Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00330

Улаанбаатар хот

 

                                                                           

                                          МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

             

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр гудамж, 3 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЕТ 87031611, эрэгтэй, Тангад овогт Дэлгэрийн  Батчулууны  нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны 86 тоотод  оршин суух, регистрийн дугаар НЮ 88052971, Боржигон овогт Бадрахын Дүүрэнбаярт  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Б.Дүүрэнбаярт 2016 оны 3 дугаар сарын 30-ны  өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг, хүүгүйгээр 6 сарын хугацаатай, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн.Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж  нотариатаар батлуулсан.Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Дүүрэнбаяр зээлийг эргүүлэн төлөхгүй байна. Зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 76 хоногийн алданги, үндсэн зээл 3 000 000 төгрөг нийт 4 140 000 төгрөгийг Б.Дүүрэнбаяраас гаргуулж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Батчулуун шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Б.Дүүрэнбаярт 2016 оны 3 дугаар сарын 30-ны 2 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд сар болгоны 15, 20-ны өдрүүдэд тус бүр 250 000 төгрөг, сард 500 000 төгрөг төлж байхаар тохиролцсон.Би мөнгийг хүнээс авч Дүүрэнбаярт өгсөн байгаа. Б.Дүүрэнбаяр 2 500 000 төгрөг аваад, надад 500 000 төгрөг эргүүлж өгсөн, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дууссан ба түүнээс хойш хоног тутамд 0,5 хувийн алданги тооцсон боловч алдангийн 1 140 000 төгрөгөөс татгалзаж байна.Одоо  3 000 000 төгрөгийг Б.Дүүрэнбаяраас гаргуулж өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батчулуун хариуцагч Б.Дүүрэнбаярт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Хариуцагч Б.Дүүрэнбаяр 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Батчулуунаас 3 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон хариуцагчийн мөнгө хүлээн авсан тухай баримтаар нотлогдож байх ба улмаар Б.Дүүрэнбаяр зээлийн мөнгийг эргүүлэн төлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж талууд тохирсон хэдий ч   нэхэмжлэгч 1 140 000 төгрөгийн алдангаас татгалзаж байна.

Хариуцагч Б.Дүүрэнбаяр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардаж аваад, хариу тайлбараа 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өгөх үүрэг хүлээсэн боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч  нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцоно гэж заасан байна.

 

Хариуцагч Б.Дүүрэнбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Боржигон овогт Бадрахын Дүүрэнбаяраас 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан Тангад овогт Дэлгэрийн Батчулуунд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 190 /наян нэгэн мянга нэг зуун ерэн/ төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, Б.Дүүрэнбаяраас 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батчулуунд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН