Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 250

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Н.М , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх  эрхийн үнэмлэхийн дугаар 09-29/,

Шүүгдэгч У.С, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 21-49/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гг овгийн Н.М, Б овгийн У.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 190000001364 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа засал чимэглэлчин ажилтай, ам бүл 0, эцэг, эх, ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо Сурагчийн 0 тоотод оршин суудаг, /РД:/, урьд ял шийтгүүлж байгаагүй. Г овгийн Н.М,

 

Монгол улсын иргэн, 2000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Горькийн 0 тоотод оршин суудаг, /РД:/, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овгийн У.С,

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.М  нь /А.Т, Э.М нартай/ бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа худалдааны төвийн 2 давхарт байрлах “Smile” дэлгүүрийн 204 дүгээр лангуун дотроос Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.М-т 726.700 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч У.С  нь /Э.М, Э.Б нартай/ бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн харьяа CU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 889.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М , У.С  нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдаж, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М, У.С  нар нь бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.М  нь А.Т, Э.М нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа худалдааны төвийн 2 давхарт байрлах “Smile” дэлгүүрийн 204 дүгээр лангуун дотроос Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Мөнхцэцэгт 726.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.М-н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2017 оны 11-р сарын 19-ний өдөр 15 цагийн орчим 1000 нэрийн бараа дэлгүүрийн 2 давхарт Смайль шопийн 204-р лангуун дотроос самсунг Жи-7 маркийн гар утсаа хувцасны халаасан дотроос алдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30 тал/,

 

“Уваа уул аудит” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ  “...Самсунг жи 7- загварын гар утсыг 726.700 төгрөгөөр үнэлэв...”  гэх тайлан /1 хх-ийн 37-45 тал/,

 

Өсвөр насны яллагдагч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр найз Э,  М  хамт Хороололд ПС тоглоомын газар орох гээд явж байсан. Тэгсэн бид хоёртой М тааралдсан. Бид 3 хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүр лүү ороод хамт явж байгаад нэг цамцны лангуун дээр цамц үзсэн бөгөөд үзэж байгаад М нь М  бид хоёрт хандан “энэ худалдагч эгчийн цамцных нь зүүн халаасанд нь гар утас байна” гэсэн. Тухайн эгч ажлын цамцтай байсан. М  бид хоёроос холдоод цахилгаан шатны дэргэд очоод бид хоёрыг ажиглаад зогссон, харин М нь тухайн эгчээс цамцны үнэ чанар асууж саатуулж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр эгчийн зүүн халааснаас гар утсыг нь авсан. ...Бид 3 уг дэлгүүрийн 1 давхарт уулзаад М гар утсыг авсан. Уг утас Самсунг Жи 7 маркийн гap утас байсан. ...М бид хоёрт хандан “14-н саданд уулзъя” гэсэн. Тэгээд бид 3 салж гүйгээд М  бид хоёр 14-н саданд очоод хүлээсэн боловч М ирээгүй. Гэмт хэрэг үйлдэх санааг анх М гаргасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 153-156 тал/,

 

Яллагдагч Н.М ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...1000 нэрийн бараа нэртэй дэлгүүр лүү А.Т,Э.М  нарын хамт хувцас үзэхээр орсон. Ингээд 2 давхарт гараад өмд цамцны лангуун дээр очоод цамц үзэж байхад 20 гаруй насны эмэгтэйн цамцных нь зүүн талын халааснаас гар утас цухуйсан байсан. Үүнийг бид гурвуулаа харсан байсан бөгөөд тухайн гар утсыг А.Т нь хулгайлж аваад бүгдээрээ хамт гараад зугтаасан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Хохирлоо нөхөн төлсөн. Надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг, хохирол төлсөн талаарх нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч У.С  нь Э.М , Э.Б нартай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн харьяа CU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 889.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Сентрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллагад нийт 889.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картууд алдагдсан. Дээрх хохирлоос 254.000 төгрөгийн нэгжийн картуудыг буцаан авсан. Одоо үлдэгдэл 635.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1 хх-ийн 87-89 тал/ гэх мэдүүлэг,

 

   Хууль ёсны төлөөлөгч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 0 дугаар сарын 00-ны өдөр CU /Си Юү/ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад гаднаас сэжиг бүхий 3 хүн орж ирээд 2 хүн нь цаашаагаа юм үзэхээр нь би тэр 2 хүн сэжигтэй байхаар нь очоод харахад надаас тэр 2 хүн “ажлын бээлий өөр загвар байна уу” гэхээр нь би “байхгүй” гэсэн чинь дэлгүүрээс гараад явчихсан юм. Тэгээд би анзаараагүй байж байтал гаднаас “ТҮЦ”-ний эгч манай дэлгүүрт орж ирээд бээлий зарж байсан хэсгээс юм хулгайлаад зугтчих шиг боллоо гэхээр нь би очоод бараагаа тоолтол бараа дутаагүй байсан. Тэгээд менежер Оргилсайхан гаднаас орж ирэхээр нь би “ТҮЦ”-ний эгчийн хэлснийг хэлээд хяналтын камерын бичлэгийг шүүж шалгахад уг 3 хүний нэг нь текний араас жижиг хайрцагтай нэгжийн картууд хулгайлсан байсан... Манай дэлгүүрээс 889,000 төгрөгийн Мобиком, Юнител, Скайтелийн нэгжийн картууд хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83-87 тал/,

 

            CU /Си Юү/ дэлгүүрийн худалдагчдын нэгж хүлээлцсэн бүртгэл, алдагдсан нэгжийн талаарх тооцоо /1 хх-ийн 105-107 тал/,

 

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 76-77 тал/,

 

Эд зүйл /нэгжийн карт/ хураан авсан “...Энхболдын Билгүүдэйгээс ...Мобикомын ...нийт 30000, Скайтелын ...нийт 73000, Юнителын ...нийт 151.000 нэгжийн картууд хураасан...” тэмдэглэл/ 1 хх-ийн 113 тал/,

 

Эд зүйл хураан хүлээлгэн өгсөн “...хууль ёсны төлөөлөгч ...Даваа овогтой Одончимэгт Мобикомын ...нийт 30000, Скайтелын ...нийт 73000, Юнителын ...нийт 151.000 нэгжийн картууд тус тус хүлээлгэн өгсөн...” тэмдэглэл /1 хх-ийн 115-118 тал/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, CU /Си Юү/ дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1 хх-ийн 99-104 тал/,

 

Яллагдагч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С бид 2 Тэнгис кино театр дээр очоод Билгүүтэйтэй уулзахад Өргөө кино театр орж найз охинтойгоо уулзана гэсэн. Тэгээд бид Өргөө кино театр рүү алхсан. Тэгж явж байгаад CU нэртэй дэлгүүр байсан чинь Билгүүтэй ийшээ орж шоколад хулгайлъя гэсэн. Тэгээд бид гурав дэлгүүр лүү ороод С  бид хоёр оймс бээлий байсан тасагт нь очоод оймс үзээд зогсож байсан. Тэгсэн Билгүүтэй би гарлаа гэж хэлээд гараад явчихсан. Бид хоёр араас нь гарахад Билгүүтэй зам гараад гүйгээд араас бид хоёр алхсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 136-138 тал/,

 

3

 

 

Яллагдагч Э.Билгүүтэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...М , С  хоёртой уулзаад цахим тоглоомын төвд хонохоор болоход мөнгө дутсан, тэгэхээр нь би С ыг дэлгүүр ороод шоколад хулгайлчих гэсэн. Парадоксийн тэнд явж байгаад CU дэлгүүр байхаар нь бид гурав орсон. ...Худалдагч нь лангуугаа тойруулаад барааныхаа зургийг дарж байгаад цаана байсан С , М  хоёр дээр очсон. Тэгэхээр нь би текэн дээр очсон чинь хайрцагтай нэгжүүд харагдахаар нь хайрцагтай аваад үүдэн дээр очоод би гарлаа гээд гараад явсан. ...Би дэлгүүрээс гарч гүйхэд замд картууд хаягдсан тэгээд эргээд авах гэсэн чинь худалдагч нь гараад ирэх болов уу гэж бодоод авалгүй зугтаачихсан. Тэгээд Энхбаярын зам  дээр очоод нэгжээ тоолж үзэхэд 600,000 төгрөгийн нэгжийн картууд байсан…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 139-141 тал/,

 

Яллагдагч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хороололд алхаж байгаад Билгүүтэй CU дэлгүүр орохоор нь М  бид хоёр араас нь орсон. Тэгээд бид хоёр ороод оймс бээлий үзэж байсан. Билгүүтэй гарлаа шүү гээд гараад явсан. Тэгэхээр нь бид хоёр apaac нь гарсан чинь Билгүүтэй байхгүй байсан. ...Билгүүтэйтэй фэйсбуукээр чатлахад тэр дэлгүүрээс нэгж хулгайлсан гэсэн. Тэгээд нэгжээ үрээд заримыг хураалгачихсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 144-145 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлэн мэдүүлсэн “...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй, өөрт ногдох хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Н.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 178 тал/, иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 179 тал/, У.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 132 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 131 тал, 2 хх-ийн 20 тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 22-34 тал/, гүйцэтгэх хуудас бичигдээгүй талаарх лавлагаа /2 хх-ийн 50 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар шүүгдэгч У.С  нь бусадтай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн харьяа CU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нийт 889.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

Шүүгдэгч Н.М  нь бусадтай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа худалдааны төвийн 2 давхарт байрлах “Smile” дэлгүүрийн 204 дүгээр лангуун дотроос 726.700 төгрөгийн үнэлгээтэй Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

 “Хулгайлах”  гэмт хэрэг гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу эзэмшигч өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл ба бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохирлоос дээш хохирол учруулсан байхыг ойлгоно.

 

        Иймд шүүгдэгч У.С , Н.М  нарын дээрх үйлдлүүд нь тус тусдаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч У.С , Н.М  нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй гэдгийг мэдсээр байж гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй.

 

Түүнчлэн, шүүгдэгч У.С  нь CU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нийт 889.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн карт хулгайлсан үйлдэлд Э.М , Э.Билгүүтэй нартай,

 шүүгдэгч Н.М  нь “Smile” дэлгүүрийн 204 дүгээр лангуун дотроос 726.700 төгрөгийн үнэлгээтэй Самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлсан үйлдэлд А.Т, Э.М  нартай тус тус үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

   Иймд шүүгдэгч Н.М , У.С  нарыг бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-т 726.700 төгрөгийн, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 889.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.  

 

Хохирогч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д учирсан 889.000 төгрөгийн хохирлоос 254.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааж хүлээлгэн өгсөн, одоо 635.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч У.С-аас үлдэгдэл 635.000 төгрөгийн хохирлын өөрт ногдох хэсэг болох 211.666 /635.000:3/ төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон гаргуулж, хохирогч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д олгох нь шударга ёсны зарчим хийгээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Мөн хохирогч Л.Мөнхцэцэгт учирсан 726.700 төгрөгийн эд хөрөнгийн хохирлоос шүүгдэгч Н.М  нь өөрт ногдох хэсэг болох 242.233 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, хохирогч Л.М-н “...Н овогтой М-с242.500 төгрөг хүлээн авсан нь үнэн. Энэ хүүхдэд гомдол санал байхгүй...” гэсэн бичгийн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд шүүгдэгч Н.М ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.  

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.М , У.С  нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгч Н.М т ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.М ын хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт өсвөр насандаа холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан ялаас улсын яллагч, өмгөөлөгч нарын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнд 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Н.М  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу түүний цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэж дууссанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч У.С т ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.

 

          Түүнчлэн, шүүгдэгч У.С  нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлсэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/1328 дугаартай албан бичиг /2 хх-ийн 50 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 20-33 тал/-аар тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч У.С-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, мөн хуулинд заасан хүндрүүлж үзэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан тул шүүгдэгчийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч У.С ын биечлэн эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч У.С  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 44 /дөчин дөрөв/ хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон дээрх хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.С ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулсантай холбоотойгоор өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Харин шүүгдэгч Н.М ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг эдлэж дууссанд тооцсонтой холбоотойгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтлоо.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Г овогт Н.М, Б овгийн У.С  нарыг бусадтай бүлэглэн Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-т 6 /зургаан/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч У.С-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.С-ын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  

шүүгдэгч Н.М ын 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэсэнд тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.С аас 211.666 төгрөг гаргуулж, хохирогч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК /хууль ёсны төлөөлөгч Ц.Б/-д олгосугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 254.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картуудыг хүлээлгэн өгсөн, шүүгдэгч Н.М  нь хохирогч Л.М-т 242.500 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА