| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07118/И |
| Дугаар | 5968 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 5968
| 2016 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2016/05968 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ..дугаар байрны ... тоотод оршин суух, ... регистртэй, ...ургийн овогт Ц.Г,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, .. дугаар байрны .. тоотод оршин суух, .. регистртэй, ... ургийн овогт Ж.Э холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,000,000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Ж.Э 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээг барьцаатай хийж, нотариатаар батлуулан Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн болно. Зээлийн гэрээг 2 дугаар сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан болно. Гэрээний хугацаа дууссан боловч Ж.Э нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0,5 хувиас хэтрэхгүй алданги тооцсон. Хоног тутамд алданги тооцохоор 12,500,000 төгрөг гарсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөг болгон багасгаж, үүнээс хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасаад, үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хурал гурав дахь удаагаа болж байгаа. Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Талууд алданги бодох асуудлаар маргадаг. Алданги тооцох үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус шүүхэд хандаж иргэн Ц.Г гаргасан Ж.Э холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах хариу тайлбарыг гаргаж байна. Э.Э би өөрийн дүү болох М-Уын бизнес эрхлэх санааг дэмжиж өөрийн өмчлөлийн байрыг барьцаалан Ц.Г барьцаалуулан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан билээ. Ингэхдээ анх 3 сарын хугацаатай зээлийг авахаар тохиролцон хугацаа болоход дахин 3 сараар сунгаад байх боломжоор тохиролцсон юм. Ингээд сар бүр тохиролцсон ёсоор зээлийн хүүг тогтсон хуагцаанд төлж явсан ба тохиролцсон хугацаа болоход дахин 3 сараар гэрээг сунгаж мөн хугацаандаа хүүгээ төлсөөр байсан. Харин дээрх сунгалтын хугацаа дуусахад бид дахин 3 сараар сунгах санал тавьсан ба тухайн үед сарынхаа хүүг төлөөд явж бай гэсний дагуу бид сар бүр хүүгийн төлбөрийг төлсөөр байгаа билээ. Ингэж сар бүр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн болохоор 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд бид үүрэг зөрчсөн үйлдэл байхгүй хэмээн үзэж байгаа ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй хэмээн үзэж байна. Иймд зээлдэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан алданги тооцуулах нь үндэслэлгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г-О нь хариуцагч Ж.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Э 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбараа бичгээр ирүүлэн, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт ирүүлсний дагуу шүүх түүнийг мэтгэлцэх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Дахин товлогдсон 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар мөн хариуцагчийн өмгөөлөгч Г.Э өвчний улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр хойшлуулж, энэхүү хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрөх боловч алдангид шаардсан 7,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан байна.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Ц.ГО нь 20,000,000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн хүүг сар бүрийн 24-ний өдөр төлөх, зээлдэгч Ж.Э нь зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Ж.Э өмчлөлийн ... улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн . дугаар хороо ... тоот дахь .. м.кв талбайтай . өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх 4, 5/
Зээлийн гэрээний хугацаа дуусахад талууд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Зээлийн гэрээний нэмэлт гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгаж, зээлийн болон барьцааны гэрээний бусад нөхцлүүд өөрчлөгдөөгүй болохыг дурджээ. /хх 6/
Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдсэн байх бөгөөд зээлдүүлэгч Ц.Г нь зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг зээлдэгч Ж.Э хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хариуцагчийн зээлийн гэрээнд бичиж баталгаажуулсан бичвэр зэргээр тогтоогдсон байна.
Хариуцагч Ж.Э нь зээлийн гэрээний үүргийн дагуу гэрээний хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 удаагийн төлөлтөөр нийт 3,000,000 төгрөг төлсөн боловч үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Ц.Э нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн, нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар буюу 10,000,000 төгрөгийн алданги шаардаж, үүнээс хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хассанаар 7,000,000 төгрөгийн алданги шаардсан нь хуульд нийцжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээг дахин сунгасан гэж тайлбарлан, нэхэмжлэгчийн шаардсан алдангийн шаардлагыг эс зөвшөөрч маргах боловч тийнхүү гэрээний хугацаа сунгасан талаарх баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн зүгээс дахин гэрээ сунгаагүй гэж тайлбарлах бөгөөд Зээлийн гэрээний нэмэлт гэрээнд “2016 оны 5 дугаар сарын 24 бүх тооцоог дуусгана” гэж бичигдсэн ба хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон талуудын байгуулсан зээлийн гэрээний 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх боловч энэ хугацаа 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Элбэгдоржийн нийт гүйцэтгээгүй үүрэг болох 20,000,000 төгрөгийн 50 хувь буюу 10,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хассанаар нийт 7,000,000 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэл бүхий болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .. регистртэй, ..овогт Ж.Э 27,000,000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Ц.Голгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА