Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 332

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл

хохирогч Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000100297 тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-нд ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, “.......” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1; .. дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод хаягийн бүртгэлтэй боловч ...дүүргийн ... дугаар хороо, ..., ... дүгээр байрны .... тоотод түр оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Б. овогт Г. Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б 2019 оны ... дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ... дүүргийн 3 дугаар хороо, ... ... дүгээр байрны ойролцоо хохирогч Гийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Ажлаа тараад өөрийнхөө ажлын машинтай 4 дүү нартайгаа хамт ирсэн. Эхлээд дүү нар буучихсан, би машинаа зогсоолд байрлуулах гээд байж байтал Г болон 2-3 залуу ирээд дүү нарыг хоргоогоод байсан. Би машинаас буугаад иртэл Г намайг түлхэж цохиод куртикны малгайгаар толгой дараад өшиглөж цохисон. Дүү нар ирж салгахаар нь би куртикээ тайлчихаад Гийн хөл рүү нь нэг өшиглөөд босоод ирэхээр нь нүүр рүү нь нэг өшиглөсөн. Тухайн үед хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би жолоо барьж явсан учир эрүүл байсан. Эхлээд хоёулаа байж байгаад сүүлд нэг залуу ирсэн. Гийн найзууд мөн согтуу байсан гэв.

Хохирогч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хамрын хэсэгт 2 цөмрөлттэй, голын таславч нь муруйлттай гэсэн дүгнэлт гарсан. Энэ байдлаас болж надад амьсгалахад хүндрэлтэй байна. Хагалгаанд энэ зунаас орьё гэсэн бодолтой байж байгаад саяхан, 3 сарын 20-ны өдөр хагалгаанд орсон. Ороод 17 хонож байна. Эмчилгээний зардалд нийт 3.719.700 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д  Г “… би 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед өөрийн найз Ялалттай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 9 дүгээр байрны гадаа уулзсан. Гадаа хүйтэн байсан болохоор найз Ө руу яриахад 7 дугаар байрны грашид байна гэж хэлсэн. Ө намайг гэр рүү хүргэж өгөх гээд гараад явж байгаад ХААН банкны үүдэн дээр хэдэн залуучуудтай таарсан юм шиг байна лээ. Тэгээд тэр залуучуудтай маргалдаад Ялалтыг утсаараа дуудсанаа санаж байна, нэг мэдсэн би газар уначихсан, зодуулж байснаа санаж байна. Манай найз Ялалт гарч ирээд салгаад тэр залуучууд зугтаагаад зарим нь машинд суугаад яваад өгсөн. Тухайн үед намайг газар татаж унагаагаад би нүүрээ гараараа хамгаалаад хэвтэхэд 2-3 залуу дээрээс цохиод, толгой руу өшиглөөд байх шиг байсан” /хх-н 15-16/ гэж,

гэрч Э. Б. “... 2019 оны  12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 03 цагийн үед ажлаа тараад өөрийн хамт ажилладаг Батдорж, Энх-Амгалан, Тайвандорж бид нар гэр рүүгээ орох гээд Булгаа ахыг Нарны хорооллын 9 дүгээр байрны гадаа зогсож байхад согтуу 2 хүн ирээд унаа авах уу, юу хийж зогсож байгаа юм, гэрт чинь орж та нарыг зодое гээд хэрүүл өдөөд байсан. Тухайн үед намхан залуугийн амнаас нь цус гараад хатсан байдалтай, өндөр залуугийн хамар цус болсон харагдсан. Бид нар тэд нартай ямар нэгэн юм ярилгүй зайгаа аваад зогсож байхад Булгаа ах машинтай ирсэн. Тэгээд Булгаа ах бууж ирээд та нар яагаад дүү нар хоргоогоод байна гэхэд өндөр залуу нь Булгаа ахыг түлхээд цээж рүү нь цохиод куртикнээс нь татаад газар унагаасан. Гэтэл Энх-Амгалан ах очоод салгасан. Нөгөө намхан залуу нь намайг барьж аваад зууралдаад байж байтал Батдорж тэр залууг салгасан. Тэгээд бид нар цаашаа зугтаад Булгаа ах машинтайгаа тойроод бид нарыг аваад явсан” /хх-н 17/ гэж,

гэрч М. Б “... ажлаа тараад хамт ажилладаг Б, Э, Ука нарын хамтаар Нарны хорооллын .. дүгээр байрны гадаа Булгаа ахыг хүлээгээд, нэг зогсоол байхаар нь хараад зогсож байсан. Тэгэхэд 2 согтуу ах ирээд такси авах уу гэхээр нь бид нар гэр рүүгээ орох гэж байна гэхэд хэд дүгээр орц юм, хамт гэрт чинь орьё, та нар ямар анхилуун үнэртэй пацаанууд вэ гээд нөгөө хэдэд зодуулсан уураа эд нарт гаргачих уу гээд бид нар руу асаад байсан. Тэгээд Бадралын цээж рүү цохиод байж байхад Булгаа ах машинтайгаа ирээд та нар больцгоо гэхэд өндөр, согтуу ах нь Булгаа ахыг машин руу түлхээд малгайтай куртикнээс нь татаж газар унагаагаад дээрээс нь өшиглөсөн. Тэгэхээр нь бид нар очоод салгахад хамт намхан согтуу залуу нь Бадралыг бариад авахаар нь би буцаж гүйж очоод тэр хоёрыг салгаад зууралдсан. Тэгэхэд тэр ах бид хоёрыг ална гээд байхаар нь бид хоёр босгохгүй, газар дараад хэвтүүлж байсан. Тэр залууг босгоод одоо больцгооё гэхэд тэр залуу намайг дух руу мөргөсөн. Бид нар зугтаагаад явсан, Булгаа ах машинаа унаад хөдлөөд зам дээрээс бид нарыг аваад гэр рүүгээ харьсан” /хх-н 19/ гэж,

гэрч ..ын Я “... 2019 оны 12 дугаар сарын 21-нд орой 22 цагийн үед манай найз Г над руу залгаад Нарны хорооллын  дүгээр байрны гадаа уулзсан. Тэгээд найз Өлзий рүү яриад 7 дугаар байрны доор граш дотор нь уулзсан. Тэр 2 пиво уух гэж үлдээд би гэр рүүгээ орсон. Гэртээ унтаж байтал шөнө 03 цагийн үед Г залгаад гадаа хүмүүстэй муудалцаад байна, гараад ирээч гэхээр нь би гараад 9 дүгээр байрны гадаа 6-7 залуучууд муудалцаад байх шиг байсан. Яваад очиход Өлзий, Ганаа хоёр тэр 5-6 залуутай муудалцаад зогсож байсан. Намайг очиход өндөр шар залуу, намхан бор залуу, бусдаасаа ах залуу нь Ганаа, Өлзий нарыг цохиод газар унагаагаад дээрээс нь толгой руу нь өшиглөөд байсан. Би очих гэхэд намхан шар залуу намайг хориод очуулахгүй байсан. Тэгээд би 102-т дуудлага өгөөд та нар байж бай гэхэд тэд нар зугтаагаад явсан. Ах нь машинаа унаад хөдлөөд явсан” /хх-н 21/ гэж,

гэрч С Ө “... орой 22 цагийн үед найз Гтэй Нарны хорооллын 7 дугаар байрны грашид уулзаж, машин дотроо ганц хоёр пиво уугаад сууж байгаад шөнө 00 цагийн үед Ялалтыг дуудаж машиндаа 1 шил 0,5 литрийн архи аваад гурвуулаа хувааж уусан. Тэгээд гэртээ орлоо гээд би Гийг гэрт нь оруулж өгөх гээд шөнө 02 цагийн үед гараад явсан. 9 дүгээр байрны гадаа бид хоёр хэдэн залуучуудтай тааралдаад, би наана нь утсаар яриад зогсож байсан. Тэгэхэд Г тэр залуучуудтай муудалцаад зогсож байхаар нь би яваад очиход Гийг 2-3 залуу нь цохиод цаашаа авч яваад газар унагаахад би очоод салгах гэхэд намайг хоёр залуу нь татаж аваад газар унагаагаад дээрээс зодоод байсан. Тухайн үед бид хоёр согтуу байсан ба Г утсаараа Ялалтыг дуудаад Ялалт ирээд дахиад маргаан үүссэн. Тэгэхэд нөгөө залуучууд бөөнөөрөө зугатаад явсан. Удалгүй цагдаа нар ирээд Гэмтлийг эмнэлэг рүү очсон” /хх-н 23/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Гийн гэмтэлтэй холбоотойгоор “Гийн биед хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн муруйлт, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 784 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 35/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин хяналтын прокурор нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 81 дугаартай тогтоолоор “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж УИХ-ын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн өөрчлөлтийг баримтласан нь үндэслэлгүй байна.

Учир нь, хууль батлагдан дагаж мөрдөж эхлэхээс өмнөх гэмт хэрэгт шинээр өөрчлөлт оруулсан хуулийн хүндрүүлсэн зохицуулалтыг баримтлаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “.... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтад нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байх тул шүүгдэгч Бт торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялын хэмжээг 500.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

 

Хохирлын хувьд:

Хавтаст хэрэгт 300.250 төгрөгийн баримт авагдсан байх ба хохирогч Г хамрын ясны хагалгаанд орсон эмчилгээний баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгснөөр нийт 3.719.700 төгрөг болж байна.

Эдгээр баримтуудыг хохирогчийн хохирсонтой холбоогүй баримтууд гэж үгүйсгэх үндэслэлгүй. Хэрвээ хохирогч Г шүүгдэгч Бт зодуулж гэмтэл аваагүй байсан бол хамрын ясны хагалгаанд орохгүй байх байсан, эмнэлгээр явж шинжилгээ өгөх шаардлагагүй байсан, бусад зардал гарахгүй байх байсан гэх дүгнэлтэд хүргэнэ. Үүнээс гадна хохирогч Гөөс гаргасан эмчилгээ, эм тарианы баримтуудад түүний нэр бичигдсэн, цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойших цаг хугацаатай тохирч байна.

Харин таксины баримттай давхардуулж гаргасан “Петростар” ХХК-ний шатахууны 30.000 төгрөгийн баримтыг хасаж тооцоод үлдэгдэл 3.689.700 төгрөгийг шүүгдэгч Баас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор шүүгдэгч Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргав.

 

Шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Гын Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Бт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэний дараагаас Бт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхийг дурдсугай.

 

7. Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баас 3.689.700 төгрөг гаргуулж хохирогч Гөд олгосугай.

 

9. Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Бт авсан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ