Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Мягмаржавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр актын Н.Мягмаржавд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

“2017 оны 4 дүгээр сараас хойш олгогдоогүй тэтгэврийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1962 онд төрсөн, 1978-2014 он хүртэл Манхан суманд мал маллан амьдарч байгаад 2014 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Өндөр насны тэтгэвэр авч байтал 2016 оны 5 дугаар сард таны тэтгэвэр буруу тогтоосон байна, ажилласан жил тэтгэврийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан боловч шимтгэлийн мөнгөө төлөөгүй, баталгаажилтын хуудас ирээгүй байхад бүрдэл дутуу материалаар тэтгэвэр тогтоон олгосон тул акт тогтоосон гэдэг үндэслэлээр миний тэтгэврийг зогсоосон. Миний бие нийгмийн даатгалын байгууллагаас шаардсаны дагуу зөрчлийг арилгасан. Миний тэтгэврийг дахин олгож байснаа 2017 оны 5 дугаар сараас эхлэн дахин зогсоож хохирол учруулсаар байна.

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр актын Н.Мягмаржавд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Мөнхтуул, Н.Мөнхгэрэл нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манхан сумын Тэтгэвэр авагчдын хувийн хэргийг шалгахад Н.Мягмаржав нь Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар бүртгүүлсэн боловч бүртгүүлсэн хугацааныхаа нөхөн төлөх шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөөгүй байсан.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр өгсөн чиглэлийн 3 дахь заалтыг үндэслэхэд тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын санд хохирол учруулсан байсан тул улсын байцаагчийн акт бичиж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Н.Мягмаржав нь Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан шимтгэлийн мөнгөө 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн тул уг хугацаанаас өмнөх тэтгэврийг нөхөн олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нар Н.Мягмаржавыг өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр олгосон гэж үзэж 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр акт тогтоосон байдаг. Энэхүү маргаан бүхий актыг хариуцагч нь ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчид танилцуулаагүй. Өнөөдрийг хүртэл өндөр насны тэтгэврээ авч чадаагүй байгаа. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу уг ажлыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгуулж явуулж байсан ба энэ ажлын хүрээнд Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Лхагваа нь хэд хэдэн иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох шимтгэлийн мөнгийг бэлнээр авч нийгмийн даатгалын санд төлөөгүй асуудал гарсан байдаг. Үүнийг холбогдох гэрчүүд мэдүүлэг өгч нотолсон байгаа. Н.Мягмаржав нь А.Лхагваад 78120 төгрөгийг бэлнээр өгсөн ба сүүлд 2016 оны 5 дугаар сард дахин 78120 төгрөг төлсөн байдаг. Энэ нь Н.Мягмаржавын буруутай үйлдлийн улмаас би Нийгмийн даатгалын байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ийм байдалд хүрсэн. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сараас хойш өндөр насны тэтгэврээ авч чадаагүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мягмаржав нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын байцаагч нарт холбогдуулан “Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 14 дүгээр актын Н.Мягмаржавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “...2017 оны 04 дүгээр сараас хойш олгоогүй тэтгэврийг нөхөн гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нийтийн эрх зүйн маргаан тул хэргийн харьяаллын, нэхэмжлэгч Н.Мягмаржав нь Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандаж урьдчилан шийдвэрлүүлсэн,  мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана”  гэснээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь нутаг дэвсгэрийн харьяаллыг тус тус зөрчөөгүй бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Н.Мөнхгэрэл, Х.Мөнхтуул нар нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх” тухай улсын байцаагчийн актаар Манхан сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт хяналт шалгалт хийж, Манхан сумын өндөр насны тэтгэвэр авагч Н.Мягмаржав нь Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар бүртгүүлсэн боловч бүртгүүлсэн хугацааныхаа нөхөн төлөх шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүй гэх үндэслэлээр 6117900 төгрөгийн нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Мягмаржав нь уг хуульд заасан ажилласан хугацааны болон тэтгэвэр тогтоолгох насны шаардлага хангасан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Ховд аймгийн Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагчид 2014 оны 02 сарын 18-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргажээ.

Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 4.1.1-д заасан “...Сумын нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, .... бүрэн бүрдэж “тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан” гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг нээж...” гэж заасны дагуу өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг нээж, Н.Мягмаржавд өндөр насны тэтгэврийн хувийн хэргийг нээсэн гэрч А.Лхагваагийн “...2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Манхан сумын иргэн Н.Мягмаржав тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасан. Өргөдөлтэй хамт шүүхийн шийдвэр, хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт авч ирсэн. Тэгээд би шалгаж үзээд өндөр насны тэтгэврийн хувийн хэргийг нь нээсэн ...,” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 4.1.2-д “Сум /хороо/-ын нийгмийн даатгалын байцаагч нь энэ журмын 4.1.1-д заасан баримт бичгийг үндэслэн хүн тус бүрээр тэтгэвэр тогтоох нөхцөлийг компьютерын нэгдсэн мэдээлэлд оруулан тэдгээрийн “тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг тэтгэвэр бодсон цалингийн хамт хэвлэж тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргана”, 4.1.3-д “Хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар энэ журмын 4.1.2-т заасны дагуу иргэнд шинээр тогтоосон тэтгэврийн хэмжээг хянаж, тухайн иргэний “тэтгэвэр тогтоолтын хуудас”-д гарын үсэг зурж, хэлтсийн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж зааснаар Н.Мягмаржавд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэн 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоолтын хуудсыг хэвлэн, Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Лхагваа, хяналтын байцаагч Д.Энхжаргал, Ерөнхий нягтлан бодогч Ш.Оюунцэцэг, үйлчилгээний тасгийн дарга Б.Ганбаатар, хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэл нар гарын үсэг зурж, Нийгмийн даатгалын хэлтсийн тэмдэг дарж баталгаажуулан зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны нэг, хоёрдугаар сарын тэтгэврийн мөнгө олгосон, мөн тэтгэвэр олгосон талаар гэрч А.Лхагваа мэдүүлэхдээ “...Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэвэр авч эхэлсэн” гэх мэдүүлэг, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “тэтгэвэр тогтоолын хуудас” зэрэг баримтаар Н.Мягмаржавд өндөр насны тэтгэвэр тогтоосон байх тул нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь акт тогтоосон үндэслэлээ тайлбарлахдаа “...Н.Мягмаржав нь Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан 1995-2000 он хүртэлх хугацааны нөхөн төлөх шимтгэлийг нийгмийн даатгалын санд бүрэн төлөөгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Н.Мягмаржав нь Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 1995-2000 он хүртэлх хугацааны нөхөн төлөх шимтгэл болох 78120 төгрөгийг тухайн үед Ховд аймгийн Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан А.Лхагваад бэлнээр өгсөн болох нь гэрч Г.Нямдэмбэрэлийн “...Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан А.Лхагваа нь Манхан сумын олон иргэдийн Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан шимтгэлийн мөнгийг бэлнээр нь авч хувьдаа хэрэглэсэн асуудал гарсан. Н.Мягмаржав 78120 төгрөгийг байцаагч А.Лхагваад бэлнээр өгсөн байдаг, А.Лхагваа нь уг мөнгийг хувьдаа авч тэтгэвэр тогтоосон байдаг, Тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэн ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй, шимтгэлийн мөнгөө нийгмийн даатгалын байцаагчид итгэж өгсөн байдаг, Н.Мягмаржавд буруу байхгүй...” гэх мэдүүлэг,

гэрч М.Бүрэнжаргалын “...Н.Мягмаржав нь 78120 төгрөгөө Манхан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан А.Лхагваад бэлнээр өгсөн гэж хэлдэг. Тэтгэвэр авагчдын буруу биш, нийгмийн даатгалын байцаагч А.Лхагваа нь уг мөнгийг тушаасан бол ийм зүйл болохгүй байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар Манхан сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Лхагваа Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан шимтгэлд төлөх Н.Мягмаржавын 78120 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөөгүй буруутай болох нь тогтоогдож байхад нэхэмжлэгч Н.Мягмаржавыг Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан шимтгэлд төлөх 78120 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй буруутай гэх үндэслэлээр улсын байцаагчийн акт тогтоосон нь буруу байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Мөнхгэрэл, Х.Мөнхтуул нар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд Манхан сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт хяналт шалгалт хийх талаар тусгаагүй байхад төлөвлөгөөт бус шалгалт хийж 2016 огы 5 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр акт тогтоосон нь буруу байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална” Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн  дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Хяналт шалгалт хийхээс өмнө шалгалтын удирдамжийг батлуулах бөгөөд уг удирдамжид шалгалтын зорилго, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагч, шалгалт хийх хугацаа, хамрах хүрээ, ажлын чиглэлийг тусгахаар заасан байна” гэснийг зөрчсөн байна.

Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 450 дугаар албан бичигт “...2016 оны Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын төлөвлөгөөнд Манхан суманд хийх хяналт шалгалт тусгагдаагүй бөгөөд төлөвлөгөөт бус шалгалтаар илэрсэн зөрчил болно...” гэх албан бичгээр Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Мөнхгэрэл, Х.Мөнхтуул нар тухайн хяналт шалгалтын удирдамж, төлөвлөгөө батлуулалгүйгээр явуулсан нь тогтоогдож байна.

Мөн Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 14 дүгээр акт гаргахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус гэж үзлээ.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т “...Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна...” гэж заасан ба нэхэмжлэгч Н.Мягмаржав нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр үйлдэл гаргаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрчийн болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг хуулийн заалтыг баримтлан акт тогтоосон нь хууль бус байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сар дуустал нийт 5 сарын хугацааны 1255000 төгрөгийн тэтгэвэр олгогдоогүй болох нь Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 494 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

Иймд дээрх байдлаас үндэслэн тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болох нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын Н.Мягмаржавд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 26.1, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын байцаагчийн  дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Мягмаржавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын Н.Мягмаржавд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сар дуустал хугацааны зогсоосон тэтгэвэр болох 1255000 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас /Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.СОНИНБОЛОР