаангүй байгаа гэж байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан байгаа. Одоо түүний ээж Жийпрэл нь умайн хүзүүний хорт хавдар оноштойгоо, хэцүү байдалтай байна. Ж.Э-ын хувьд эх Жийпрэлийг асарч байсан бөгөөд харж хандах хүнгүй байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, тэдгээрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол нь хуульд нийцэж гарсан,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Ж.Б-, Ж.Э- нар 2017 оны 08 дугаар сарын 15-аас 16-ны өдрийн хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Л.Мөнхцэндийн 3 тооны адуу, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 3 дугаар багийн нутаг “Шар нурган” гэх газраас хохирогч А.Нямсүрэнгийн 2 тооны адуу тус тус хулгайлж ,нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Мөнхцэндийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цагаанхайрхан сумын 3 дугаар багийн нутаг “Уушигийн үүр”, “Хойд булаг” гэх нэртэй газарт бэлчээрлэж байсан адуугаа бүртгэхэд миний адуу бүрэн байсан. Тэгээд дахин 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр адуугаа хурааж бүртгэхэд нас гүйцсэн, хоёр гуяндаа дором тамгатай, баруун чих нь цуулбар, зөв чих нь цуулбар /сүйх/ имтэй хул зүсмийн морь, нас гүйцсэн, зөв гуяндаа бүдэгхэн дором тамгатай, зөв чих нь араасаа цуулбар, буруу талынх нь чих цуулбар имтэй шар хээр морь, хоёр гуяндаа дором тамгатай, буруун чих нь цуулбар, зөв чих нь араасаа цуулбар /сүйх/ имтэй хээр зүсмийн морь, нийт 3 тооны адуу байхгүй байсан. Би Өндөрхангай сум болон Завханы Сонгино суманд адуу худалдаж авч байна гэсэн сургаар 3 тооны адуугаа хайж явсан боловч олдоогүй. Гэтэл Хяргас суманд 3 тооны миний алдсан адуутай адил зүсний морьд байна гэх сураг сумын цагдаагаас сонсоод очиж үзэхэд миний 3 адуу зүс, им тамгаараа таарч байсан...” гэх мэдүүлэг / хх 26-27/,

Хохирогч А.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн  “Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө адуугаа харахаар Баатарсүрэнгийн хамт явж байтал “Сэртгэрийн орой” гэх газарт 2 морьтой хүн 3 холбоо адуу туучихсан явж байхаар нь араас нь хөөсөөр байж очиж уулзсан. Тэгтэл тэр хоёр хүн миний эзэмшлийн 13, 14 настай 2 морийг бариад уначихсан явж байсан ба бид хоёр тэдэнд дөхөж очоод “Яагаад миний морийг уначихсан явж байгаа юм” гэхэд тэр хоёр хүн “Бид хоёрын морь муудаад танай адуунаас морь барьж унасан юм” гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн тууж явсан 3 морь нь их тарган морьд байсан юм. Миний адуу Хяргас сумын 3 дугаар баг “Бэлчир” гэх газраар нутаглаж байсан. Тэр хоёр хүн миний 2 адууг “Бэлчир” гэх газраас унаж “Сэртгэр” гэх газар хүртэл явсан байсан. “Бэлчир”, “Сэртгэр” гэх газрууд нь хоорондоо 12-15 км орчим зайтай юм. Би тэр хоёр хүнээс “Хаашаа явж байгаа юм” гэхэд “Улаангом явж байна, одоо нэгэнт өнгөрсөн, цагдаа дууд” гэж хэлж байсан. Миний 2 морь хоёулаа хээр зүстэй бөгөөд нэг нь баруун гуяндаа хөлт олом тамгатай, нөгөө хээр морь нь зөв гуяндаа хөлт олом тамгатай байсан. Тэр 2 залуугийн тууж явсан 3 адууны  2  нь хээр, 1 нь хул зүсмийн морьд байсан бөгөөд тамгыг нь сайн хараагүй. Тэр хоёр залуу тууж явсан 3 адуугаа “Худалдаж авсан” гэж хэлсэн боловч хаанаас худалдаж авсан гэдгээ хэлэхгүй байсан. Тэр хоёр залуу миний 2 моринд эмээл тохоод хазаарлачихсан унаж явсан. Хоёулаа төмөр бүүрэгтэй хар эмээл тохсон байсан. Тэгээд би эмээл, хазаарыг нь тайлуулаад 2 морио буцааж авсан...”  гэх мэдүүлэг / хх-ийн 22-23-р тал/,

Гэрч Т.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  “Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дүү Нямсүрэнгийн адууг харахаар явж байтал 3 адуу холбож туусан 2 морьтой хүн тааралдсан. Тэр хоёр хүн манай дүү Нямсүрэнгийн 2 морийг уначихсан, өөр 3 тооны адуу туучихсан явж байсан бөгөөд Нямсүрэн бид хоёр мотоцикльтой ойртоод очиход тэр хоёр хүн бид хоёроос зугатааж явсаар “Шар нурган” гэх газраас “Сэртгэр” гэх газарт очоод хадны завсар орж нуугдсан. Би тухайн хүмүүсийг ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл биедээ авч явж байж магадгүй гэж бодоод хөдөө явахдаа авч явдаг СКС маркийн бууг 1 удаа хөндий буудахад хадны завсар нуугдсан 2 залуу гарч ирсэн. Бууг буудахад тухайн хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд хөндий хий буудаж сүрдүүлсэн юм. Тэгээд Нямсүрэн бид хоёр тухайн залуучуудаас хаанаас хаа хүрч яваа талаар нь асуухад “Улаангомоос хойшоо явж байна. Энэ 3 адууг мөнгөн тоногтой эмээл өгөөд худалдаж авсан. Бидний унаж явсан морьд муудсан учраас танай 2 морийг сэлгэж унаад газар дөхөөд авья гэж бодож байсан юм” гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн тууж явсан 3 морьд нь тарга тэвээрэг сайтай, муудсан шинжгүй морьд байсан. Тэр хоёр залуу Нямсүрэнгийн 2 адуунд цэрэг хар эмээл эмээллэсэн байсан бөгөөд тэр 2 залуу бид хоёрт хандан “Тохиръё, эр хүн шиг уулзчихъя. Энэ гурван морины нэгийг нь ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь  би “Би тэгж тохирдоггүй хүн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шийдүүлнэ” гээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

Гэрч Б.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би Л.Мөнхцэнд ахынд туслах малчнаар ажилладаг юм. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би Мөнхцэнд ахтай хамт адуугаа хурааж бүртгэхэд хул, хээр, шар хээр морьд алга болсон байсан. Тэгээд бид хоёр ойр хавийн айлуудаас уг 3 адууг сурагласан боловч олдоогүй юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Мөнхцэнд ах, Батдорж ах хоёр алдсан адуугаа хайхаар Өндөрхангай, Завхан аймгийн Сонгино сумын чиглэлд 2 хоног яваад хайгаад олоогүй юм. Мөнхцэнд ах 4 азарга, 80 гаруй тооны адуутай бөгөөд хээр азаргатай адуунаас нь хамгийн тарга тэвээрэг сайтай 3 адуу нь байхгүй байсан юм. Бид нар ойр хавийн айлуудаар явж сурагласан боловч олдохгүй байж байгаад Хяргас суманд сураг нь гарч Мөнхцэнд ах очиж адуугаа авч ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,   

Гэрч Ж.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны үеэр Мөнхцэнд надад “Миний адуунаас 3 тооны адуу дутаж байна. Надтай хамт яваад өгөөч.  Өндөрхангай, Завхан аймгийн Сонгино сумдаар адуу худалдаж авч байна гэнэ. Тэр адуунуудыг очиж үзмээр байна” гэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Л.Мөнхцэнд бид хоёр Өндөрхангай сум болон Завхан аймгийн Сонгино сумын нутгаар 2 өдөр, 1 шөнө Л.Мөнхцэндийн алдсан адууг хайж сураглаж явсаар 2017 оны 08 дугаар сарын 17-ны шөнө гэртээ ирсэн.  Бид хоёр 3 тооны адуу хайж явахдаа ямар нэгэн сураг гаргаагүй тул сумын цагдаад мэдэгдсэн байсан. Гэтэл  Хяргас суманд бидний хайж байгаа 3 адуутай зүс, тамга нь таарсан адуу байгааг олж мэдсэн. Мөнхцэнд бид хоёр айл хөрш амьдардаг тул адуугаа байнга ээлжилж харж бүртгэдэг юм. Би уг морьдыг сайн мэдэх ба зүс, им, тамгыг нь хараад шууд танина” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/ болон  малд /адуу/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  мал хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг  шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хавтас хэрэгт бүрдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба хэргийн зүйлчлэл зөв байна.

Ялтан Ж.Э-, Ж.Б- болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Батгэрэл нар нь “ үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгөх ”-ийг  хүсч  давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, Мөн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” бол хүндрүүлэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал,  гэм буруугийн хэлбэрт  тохирсон, хуульзүйн үндэслэлтэй  байх бөгөөд ялтан нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Э-, Ж.Б- болон өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Э-, Ж.Б-, өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Б-, Ж.Э- нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах  эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.