Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 256

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 23-09/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Х овогт Б.А-д холбогдох эрүүгийн 1905046170285 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, далд уурхайн нэвтрэгч мэргэжилтэй, ЭУ ХХК-ний нэвтрэгч ажилтай,  ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 0 дүгээр баг, Уурхайчин, геологи 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дугаар хороо Зүүннарангийн 0 дугаар гудамж 0б тоотод түр оршин суух, /РД: / урьд ял шийтгэлгүй, Х овгийн Б.А

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.А  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” баарны гадаа иргэн Г.М тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.М ы нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” баарны гадаа иргэн Г.М тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.М ы нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.М ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн үед хамт ажилладаг Бат-Ирээдүйтэй уулзаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Эргэн дурсахуй бааранд орж 0.33 литрийн пивоноос хүний 6 шил пиво уугаад бүжиглэж байгаад 2 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж бааранд ирж дахин хүний 4, 4 шил пиво авч уугаад 4 цагийн үед баар хаах үед баарнаас гараад ганцаараа ариун цэврийн өрөө ороод үүдэнд гараад ирэхэд Бат-Ирээдүй үүдний сандал дээр танихгүй нэг залуутай зууралдаж байхад нь очоод салгах гэхэд нэг залуу миний нүүр рүү хөлөөрөө өшиглөөд зугтаахаар нь Улаанбаатар паласын хашааны үүдэнд хамт явж байсан эмэгтэйг нь барьж аваад цагдаа дуудсан. Цагдаад барьж өгсөн эмэгтэй хүнтэй хамт явж байсан 2 залуугийн нэг нь миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Намайг нэг хүн зодож миний нүүр рүү өшиглөж шүд хугалж гэмтээсэн. Миний шүд рүү өшиглөж гэмтээсэн хүн А  гэх залуу байсан... А  нь надаас уучлалт гуйж хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 20 тал/,

 

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр... Баарнаас гараад Мөнхчулуун ариун цэврийн өрөө рүү яваад би түрүүлээд гадагш гарахад үүдэнд 2-3 залуу нэг эмэгтэйтэй зогсож байсан. Би хажуугаар нь гарах гэхэд муухай харлаа гээд одоо юу гэж хэлснийг санахгүй байна над руу учиргүй дайраад хаалганы хажуу талын сандал дээр намайг дарж суулгаад зууралдаж байхад Мөнхчулуун гарч ирээд салгах гээд зууралдсан. Миний бугуйн цаг газар унаад би цагаа аваад босох гэж байгаад халтираад шатны уруу унаад босоод ирэхэд нөгөө залуучууд зугтааж байсан. Мөнхчулуунаас юу болсон талаар асуухад шүд уначихлаа гээд амаа дараад, амнаас нь цус гарч байхаар нь нөгөө залуучуудын араас хөөж байгаад хамт явж байсан эмэгтэйг нь барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13844 дугаартай шинжээч эмчийн: “...Г.М ы биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 27 тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 51,52 тал/,

 

Яллагдагч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр... 02-03-цагийн хооронд гадагш гарч утсаар ярьчихаад буцаж орж ирээд тооцоогоо хийгээд гарах гэтэл хажуу талын ширээн дээр нэг залуу эмэгтэй хүнийг алгадчихаар нь хүүе чи болиоч гэтэл чамд хамаагүй гээд хоорондоо маргаж байхад хамгаалагч нар нь ирээд бид нарыг гаргасан. Бид 3 хувцсаа өмсөөд Улаанбаатар паласын үүдээр гарч байхад нөгөө маргасан залуучуудаас нэг нь араас ирж хэрүүл өдөөд хоорондоо маргаж байгаад барьцалдаад зууралдаад дундуур нэг залуу орж ирээд над руу дайраад байсан. Би тэр 2 залуугийн нэгийг нь өшиглөж гараараа цохисон гэхдээ хэнийг нь цохисон гэдгээ тухайн үед мэдээгүй. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Би Мөнхчулууны биед дээрхи гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөнхчулуун гэх залуугийн нүүр рүү цохих үед шүд нь гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 34 тал/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 34 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 35 тал/, Элст-Ухаа ХХК-ний ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 36 тал/, хохирол төлбөрийг төлсөн тухай баримт /хх-ийн 40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нь “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Прокурортой ял тохиролцсон...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 13844 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.А  нь Г.М ы нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 13844 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Б.А  нь хохирогч Г.М ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.А  нь 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” баарны гадаа хохирогч Г.М тай маргалдаж улмаар Г.М ы нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хэргийн 51 дахь талд авагдсан хохирогч Г.М ы прокурорын газарт гаргасан хүсэлтэд “...А  надаас уучлалт гуйж, миний эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байна. Мөн хавтас хэргийн 40 дүгээр талд хохирол 500.000 төгрөгийг төлсөн тухай баримт авагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.А ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.А  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.А эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.А ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Г.М-д 500.000 төгрөг хохиролд тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

`

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА