Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00561

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Хонгорзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2017/00043 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Хонгорзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Пүрэвдагвад холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баасанжаргал,

Хариуцагч: Л.Пүрэвдагва,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Ням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Пүрэвдагвад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 500 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Манай охин Солонгос Улс руу явах болоод виз гаргана гэсэн сонины зарын дагуу Л.Пүрэвдагватай уулзсан. Өөрийн бүх бичиг баримтаа энэ хүнд өгч, 2 500 000 төгрөгийг өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлсэн. Тэр яриад байгаа Ганболор гэдэг хүнийг бид танихгүй, уулзаж байгаагүй тул энэ хүнээс л мөнгөө нэхнэ. Тэгээд ч Л.Пүрэвдагва нь “2016 оны 4 дүгээр cap хүртэл биднийг хүлээж бай, мөнгийг чинь найдвартай өгнө” гэж явсан. Зээлийн гэрээний тухайд энэ хүн л өөрөө мөнгө авсанаа баталгаажуулж байна гээд хийсэн байдаг. Манай охин өөр шугамаар виз нь гараад явсан, энэ хүн ямар ч бичиг баримт хөөцөлдөж өгөөгүй тул бид улаан паспортоо буцаан авсан. Иймд 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Пүрэвдагва шүүхэд гаргасан тайлбартаа: Би анхнаасаа Ганболорт их итгэдэг байсан, араваад жилийн өмнөөс мэддэг манай багшийн эхнэр юм. Намайг сонинд зар тавьчих гэсний дагуу би “Солонгос Улсын виз гаргана” гэсэн зар тавьсан. Энэ дагуу Хонгорзул ирж уулзаад виз гаргуулах талаар ярихад би Ганболорын талаар хэлж байсан. Мөн Ганболорын хэлсэнээр би дансны дугаараа өгч мөнгө миний дансанд орж ирсэн. Энэ мөнгийг би хэрэглээгүй, Ганболор нь үүнээс гадна хэд хэдэн хүнээс мөнгө авч намайг өрөнд оруулсан. Энэ талаар би Цагдаагийн газарт өргөдөл гаргасан, би өөрөө хохирогчоор тогтоогдсон байгаа. Би энэ мөнгийг хэрэглээгүй учраас зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар Л.Пүрэвдагваас 2 500 000 төгрөг гаргуулж, Б.Хонгорзулд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 54 950 төгрөгийг гаргуулж, Б.Хонгорзулд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Л.Пүрэвдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь шүүх хурлын үеэр манай өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хуралтай байхад намайг “шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцоно” гэж хэлсээр байтал шууд хүчээр хурал хийсэн. Намайг өмгөөлөгчөөр хангаагүй. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь хариуцагч Л.Пүрэвдагвад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Хонгорзул нь 2 500 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг 3 сарын хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

 Талуудын тайлбараас дүгнэвэл хариуцагч Л.Пүрэвдагва нь гэрээний дагуу хүлээн авсан мөнгийг өөрөө захиран зарцуулах, тохирсон хугацааны дараа буцаан өгөх талаар тохиролцоогүй  харин Б.Хонгорзулд Солонгос Улсын виз гаргуулах зорилгоор авсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв болно.

 

            Хариуцагч Л.Пүрэвдагва нь нэхэмжлэгч Б.Хонгорзулаас шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг Г.Ганболорт дамжуулан өгсөн гэж тайлбарласан нь гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Ганболорын мэдүүлгээр тогтоогджээ.

 

Гэвч нэхэмжлэгч Б.Хонгорзулаас Хаан банк дахь хариуцагч Л.Пүрэвдагвын эзэмшлийн дансанд 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон, талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, хариуцагчаас 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

 

            Хариуцагч Л.Пүрэвдагва нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаагүй байх тул өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй гэх түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2017/00043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА     

 

                  ШҮҮГЧИД                                              Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ