Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч А.Ч

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005009330379 тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1... оны ... дугаар сарын ...нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4; ... хамт .... дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар хороолол, .... байр .... тоотод оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, А овогт А Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Ч 2020 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө ... дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар хороолол, ... ... байр .. тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч М.Эг маргааны улмаас зодож тархи доргилт, зүүн нүдний доод зовхины шарх, дух зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хэл, дээд уруулын дотор холбоост шарх, цус хуралт, завьж, хүзүүнд цус хуралт, баруун шуу, зүүн тохой, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний гэм буруутай нь тодорхой тул мэдүүлэг өгөхгүй. Манай эхнэр намайг байнга харддаг, хардалтаас болж маргаан үүссэн. Тухайн өдөр би архи уусан байсан. Эхнэр бид хоёр дундаасаа 3-6 насны хоёр хүүхэдтэй, хоёулаа миний төрсөн хүүхдүүд. Харин яагаад ч юм эхнэр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Эхнэрийн эмчилгээний зардал гэж 700.000 орчим төгрөг гарсан гэсэн. Би бэлнээр бол мөнгө энэ тэр өгөөгүй, миний виза карт өөрт нь байдаг юм. Цаашид өөртөө анхаарах болно гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Мын Э “… 2020 оны 2 дугаар сарын 29-өөс 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө манай нөхөр Ч найзуудтайгаа гэрийн гадаа машин дотор архи ууж байгаад 02 цагийн үед орж ирсэн. Гэртээ орж ирэхээс нь өмнө би 00 цагийн үед нөхөр рүүгээ залгаад 12 цагт орж ирнэ гэсэн чинь яасан бэ, чи уухаараа маргааш нь босож чаддагүй биз дээ гээд цонхоороо орооч ээ гээд орилсон. Тэгтэл шөнө 02 цагт гэртээ орж ирээд чи миний найзуудын хажууд намайг онигоо болголоо гээд шууд намайг үсдээд доош нь дараад газар шалан дээр нүүрээр наагаад үсдэж байгаад миний нүүрээр намайг газар мөргүүлсэн. Тэгэхээр нь би орилсон чинь дуугуй бай гээд миний амнаас гараараа базсанаа миний толгой руу олон удаа цохисон. Миний дуу гарахаа болиод айгаад дуугүй болсон чинь миний толгойноос намайг татаж босгоод цонхон дээр нүүр нааснаа чи харж байна уу манай найзууд тэнд ууж байна гэсэн. Тэгэхэд би эхнэртээ базуулчихаад гөлөг шиг ороод ирлээ одоо чиний бах чинь ханаж байна уу гээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би туслаарай гээд чанга орилсон миний аман дээр хоёр гараараа дараад амьсгал боосон.

Би Чд хандаж чамайг хүүхэд чинь хараад байна, чи боль гэтэл хүүхдийн том савтай биений тос гартаа барьж байгаад миний зүүн нүд хэсэг рүү цохисон” /хх-н 10-11/ гэж,

гэрч Бн Д “... тухайн шөнө манай найз Ууганбат, Хашхүү, Ч бид дөрөв Чгийн гэрийн цонхны харалдаа Ууганбатын машинд пиво уугаад сууж байтал Чгийн эхнэр Ч руу залгаад орооч ээ гээд байсан. Тэгээд бид хэд пивоо уугаад сууж байтал Чгийн эхнэр Э цонхоороо Чг орооч ээ, та нар хариач ээ гээд байсан. Тэгтэл Ч машинаасаа гарсан. Би Чг машинаас буухаар нь дагаад буутал Э пиздануудаа та нар болиоч ээ гээд байсан. Тэгээд Ч гэр рүүгээ орсон” /хх-н 16-17/ гэж,

яллагдагч А Ч “... шөнө гэрийн гадаа найзуудтайгаа архи пиво уугаад машин дотор сууж байтал манай эхнэр цонхоор толгойгоо гаргаж, надад болон манай найзуудад хандаж наад янханаа оруул гэж орилсон. Тэгэхээр нь би 02 цаг өнгөрч байхад гэртээ орсон. Гэрт орсон чинь эхнэр Э над руу орилж дайрсан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Хэрэлдэж байгаад би эхнэрийнхээ хоёр гарнаас барьж байгаад доош нь дарсан. Тэгээд хоорондоо хэсэг хэрэлдсэн. Тэгтэл эхнэр Э чанга орилоод байхаар нь би хүүхдийн биеийн тос аваад Э руу шидсэн чинь тэр тос нүүрийг нь оносон. Э нүдэндээ давхраа хийлгэсэн байсан учир тос шидэх үед оёдлыг нь оноод тэгээд хамт Мөнгөн гүүр эмнэлэг явсан. Эмнэлэг дээр байхад цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан” /хх-н 31/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч М.Эгийн гэмтэлтэй холбоотойгоор “... Эгийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхины шарх, дух зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал хэл, дээд уруулын дотор холбоост шарх, цус хуралт завьж, хүзүүнд цус хуралт баруун шуу, зүүн тохой, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 3183 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 22/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Чг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Чд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч А.Ч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг шүүх ял оногдуулахдаа харгалзав.

 

Хохирлын хувьд:

Хохирогч М.Э “... 500.000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ. Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн 8000 төгрөгийн баримт /хх-н 18/, “Натур” эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөгийн баримт /хх-н 23/ нийт 128.000 төгрөгийн баримт авагдсан байна.

 

Харин ХААН банкин дахь шүүгдэгч А.Чгийн дансаар хохирогч М.Эгийн данс руу нийт 730.000 төгрөг шилжигдсэн байх тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзлээ.

 

Гэвч хохирогч М.Э “... гомдолтой, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Ч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Арцсэд овогт Ан Чг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Чг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. А.Ч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. А.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Э гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Чд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ