Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0004

 

 

                           

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч А.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ...................... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ...-нд .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 5; .... нарын хамт .... дүүргийн... дүгээр хороо, .... гудамж, .... тоотод оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, ..... овогт А....ын Б...

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Б.... 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны гадна хохирогч Б. хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, цээжид цус хуралт, зүүн тавхай, баруун өвдөг, зүүн өвдөг, баруун мөр, зүүн шанаанд зулгаралт, тархи доргилт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Надад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар мөрдөгч, прокурор ойлгуулж хэлсэн. Хохиролд нийт 2.570.000 төгрөг өгсөн гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б“... 20.. оны ... дугаар сарын 29-нд байрны гаднах саданд 2 ширхэг 2,5 литрийн пиво уусан. Тэгээд гэртээ орохдоо 2,5 литрийн нэг пиво барьж ороход эхнэр гарч уу гэж уурлан маргалдаж утсыг нь цонхоор шидчихээд гарахад эхнэр араас гараад ирсэн байсан. Тэгээд хажууд нь байсан залуучуудтайн маргалдсан, удалгүй залуучуудаас уучлал гуйж гар барьж байтал нэг залуу гар барихгүй хэгжүүрхээд байсан. Тэгээд би эхнэртэйгээ гэртээ орох гэтэл нөгөө залуу араас ирээд нүүр лүү цохисон. Би газарт нүүрээ дараад сууж байтал бусад нь ирж зодож эхэлсэн, эхнэр болиоч гэж дэрээс хамгаалж байх үед нь би эхнэртээ цагдаа дууд гэж хэлсэн. Тэгтэл тэр залуучууд машиндаа суугаад зугтаасан. Нэг нь буцаж ирээд камер үзчихээд явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн Уг залуучуудийн намхан махлаг нь ирж эхлээд намайг цохисон. Тэгээд би газар унасан тэгээд зодуулсан.

            Б-аас хохиролд 2.570.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 17-18, 62/ гэж,

гэрч Д “... 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө би машинаа халаахаар гарсан. Тэгтэл Б, Д хоёр машинаа цэвэрлээд зогсож байсан. Тэгээд бид гурав юм яриад зогсож байгаад эргээд харах гэтэл зам дээр утас байгаа гишигчих вий гэсэн. Юун утас гэхэд цонхоор шидчихсэн гэсэн. Тэгээд нэг залуу пиво ууж байсан нэг эмэгтэй газраас юм хайгаад байсан. Пиво ууж байсан залуу бид гурав дээр ирээд дарамтлах маягтай үг хэлээр доромжлоод ирсэн. Эхэндээ бид гурав юм хэлээгүй байтал дахиад тэгэхээр нь Б чи яах гээд ингээд байгаа юм бэ битгий эмэгтэй хүн дээрэлхээд бай гэсэн. Тэгсэн эхнэр уг залуугийн пивийг нь аваад саад руу шидчихсэн. Тэгээд би пивийг нь авч өгөөд эвлэрээд гар барьсан. Тэгээд уг залуу Батжаргал руу очоод гар барих гэтэл Батжаргал цаашаа харсан. Гэтэл нөгөө залуу уурлаад пизда минь гар баръя гээд байгаа юм биш үү гээд эхнэртэйгээ муудалцсан. Дөлгөөн очих гэхээр нь би яах гээд байгаа юм бэ гээд татсан. Тэгтэл уг залуутай Батжаргал муудалцаж байх үед Батжаргалын эгч гэх эмэгтэй байсан бөгөөд газарт унах үед нь Дөлгөөн бид хоёр босгосон. Тэгсэн Батжаргал нь уг залуутай ганц хоёр цохилцсон. Би Б цамцнаас нь татаад цааш нь түлхээд салгасан. Нөгөө залуугийн эхнэр нь бид нарыг нөхрийг маань зодлоо гээд хашгирч байхад уг залуугийн найз орцноос гарч ирсэн. Эхнэр нь цагдаа дуудна гээд буцаад орц руугаа орсон.  Би салгаад явахын түүс болоод салсан. Тэгээд Батжаргалын эгч нь утсаа алга болгочихож гээд Дөлгөөнтэй хамт буцаж очсон. Тэгээд хажуу талын машин дээр утсаа тавьсан байна, авчихлаа гээд буцаад ирсэн” /хх-н 19-20/ гэж,

гэрч Э Д “... шөнө ажил тараад Б гэрийн гадаа ирээд уулзаад машинаа арчаад цэвэрлэж байсан. Тэгээд гурван давхараас утас шидээд орилолдоод байсан. Хархад нэг залуу нэг эмэгтэйгийн хүзүүнээс нь бариад сэгсрээд байсан тул болохгүй бол цагдаа дуудна даа гэж бодоод машинаа арчаад зогсож байхад нэг согтуу залуу ирээд ална шүү пизда минь гэсэн. Хэл амаар доромжлоод байсан. Бид нар ууж идсэн юм аа шингээ гээд байж байхад эхнэр боль гээд бид нараас уучлаарай гээд уучлалт гуйсан. Батжаргалын нь араас уг залуу бас уучлалт гуйгаад Дашбаттай гар барьсан. Тэгээд Батжаргалыг машинаа арчаад цаашаа хараад сууж байхад нь араас очоод пизда минь уучлалт гуйгаад байгаан биш үү гэсэн. Тэгэхэд Батжаргал чи яахаараа намайг пизда гэдэг юм гэхэд уг залуу нь Батжаргалын араас нь нуруу руу нь цохисон. Б уг залуугийн нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгээд Батжаргалын эгч нь гарч ирээд боль гэсэн. Уг залуу Батжаргал хоёр хоорондоо зодолдон цохилцсон. Энэ үед Батжаргалын эгч нь салгах гэж очоод Батжаргалыг татахад эрчиндээ газар унасан. Дашбат бид хоёр Болороог татаж босгосон. Тэгээд Дашбат Батжаргалыг татаж авсан. Уг залуу газар унасан байсан. Намайг дэвс гэхэд Дашбат боль гээд Батжаргалыг татсан. Бид нар тэндээс холдоход Болороо утас алга байна гэхээр машин дээр байгаа гээд очиж авсан. Энэ үед бас нэг залуу байсан” /хх-н 23/ гэж,

гэрч А.Б “... манай байрны гадаа шуугиад байхаар нь цонхоор харахад манай дүү Батжаргал хүнтэй маргаж байсан. Би гараад боль гэсэн. Уг залуу нь Батжаргалыг хараагаад хэл амаар доромжлоод байсан. Би Батжаргалыг боль муудалцах хэрэггүй гээд байж байтал нөгөө залуу хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Батжаргал давраад байгаараа гээд очоод уг залуугийн нүүрэн хэсэгт нь зохисон. Тэгээд би Батжаргалыг татах гэтэл би унасан. Дөлгөөн, Дашбат хоёр босгосон тэгээд гэртээ харьсан” /хх-н 26/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б. гэмтэлтэй холбоотойгоор Б. биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, цээжид цус хуралт, зүүн тавхай, баруун өвдөг, зүүн өвдөг, баруун мөр, зүүн шанаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн 13193 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 28-29/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Б ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч А.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б. “... Б-аас хохиролд 2.570.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 62/

 

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт А Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ