| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00339/и |
| Дугаар | 332 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-415 тоотод оршин суух, регистрийн дугаар ВБ 87071201, Дуут овогт Баярмөнхийн Содномын Х.Чинтуяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Содном шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч Д.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х.Чинтуяа Баянхошуунд байрлалтай тоосгоны үйлдвэрийг түрээслэн ажиллуулж байхдаа ажилчдын цалин тавих мөнгө хэрэгтэй байна гээд оронд нь тоосго өгөхөөр болж 12 сая төгрөгийг 2013 оны 07 сард зээлсэн.Түүнээс хойш 8 сая төгрөгт тооцож тоосго өгсөн, 4 сая төгрөг үлдсэнийг өгөөгүй байна.Ингээд тодорхой хугацаанд бага багаар төлж байна гэж тохирчихоод өгөхгүй удаад байхаар нь Чинтуяатай уулзахад 2015 оны 11 дүгээр сарыг дуусахад төлж барагдуулна гэж 2015.08.15-нд баталгаа бичиж өгсөн боловч төлөөгүй бөгөөд хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.Түүний иргэний үнэмлэхний хаяг нь СХД, 23-р хороо, Хангайн 83-р гудамж 18 тоот боловч энэ хаягтаа огт амьдардаггүй, өөрөө БЗД, 27-р хороо, Дарь-Эхийн 46-р гудамж 2147 тоотод хаягт амьдардаг байсан боловч энэ хаягт оршин суудаггүй байх тул хариуцагчийн хаягийг тодруул гэж БЗД-ийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.Түүний утасны дугаар болох 99232214 гэсэн дугаараар ярьдаг байсан боловч утсаар холбогдох боломжгүй болоод байна. Иймд Боржигон овогт Хангарьдын Чинтуяаг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Содномын Х.Чинтуяаг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Б.Содномын хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, 4 000 000 төгрөг төлж барагдуулах тухай Х.Чинтуяагийн тайлбар зэргээс харахад Х.Чинтуяа нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Чинтуяа нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 25603 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Хангарьдын Чинтуяаг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х.Чинтуяаг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Х.Чинтуяатай холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст газарт гаргаж өгөхийг хүсэлт гаргагчид даалгасугай.
4.Боржигон овогт Хангарьдын Чинтуяа нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 83 дугаар гудамжны 18 тоото болон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дахь-Эхийн 46 дугаар гудамж, 2147 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Содномын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН