Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 238

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Б.Батсайхан,

Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч С.Галцацрах /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2777/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х.А овогт  Н-н Б-т холбогдох эрүүгийн 2005004050164 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 196. оны 9 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, механикч мэргэжилтэй, Д ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 3 эхнэр  хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг 0 тоотод оршин суух хаягтай, /РД:/ улсаас Алтан гадас одон, Тэргүүний ажилчнаар шагнагдаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.А овогт Н.Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын өрөөнд иргэн Ч.Г-г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд зовхинд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Иргэн Г.Ү-н гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2020 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 5 хороо Рояал зочид буудалд манай аавыг хүн зодсон байна, одоо гэмтэл явж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

Хохирогч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогчоор өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байтал 18 цагийн үед Б утсаар яриад шатар тоглох уу гэсэн. 19 цагийн үед дахин залгаад Рояал зочид буудалд өрөө авсан хүрээд ир гэсэн. Би гэрээс гараад явсаар байгаад 20 цагийн үед тус зочид буудалд очиход Б  2 литр орчим нэрмэл архи авчирсан байсан. Түүнийг бид хоёр хувааж уугаад дараа нь 4 литр нэрмэл архи ажлынхаа газрын хүнээр авчирч уусан. Ингээд шатар тоглож байтал шатрын нүүдэл дээрээс бид хоёр маргалдаж эхэлсэн. Бид хоёр барьцалдаж аваад маргалдсан, би бол огт цохиогүй бөгөөд Б  миний нүүрний зүүн талд 2-3 удаа цохисон. Бид хоёрыг маргалдаад барилцаж авсан байхад буудлын хамгаалагч орж ирээд намайг бариад авсан. Энэ хооронд Б гараад явсан. Би Н-н эмнэлэгт 6 хоног хэвтсэн. Эмчилгээний зардал 800.000 төгрөгийг Б  төлж барагдуулсан. Одоо бол надад гаргаж өгөх эмчилгээний баримт байхгүй. Надад ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Б  бид хоёр багийн найзууд учир гомдох зүйл байхгүй. Сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 4, 13-14 тал/,

 

Гэрч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Энэ өдрийн орой /шөнө/ 03 цагийн үед 208 тоот өрөөнд орсон 60 орчим насны хоёр эрэгтэй хоорондоо маргалдаад дуу нь хадаад байхаар нь хаалгыг нь онгойлгоод ортол эхлээд буудал авсан хүний цамц нь тайларсан, нөгөө эрэгтэйн зүүн нүдний хөмсөг хэсгээс нь цус гарсан байсан. Яагаад маргалдсан талаар асуухад шатар тоглож байгаад маргалдсан гэж байсан. Тэр хоёр хүн хоёулаа согтруулах ундаа хэрэглэсэн байсан. Ингээд хэрэлдээд цохиулсан хүн нь дайраад байсан бөгөөд би боль гээд хориглож байх хооронд нөгөө эрэгтэй нь гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1651 дугаартай “...Ч.Г-н биед зүүн дээд зовхинд шарх, дух, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллгааны шатанд яллагдагч Н.Б-ын мэдүүлсэн “...Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Г-г бага наснаасаа таньдаг. Би 2020 оны 1 дүгээр сарын 18-ны орой Г-тэй яриад би уйдаад байна хоёулаа шатар тоглоё гээд дуудсан. ...Ингээд шатар тоглож байгаад маргалдсан. Учир нь Г  шатар тоглохоор дандаа булхайцаад нүүдэл буцаагаад байдаг юм. Би шаг, мад гээд хожлын нүүдэл хийтэл миний нүүдлийг буруу нүүлээ гээд маргалдаж эхэлсэн. Би тэгэхээр нь больё одоо унтлаа гэтэл тийм юм байхгүй тоглоё ална шүү гээд подволкноос татаад зүүн шанаа хэсэгт гараараа цохих гэхээр нь уурлаад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Нүүрнээс нь цус гарсан байсан. Би 00 орж цусыг нь угаагаад байж байтал буудлын хамгаалагч залуу орж ирсэн. Тэр үед Г  ална гээд дайраад байсан бөгөөд би буудлын хамгаалагчид явлаа гэж хэлээд гараад явсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Зочид буудлын өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Г  бид хоёр эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна. Эмчилгээний зардалд Г т 800.000 орчим төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

 Шүүгдэгч Н.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байна. Тухайн өдөр Г  рүү яриад хоёулаа шатар тоглоё гэсэн. Орой 8 цагт ажлаа тараад 2 литр шимийн архи аваад зочид буудал орж шатар тоглосон. 1 литр шимийн архыг нь би уусан. Г  1 литрийг нь уусан. Мөн Г  өөрөө ууна гэж хатуу архи авчирсан. Тэгээд тоглож байгаад орой болоод унтая гэхэд үгүй ээ хоёулаа тоглоё гэсэн. Би их ядарч байсан учир хоёулаа эндээ унтаж амрая, эсхүл гэртээ очиж амрая гэсэн. Г  намайг ажил дээр чинь ахиж архи байна уу гээд ажлын газар руу яриад 4 литр архи авчирсан. Тэгээд тоглож байсан чинь булхайцаад мөн намайг хэл амаар доромжлоод миний футволкыг урсан. Эхлээд намайг цохих гэж байхад нь би бултсан. Би өмнө хүнд хутгалуулж байсан учраас цочмог, аймхай болж зодоон цохионоос хол явдаг болсон. Тухайн үед би айсандаа гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд унахдаа ална шүү гээд дайраад байхаар нь би 1 удаа цохисон. Нийт 4 удаа цохисон нь үнэн. Бид нарын хооронд өс хонзон янз бүрийн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 29 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 30 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 32 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 34 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

                                                                                  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 6-7 дахь талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон 2020 оны 1 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө шүүгдэгч Н.Б , хохирогч Ч.Г  нар нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын 208 тоот өрөөнд шимийн архи ууж, шатар тоглосон байх бөгөөд шатрын нүүдлийн улмаас хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч нь хохирогч Ч.Г ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд зовхинд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээч эмчийн 1651 дугаар дүгнэлт үндэслэлтэй.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.Б  нь хохирогч хохирогч Ч.Г ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан тул 2020 оны 1 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зөв байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б ын хохирогч Ч.Г тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу дандаа шатар тоглохдоо булхайцдаг гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд зовхинд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...Б  нь өөрийн үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрч байгаа. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан Аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Мөн Б  нь хохирогчийн үйлдлээс болж өөрийгөө хамгаалсан байх бөгөөд гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэмт хэргийг үгүйсгэсэн нөхцөл байдал байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцэж оролцсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй бол үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заажээ.

 

Хохирогч Ч.Г ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1651 дугаартай дүгнэлтээр нотлогдсон.

 

Мөн хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Ч.Г  нь удаа дараа өгсөн “...маргалдсан, тэгээд бид хоёр барьцалдаж авсан. Гэхдээ би цохиогүй эхлээд намайг газар унагаад намайг цохисон. ...Би бол огт цохиогүй...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Н.Б ын үйлдэл  аргагүй хамгаалалтын шинжтэй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Харин хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тухайн гэмт хэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ хянах чадвар алдагдсан нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гарсан байгааг тэмдэглэх шаардлагатай.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...надад эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн. Бид хүүхэд наснаасаа найзалсан найзууд учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж мэдүүлжээ.

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан шүүгдэгч Н.Б аас гаргуулах төлбөргүй гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч Н.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Б т мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.А  овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй хохирогч Ч.Г-т хохиролд тооцож 800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА