Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2017/ДШМ/82

 

 

Л.Г-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Шүүгдэгч: Л.Г,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтүвшин, Д.Мөнхдэлгэр,

            Хохирогч: Л.Ө,

            Хохирогчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2017/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Г-д холбогдох, эрүүгийн 201223010069 дугаартай, 10 хавтас, 2399 хуудас бүхий хэргийг хохирогч Л.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Д.Мөнхдэлгэр нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн ...... суманд 1965 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тусгай холбооны кодчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн ..... сумын ..... 8-6 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Чоносон овогт Л.Г /РД:КЮ65033174/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Г нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий  аймгийн  ....... сумын  1  дүгээр багт  орших  38 дугаар байрны ар талд талийгаач Л.Э-тэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж гавлын суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдалд оруулсан гэмтлийг учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Г-д холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилж зүйлчилж,

Шүүгдэгч Л.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийг 6 жилийн хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийн цагдан хоригдсон 258 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн төлөөлөгч Л.Өын нэхэмжилсэн 19706500 төгрөгнөөс 6259125 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2070000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 11377375 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогч Л.Ө нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн 2 дугаар хавтасны 183-185 дугаар хуудсанд үдэгдсэн Б.Аын өргөдөл, хэргийн 6 дугаар хавтасны 164-168 дугаар хуудсанд үдэгдсэн Л.Гийг тодорхойлсон ангийн хамт олон болон иргэн Отгон, Болор нарын 2015 оны 09 дүгээр сарын 20, 2015 оны 12 дугаар сарын 22, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд бичсэн гар бичмэл, sony гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 120 минутын 4.7 GB багтаамжтай DVD1 ширхэгийг хэрэгт хадгалж, DELL маркийн хар өнгийн компьютерийн процессорийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн газарт буцаан олгож, саарал өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн куртка 1 ширхэг, хөндлөн судалтай ногоон эрээн цамц 1 ширхэг, хул шар өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн тэлээтэй өмд 1 ширхэг, улаан өнгийн  даавуун  биеийн  тамирын  өмд  1 ширхэг, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хар өнгийн оймс 1 хос, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос зэргийг тус тус устгаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Л.Ө давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Л.Гэд холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний дүү Л.Эыг Л.Г зодсоноос болж гэмтэл авсны улмаас нас барсан юм. Тэрнээс биш миний дүүд хууч өвчин байгаагүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 10-д шүүх хуулийг дүйцүүлэн хэрэглэхдээ Л.Гийг 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хуулийг хэрэглэх ёстой байсан. Манай дүүгийн амь насыг хохироосон гэж үзэж байвал 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад 6 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байгаа. Учир нь Л.Г нь гэмт хэргийг үйлдэх талаараа өнөөдрийг хүртэл төөрөгдүүлж, гэм буруугаа хүлээдэггүй, хохирогчийг доромжилж ирсэн шүү дээ. Оршуулгын зардлаас нэг ч төгрөг төлөөгүй байхад бага ял оногдуулсанд маш их гомдолтой. Төлбөрийг бүрэн гаргаагүйд маш их гомдолтой байна.  Би прокурорыг таних ч үгүй. Манайхнаас прокурор, шүүхэд ажилладаг хүн байх ч үгүй. Эд нар улаан цайм намайг ингэж гүтгэдэг. А тогтвортой мэдүүлэг өгдөг. А цагдаа дээр 5 цагт очоогүйг очсон гэж энэ хүн гүжирдэж байна. Намайг нөлөөлсөн гэж яриад байна, би нөлөөлөөгүй, хууль цагдаагийн байгууллага нь шалгасан.  Ганбаатар гэдэг хүн өөрөө мэдүүлгээ өгчихсөн байгаа. Энэ хүн алсан гээд мэдүүлэг нь байж байна шүү дээ. А тогтвортой мэдүүлэг өгдөг. Хэрэг гарсан өдөр нь очиж уулзахад А үүнийг л хэлдэг. А барилга байшингийн талаар юу ч мэдэхгүй. Тэгтэл энэ хоёр барилга байшингийн талаар яриад маргаад зодсон гэж  А  л хэлсэн. А цагдаа дээр ирээгүй гэж Мөнх-Эрдэнэ цагдаа ч мэдүүлгээ өгсөн байгаа. Намайг Аыг гэртээ байлгасан гэж байна. Манай гэрт А байдаггүй. Энэ хэргийг хийхээс өмнө манай дүүтэй найз нөхөд гээд орж гараад явдаг байсан.  Тэрнээс би гэр орноороо байлгасан юм байхгүй. Тэр зааж өгч  бичүүлсэн гэж намайг үнэхээр гүжирдэж байна. Энэ хүн өөрөө ирээд бичиж өгсөнөөс биш энэ хүнийг ингэж бичээд өг гэж хэлсэн зүйл байхгүй. Давж заалдсан гомдлынхоо 1-р үндэслэл болох хууль хэрэглээний хувьд гаргасан гомдлоос татгалзаж байна, харин Гэд оногдуулсан ялын хувьд 6 жилийн ялыг хөнгөдсөн гэж үзэж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байшин барилгын талаар маргалдаж байснаа Г, Э-г цохисон гэдгийг А удаа дараа тогтвортой мэдүүлсэн. Мөн ТҮЦ-нээсээ гараад явахад өндөр Г гэдэг хүн миний ТҮЦ-ний хажууд зогсож байсан гэж Н мэдүүлдэг. Энэ нь Г тухайн өдөр гэртээ хоноогүй, Атай цуг явж байсан гэдэг үйл явдлыг тогтоодог. А Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар шийтгүүлсэн, үүгээр юу харагдах вэ гэхээр Г хэрэг үйлдээгүй гэдэг нь худал мэдүүлэг байсан гэдгээрээ шийтгүүлсэн байгаа юм. Өыг А, Н нарыг худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж, нотлох баримтыг цуглуулаад, бүхэлд нь ажиллагаа хийсний үндсэн дээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн С.Ганбаатар гэдэг хүн шалгагдаад хэргийн явцад нас барснаар хэрэг хэрэгсэхгүй болсон. Нас барсан хүний гарын үсгийг одоо тогтоох үндэслэл байхгүй гэдгийг хэлье. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль хэрэглээний хувьд зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс хохирогчтой ярилцаж, ойлгуулаад хохирогч гомдлынхоо энэ хэсгээс татгалзаж байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл байхгүй. Аын тогтвортой өгсөн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Шинжээч дүгнээд Аын гарын үсэг зурагдсан энэ бичгийн баримт нь Аын гарын үсэгтэй тохирч байна гэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хохирогч өөрөө эрүүгийн хариуцлагад санал өгнө гээд зохицуулсан байгаа. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж хүндрүүлэх эрхтэй байгаа. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтанд заасан 6 жил гэдэг маань өөрөө хүний амь нас эрсдсэн, тэгээд гэм буруугаа хүлээдэггүй, өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол төлөгдөөгүй, энэ үүднээсээ ялын хувьд хөнгөдсөн. Үүнийг нэмж өгнө үү гэсэн гомдол гаргаж байгаа юм байна. Хохирол төлбөрийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу 505 дугаар зүйлд заасан хохирогчийн авбал зохих хохирлыг бүрэн үнэлээгүй байна. Энэ дээр 6259125 төгрөгийг хангасан нь үндэслэлгүй, баримтаа иргэний журмаар шүүх үнэлэх хэмжээнд өгсөн байгаа. Тийм учраас жич нэхэмжлэх гэсэнтэй бид санал нэгдэхгүй байгаа. 19700000 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар хангагдаж байгаа. Бид нар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хөнгөрүүлж яриад байх юм, гэтэл хохирогчид бас эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй. 2015 оноос эхлээд би энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод явсан, надад хөлс төлсөн. Хохирогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэж хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчийн хөлсийг гаргаж өгнө үү гэж нэмж хэлэх байна. Ер нь бол тээврийн зардал нилээдгүй их орсон байгаа. Үүнийг нэг бүрчлэн гаргаж өгнө үү гэсэн үндэслэлийг гаргаж байна. Тийм учраас хохирлыг эргэж харж хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх Гэд холбогдох хэргийг хэлэлцэж дүгнэлт гаргахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох болсон үндэслэл, нотлох баримт болох гэрч Б.Аын мэдүүлгүүд нь хөдөлбөргүй үнэн, эргэлзээгүй байх нөхцөл шаардлагыг огт хангаагүй байдаг.

Гэрч А нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт олон удаа мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй юм. Энэ ч утгаараа А нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон болно. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ гол гэрч А нь тус хэрэгт мөрдөн байцаалтын шатанд удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч Гийг гэмт хэрэг үйлдээгүй талаар худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр уг хэргээс тусгаарлагдаж шийдвэрлэгдсэн гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, илт мушгин гуйвуулсан тодорхойлолт болсон байна. Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Аын чухам аль мэдүүлэг нь үнэн болох нь нотлогдон тогтоогдоогүй байна гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн ба одоо уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байгаа. Дээрх нөхцөл байдлаас авч үзэхэд анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрч Нгийн мэдүүлгийн яллах, гэм буруутайд тооцох болсон үндэслэлийг гэрч Аын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэх мэт шууд бус шинжтэй нотлох баримтаар давхар нотлогдож буй мэтээр дүгнэсэн нь хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт талийгаач Эрхэмбаяр нь тоосгоор цохиулсан гэх газраасаа 182 м зайтай байх ногооны талбай гэх газрын ойролцооноос олдсоныг шалгасан боловч энэ байдал нотлогдож тогтоогдоогүй нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй гэж үзлээ хэмээн тодорхойлсон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үйл баримтыг бүрэн тогтоож ямар нэгэн эргэлзээгүйгээр хүнийг гэм буруутайд тооцох зарчмыг бүдүүлгээр зөрчсөн дүгнэлт болсон байна. Шүүх Гэд холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ Г нь 2008 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 05 цагийн орчим гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна.

Гэрч С.Ганбаатарын 06 цаг 30 минутад гэж босч 41 дүгээр байр руу Энхтөрийн хамт явсан. Модон рам авч Энхтөрийн хамт явж байхад Г таарсан гэх мэдүүлэг, гэрч И.Ганбаатарын “өглөө 06 цагийн үед Г, ногоон Ганбаатар 2 хаалга нүдээд би тайлж өгсөн” гэх мэдүүлэг. Гэрч Доржоогийн “2012.08.11-ний өглөө хаалга тогшсон, цаг харахад 7 цаг болж байсан” гэх мэдүүлэг, гэрч Нгийн “05 цагийн үед манай ТҮЦ-ийн цонхон дээр А ирж архи асуусан” гэх мэдүүлгээр 04-08 цагийн хооронд гэрч Мөнхөөгийн гэрт унтаж байгаагүй нь тогтоогдож байна. Улмаар Г нь 05 цагийн орчим гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт хийсэн. Энэ нь тухайн шөнө 05 цагийн үед А нь С.Ганбаатар, И.Ганбаатар нартай Цагдаагийн хэлтэс дээр ирсэн тухай гэрч Мөнхбаяр /цагдаагийн албан хаагч/-ын мэдүүлгээр хэрхэн үгүйсгэж буй тухай үндэслэлийг хөдөлбөргүй заагаагүй байна. Энэ нь хэрхэн талийгаач ногооны талбай орчим 07 цагийн үед олдов, шинжээч нарын гаргасан дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл авсан хүн явах, ярих гэх мэт идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй гэх нөхцөл байдал нь хэрхэн уялдаж, эргэлзээгүйгээр тогтоогдож байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх  бүхий л  нөхцөл байдлаас  авч  үзэхэд анхан шатны  шүүх Л.Гэд  холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх Л.Гийг 2012 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 5 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг 38 дугаар байрны ар талд С.Ганбаатар, Л.Э, Б.А нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Этай байшингийн талаар маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь тоосгоор цохиж хүнд гэмтэл учруулан улмаар хохирогчийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Үүнд:

 1. Анхан шатны шүүх гэрч Б.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн нийт мэдүүлгээс зөвхөн “талийгаач Л.Эыг өндөр хочтой Г цохисон. ... Тэд архиа ууж байхдаа Г Эрхэмбаяр нар байшингаас болж маргалдаад Г Эрхэмбаярыг нүүр орчим тоосго шиг юмаар цохисон гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Энэхүү мэдүүлгийг үнэлсэн үндэслэлээ 2013 оны 04 дүгээр сараас хойш сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэсэн эрх зүйн байдлаар удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Гийг гэмт хэрэг үйлдээгүй талаар худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шийтгэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гэрч А Гийг гэмт хэрэг үйлдсэнийг хараагүй талаараа тогтвортой мэдүүлгүүдийг өгч байсан бөгөөд тэрхүү мэдүүлгүүдийг шүүх яагаад тогтворгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн 2016 оны шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор Аын аль мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй гэж тогтоосон бөгөөд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоосон үйл баримтыг шүүх дахин хэлэлцэх, тогтоох үндэслэлгүй тул Аыг шүүхэд дахин гэрчээр оруулах түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй бөгөөд Аын мэдүүлэгтэй холбоотой 2 өөр шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан гэж үзэхээр байна.

2. Аын мэдүүлэг бичгийн бусад нотлох баримтаар нотлогддог гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна. Аын мэдүүлэг талийгаачид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй. Шинжээч гэмтлийг нэг бус удаагийн үйлчлэлээр, урд талаас үйлчилсэн үйлчлэлээр, босоо байдалтай байхад үүсэх боломжтой гэсэн. Гэтэл А нь Г Эрхэмбаярыг цемент дээр унагаад дээрээс нь тоосгоор цохисон гэдэг тул  түүний мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр нотлогдохгүй байна.

3. А нь хэрэг гарсан гэж мэдүүлсэн цаг хугацаанд хэрэг үйлдэхийг харсан гэх газраас огт өөр газар буюу Цагдаагийн хэлтэс дээр байсан болох нь гэрч С.Ганбаатар, Мөнх-Эрдэнэ нарын болон өөрийн мэдүүлэг, цагдаагийн раборт зэргээр хөдөлбөргүй нотлогддог. Шүүх эдгээр мэдүүлэг нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгааг шийтгэх тогтоолд огт тусгаагүй.

4. Л.Гийг 2012 оны 8 дугаар сарын 10-наас 11-ний шөнө 4-5 цагийн үед хаана байсан талаар ээж Б.Мөнхөөгийн мэдүүлгээс өөр давхар шууд нотлох баримт байхгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хамт хоносон гэрч Чулуунбаатар удаа дараа түүнийг 7 цагийн үед гарсан гэдгийг хөдөлбөргүй мэдүүлсэн байхад шүүх түүнийг ээж Мөнхөөгийн хэлснээр мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх ийнхүү дүгнэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр ял шийтгэл оногдуулахаар, хэрвээ нотолж чадаагүй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхээр заасан. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлэлцэгдсэн баримтаар Л.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдоогүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг үйлдээгүй. Ө гэдэг хүний гүтгэлгээр олон жил явж байна. Бор-Өндөр суманд 3 прокурор байгаагаас 2 нь энэ хүнтэй нэг нутгийн хүмүүс байгаа. Тийм учраас энэ хэргийг анхнаас нь завааруулсан . Чулуунбаатар нь манай ээжийнд эмчлүүлэх гэж ирсэн гадны хүн байгаа. Ээжээс мэдүүлэг авахаасаа өмнө Чулуунбаатар гуайгаас байцаалт авахад намайг өглөө 7 цагт гэрээсээ гарсан гэдгийг мэдүүлдэг шүү дээ. А худлаа яриад байгаа. Өын ятгалгаар яваад байгаа. Нэг нутгийн хүмүүс байгаа. Аыг 05 цагийн үед цагдаа дээр очсон талаар Мөнх-Эрдэнэ мэдүүлсэн ба рабортын дэвтэр дээр бичигдсэн байдаг. Төрийн цагдаа худлаа хэлэх үү. А цагдаагаас гараад Доржпаламынд очсон байгаа. Бор-Өндөр сум чинь том газар шүү дээ. Өчнөөн явж баруун талын хашаанд нь очоод хар Ганбаатарынд очоод, хар Ганбаатарынд очих хүртэл өчнөөн процесс явагдаж байгаа. Цохисныг харсан л гэж хэлдэг. Доржпаламынд байж л байсан байдаг, урагшаа яваад цагдаа дээр очсон. Энэ хоорондох зай хэдий хэмжээний билээ, цаг хугацаа их байгаа. Урагшаа яваад 51 дүгээр байр орсон гэж байгаа. Энэ өдөр 05:44 минутад нар мандсан байгаа. Надтай хамт байсан одоо амьд байгаа цор ганц гэрч Чулуунбаатар гэдэг хүн байгаа. Чулуунбаатар гуай хэлээд байхад тэр мэдүүлгийг огт авч хэлэлцэхгүй юм. Энэ хүн чинь надтай хамт байсан. Хоносон. Ээж маань байсан. Ээж мэдүүлэг өгсөн байгаа. Манай дүүгийн 2 хүүхэд байсан, шөнө ирээд авсан, мэдүүлэг өгсөн байгаа. Н гэдэг  хүн бол улаан цайм худлаа яриад байгаа. Тухайн үед авчраад худлаа мэдүүлэг өгүүлчихсэн. 17-нд мэдүүлэг өгсөн байдаг юм. Зохион байгуулалттай. Энэ улсууд чинь ингээд л худлаа яриад зовлонтой юм байна шүү дээ. Өчнөөн жил хохироолоо. Одоо гэхэд л надад ял өгчихөөд байж л байна. Улаан цайм өөдөөс хараад худлаа мэдүүлэг өгөөд байна. Жаахан хүүхэд байгаа биш. Намайг алах гээд явж байна, буудах гэж байна гэж хэлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2012 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 38 дугаар байрны ар талд С.Ганбаатар, Л.Э, Б.А нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрхэмбаяртай Г маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар тоосгоор цохиж хүнд гэмтэл учруулан улмаар хохирогчийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж үзнэ. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / 1хх5-6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-14/, хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-15/, хохирогч Өын мэдүүлэг /1хх-21-22/, /2хх-158-160/, гэрч Октябрын мэдүүлэг /1хх-27/, гэрч Нгийн /1хх-46/, гэрч Аын мэдүүлгүүд /1хх-46/, /2хх-165-168/, /2хх-211-212/,  /3хх 46-47/,  /8хх-25/  зэрэг  бусад  нотлох  баримтууд  болох  шинжээчийн  удаа дараагийн гаргасан дүгнэлтүүд эдгээр нотлох баримтуудаар 2012.08.10-11-нд шилжих шөнө шүүгдэгч Г нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд бусадтай нийлэн удаа дараалан согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар талийгаач Эрхэмбаяр нь архи өвөртөлж яваад 38 дугаар байрны ард А нарын хамт очиж архидан согтуурч, улмаар байшин торхны асуудлаар маргалдаж Г нь Эрхэмбаярын нүүрэн тус газар нь тоосгоор цохиж түүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд, мэдүүлгийг  газар  нь  дээр очиж  шалгасан  тэмдэглэлүүд,  фото  зургийн  үзүүлэлтүүд, бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум цөөхөн хүн амтай, бие биенийгээ бүгд таньж мэддэг. 2012.08.10-ны өдөр Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн ээж Мөнхөөгийн гэрт 10-ны өдөр 15 цагийн орчим очсон. Тэндээ байж байгаад гэрээс гарч яваад нэр бүхий хүмүүстэй архи ууж явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тухайн өдөр Гийг 10-11-ний шилжих шөнө гэрээс гараагүй гэдгийг түүний ээж Мөнхөө болон хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр мэдүүлдэг боловч бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогддоггүй. Түүгээр ч барахгүй энэ хүмүүст ямар ч хамааралгүй Улаанбаатар хотоос ирж эмчлүүлж байсан Чулуунбаатар мэдүүлэхдээ Гийг 10-ны өдрийн 16 цагийн үед эрүүл ирсэн, харин ч ээж нь загнаж байсан, ерөөсөө согтууруулах ундаа хэрэглээгүй байсан талаар мэдүүлдэг. Гэтэл энэ хүн тэр өдөр нилээн хэдэн хүнтэй нилээдгүй хэдэн шил архийг уугаад гэртээ ирсэн болох нь хөдөлбөргүй тогтоогддог. 15 цагаас ирээд маргааш өглөөний  07 цаг хүртэл гэртээ байсан уу гээд шалгахаар гэртээ байгаагүй болох нь бусад гэрч нарын мэдүүлгээр тухайлбал С.Ганбаатар, Н, А нарын анхнаасаа тогтвортой мэдүүлсэн мэдүүлгээр бусадтай архи согтууруулах ундаа хэрэглээд гадуур явж байсан болох нь тогтоогддог. Энэ гэмт хэргийг Г нь Эрхэмбаяртай байшин торхны асуудлаас болж маргалдсаны улмаас түүнийг цохиж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж, үүний улмаас хохирогч, талийгаач Эрхэмбаяр 3 сарын хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан. Энэ хэргийг гарахад цорын ганц хамт байж байсан байж болох хүмүүс нь С.Ганбаатар, А нар байдаг. А энэ болсон асуудлыг тогтвортой мэдүүлдэг. Бичиж өгсөн баримт нь шинжээчийн дүгнэлт гарч тогтоогддог. Уг үйл баримтыг А үзсэн, харсан. Аын хэлээд байгаа мэдүүлэг нь Нгийн мэдүүлгээр давхар нотлогдоно. Бор-Өндөр суманд хэдхэн ТҮЦ байдаг. Тэрэнд байнга үйлчлүүлдэг хэд байгаа. Нгийн мэдүүлэгт “би Гийг сайн мэднэ, сайн танина, 05 цагийн үед Атай хамт ТҮЦ-нд ирсэн нь хөдөлбөргүй үнэн, үүнийгээ гэрчилнэ” гэдгээ хуулийн өмнө үнэн шударгаар мэдүүлсэн байгаа. Ийм учраас 2012.08.10-аас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд шүүгдэгч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрхэмбаяртай маргалдан амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсны  улмаас Эрхэмбаярын амь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хавтаст хэрэгт шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон гэж үзэж байна. Уг асуудал дээр ямар байдлаар мөрдөн байцаалтанд А болсон явдлыг зөрүүтэй мэдүүлж, тэр мэдүүлэгт нь холбогдуулан Ад Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тэр асуудлаараа шүүхээр шийтгэл хүлээж Өршөөлийн тухай хуульд зааснаар өршөөгдсөн тул хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Энэ хэрэг дээр давхар нотолгоо нь яг гэмт хэрэг үйлдсэний маргааш Ганхөлөг /2хх-178-179/ гэдэг энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэрч мэдүүлэг өгч байгаа. Хэрэг болсоны маргааш Өын хамт Аын гэрт очиход Эрхэмбаяр эмнэлэгт ухаангүй байна яг юу болсон талаар хэлээд өг гэхэд яг энэ өдөр Г Эрхэмбаярыг зодсон талаар хэлдэг.

            2012.08.11-ний өглөө үүрээр А, Ганбаатар, Г нар нь Бор-Өндөр сумын байрнуудын дунд уулзалдсан, Ганбаатарын гэрт очсон, архи уугаад 08 цаг хүртэл хамт явсан болох нь гэрч С.Ганбаатар, И.Ганбаатар, Доржоо, Ренчинмядаг зэрэг эдгээр хүмүүсийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогддог. 38 дугаар байрны ард уг гэмт хэрэг болсон талаар гэрч мэдүүлдэг. Гэвч талийгаачийн анх байсан гэх газар нь хоорондоо тодорхой хэмжээний зайтай байдаг. Энэ талаар мөрдөн байцаалтын явцад бүх ажиллагааг хийж шалгаж тогтоосон. Энэ байдлаар ямар нэгэн байдлаар тэр хүнийг зөөвөрлөсөн, хүргэж тавьсан асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддоггүй. Хийвэл зохих ажиллагааг бүрэн хийж шалган тогтоосон байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийн шалгавал зохих ажиллагааг шалгаагүй, нэмж зайлшгүй шалгах ёстой гэсэн энэ талаар гаргаж байгаа гомдол тайлбарууд болон хохирогчийн шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хуулийн хэрэглээнд гаргасан гомдлууд үндэслэлгүй тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

           

Шүүгдэгч Л.Г нь 2012 оны 08 дугаар сарын 11-ний үүрээр буюу 05 цагийн орчимд Л.Этай хамт архи ууж байхдаа маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь хатуу мохоо зүйлээр цохиж тархинд нь хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар танхайн сэдэлтээр хүнийг алсан гэмт хэрэгт яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан хуулийг буцаан хэрэглэж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Учир нь хохирогч Л.Э-т гэмт хэргийн улмаас гавлын суурь ясны хугарал, тархины хүнд зэргийн няцрал, хамрын ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирч эмчилгээ хийгдэж байгаад 3 сарын дараа нас барсан нь хохирогчийн биед задлан шинжилгээ хийсэн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 33 тоот дүгнэлт /1-р хх 181-185/, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 120 тоот хохирогч Л.Эын биед учирсан гэмтлийн талаарх дүгнэлт /1-р хх 190-191/, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 175 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх 143-146/, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлт /6-р хх 178-180/, шинжээч Б.Ариунзул, Т.Амартүвшин, Л.Жаргалтогтох, Х.Ариунзаяа нарыг байцаасан тэмдэглэл, өвчтөний эмнэлэгт эмчилгээ хийгдэж байсан тухай баримтууд зэргээр тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн хохирогчид эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсны улмаас хохирогч нас барсан гэж дүгнэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэргийг зүйлчилж шүүгдэгч Л.Гийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Л.Г нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч анх олдсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед болон өмсч явсан хувцсанд нь үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосны гадна

 

талд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн биед задлан шинжилгээ хийсэн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 33 тоот дүгнэлт /1-р хх 181-185/, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 120 тоот хохирогч Л.Эын биед учирсан гэмтлийн талаарх дүгнэлт /1-р хх 190-191/,  2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 175 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх 143-146/, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлт /6-р хх 178-180/, шинжээч Б.Ариунзул /2-р хх 150-151/, Т.Амартүвшин /2-р хх 152-154/, Л.Жаргалтогтох /2-р хх 155-157/, Х.Ариунзаяа /3-р хх-71/ нарыг байцаасан тэмдэглэл, өвчтөний эмнэлэгт эмчилгээ хийгдэж байсан тухай баримт, эрчимт эмчилгээний хяналтын хуудас, гэрч Б.А, Н.Н нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 102-т эдийн засгийн төлөөлөгч П.Мөнхбаярын Б.Атай уулзаж ярилцсан 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлд  “ ... Би Цагдаагийн байгууллагад урьд нь олон мэдүүлэг өгсөн. Анхны мэдүүлэгтээ болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн, дараа нь түүнээсээ буцсан. Би 4 сар гаран гэртээ тайван унтахгүй айж сандраад гар хуруу чичрээд хэцүү байсан. Тэгээд би болсон явдлыг үнэнээр нь мэдүүлсэн нь дээр гэж бодоод мэдүүлэг өгөхөөр шийдсэн. 2012 оны 08 дугаар сарын 10-ны орой яг хэдэн цаг болж байгааг мэдээгүй, гадуур явж байгаад талийгаач Эрхэмбаяр, өндөр хочит Г, ногоон Ганбаа нартай таарсан юм, тэд нар 38 дугаар байрны хойд талын мухарт цементэн дээр сууцгааж архи уусан юм. Би архинаас нь уух гээд очиход намайг хөөгөөд байсан, би та нарын архинаас уухгүй гээд жаахан холдоод зогссон, би яваагүй юм. Тэгээд тэд нар архиа ууж байгаад Г Эрхэмээ хоёр байшингийн торхны талаар маргаад байсан. Тэгснээ Г чангаар танай эгч чинь шуналтай авгай, шулам гэх зэргээр Ө эгчийг талийгаач Эрхэмбаярт хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаж байтал Г тоосго аваад талийгаач Эрхэмээгийн толгой руу нь цохисон. Эрхэмээ арагшаа унасан. Тэгээд тэндээсээ ногоон Ганбаа ахынх руу явсан, Эрхэмээ хаашаа явсныг мэдээгүй. Бид нар хар Ганбаа ахынд очиж архи ууцгаасан. Би тэгээд та нар нэгнийгээ зодоод байхдаа яадаг юм бэ гэж хэлэхэд юу ч болоогүй ээ гээд байсан” гэж гэрч Б.Аын ярьсан нь тэмдэглэгдсэн ба энд тэмдэглэгдсэн хэргийн нөхцөл байдлын талаар 1 дүгээр хавтаст хэргийн 111,  2 дугаар хавтаст хэргийн 165-168, 211-216, 3 дугаар хавтаст хэргийн 36, 47, 4 дүгээр хавтаст хэргийн 64, 6 дугаар хавтаст хэргийн 239, 7 дугаар хавтаст хэргийн 35, 56, 8 дугаар хавтаст хэргийн 25-р хуудаснуудад тус тус өгсөн түүний гэрчээр болон сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд, түүнийг гэрч Н.Нтай нүүрэлдүүлэн байцаасан болон мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэлүүд зэрэгт гэрч Б.А батлан хэлсэн байдаг ба эдгээр мэдүүлгүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тогтвортой, зөрүүгүйгээр мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 зүйлд заасан шаардлагыг хангасан мэдүүлэг байна гэж үзлээ.

 

Харин түүний 1 дүгээр хавтаст хэргийн   109,  113, 115, 120, 121, 123-р хуудаснуудад гэрчээр өгсөн “ ... 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17-78 цагийн үед 38 дугаар байрны ар талд хар Ганбаа, өндөр Г, ногоон Эрхэмбаяр 3 архи ууж байсан, Эрхэмбаяр Гтэй байшингийн талаар маргаад байсан, намайг очсон Эрхэмээ хөөгөөд байхаар нь би яваад өгсөн, би эрүүл байсан гэсэн,  

 “ ... би өмнө өгсөн байцаалтад зарим зүйлийг худлаа мэдүүлсэн, яагаад гэвэл Эрхэмбаярын эгч Ө ингэж бич, ингэж хэл гэж зааж зааварладаг. Тэрнээс би Эрхэмбаярыг олддог тэр өдрөөс өмнө бол огт түүнтэй уулзалдаагүй, ... Г Эрхэмбаярыг тоосгоор цохисон гэх асуудал нь бол өмнө 7 дугаар сарын сүүл, 8 сарын эхэн үед тийм асуудал болсон, тэрийг л одоо яриулаад байгаа юм. ... цагдаа шалгаж эхлэх үед Ө намайг гэртээ байлгаж, хонуулж өнжүүлдэг болсон. Гэрээсээ гаргахгүй байгаа юм. Чи одоо энэ бүгдийг ярихгүй бол чамайг би Улаанбаатар хотын цагдаад өгнө гэх зэргээр сүрдлүүлж байгаа, намайг Гийг зодсон гэж мэдүүл гэдэг” гэсэн,  

 “ ... хамгийн сүүлд 7 дугаар сарын 28-нд миний төрсөн өдөр болсон, Эрхэмбаяр, Г, өндөр Цогоо, Батбаяр, Шүрээ эгчийн хөл муутай хүү 5-уулаа 37 дугаар байрны ар талд сүүдэрт сууж байхад ирсэн, ... хамт архи уусан, тэгэхэд таарсан.  ... Эрхэмбаярын эгч Ө нь намайг загнаж, дарамтлаад байхаар нь Г, Эрхэмбаяр хоёрыг зодолдсон гээд худлаа хэлсэн, Ө л тэгж хэлүүлэх гээд байхаар нь тэгж хэлсэн. .... хэрэг гардаг өдөр Эрхэмбаяртай таараагүй “ гэсэн,   

“ ... Г Эрхэмбаярыг зодсон гэх бичгийг Өлзийгийн дэвтрээс хуулж бичсэн, Г нь Эрхэмбаярыг зодсон асуудал байхгүй”  гэсэн,

“...  8 дугаар сарын 10-наас 11-нд Эрхэмбаяртай таарч уулзалдаагүй, Г Эрхэмбаярыг зодож байсан гэдгийг хараагүй. ... Гийг чи гэрчилнэ, чамайг хэлбэл 500.000 төгрөгөөр шагнана гээд намайг шахаж шаардаад, загнаж дарамтлаад байхаар нь аргаа ядсандаа Гийг зодсон, цохисон гээд хэлсэн” гэсэн мэдүүлгүүд,  гэрч Б.А, хохирогчийн төлөөлөгчөөр тогтоогдсон Ө нарыг 2 удаа нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэгт гэрч Б.А нь зориуд худал мэдүүлсэн гэдгээ 2 дугаар хавтаст хэргийн 102-т өгсөн уулзалтын тэмдэглэл, түүнээс хойш өгсөн мэдүүлгүүдэд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.

   

Мөн хэрэг болсон цаг хугацааг гэрч Б. А 2012 оны 8 дугаар сарын 10-ны 17-18 цаг,  2012 оны 07 дугаар сарын 28,  2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг,  2013 оны 08 дугаар сарын 10,  2012 оны 08 дугаар сарын 11-ний 05 цаг,  08 дугаар сарын 11-ний үүрээр гэх зэргээр 6 янзаар мэдүүлсэн байна.

Б.А хавтаст хэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчаар болон үзлэг, туршилт, нүүрэлдүүлэн байцаалтад оролцож нийт 16 удаа  мэдүүлэг өгсөн ба үүний сүүлийн 10 удаагийн мэдүүлэгтээ гэмт хэрэг 2012 оны 08 дугаар сарын 11-ний үүрээр  05 цагийн орчимд болсон гэдгийг тогтвортойгоор, зөрүүгүйгээр мэдүүлж байгаа нь гэрч Н.Нгийн “ ... 45 дугаар байрны хойно байдаг ТҮЦ-дээ 2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн үед байж байхад цонхон дээр А ирж тогшиж уулзаад нэг шил архи байна уу гэж асуусан, би байхгүй гэтэл баруун тийшээ яваад өгөхөөр нь араас нь би бие засахаар гартал манай ТҮЦ-ийн  ар талд өндөр Г ганцаараа зогсож байснаа Аынхаа араас яваад өгсөн”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46, 3 дугаар хх-ийн 169/,  гэрч Б.Ариунтуяа, гэрч Н.Н нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /7-р хх-ийн 35/-д заасан мэдүүлгүүдээр давхар батлагдан нотлогдож байх тул анхан шатны шүүх гэмт хэргийг 2012 оны 08-р сарын 11-ны 05 цагийн орчимд болсон гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг болон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үнэлэх журмыг зөрчөөгүй болно.

               Шүүгдэгч Л.Гийг өглөөний 05 цагийн үед ээж Б.Мөнхөөгийнд унтаж байсан нь ээж Б.Мөнхөө,  тэднийд хоносон Ж.Чулуунбаатар нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна  гэж  шүүгдэгч  болон  түүний  өмгөөлөгч нар  мэтгэлцэж  байгаа  боловч  эдгээр мэдүүлгүүд нь гэрч Б.А, Н.Н, энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар байцаагдаж байсан С.Ганбаатар, гэрч И.Ганбаатар, Д.Доржоо нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.

               Мөн Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас гаргаж өгсөн тодорхойлолтоор Бор-Өндөр суманд 2012 оны 08 дугаар сарын 10-11-ний байдлаар цаг агаар үүлэрхэг, сул хүчтэй аадар бороотой сэрүүхэн байсан /7 дугаар хх-ийн 65-66/ ба эмнэлэгийн анхны үзлэг хийсэн их эмч М.Ганхуягийн “ ... 2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 40 минутын үед эмнэлэг дээр ирэхэд жижүүр эмч гэмтэлтэй хүн ирсэн

гэж хэлсэн. Түүний дагуу уг хүнийг үзэхэд ухаангүй,  бүх бие нь даарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг зэргээр гэмт хэрэг мөн цаг хугацаанд болсон байх боломжтойг нотолж байгаа юм.

               Энэ хэрэгт гэрч мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн, гэмт хэргийг нуун далдалсан гэсэн үндэслэлүүдээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1, 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар яллагдагчаар татагдсан С.Ганбаатар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгөөгүй ч тухайн өдрийн 04 цагийн орчимд И.Ганбаатар, Б.А нарын хамт Цагдаагийн хэлтэс дээр очиж байсан, 06 цагийн орчимд шүүгдэгч Л.Гтэй уулзаж хамт явж байснаа мэдүүлдэг, уг мэдүүлгүүд нь цагдаагийн ажилтан Д.Мөнх-Эрдэнэ /1 дүгээр хх-ийн 74/ болон гэрч Б.А, И.Ганбаатар, Д.Доржоо нарын мэдүүлгүүдээр давхар батлагдан тогтоогдож байгаа ба яллагдагч С.Ганбаатар нь хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдээгүй үед өвчний улмаас нас барсан учир Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум дундын Прокурорын газар түүнд холбогдох хэргийг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосон тул түүнд холбогдох хэргийн хувьд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлгүй болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

               Хэрэгт анхан шатны шүүхээс 4 удаа нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцааж, ажиллагаанууд хийгдсэн /3 дугаар хх-ийн 218, 5 дугаар хх-ийн 136, 6 дугаар хх-ийн 153, 7 дугаар хх-ийн 268/,  мөн хохирогч Л.Өыг гэрч Б.Ааар хэрэгт худал мэдүүлэг өгүүлсэн үндэслэлээр түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар сэжигтэн, яллагдагчаар шалгасан боловч нотлогдсонгүй гэсэн үндэслэлээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурор 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 11 тоот Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.

              

               Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж гэрч И.Ганбаатар, хэсгийн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нарыг дахин байцааж, хэрэгт нэмэлт ажиллагаа явуулснаар шинэ нөхцөл байдал бий болох үндэслэл  нь тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан гэж үзэв.

               Шүүгдэгч Л.Гэ-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүнд биш Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг зөрчөөгүй байна.

               Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний болон оршуулгын зардал, хохирлыг анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нь бүрэн шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн, зарим хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн байх тул хохирогчийн хохирлоо нөхөн төлүүлэх эрх зөрчигдөөгүй.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийг талуудын гаргасан хүсэлт, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэхээр шийдвэр гаргах ба энэ тохиолдолд хохирогч Л.Өын өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас шүүх хуралдаанд гэрч Б.А, Н.Н нарыг оролцуулах хүсэлт гаргасан, түүнийг хэлэлцүүлэх зорилгоор урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2017/ШЗ/188 тоот шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

               Хохирогч Л.Ө-ын зүгээс хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг бүрэн хангуулахыг хүсч давж заалдсан гомдол гаргасан боловч хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдлоосоо давж заалдах шатны шүүх хуралдааны үед татгалзсан болно.

               Иймд эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, Б.Энхтүвшин нараас гаргасан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах,  хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаалгах, хохирогч Л.Өаас хохирлыг бүрэн хангуулах тухай тус тус гомдлууд нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.              

               Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2017/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, Б.Энхтүвшин нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Г нь 61 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                  Т.БЯМБАЖАВ

                                                                                                      А.САЙНТӨГС