Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00511

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Чимидцэеэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01572 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Чимидцэеэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сод-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд иргэн Д.Түвшинжаргалын хүсэлтээр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/7381 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/00641 дүгээр тогтоолтой иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм. Анх энэхүү ажиллагаа үүссэн эсэхийг миний бие мэдээгүй бөгөөд тус албанаас 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 208/01 дугаар зарлан дуудах хуудсыг манайд ирүүлсэн байсан. Миний бие 2016 оны 5 дугаар сард авто тээврийн осолд орсны улмаас биед маань хүнд гэмтэл учирч гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа тул 2016 оны 9 дүгээр      сарын 13-ны өдөр Б.Сод-Эрдэнэд итгэмжлэл олгож гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөн оролцуулснаар хэргийн материалтай танилцаж, ямар ажиллагаа хийгдэж байгааг мэдсэн болно. Гэтэл шийдвэр   гүйцэтгэлийн   ажиллагаанд  дараах   илт  зөрчилтэй   үйл ажиллагааг явуулсан байна. 1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тухайд: Дээр дурдсан гурван шатны шүүхийн шийдвэрт эрхийн улсын бүртгэлийн Ү2206006800 дугаарт
бүртгэгдсэн, Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпын гудамж, Оддын хотхоны
376 байрны 16 тоот, 122 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн
Ү-220607984 дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж
47 дугаар байрны Б-16 тоот 18.85 м.кв талбайтай авто зогсоол, 73-
33 УНР дугаартай, “Ниссан кашка” маркийн автомашиныг тус тус
Ш.Чимидцэеэгийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн байтал дээрх хуулийн хүчин
шийдвэрээс илт зөрүүтэй буруу бичигдсэн, Хан-уул дүүргийн шүүхийн 2016 оны 7
дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр
гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар
тогтоолыг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн
10.1.1-д "иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүний
дотор эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн
дээр олгосон гүйцэтгэх хуудас" энэ хуулийн гүйцэтгэх баримт бичигт тавигдах
шаардлага болон агуулгыг хуульчилсан 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагыг
хангаагүй байна. Түүнчлэн иргэн миний өмчид халдахдаа надад огт мэдэгдээгүй мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хувийг түүнийг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч,   шүүх   болон   гүйцэтгэх   баримт   бичиг   олгосон   бусад   байгууллагад явуулна " гэсэн журмыг зөрчсөн. 2. Эд хөрөнгөнд халдсан тухайд: Улмаар энэхүү хууль зүйн
үндэслэлгүйгээр үүсгэсэн тогтоолынхоо дагуу 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн
3/5389 албан тоот, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04, 208/01 дугаар эд
хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус Ш.Чимидцэеэ миний өмчлөлийн орон сууц,
авто зогсоол, 73-33 УНР улсын дугаартай автомашиныг битүүмжилж, захиран
зарцуулах эрхийг маань түдгэлзүүлсэн нь өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн
үйл ажиллагаа боллоо. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36
дугаар зүйлийн 36.1-д заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх,
барьцаалах үндэслэлийг нэг бүрчлэн заасан зохицуулалтад хамаарахгүй
болно. Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь бусдын эд хөрөнгө, өмчид халдсан өмнө мөн
хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт "энэ хуулийн 20.1-д зааснаас гадна
шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөхийг шаардах буюу тодорхой үйл ажиллагаа
гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид
даалгах, хөдөлмөрийн хөлс, орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас
өгнө" гэж зааснаар мэдэгдсэн байх ёстой байтал хуульд заасан журмыг зөрчиж
бусдын өмчлөлд халдсан нь буруу юм. Ингээд энэ бүх үйл ажиллагааг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №БГД/07 дугаар албан тоотоор бодит үйл баримтаас илт зөрүүтэй тайлбар хийгээд гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгсөн тул шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д "Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Хариуцагчаар татах үндэслэл болно. Иймд дээрх хууль үйл ажиллагааг таслан зогсоож Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах гүйцэтгэгч С.Дэлгэрзаяагийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар тогтоолын дагуу явуулсан шийдвэр, Д.Түвшинжаргалын хүсэлтээр иргэн Ш.Чимидцэеэ надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн
102/ШШ2015/7381 дугаар шийдвэрээр Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж, Оддын хотхоны 376 байрны 16 тоот, 122 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү220607984 дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүргийн 15 дугаар хороо,  Олимпийн гудамж, 47 дугаар байрны Б-16 тоот, 18.85 м.кв талбайтай авто  зогсоол, 73-33 УНР дугаартай, “Ниссан кашка” маркийн автомашиныг тус тус Ш.Чимидцэеэгийн өмчлөлд үлдээж, Ш.Чимидцэеэгээс 166 624 550 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу бичигдсэн 109 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасны дагуу төлбөр төлөгч Ш.Чимидцэеэгээс төлбөрийг гаргуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 208/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлэхэд мэдэгдлийн хугацаанд ирээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 208/02 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 208/03 дугаартай шүүхийн тогтоол, шийдвэрийн биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгч мөн 208/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрт заагдсан орон сууц 208/04 дугаартай тогтоолоор 73-33 тээврийн хэрэгсэл болон 6-16 тоотод байрлах авто зогсоолыг тус тус битүүмжилсэн. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2 хуульд заасны дагуу явсан. Хан-уул дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудсыг шүүхээс ирэхдээ нэхэмжлэгч хариуцагч нарыг сольсон техникийн алдаатай бичигдсэн байсныг шүүх рүү буцааж засуулж авсан. Гэхдээ доторх агуулга нь адилхан байгаа, үүнийг илт алдаатай гэж үзэхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36.1
дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Иргэний хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу
шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргааны үйл баримтад яман нэгэн хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр, талууд маргаагүй мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг хангаагүй. Хариуцагчаас гүйцэтгэх хуудас буруу бичигдсэн байсан талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг боловч гүйцэтгэх хуудсыг  2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр залруулж ирэхээр нь тухайн өдөр үүсгэх тогтоолын дагуу ажиллагаа хийгдсэн гэх боловч  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн материалтай танилцахад буруу бичигдсэн гүйцэтгэх хуудас байсан. Тиймээс ч миний бие уг байдлыг фото зургаар буулгаж авсан. Түүнчлэн хариуцагчаас “алдаатай гүйцэтгэх хуудсыг тухайн үед нь буцаасан” гэх тайлбарыг хийдэг боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3-т заасны дагуу тогтоол үйлдэхийг хууль шаардаж байхад хуульд нийцэхгүй тайлбар гаргасныг шүүх үл анзаарч түүний тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Маргааны гол үйл баримт Улсын дээд шүүхийн тогтоолоос илтэд зөрүүтэй, буруу бичигдсэн "2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн "00109" дугаартай, А5 хэмжээтэй "16350625" тоот бүртгэлийн цаасанд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан ажиллагаа хийснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэйгээ холбогдуулан дээрх гүйцэтгэх хуудсыг нотлох баримтын шаардлага хангуулан буцаан авсан гэх Д.Түвшинжаргалаас гаргуулья гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүгч "хэрэгт хамааралгүй нотлох баримт" гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Маргаан үүсгэж буй үйл баримтад шууд хамааралтай нотлох баримтыг шүүх яагаад "хамааралгүй" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Энэхүү үндэслэлгүй захирамж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх, улмаар талуудын шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хүртэл хязгаарласан үр дагаварт хүргэсэн. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүсэлт хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг гаргуулахыг хүссэн “2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн "00109" дугаартай. А5 хэмжээтэй "16350625" тоот бүртгэлийн цаасанд бичигдсэн гүйцэтгэх хуудас" байхгүй байгааг цохон тэмдэглүүлэхээр үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангасан. Хувийн хэрэгт нь үзлэг хийхэд дээрх баримт байхгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт дээрх гүйцэтгэх хуудас байхгүй байгаа нь хэрэгт хамааралгүй гэсэн үг огтхон ч биш. Шүүх эхлээд бодит үйл баримтыг олж тогтоогоод улмаар үйл баримт нь хуульд нийцсэн эсэхийг шалган тогтоох ёстой байсан боловч бодит үнэнээс зайлхийж, ямар нэгэн хууль зүйн дүгнэлтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны хууль бус үйл ажиллагаа улам даамжирч дахин хууль бус үйл ажиллагаа явууллаа. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 181/ШЗ2016/07276 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг бататгаажуулах тухай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүх хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал шийдвэрийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд Үндсэн хуульд заасан шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах эрх нээлттэй, гомдол гаргах хугацаа дуусаагүй тул энэ нь эцсийн шийдвэр биш юм. Гэтэл Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ш.Чимидцэеэгийн арилжааны банк дахь бүх дансыг хаасан байх бөгөөд ямар ч зарлага гаргах боломжгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус зөрчиж байх бөгөөд шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өөрөө шүүгчийн захирамжийг үл хүндэтгэж, шүүхийн шийдвэрт давж заалдах хүний эрхэд бүдүүлгээр халдсан илт  хууль бус  үйл ажиллагаа боллоо. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3.1-т заасан үндсэн зарчмыг алдагдуулж байгаа энэ мэт үйл  ажиллагаа нь хуулиар хязгаарлагдахаа больж, шийдвэр гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгчийн дур зоргоор  явагдаж байгаа болохыг энэхүү гомдолд дурдах нь зүйтэй үзлээ. Иймд хэргийн бодит нөхцөл байдал болон хуульд заасан журмыг удирдлага болгон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Чимидцэеэ нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 001/ХТ2016/00641 дүгээр тогтоолыг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж, Оддын хотхоны 37Б байрны 16 тоот 122 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007684 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж 47 дугаар  байрны Б-16 тоот, 18.35 м.кв талбайтай автомашины зогсоол, 73-33 УНР дугаартай “Ниссан кашка” автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 208/01 тоот тогтоолоор битүүмжилжээ. /хх-ийн 60-61 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… хариуцагч нь алдаатай бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь буруу, мөн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

            Учир нь хариуцагчаас “… 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр техникийн алдаатай бичигдсэн гүйцэтгэх хуудсыг төлбөр авагч Д.Түвшинжаргалд буцаан өгч, алдааг залруулж ирүүлсний дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн” гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар цуглуулж өгсөн алдаатай гэх гүйцэтгэх хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, хуулбар хувь байх бөгөөд хэргийн 54 дүгээр талд авагдсан шүүхийн гүйцэтгэх хуудас нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан  гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлагыг хангасан байна.

 

             Гүйцэтгэх хуудас техникийн алдаатай бичигдсэний улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас  2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөх тухай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3 дахь хэсэгт заасан журмын дагуу төлбөр төлөгч Ш.Чимидцэеэд хүргүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 60-64 дүгээр тал/

 

            Хариуцагчаас эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Ш.Чимидцэеэгийн насанд хүрсэн хүү Ч.Дашдэмбэрэлийг байлцуулсан байх ба уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахаар заагаагүй болно.

 

            Иймд анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Чимидцэеэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасан,  баримталбал зохих хуулийн заалтыг буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01572 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Чимидцэеэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “… Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1 …” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               А.МӨНХЗУЛ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Д.ЦОГТСАЙХАН         

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ