Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 5969

 

2016 оны 12 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05969

 

Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-25, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 2693321 регистртэй, “ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ..дугаар бичил хороолол, .. тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, Нуурын тоотод түр оршин суух, ... регистртэй, ... овогт Д.Э   холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,527,045.88 /далан гурван сая таван зуун хорин долоон мянга дөчин таван төгрөг наян найман мөнгө/ гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б /ШТҮД-0217/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Э нь 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны Их хүрээ салбараас 13/194 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-13/194-1 тоот нэмэлт зээл олгох гэрээ байгуулан нэмэлтээр 50,000,000 төгрөгийн зээлийг 26,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот барьцааны гэрээ байгуулан ... тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, . дугаар хороолол, Төмөр замын .. дүгээр байрны .. тоот 29 м.кв, гал тогоо тусдаа хоёр өрөө орон сууц барьцаалсан байна. Зээл авснаас хойш үндсэн зээлээс 48,260,700 төгрөг, хүүнээс 28,185,160.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 153,890.32 төгрөг, нийт 76,599,750.48 төгрөг төлсөн байна. Зээлдэгчийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөөгүй, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн дүн 51,739,300 төгрөг, зээлийн хүүгийн дүн 19,592,648.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,195,061.40 төгрөг, нийт 73,527,045.88 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах. Мөн зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205025534 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 59 дүгээр байрны 37 тоо 29 м.кв, гал тогоо тусдаа хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны нийт 73,527,045.88 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэв хариуцагч нь өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаах үед шаардаж байсан 65,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан бол энэ тухай тайлбараа өгөөд, хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталгаажуулж болох байсан боловч ийм зүйл болоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй нь тухайн үед сагсан бөмбөгийн тэмцээнд орж байгаад хөлөө гэмтээж, утас нь сүлжээ барихгүй байсан гэсэн тайлбар өгсөн бөгөөд уг ажилтанд арга хэмжээ авсан байгаа. Тухайн үед нэхэмжлэлийг буцаахгүйгээр хэргийг шийдэх боломжтой байсан, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын хүссэнээр хэрэгт авагдсан байгаа бичмэл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэх боломжтой байсан боловч өөрсдөө буюу хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар нэхэмжлэлийг буцаасан байсан. Банкны буруутай үйлдлээс болж хэрэг буцсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлийн 50,000,000 төгрөг нэмж зээлдсэн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б.Б-с Д.Э-д олгосон итгэмжлэлийн дагуу олгосон. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасны дагуу итгэмжлэл шаардлага хангасан байдаг. Энэ итгэмжлэлд зээлийн барьцаанд тавих, барьцаалах, төлөөлүүлэх, гэрээнд төлөөлөх гээд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байдаг. Энд байгаа ганц алдаа нь Б.Б-с Б.Б-т олгосон техникийн алдаа байдаг. Иймд зээлийн гэрээ болон түүний дагуу байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, Б.Б-г төлөөлж Д.Э гарын үсэг зурсан ба Б.Б-н гарын үсэггүй гэрээ байхгүй байна. Хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээр тодорхойлогддог тул өөр болсон байхыг үгүйсгэхгүй. “ХААН банк” ХХК-ийн зүгээс эдийн засагч О дандаа Б.Б, Д.Э нартай хамтарсан уулзалт хийдэг байсан. Б.Б барьцаагаа зарахгүй гэсэн асуудал ярьдаг. Сүүлийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг мэдээгүй гэх асуудал үндэслэлгүй. Энэ уулзалтын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Барьцаа хөрөнгө Д.Э зээлийг бүрэн төлсөн тохиолдолд чөлөөлөгдөх тул Д.Э-д итгэл үзүүлээд 2 жилийн хугацаа олгоё гэсэн саналыг банк тавьсан, гуравдагч этгээд нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд энэ хүнд нэг удаа итгэл үзүүлвэл зүгээр байх байлаа. Барьцааны гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний дагуу тооцсон шүүхийн шийдвэр гараагүй. 2013 оны 5 дугаар сарын 29-ний барьцааны гэрээнд Б.Б өөрөө гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 13/194 тоот зээлийн гэрээг байгуулан Хаан банкнаас 50,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай Д.Э, М.Н нарын хамт зээлж авсан. Гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцохоор тусгасан ба зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 59 дүгээр байрны 37 тоот 2 өрөө орон сууц, 14,866,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, нийт 63,806,000 төгрөгийн эд зүйлийг тавьсан болно. Уг зээлийн мөнгө нь үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхгүй байсан тул 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөн Хаан банкны ЗГ-13/194-1 тоот нэмэлт гэрээг байгуулан урьдах зээлийн гэрээний үлдэгдэл 41,767,952 төгрөг дээр дахин 50,000,000 төгрөг зээлж урьдах зээлийн гэрээний үлдэгдэл 41,767,952 төгрөг дээр дахин 50,000,000 төгрөг зээлж авсан ба нийт үндсэн зээл 91,767,953 төгрөг, хүү 26,493,225 төгрөг, нийт 118,261,178 төгрөгийг Хаан банкинд төлөх ёстойгоос 2015 оны 1 дүгээр сарын 30-нд гэрээнд нэмэлт оруулан ЗГ-13/194-2 тоот гэрээ байгуулан нийт 100,000,000 төгрөгнөөс үндсэн зээлд 45,310,000 төгрөг, хүүнд 28,180,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 151,190 төгрөг, нийт 73,641,528 төгрөгийн төлөлт хийн 54,690,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Зээлийн барьцаанд дээрх 2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгт, бараа материалыг 34,136,000 төгрөгт, нийт 104,136,000 төгрөгийн барьцаа тавьсан. Уг орон сууц нь Б.Б өмчлөлийн байр ба зээлийг авахад барьцаа хүрэхгүй байсан учраас барьцаанд гуйж эхний зээл авахад түүнээс зөвшөөрөл аван барьцааны гэрээнд барьцаалуулагч гэж түүнээр гарын үсэг зуруулсан. Харин 2 дахь зээлийг нэмж авахдаа Б.Бадамгаравын байрыг түүнд хэлэлгүй тавьсан ба барьцааны гэрээнд гарын үсэг зуруулаагүй бөгөөд 2 дахь зээл авсныг Б.Б мэдээгүй. Хаан банк намайг зээлээ хугацаанд нь төлөөгүй учир 2016 оны 5 дугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган намайг хариуцагчаар татан 65,215,111 төгрөг төлүүлэхээр нэхэмжилсэн. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2016 оны 6 дугаар сард болсон боловч нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл Хаан банк 2016 оны 7 дугаар сарын 25-нд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 73,527,045.88 төгрөгийг надаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хаан банкинд зээлийн үлдэгдэл болох 65,215,111.67 төгрөг төлөхөөр нэхэмжилж байсан боловч сүүлийн нэхэмжлэлийн дүн нь өссөнд гайхаж байна. Урд гаргасан нэхэмжлэлээ 12,311,934.21 төгрөгөөр нэмэгдүүлснийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 6 дугаар сард Хаан банкны нэхэмжлэлийг шийдвэрлэсэн бол нэхэмжлэлийн үнийн дүн өсөхгүй байх байсан ба энэ үнийн дүн өсөх явдалд Хаан банк өөрөө буруутай гэж үзэж байна. Тийм учраас нэмэгдүүлсэн 12,311,934.21 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Б.Б нь уг зээлээс ямар нэгэн мөнгө авч хэрэглээгүй, түүнд мэдэгдэлгүйгээр барьцаанд нэмж тавьсанд би буруутай тул түүний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж байна. Би зээлийн 65,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Итгэмжлэл дээр бичигдсэн хаяг бол миний албан ёсны хаяг мөн. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч зээл авсан нь үнэн. Түүнийгээ төлөх нь үнэн боловч 75,527,045 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөх шүүх хуралд 65,000,000 төгрөгөөр хангуулахаар болсон. Хан-Уул дүүргийн шүүх дээр Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй тул манай хэргийг буцаасан байдаг. Хэрэв 2016 оны 4 дүгээр сарын 26-нд шүүх хурал болсон бол 65,000,000 төгрөгийг төлөх байсан боловч Хаан банкны буруутай үйл ажиллагаанаас болоод хэрэг буцсан тул энэ зөрүү үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа юм. Өөрийн танилын байрыг барьцаанд тавиад, дахин зээл авсан. Б.Б өөрөө гарын үсэг зураагүй байхад барьцааны гэрээ хийсэн тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус юм. 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн итгэмжлэл нь эргэлзээ төрүүлдэг. Уг итгэмжлэлээр Б.Б өөртөө итгэмжлэл олгосон байдаг юм. Иймд энэ итгэмжлэл хууль бус тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм. Энэ асуудалд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгддөг. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгөхийг хүсч байна. Итгэмжлэл дээр бүрэ нэрх олгосон хэсэг дээр алдаа гарсан тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ. Энд нотариатын буруу бас байгаа. Энэ хаяг дээр Д.Э-н хаягийг бас буруу бичсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 1-25 тоот хаягт Д.Э хэзээ ч байгаагүй. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар энэ итгэмжлэлийг хүчингүй болгох эрхтэй. Мөн он, сар, өдөр засвартай гэх алдаанууд байдаг тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Банк энэ асуудалд хайнга хандсан байдаг. Бид 65,000,000 төгрөгийг төлөх боловч хариуцагчийн буруутай үйлдлээс болоод нэмэгдээд байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.Э 2013 оны 5 дугаар сард манай эгчийн байрыг 50,000,000 төгрөгийн зээл авахдаа 49,000,000 төгрөгөөр үнэлүүлэн, 14,000,000 төгрөгт өөрийн бараа материалыг тавин, барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэж гуйгаад, надаар дамжуулан эгч Б.Б-н байрыг барьцаанд тавьсан. Бид дахин 50,000,000 төгрөг авсан байсныг сүүлд мэдсэн. Би “Хаан банк” ХХК-ийн зээлийн эдийн засагч болон захиралтай очиж уулзан, яагаад 100,000,000 төгрөгийн зээлэнд 49,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн байрыг барьцаанд тавьчихав аа  гэхэд байрыг 70,000,000 төгрөгөөр үнэлсэн, энэ тухай итгэмжлэл байгаа гэсэн. Би эгчээс энэ итгэмжлэлийн тухай асуухад тухайн үед ахын хүүхэд 1 дүгээр эмнэлэгт мэс заслын хагалгаанд орж байх үеэр Д.Э очоод урдын зээлээ чөлөөлж таны байрыг чөлөөлөх гэж байгаа, та итгэмжлэл гаргаад өгөөч гэсний дагуу итгэмжлэл гаргаж өгсөн гэдэг. Энэ зээл авсан хүнээсээ 34,000,000 төгрөгийн бараа материалаас нь өрөө гаргуулаач гэхэд тодорхой хариу өгдөггүй. Д.Э эгчийнхээ хашаа байшинг зараад мөнгө өгсөн гэсэн юм ярьсан. Манай эгчийг хууран мэхэлж 49,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн байрыг барьцаанд тавьсанд гомдолтой байна. Өөрөө бас сүүлд буруугаа хүлээн уучлалт гуйсан байдаг. Манай эгч 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй энэ мөнгөнөөс юу ч аваагүй байж орох оронгүй болох гэж байгаад гомдолтой байна. Манай эгчид бол худлаа хэлж итгэмжлэл хийлгэсэн гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь хариуцагч Д.Э-д холбогдуулан, 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13/19. тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ...тоот барьцааны гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ-1... тоот нэмэлт зээл олгох гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 51,739,300 төгрөг, зээлийн хүүгийн дүн 19,592,684.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,195,061.40 төгрөг, нийт 73,527,045.88 /далан гурван сая таван зуун хорин долоон мянга дөчин таван төгрөг, наян найман мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаанд бүртгүүлсэн Ү-2... тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын .. дүгээр байрны .. тоот дахь 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буруугаас шүүх нэхэмжлэлийг буцаасны улмаас дахин хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээний талаар барьцаа хөрөнгийн өмчлөгчид мэдэгдээгүй, хэлцэл хийх эрх олгосон итгэмжлэл хуульд заасан хэлбэрээр хийгдээгүй учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Түүнчлэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэмэлт зээл олгох гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг “ХААН банк” ХХК нь Д.Э зээлдүүлэхдээ талуудын байгуулсан 13/194-1 тоот барьцааны гэрээг болон нэмж 50,000,000 төгрөгийн зээл авсан талаар түүнд мэдэгдээгүй гэж тайлбарлана.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“ХААН банк” ХХК нь Д.Э 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 13/194 тоот зээлийн гэрээ байгуулж 50,000,000 /тавин сая/ төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэн, иргэн Б.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ..дүгээр байрны .тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 49,000,000 төгрөгөөр, бараа материалыг 14,806,000 төгрөгөөр тус тус үнэлэн, 13/19. тоот Барьцааны гэрээг орон сууцны өмчлөгч болон зээлдэгч Д.Э нартай байгуулан барьцаалуулахаар тохирчээ.

Улмаар, зээлийн гэрээний хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-13/194-1 тоот “Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулан, уг гэрээг байгуулах өдрөөр зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 41,767,952.76 төгрөг дээр нэмэлт зээл 50,000,000 төгрөгийг олгож, нийт зээлийн хэмжээг 91,767,952.76 төгрөг болгон, зээлийн болон барьцааны гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай байхаар өөрчилсөн байна.

Ийнхүү нэмэлт зээл олгосонтой холбогдуулан дээрх гэрээнд талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн БГ13/194 тоот Барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчлэх тухай нөхцөл зааж, мөн БГ-13/194-1 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээг “ХААН банк” ХХК болон орон сууцны өмчлөгч Б.Б олгогдсон итгэмжлэлийн дагуу зээлдэгч Д.Э нар харилцан тохиролцож байгуулснаар барьцааны зүйлийн үнэлгээнд өөрчлөлт оруулан, орон сууцыг 70,000,000 төгрөгөөр, бараа материалыг 34,136,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ-13/194-2 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г талууд дахин байгуулж, өмнөх зээлийн гэрээнүүдээр олгогдсон нийт 100,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс зээлдэгчийн төлсөн үндсэн зээлийн 45,310,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 28,180,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 151,190 төгрөг, нийт 73,641,528 төгрөгийн төлбөрийг хасч, уг гэрээг байгуулах үед төлөгдөөгүй үлдсэн 54,690,000 төгрөгийн зээлийн төлбөрийг эргэн төлөх төлөлтийн хуваарийг өөрчлөн, зээлийн хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан байна.

            Хариуцагч Д.Э зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 48,260,700 төгрөг, хүүгийн төлбөрт 28,185,160.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 153,890.32 төгрөг, нийт 76,599,750.48 төгрөгийн төлөлт хийжээ. /хх 15-16/

Харин зээлийн гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээл 51,739,300 төгрөг, зээлийн хүү 19,592,684.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,195,061.40 төгрөг, нийт 73,527,045.88 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч талаас гаргасан Зээлийн бүртгэлийн карт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.Э-с шаардах эрхтэй байна. /хх 12, 15/

Зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Д.Э болон хамтран зээлдэгч Д.Э, М.Н нарт холбогдуулан маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт нийт 65,215,111.67 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас хариуцагч Д.Э өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэлийг буцаасан үйл баримт тогтоогджээ.

Тийнхүү нэхэмжлэлийг буцааснаас хойш “ХААН банк” ХХК нь үндсэн зээлдэгч Д.Э холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 73,527,045.88 төгрөг гаргуулахаар дахин шаардсаныг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцлага алдсаны улмаас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх...” боломжтой байхад хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг буцаалгах тухай хүсэлт гаргаснаар 102/ШЗ2016/1491. дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсгүүдэд зааснаар аливаа хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд тэрхүү төлөөлөгчийн бүрэн эрх нь тодорхой эрх олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.

Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын .. дүгээр байрны .. тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлдэгч Д.Э болон өмчлөгч Б.Бнартай харилцан тохиролцсоноор 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Барьцааны гэрээ” байгуулагдаж, талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд, улмаар БГ-13-194-..тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г Б.Б-с Д.Э-д “өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах” бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосон 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр дээрх нэмэлт гэрээг Б.Б-ыг төлөөлөн байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон байна. /хх 6-14/

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс “2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн итгэмжлэл хуульд заасан хэлбэрээр хийгдээгүй” гэж, мөн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г барьцаа хөрөнгийн өмчлөгчийг оролцуулалгүйгээр хийсэн, уг гэрээгээр барьцаа хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүйгээр 70,000,000 төгрөг болж өссөн гэж тус тус тайлбарлан маргасан.

Гэвч дээрх маргаан бүхий итгэмжлэл болон нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар зохигчдын хэн аль нь тодорхой шаардлага гаргаагүй, тэдгээрийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд энэ маргааныг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хэдийгээр гуравдагч этгээд Б.Б-ас хариуцагч Д.Э-д олгосон итгэмжлэлийг шинжлэн судлавал: маргаан бүхий барьцааны зүйл болох орон сууцыг “зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах” бүрэн эрхийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран .дүгээр гудамжны . тоот хаягт оршин суугч “Б овогтой Б” итгэмжлэн олгож байна” гэж бичигдсэн байх боловч уг итгэмжлэлийн төлөөлүүлэгч хэсэгт “Б.Б”, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсэгт “Д.Э”  нар тус тус гарын үсэг зурж, нотариатаар итгэмжлэлийг гэрчлүүлжээ.

Энэ үйл баримтыг дүгнэвэл, дээр дурдагдсан төлөөлөгчийн оршин суух хаяг Д.Э болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул “Б овогтой Б” гэх бичиглэлийг техникийн алдаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тийнхүү төлөөлөгчийн нэрийг алдаатай бичсэнээрээ уг итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг хангажээ.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч тийнхүү итгэмжлэл олгохдоо төөрөгдөлд орсон гэж тайлбарлах боловч энэ тухай тодорхой шаардлага гаргаж байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ү-2205025534 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, .. дугаар хороолол, Төмөр замын ..дүгээр байрны .. тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдах аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... регистртэй Б овогт Д. Э зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,527,045.88 /далан гурван сая таван зуун хорин долоон мянга дөчин таван төгрөг наян найман мөнгө/ гаргуулж, нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгосугай.

2.Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Ү-22050255... улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын .. дүгээр байрны .. тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,585 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 525,585 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА