Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 5973

 

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05973

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ...регистртэй, Г ургийн овогт Д.О,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, ..дугаар байрны .. тоотод оршин суух, ...регистртэй, Ц ургийн овогт Ц. М нарын  

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, ...дугаар байрны ...тоотод бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын ...дугаар багийн Өнөр-...дүгээр байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Б...н ургийн овогт Д овогтой Г-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, Ц.М, хэлмэрч П.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б /ШТҮД:0448/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.О би сонсголын бэрхшээлтэй 2001 онд Д.Г танилцан дотносож хамтран амьдарч, гэр бүл болох зорилготойгоор хамтын амьдралаа эхлүүлсэн. Энэ хугацаанд бидний том хүү Тэнгис 2008 оны 6 дугаар сарын 14-нд төрсөн бөгөөд одоо нийслэлийн 54 дүгээр сургуульд суралцаж байна. Бидний удаах хүү Төгөлдөр 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд одоо нийслэлийн ...дугаар цэцэрлэгт хүмүүжиж, энэ жил сургуульд орно. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, сонсголын бэрхшээлтэй тул улсаас тэтгэвэр авч түүгээрээ амьдардаг, уг мөнгө маань 2 хүү болон өөрийгөө тэжээхэд хүрэлцэхгүй байсан тул бага хүү Төгөлдөрийг өөрийн ээж Ц.М-т 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үрчлүүлсэн. Үүнээс хойш миний бага хүү Төгөлдөрийг миний ээж өсгөж байгаа. Цаашид миний ээж нас өндөр болж бидэнд туслалцаа дэмжлэг үзүүлэхэд хүндрэлтэй байгаа тул О.Т, М.Т нарын төрсөн эцэг болох Д.Г-с хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтэй байна.

Намайг оёдлын үйлдвэрт ажиллаж байхад Д.Г тэнд ажилладаг байсан. Д.Г над руу хандардаг байсан ч би тухайн үед юу ч бодоогүй, за нэг ийм хүн байна даа л гэж бодсон. Гэтэл дараа нь манай гэрт ирсэн. Би түүнд гэрээ зааж өгөөгүй байхад манай найз нараас гэрийн хаяг асууж байгаад ирсэн байсан. Түүнээс биш би Д.Г-йг гэртээ уриагүй. “Яах гэж ирсэн юм бэ?” гэсэн чинь “зүгээр” гээд зогсоод байсан. Намайг түүнд “чи эхнэртэй, хүүхэдтэй биз дээ” гэхэд “би эхнэр хүүхэдтэй, гэхдээ салчихсан. Тэр надтай амьдарч чадахгүй гээд намайг хөөсөн учир би салчихсан” гэж надад хэлсэн. Түүнээс хойш намайг хөөсөн ч тэр дандаа манайд ирдэг байсан. Хоёр хүүхдүүд маань Д.Г-ийн хүүхдүүд гэдгийг тэр өөрөө мэдэж байгаа. Би Д.Г-т өөрт нь “би чамаас өөр эрэгтэй хүнтэй унтаагүй. Энэ хоёр чиний хүүхэд” гэж хэлсэн. Ингэж хэлээд байхад яагаад ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Д.Г хүүхдээ үнсэж, эрхлүүлж, бэлэг өгдөг байсан. Мөнгө олохын тулд зуны цагаар машин угаалгын газар ажилладаг байсан. Хөдөө ажиллахаар яваад ирээгүй. Цаанаа өөр хүнтэй юмуу гэж хэлэхээр уурладаг байсан. Хүүхдүүдээ төрөх хүртэл хамт амьдарч байгаагүй. Иймд хоёр хүүхдээ тэдний эцэг Д.Г-ээр хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэхийг хүсч байна гэв.

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.О нь миний төрсөн охин бөгөөд хоёр хүүхдээ группынхээ мөнгөөр тэжээдэг тул би охиноо бодоод бага хүүхдийг нь өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан байгаа. Би одоо 60 настай болсон учир хүүхдийг буцаагаад ээжийнх нь нэр дээр бүртгүүлэх бодолтой байгаа. Өөрийн нэр дээр авсан хүүдээ эцэг Д.Г-с нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоё гэж өргөдөл өгсөн. Хүүхэд төрснийг мэдээгүй гэж хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Тэрэн шиг худал зүйл байхгүй. Д.Г тухайн үед гэр бүлтэй байсан учир би охиндоо “энэ хүн чинь гэр бүлтэй юм байна, чи хүний гэр бүл үймүүлээд яахав, энэ хүүхэд чинь төрснөөрөө байж байг” гэж хэлсэн. Гэтэл Д.Г дахин ирээд ганц хоноод л хүүхэдтэй болчихсон. Охин маань өөр хүнтэй харьцдаггүй, буудал зэргээр явдаггүй. Д.Г-г шүүх хурал болсны маргааш Д.О-г рүү “би найзуудтайгаа архи ууж байна. Би шүүх хурал болсныг мэдээгүй” гэж мессеж бичсэн байсан. Хариуцагчийн төлөөлөгч намайг хүүхдийнхээ төлөө тэмцдэггүй, хүүхдээ хайхрамжгүй хаяснаас болж хүүхэд нь буудлаар явж жирэмсэн боллоо гэж ярьж байна. Миний охин тийм хүн биш. Би яагаад өдий хүртэл дуугүй явсан бэ гэхээр Д.Г авгай хүүхэдтэй юм байна, гэр бүлийг нь үймүүлээд яахав, Д.О нэг хүүхэд гаргасан боловч хүүхэд нь ээж дээрээ байж л байг гэж бодож байтал Д.Г манайд дахин дахин ирсээр байгаад хоёр дахь хүүхэд нь гарсан. Юмыг үнэн зөв ярих хэрэгтэй. Би өдий наслачихаад улаан цайм хүнийг гүтгэхгүй гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээрээс хоёр хүүхдийн эцэг хариуцагч Д.Г мөн эсэхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр хоёр хүүхдийн хоёулангийнх нь эцэг байх магадлал 99,99 хувьтай гарч, эцэг нь мөн гэж тогтоогдсон. Тэгэхээр Гэр бүлийн тухай хуулийн 26, 28, 38 дугаар зүйлүүдэд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хүү О.Т, М.Т нарын төрсөн эцэг Д.Ганбилэг гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь орлогын эх үүсвэр байхгүй, группын тэтгэвэр авч байгаа гэж хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар энэ тухай нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Ийм нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Г нь миний төрсөн дүү байгаа юм. Д.Г мөн хөгжлийн бэрхшээлтэй, 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, тахир дутуу хүн байгаа юм. Нэхэмжлэгч Д.О тайлбар хэлэхдээ 2011 онд танилцсан гэж андуурч хэлсэн байх. Хүүхдүүдийн талаар Д.Г эгчийн хувьд би анх удаа сонсч байна. Түүний хувьд ч бас анх удаа сонсч байна гэж байгаа. Д.Г ярихдаа 2015 оны намар нэхэмжлэгч Д.О 2 хүүхдээ дагуулж ирээд уулзахдаа “энэ чиний хүүхдүүд” гэхээр гайхаад хүүхдүүдэд чихэр авч өгөөд, ярьж байгаад явуулсан гэдэг. Нөгөө нэхэмжлэгч Ц.М гуай өдий насалсан, эрүүл саруул эх хүн, тахир дутуу хүнийг хоёрын хоёр хүүхдийн асуудлыг яагаад өнөөдөр гаргаж ирж байгаа юм бэ? Огт ярихгүй явж байгаад одоо гэнэт гарч ирж байгааг нь мөнгө авах зорилготой, хүүхдүүдээр түрий барьж мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Эх хүн өөрийнх нь хүүхэд хүүхэд төрүүлж байхад хэний хүүхэд вэ, эцэг нь хэн бэ, аав ээж нь хаана байдаг гэдгийг асууж сураглах байтал өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хаяг байршлыг олоод биччихсэн байна. Өдий насны хүнд байх ёсгүй үйлдэл гэж бодож байна. Тэгээд ч эх хүн үр хүүхдээ хаана, юу хийж яваа, хоногоор алга болж байгааг нь мэдэж байх ёстой шүү дээ. Д.Г-йн ярьж байгаагаар бол Д.О-тэй 2000 онд оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа танилцсан. Нэг ч өдөр хамт амьдарч үзээгүй, хамтран амьдрах талаар огт ярьж байгаагүй, өөрөө л надад сайн гээд бид хэд хэдэн удаа буудалд хонож байсан гэдэг. Хүүхдээ зөв хүмүүжүүлээгүй, хоёрын хоёр хүүхэд гаргачихсан байдаг. Хүүхэд нь хүмүүжилгүй учир ийм байдалд хүрч гэж харж байна. Д.Г эхнэр хүүхэдтэй байсан. 2007 онд эхнэр хүүхдээсээ салсан. Хавтаст хэрэгт гэрлэлт цуцласан шүүхийн шийдвэрийг өгсөн байгаа. Тухайн үед Д.О-тэй гадуур буудалд хоноод, гэртээ очихгүй, архи ууж явснаас болоод гэр бүл нь салах дээрээ тулсан байна гэж харагдаж байгаа. Д.Г үүнийг хэлж ойлгуулахад их хэцүү. Багаас нь тахир дутуу, сонсголгүй гээд эрхлүүлээд өсгөчихсөн, арга эвээр ойлголцдог. Аливаа зүйлийг бүрэн ойлгуулахад хүндрэлтэй, зарим Монгол үгийн утгыг мэддэггүй. Зурагтаар кино гарахаар бид дэргэд нь үргэлж тайлбарлаж хэлж байдаг. Байж бай, дараа хэлье гэхээр уурлаж бухимддаг. Ер нь бүрэн хэмжээгээр юм ойлгохгүй болохоор түүндээ их бухимдалтай байдаг. Нийгэмд хэлж ярьж чаддаг, эрүүл саруул, эрдэм боловсролтой хүмүүс хөлөө олохгүй явж байхад хэлгүй, дүлий, тахир дутуу хүмүүсийн хувьд үнэхээр хэцүү байдаг байх гээд би дүүгээ өрөвддөг. Нэхэмжлэгчийн хувьд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хэцүү байдаг байх. Эмч нарын буруугаас болж миний дүү 4 настай байхдаа хэлгүй, дүлий болсон. Ямар нэгэн орлого, эд хөрөнгө гэж байхгүй. Группын мөнгөнөөс өөр орлогогүй. Тахир дутуу хүмүүс ямар хэмжээний орлоготой, яаж амьдардаг болохыг нэхэмжлэгч, эрүүл саруул ухаантай Ц.М гэж хүн мэдэж байгаа байх. Түүний хувьд зээ хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл гаргаад явсан бол бид нартай арай өөр байдлаар харьцах байсан байх гэж бодож байна. Хүүхдүүдийг бага байхад нь бид нарт хэлж болно шүү дээ. Гэтэл ямар ч сэтгэл байхгүй. Зөвхөн өнөөдөр хүүхдүүдээр түрий барьж мөнгө нэхэмжилж байна. Арай өөр байдлаар харьцсан бол бид нар ойлголцох байсан. Д.Г-ийн хүүхдүүд гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. Манай дүү Д.О-тэй хамт амьдарч байгаагүй. Хэрэв хамт амьдарч байсан бол хүүхдүүдийнхээ тухай мэдэх ёстой. Гэнэт адилхан сонсголын бэрхшээлтэй байж яагаад тэтгэлэг тогтоолгохыг хүсч байгааг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн чадваргүй, орлогогүй хүнээс тэтгэлэг гаргуулах хуулийн заалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тэтгэлэг гаргуулах боломжгүй. Д.Г нь 100 хувь хөдөлмөрийн чадваргүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч тал өөрт олдохгүй байгаа баримтыг шүүхийн журмаар гаргуулах эрх байдаг ч энэ эрхээ эдлээгүй. Хөдөлмөрийн чадвар алдалт 100 байхаар тогтоосон комиссын акт бүхий баримт хэргийн материалд байгаа. Бид үүнээс илүүгээр нотлож чадахгүй. 100 хувь алдсан учир сунгагдаад л явж байдаг юм. Банкнаас зээл авсан байгаа учир тэтгэврийн дэвтэр банкинд барьцаалагдсан байдаг. Тэтгэвэрт 200,000 төгрөг авдаг. Шүүх шийдвэрээ гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах л байлгүй. Гэвч төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулахаас хориглосон заалтууд байдаг. Тэдгээр заалтуудад тахир дутуугийн тэтгэврийн мөнгө хамаардаг учир төлбөр гаргах боломжгүй болох байх. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О, Ц.М нар нь хариуцагч Г-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Д.Г нар нь 2001 онд оёдлын үйлдвэрт хамтран ажилладаг байх үедээ танилцаж, түүнээс хойш хамтран амьдралгүйгээр дотно харилцаанд орсон, улмаар тэдний дундаас 2008 оны 6 дугаар сарын 14-ний өдөр О.Т, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.Т нар төрсөн бөгөөд бага хүү О.Т-ийг 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ц.М үрчлэн авсан болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 4, 5/

Хүүхдүүд төрсөн цагаасаа эх Д.О, түүний эх Ц.М нарын асрамжинд эрүүл өсч бойжин амьдарч байгаа болох нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, “Аминжаргалан” ӨЭМТөвийн тодорхойлолт, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн  ..дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 7-8/

Хүү О.Т, М.Т нарыг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээн дээр эцгийн талаарх мэдээлэл бичигдээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Д.Г тэдний эцэг мөн болохыг захиргааны журмаар тогтоогоогүй гэж үзнэ.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу эцэг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Д.Г-ийг хүү О.Т, М.Т нарын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай гэж дүгнэсэн байх тул түүнийг О.Т, М.Т нарын эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх 53/

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар  гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглох бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Г-ийг хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан учир, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тахир дутуугийн тэтгэврээс төлбөр гаргуулахыг хориглодог учир тэтгэлэг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч Д.Г нь хөгжлийн бэрхшээлтэйн улмаас группт байдаг бөгөөд хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан болох нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар бүхий баримтаар тогтоогдсон байна. /хх 25/

Гэвч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсанаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийн хэмжээг багасгах боломжтой юм.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Г-ийн нэгэн адилаар хөгжлийн бэрхшээлтэйн улмаас группт байдаг, “хэлгүй, дүлий” оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь баримтаар тогтоогдсон, хариуцагчийн зүгээс тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй учир тэтгэлэг төлөх боломжгүй гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн шүүхэд гаргаж буй тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хэдийгээр хариуцагч Д.Г нь хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан болох нь баримтаар нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт “...тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан ... бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно” гэж заасныг үндэслэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2008 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Т, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 25 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн 50 хувиар тус тус тогтоож, эцэг Д.Г-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2008 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Т, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 25 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Г-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос түүнд буцаан олгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Д.О, Д.Г нарын хэн нэг нь нөгөөдөө хүү О.Т, М.Т нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

            4.Зохигч шийдвэрийг гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА