Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0388

 

 

 

 

 

 

 

                                                                                                    

С.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, гуравдагч этгээд Ш.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Энарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Бын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр:

“Газрын төлбөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.10-т заасныг тус тус баримтлан Цэнгэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Бын “Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ш.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Ш.Мы “С.Бын Цэнгэл сумын 4 дүгээр багт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар хашаа, байшин барьсан газрыг чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах” бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Гуравдагч этгээд Ш.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-А нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Миний бие 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бд “...С.Бын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар хашаа, байшин барьсан газрыг албадан чөлөөлөхгүй байгаа хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, С.Быг газар чөлөөлөхийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад даалгах гомдлыг гаргасан.

Харин Цэнгэл сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т тус тус заасны дагуу С.Бын зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар эзэмшиж, ашигласан газрыг чөлөөлөх үүрэгтэй.

Гэтэл Цэнгэл сумын Засаг дарга нь нэхэмжлэгч С.Бын зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар эзэмшиж, ашигласан газрыг чөлөөлүүлж, хаваржааны газраа зориулалтын дагуу эзэмших гэрээ хамгаалуулахаар гаргасан Ш.Мы өргөдлийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй, бусдын хууль бусаар эзэмшиж, ашигласан газрыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ггийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр М.Дийг гэрчээр асуусан тэмдэглэлд “...Миний бие 2016 оноос эхлэн Цэнгэл сумын 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Цэнгэл сумын 2 болон 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоосон эрх бүхий газрын шийдвэр байхгүй, гэхдээ тухайн багуудын малчид нь уламжлалт мал аж ахуй эрхлэхийн тулд хоорондоо тохиролцож хоёр багийн хил заагийг нь тогтоож авсан. Үүнд ямар нэгэн маргаан гардаггүй. Ш.Мы байшин, хашаа барьсан газар нь Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаардаг. Харин С.Бын байшин, хашаа барьсан газар нь 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаардаг юм. С.Б нь өөрийн гэсэн хаваржаа, намаржааны зориулалттай байшин, хашаа хороотой атлаа Ш.Мы хажуу газрыг шинээр эзэмшиж байгаа нь буруу юм” гэх мэдүүлэг,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ггийн 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр А.Нийг гэрчээр асуусан тэмдэглэлд “...С.Бын нэр дээрх 0277678 дугаар гэрчилгээ нь С.Бын одоо маргаж буй газар буюу шүүхэд хийсэн үзлэгийн схем зурагт тусгагдсан малын хашаа болон хаваржааны байшин байрлаж буй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ биш. Харин энэ байршлаас ертөнцийн зүгээр хойд зүг рүү 1 км зайд орших түүний хаваржааны зориулалтаар барьсан малын хашаа, байшингийн газрын гэрчилгээ юм. Марган бүхий газарт одоогийн байдлаар сумын Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй болно. Иргэн С.Б нь одоогийн байдлаар өвөлжөөний болон хаваржааны зориулалтаар нийт 3 газар байшин, малын хашаа хороо барьж ашиглаж байгаа. Миний мэддэгээр албан ёсны бүртгэлтэй нэг л газарт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус мэдүүлсэн байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 2 сарын 2-ны өдрийн 01/78 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт “...Цэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Ш.Мд сумын Засаг даргын 2016 оны 5 сарын 25-ны өдрийн А/66 дугаар захирамжаар “Хааг бэлчир хонаш” гэдэг газраас хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газрын газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, гэрээ, өргөдөл, кадастрын зургийг тус тус хүргүүлэв. Иргэн С.Бын 031202057 нэгж талбарын дугаар бүхий газрын хувийн хэрэг нь Засаг даргын Тамгын газарт байхгүй байна” гэх тайлбар ирүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх, зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан.

Засаг даргад удаа дараа хүсэлт гомдол гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй тул шүүхэд бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд тус бүр нь хуулийн дээрх заалтаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 700 м.кв хэмжээтэй газар эзэмшсэн, уг газар нь хоорондоо ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, газар хоорондын зай нь 156.4 м болох нь хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн схем зураг, үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр” эзэмшүүлэхээр хуульчилжээ.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/66 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу Ш.М нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн “Хааг бэлчир хонаш” гэх нэртэй 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар эзэмшдэг.

Гэтэл Ш.Мы хаваржаанаас зүүн хойд зүгт 150 гаруй метр зайд 2020 оны зун С.Б нь хашаа, модон байшин барьж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар эзэмшиж, ашигласан байхад шүүхээс үүнийг анхаарсангүй.

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ” гүйцэтгэсэн, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой” үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 сарын 6-ны өдрийн 34 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт зөвхөн гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүхээс гомдлын хүрээнд шийдвэрийг хянаж, дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

            Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны А/66 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ш.Мд Хааг нэртэй газарт 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн боловч тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг бусдад эзэмшүүлэхээр тусгаагүй байсан талаар, түүнчлэн нэхэмжлэгч С.Быг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа, байшин барьсан гэж буруутгах үндэслэлгүй, тэрбээр мөн сумын Засаг даргын 2008 оны 58 дугаар захирамжаар 700 м.кв газар эзэмших эрхтэй, эдгээр нь байршлын хувьд давхцалгүй, хоорондоо 150 гаруй метрийн зайтай талаар шийдвэрт зөв дүгнэжээ.

            Нэгэнт газар эзэмших захирамж хүчинтэй байгаа энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол …сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол …сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн зохицуулалтын хүрээнд С.Бын хашаа, байшин барьсан газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй.

Түүнчлэн дээрх хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэсэн нь дарааллын тухайд эхлээд иргэдийн нийтийн Хурлаар хэлэлцээд шийдвэрлэж чадаагүй асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэхээр, мөн энэ нь бэлчээр, түүнийг зүй зохистой ашиглах, хамгаалах хуульд заасан зохицуулалтын хүрээнд хэрэгжихээс бус гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцаагүй нэхэмжлэгчийн барьсан хашаа, байшинг буулгах байдлаар газрыг албадан чөлөөлөх байдлаар шийдвэрлэгдэхүй.

            Хариуцагчийн шүүхэд гаргасан бичгийн тайлбарт “…нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын маргааныг шийдвэрлэхээр 2 ч удаа комисс томилж байсан боловч иргэд хоорондоо тохиролцож чадаагүй, бэлчээрийн тухайд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасны дагуу хоорондоо тохиролцож, хуулийн хүрээнд газраа эзэмшин, бэлчээрийг уламжлалт аргаар ашиглах нь зүйтэй” гэсэн нь Засаг дарга маргааны гол шалтгаан нөхцөлд үндэслэлтэй дүгнэлт хийж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсний илэрхийлэл бөгөөд үүнийг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй. 

            Зөвхөн өвөлжөө, хаваржаа төдийгүй хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж зааснаас бус өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны бэлчээрийг бусдад дангаар эзэмшүүлэх зохицуулалт хуульд огт тусгагдаагүй болно.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Д, тус сумын газын даамал А.Н нараас авсан гэрчийн мэдүүлгүүдэд нэхэмжлэгч С.Быг одоогийн маргаан бүхий газраас гадна өөр байршилд өвөлжөө, хаваржааны газартай гэдэг ч энэ нь малын бэлчээрийн асуудлаар үүссэн тэдний хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үндэслэл болохгүй.

            Харин Газрын тухай хуульд заасны дагуу Хааг нэртэй газрын бэлчээрийн асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алинд байгаа бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр, магадлалаар хязгаарлагдахгүй.

            Газрын тухай хуульд заасан бэлчээрийг хэрхэн ашиглах талаарх зохицуулалтыг давж заалдах гомдолд дурдсан, тэр хүрээнд Засаг даргад удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан гэх боловч иргэдийн Нийтийн Хурлаар одоогийн маргаж буй асуудлыг хэрхэн хэлэлцүүлж байсан талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхэд ч энэ талаар баримт цуглуулах хүсэлт гаргаагүй энэ тохиолдолд бэлчээрийн асуудлыг шийдвэрлэсэнгүй гэж Засаг даргыг буруутгах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,  

ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ш.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН