Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч У, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч С.Одгариг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас У, Л.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905039131084 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1... оны .... дугаар сарын ...-нд .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....-д сурч байгаа оюутан гэх, ам бүл 7; эцэг, эх, дүү нарын хамт .... дүүргийн .... дугаар хороо, ... дугаар гудамж, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, .... дугаарын регистртэй, Б.овогт Г-ийн У

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1  оны .. дугаар сарын .-нд У хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .. аймагт замын ажилтан хийж байсан гэх, ам бүл 5; эгч, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо,     дугаар гудамж,    тоотод оршин суух,

ял шийтгэл:    дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн     оны   дугаар сарын ...-ны өдрийн    дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ...... төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/937 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

УХ97081052 дугаарын регистртэй, Б  овогт Л ийн Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч У цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “худалдаж авна” хэмээн бусдыг хуурч 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Виктория” центрийн орчим насанд хүрээгүй хүүхэд болох Ж.Ферхадын 198.000 төгрөгийн үнэ бүхий Samsung S 6 edge загварын rap утсыг,

2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их орд” дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хүүхэд болох А.Энхтөгөлдөрийн 385.600 төгрөгийн үнэ бүхий Huwai Ү 6 prime загварын гар утсыг,

2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Үрэл хотхон”, “Их орд” дэлгүүрийн орчим Г.Сүхбат, Б.Оюундалай нарын 185.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J 6 загварын гар утсыг,

2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үрэл” хотхоны орчим насанд хүрээгүй хүүхэд болох С.Золбаярын 360.000 төгрөгийн үнэ бүхий Samsung s 7 загварын rap утсыг,

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Үрэл” хотхоны орчим иргэн О.Гүндалайн 180.000 төгрөгийн үнэ бүхий Samsung S 7 загварын гар утсыг,

2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Их орд” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хүүхэд болох Ц.Алтаншагайн 218.000 төгрөгийн үнэ бүхий Samsung S 6 edge загварын rap утсыг,

2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дашчойлон хийдийн ойролцоо иргэн Д.Мягмардоржийн эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Samsung S 7 загварын гар утсыг тус тус шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэгт,

 

шүүгдэгч У, Л.Э нар бүлэглэж 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө үүрээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Цогтбаатарын Huawei Ү-7 загварын гар утсыг,

мөн бүлэглэж 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Бямбатөрийн 200.000 төгрөгийн үнэ бүхий LG-Q 6 загварын гар утас, бэлэн 17.000 төгрөг, 80.000 төгрөг бүхий карттай түрийвчийг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан “дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй. Залилах гэмт хэргийн хохирлоос Ферхардын хохирлыг төлж амжаагүй байгаа. Төлөх болно. Хохирогч Энхтөгөлдөрт 280.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн баримтыг нь одоо өгье. Хохирогч Гүндалайгийн хохирлыг төлчихсөн. Гэхдээ би баримтыг нь олохгүй байгаа юм гэв.

 

Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Гэвч би өөрийгөө дээрэм хийсэн гэж бодохгүй байна. Яагаад гэхлээр хохирогч Бямбатөр Ууганбаяр бид хоёртой нийлж архи уусан. Тэгээд тасраад ирэхээр нь эд зүйлийг нь авчихсан юм гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У, Л.Э нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч  “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэсэн гэж тэдгээрт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Уыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллажээ.

 

Дээрх гэмт хэргүүд үйлдэгдсэн нь дараах нотлох баримтуудаар, үүнд “дээрэмдэх” гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ширчингийн Цогтбаатарын мэдүүлсэн “… 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 05 цагийн үед “Их морьтон” клубээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч явж байхад үл таних 2 залуу миний Хуавэй Ю-7 /Huawei Ү-7/ маркийн rap утсыг шүүрч зугтсан. Би ардаас нь гүйсэн боловч гүйцээгүй. Би шүүрүүлсэн гар утсаа 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 669.000 төгрөгөөр Мобикомоос лизингээр худалдаж авсан юм. Би гар утсаа олж авмаар, хохирлоо барагдуулмаар байна” гэсэн /1 хх-н 74-75/,

иргэний нэхэмжлэгч Энхбаатарын Оргилын мэдүүлсэн “... 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо,    8-12 тоотод байрлах “Төгөлдөр финанс” ломбарданд ажиллаж байтал гаднаас нэг залуу орж ирснээ “Хуавэй Ю-7 маркийн гар утас хэдэд авах вэ” гэж асуусан. Уг гар утсыг шалгаж үзээд 220.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу иргэний цахим үнэмлэхний хуулбар үзүүлж шалгуулаад 14 хоногийн хугацаатай гар утсаа барьцаалан тавьсан. Би тухайн үед бэлэн мөнгөгүй байсан болохоор гар утаснаас 5083027021 дугаартай дансанд 220.000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Тэгээд өчигдөр Цагдаагийн байгууллагаас асуухаар нь гар утас нь байгаа гэдгийг хэлсэн. Манай ломбарданд Гантөмөр овогтой Ууганбаяр /РД: УД98100634/ гэх хүний нэрээр ганцаараа орж ирээд ломбарданд тавьсан. “Төгөлдөр финанс” ломбардны зээлийн №231 дугаартай хуудсаар уг гар утсыг барьцаанд тавьсан” гэсэн /1 хх-н 77-78/,

хохирогч Чулуунхүүгийн Бямбатөрийн мэдүүлсэн “... 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө 03 цагийн үед Өргөөгийн урд талын автобусны буудал дээрээс такси барих гээд зогсож байтал үл таних 2 залуу надаас тамхи гуйхаар нь би өгч, бид гурав цуг тамхилсан. Архи авах гэсэн чинь мөнгө байдаггүй гээд надаас мөнгө гуйгаад байхаар нь Таац дэлгүүрээс 30.000 төгрөгөөр архи авч өгсөн. Дараа нь ХААН банкны АТМ-ээс 30.000 төгрөг авч түрийвчиндээ хийсэн.

Тэгээд бид гурав Модны 2-н тэнд сааданд очоод гурвуулаа архиа хувааж уусан. Гэтэл нэг залуу нь миний утсаар дуу сонсоод өгөхгүй байсан. Би биеэ хянах чадваргүй болсныг үл таних хоёр залуу мэдээд миний LG-Q6 маркийн утас, халаасанд байсан түрийвчийг булаан авч зугтсан. Тэгсэн чинь миний түрийвчинд байсан ХААН банкны картнаас 06 цаг 50 минутанд 80.000 төгрөг авсан байна лээ” гэсэн /1 хх-н 14-15/ мэдүүлгүүдээр,

 

шүүгдэгч Уын үйлдсэн “залилах” гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч Жантемирийн Ферхадын мэдүүлсэн “... би өөрийн Samsung S 6 edge загварын rap утсаа худалдан борлуулахаар өөрийн фэйсбүүк хаяг болох Ферхад Митриз гэх хаяган дээр 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр зар тавьсан. Тэнгис кино театрын ар талын фото студийн урд талд очсон. Намайг тэнд очиход дунд зэргийн нуруутай онигор нүдтэй шар царайтай ах тамхи татаад ганцаараа зогсож байсан. Миний гар утсыг хараад хоёулаа ийшээ явья, студиэсээ мөнгө гаргаж өгье гээд миний rap утсыг халаасандаа хийсэн. Тэр ахтай хамт явж байхад хоёр ах таарсан. Нэг ах нь надтай цуг явж байсан ахыг өрөө өгөөч чиний цалин чинь буугаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд таарсан хоёр ахын нэг нь намайг ТҮЦ рүү яваад тамхи аваад ир гэхээр нь би явахгүй гэхэд надтай цуг явж байсан ах нэг ахтай нь хамт тамхинд яваад ирье гээд цааш явсан. Нөгөө ахтай нь хамт үлдээд байж байтал нөгөө 2 ах ирэхгүй нөгөө ах чи эрт хэлээд утсаа авахгүй, одоо чиний утсыг өгөхгүй дээ гээд хамт тэр хавиар нилээд хайсан” гэсэн /1 хх-н 220-221/,

насанд хүрээгүй хохирогч А.Энхтөгөлдөрийн мэдүүлсэн “... 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр фэйсбүүк дээрээ гар утсаа зарна гэсэн зар тавьсан. Тэгтэл Батбаяр Даваадорж гэх хаягаас гар утсыг авъя хөгжим бүжгийн коллежийн урд хүрээд ир гэхээр нь би найз Л.Билгүүний хамт очиход 20 орчим насны залуу байсан. Энэ гар утсыг би ахдаа авч өгөх гэж байгаа юмаа, 350.000 төгрөг гээд хэлчихсэн шүү, мөнгөө авчихаад 30.000 төгрөг надад өгчихөөрэй, “Их орд” хүнсний дэлгүүрийг манай ах түрээслэдэг юм гээд дагуулаад явсан. Явж байхад хоёр хүн ирээд уг залуутай юм ярьж байгаад “чи дээр яагаад алга болсон бэ, одоо хоёр ахдаа дэлгүүрээсээ ороод ахаасаа аргалаад 2 шил архи аваад ир гэсэн. Тэгсэн чинь нөгөө хүн би дэлгүүр рүү ороод гар утсыг чинь ахдаа үзүүлээд мөнгийг чинь аваад гараад ирье гэсэн. Гэтэл нөгөө хоёр залуу нь архи мартав аа, жижиг юм авахгүй шүү гээд хэлтэл за гээд дэлгүүр рүү орсон. Тэгээд бид 4 үлдээд 10 орчим минут болсны дараа ахын хоёр дүү очоод ундаа, аяга аваарай гэж хэлээд Их орд руу явуулсан. Би байрны булан эргээд буцаад хартал нөгөө хоёр хүн гүйгээд алга болчихсон байсан.

2018 оны Huwai Ү 6 prime rap утас байсан. Би 2019 оны 2 дугаар сард 499.000 төгрөгөөр Мобикомын төвөөс худалдаж авсан юм” гэсэн /2 хх-н 10-12/,

насанд хүрээгүй хохирогч  Батхуягийн Оюундалайн мэдүүлсэн “... манай ангийн хүүхэд Тэмүүлэн гар утсаа 250.000 төгрөгөөр үл таних хүнд зарахаар болсон бөгөөд гар утсыг нь манай ангийн хүүхэд Г.Сүхбат аваад бид хоёр хамтдаа гар утас авах хүнтэй уулзахаар Хөгжим бүжиг рүү 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн үед явсан. Хөгжим бүжгийн урд талд очоод улаан өнгийн хантааз өмссөн 20-22 орчим настай, туранхай биетэй, хар өнгийн өмд, гарнет 2 загварын пүүз өмссөн хүнтэй уулзсан. Энэ хүн нь гар утсыг үзчихээд би ахаасаа мөнгө авч өгнө, манай ах дэлгүүр ажиллуулдаг дэлгүүр рүү явцгаая гэж хэлээд бид хоёртой хамт СБД-н 8 дугаар хороо, 1 дүгээр байр руу явсан. Тэгээд байрны хажуу талын хүүхдийн цэцэрлэгийн урд талд ирэхэд ногоон алаг десант куртик, өвдөг нь уранхай бараан өнгийн өмдтэй, хар өнгийн малгайтай цамц, цагаан өнгийн саравчтай малгай өмссөн, цэвэрхэн царайтай 20-23 орчим настай эрэгтэй хүнтэй тааралдаад бид нартай юм ярьж эхэлсэн. Нөгөө улаан өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүнийг “чи дэлгүүр рүүгээ ороод архи аваад” гэж уурлах үед нөгөө эрэгтэй хүн нь яваад өгсөн. Бид хоёр үлдээд байж байхад наадах чинь архи авчирахгүй юм шиг байна, та хоёр араас нь дэлгүүр рүү яваад ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр рүү ороход байхгүй байхаар нь буцаад 1 дүгээр байрны урд талд ирэхэд нөгөө ах бас байхгүй болчихсон байсан” гэсэн /2 хх-н 40-41/,

насанд хүрээгүй хохирогч Ганпүрэвийн Сүхбатын мэдүүлсэн “... нөгөө сүүлд таарсан эрэгтэй хүн нь нөгөө улаан өнгийн хувцас өмссөн эрэгтэйг “чи дэлгүүр рүүгээ ороод архи аваад ир” гэж уурлах үед нөгөө эрэгтэй хүн нь миний зарах гэж байсан утсыг аваад явсан. Тэгээд нөгөө эрэгтэй хүн бид хоёр руу хутга гаргаж ирээд надтай үзэх үү гэж айлган сүрдүүлж байгаад та хоёр тэр ахынхаа араас яваад ир, алга болчихлоо гэж хэлэхээр нь бид хоёр айгаад дэлгүүр рүү явсан бөгөөд дэлгүүрт ороход ямар ч хүн байхгүй байсан. Буцаад 1 дүгээр байрны урд ирэхэд нөгөө хутга гаргасан эрэгтэй хүн байхгүй болчихсон байсан. Манай ангийн хүүхэд Тэмүүлэн нь Оюундалай бид хоёроос утсаа асуугаад байгаа. Утсыг нь олж Тэмүүлэнд өгмөөр байна” гэсэн /2хх-н 42-43/,

насанд хүрээгүй хохирогч Содномдаржаагийн Золбаярын мэдүүлсэн “... би 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаас Самсунг эс 7 маркийн гар утсыг зарна гэж зар байршуулсан. Үл таних хаягнаас чат бичиж миний гар утасны дугаарыг авч над руу залгаад Хөгжим бүжиг дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би маргааш ахтайгаа хамт яваад очих уу гэхэд тэр хүн маргааш хөдөө явах гээд байна, одоо хүрээд ир гэж хэлсэн. Би Хөгжим бүжгийн коллеж дээр ганцаараа яваад очиход нэг ах ирээд Үрэл хотхоны хойд талд байрлах цэцэрлэгийн дэргэд очоод нэг дэлгүүр заагаад энэ манай дэлгүүр, би ороод ирье гээд би гадаа нь хүлээгээд зогсож байхад тэр ах гарч ирэхгүй болохоор нь араас нь орж худалдагчаас асуухад тийм хүн байхгүй гэж хэлсэн” гэсэн /2 хх-н 70-71/,

хохирогч Оюундалайн Гүндалайн мэдүүлсэн “... би 2019 оны 5 дугаар сарын 10-нд өөрийн фэйсбүүк дээр гар утсаа зарна гэж зар тавьсан чинь нэг хүн авъя, Хөгжим бүжгийн коллеж дээр хүрээд ир гэхээр нь гар утсаа аваад очсон. Би хүлээгээд байж байхад 20 орчим насны нэг эрэгтэй хүүхэд ирээд гар утсыг чинь үзье гэж хэлээд надтай цуг Үрэл хотхон руу явсан. Бид хоёр Үрэл хотхоны гадаа очоод тэр хүүхэд утсыг чинь дахиад сайн үзье гэж хэлээд намайг утсаа өгөөд үзүүлж байтал миний гар утсыг аваад зугтаагаад гүйгээд явчихсан. Би гүйж чаддаггүй болохоор араас нь гүйж чадаагүй” гэсэн /2 хх-н 201-202/,

насанд хүрээгүй хохирогч Цэрэнбямбын Алтаншагайн мэдүүлсэн “... 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 18:30 цагийн орчимд Хөгжим бүжгийн коллежийн урд автобусны буудал дээр гэртээ харихаар зогсож байтал нэг улаан цамцтай, хар хантаазтай ах ирээд “ахдаа утсаа өгөөч, нэг ярьчхаад өгье” гэхээр нь “нэгжгүй” гэж хэлтэл “ах нь тэгвэл нэгж хийчихье” гээд халааснаасаа нэгжний нарийн цаас гаргаж ирээд кодыг нь хийгээд байх шиг байсан. Тэгээд утсаар залгаад би энэ Хөгжим бүжгийн энд байна, танайх хаана билээ гээд нэг хүнтэй яриад заалгаад Хөгжим бүжгийн коллежийн хажуугаар алхаад Хятад элчин сайдын яамны хажуугаар гараад байрны дундуур гараад, 2 дугаар сургуулийн хажуугаар гараад баруун хойт талд нь байрладаг байран дунд “Их орд” нэртэй супер маркетийн гадаа очиход цаанаас нь 2 ах гараад ирсэн. Нөгөө хоёр ах “тамхи байна уу” гэж тэд нар хоорондоо тамхилаад нөгөө ахаас гарч ирсэн хоёр хүн намайг асуухад “манай хамаатны хүүхэд” гэж хэлсэн. Тэгээд гарч ирсэн ах надтай хамт очсон ахад чи ахдаа ороод уух юм зохицуулаадах гэхээр нь дургүйцсэн чинь хараал хэлээд оруулсан. Би гарч ирсэн 2 хүний хамт хүлээж байсан чинь нэг нь намайг чи араас нь дэлгүүр рүү ороод тамхи ав гээд хэлчих гэхээр нь араас нь ороход алга байсан. Тэгээд гарч ирээд нөгөө 2 ах дээр очоод асуух гэтэл байхгүй болчихсон байсан. Тэр хавиар цагдаагийн хэлтэс байна уу гэж хайж байгаад, гэртээ хариад дуудлага өгч эгчтэйгээ хамт ирсэн” гэсэн /1 хх-н 163-164/,

насанд хүрээгүй хохирогч Дэлгэрмаагийн Мягмардоржийн мэдүүлсэн “... би өөрийн фэйсбүүк хаягаас Самсунг эс 7 маркийн гар утсаа 185.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан. Зарын дагуу Даваадорж гэх нэртэй гадаад хүний зурагтай фэйсбүүк хаягаас утсыг чинь үзмээр байна, монгол 3 дугаар сургууль дээр аваад ир гэсэн. Би тэгээд хэлсэн ёсоор нь 3 дугаар сургууль дээр очиход нэг үл таних дугаараас над руу залгаж замын эсрэг талд байгаа ХААН банкин дээр хүрээд ир гэсэн. Би өөрийн найз Дөлгөөнтэй хамт тус банкин дээр очиход 5 орчим минутын дараа үл таних ах ирсэн. Тэгээд тэр ах утсыг чинь хүнд өгч явуулах гэж байгаа юм, хамт доошоо явья, дэлгүүрээс мөнгө авна гэж хэлсэн. Бид 3 засмал зам дагаад урд зүг рүү алхаж байтал том биетэй бүдүүн ах ирсэн. Тэр ах бид хоёртой явж байсан туранхай ахыг таниад байсан. Бид дөрөв Дашчойлин хийдийн ойролцоо нэг байрны гадаа ирсэн. Тэгээд анх уулзсан туранхай ах миний утсыг үзэж байгаад бүдүүн ахад хандан “архи аваад ир“ гэж хэлээд картаа өгсөн. Тэр бүдүүн ах байрны булан эргээд явсан. Тэр ах хэсэг хүлээж байгаад “явуулсан хүн яачих ваа, та хоёр хараад ир” гэж хэлсэн. Бид хоёр тэр ахын хэлснээр хамгийн ойр байх дэлгүүр рүү явсан. Тэгээд Анар дэлгүүр рүү ороход нөгөө бүдүүн ах байхгүй, цааш Дашчойлон хийдийн зүүн талд байх дэлгүүр рүү орж үзэхэд мөн адил байхгүй, эргээд нөгөө ахын байгаа газар ирэхэд хүн байхгүй байсан. Над руу залгасан дугаар руу залгахад ТҮЦ-ний дугаар байсан” гэсэн /2 хх-н 131-132/,

насанд хүрээгүй гэрч Түвдсүрэнгийн Намнансүрэнгийн мэдүүлсэн “... 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хичээлээ тараад гэр рүүгээ харихаар явж байсан. Тэгтэл Дарь-Эхийн автобусны буудлын ойролцоо явж байхад зүс таних Ууганбаяр ах хоёр хүүхэд дагуулсан явж байсан. Тэгээд Ууганбаяр ахтай мэнд мэдээд аар саар зүйл яриад дагаад алхсан. Ууганбаяр нь нэг хийд өнгөрөөд байрны буланд очоод нөгөө хоёр хүүхдийн нэгнээс нь нэг гар утас аваад үзээд байсан ба худалдаж авах гэж байгаа бололтой үнийг нь асууж байсан. Тэгээд намайг архи аваад ир гэж хэлээд ХААН банкны картаа өгөөд нууц дугаарыг нь хэлсэн. Би тэр байрны Анар дэлгүүр рүү орж худалдагчаас нь карт уншдаг уу гэхэд үгүй гэсэн. Би дэлгүүр рүү ороод нэг шил Эден архи аваад касс дээр бичүүлтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Би тэр дэлгүүрээс гараад буцаад нөгөө гурав дээр байрны буланд очиход тэр хэд байхгүй байсан. ТҮЦ орж найз Санчир руу залгаж Ууганбаярын дугаарыг аваад залгахад би СУИС-н Лол компьютер тоглоомын газар байна гэхээр нь тоглоомын газар очиж картыг нь өгөөд явах гэтэл нөгөө Ууганбаяртай хамт явж байсан хүүхдийн нэг нь аавтайгаа цагдаа дагуулаад хүрээд ирсэн” гэсэн /2 хх-н 134-135/

мэдүүлгүүд, нэр бүхий насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийн мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох “Залилах” гэмт хэргийн хохирлын үнэлгээг:

Huawei Ү-7 маркийн rap утас 669.000 төгрөг /1 хх-н 94-98/, LG-Q6 маркийн гар утас 200.000 төгрөг, элгэн хар түрүүвч 20.000 төгрөг /1 хх-н 24-28/, Samsung S 6 edge маркийн rap утас 198.000 төгрөг /1 хх-н 226-229/, Huwai Ү 6 prime маркийн гap утас 385.600 төгрөг /2 хх-н 13-15/, Samsung J 5 маркийн rap утас 184.000 төгрөг /2 хх-н 49-51/, Samsung s 7 edge маркийн гap утас 360.000 төгрөг /2 хх-н 75-78/, Samsung S 7 маркийн гар утас 180.000 төгрөг /2 хх-н 106-107/, Samsung S 6 edge маркийн гар утас 218.000 төгрөг /1 хх-н 108-184/, Samsung S 7 маркийн гар утас 150.000 төгрөг /2 хх-н 141-143/ гэж гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлээр “Гэмт хэрэгт хамтран оролцох”-ыг тодорхойлсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгээс үзвэл зарим “залилах” гэмт хэргийг шүүгдэгч У ганцаараа үйлдээгүй, бусадтай хамтарч үйлдсэн байж болзошгүй гэхээр үйл баримтууд тусгагджээ.

 

Гэвч шүүх шүүгдэгч Уын үйлдсэн “залилах” гэмт хэрэгтэй холбоотой хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч У, Л.Э нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзсан болно.

Тухайлбал, шүүгдэгч У нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатай үйлдсэн,

шүүгдэгч Л.Э нь “дээрэмдэх” гэмт хэргийг шүүгдэгч Утай бүлэглэж үйлдэхээс өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, “дээрэмдэх” гэмт хэргийг шүүгдэгч Утай бүлэглэж үйлдсэний дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дахин ял шийтгүүлж байжээ.

 

Шүүгдэгч У, Л.Э нарын бүлэглэж үйлдсэн 2 удаагийн “дээрэмдэх” гэмт хэрэг нь гэмт хэргийн үргэлжилсэн шинжийг агуулж байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг мөн баримтлав.

 

Иймд шүүгдэгч У, Л.Э нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх”  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Уыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Л.Э бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Уын үйлдсэн “залилах” гэмт хэргээс нийт 383.600 төгрөгийн төлбөр үүнд: насанд хүрээгүй хохирогч Ж.Ферхардын 198.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Энхтөгөлдөрийн хохирлоос 5.600 төгрөг, хохирогч О.Гүндалайн 180.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байна.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч У нь “... хохирогч О.Гүндалайн хохирлыг төлчихсөн” гэж мэдүүлэх боловч хохирол төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч У, Л.Э нар цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүх хуралдааны явцад нэр бүхий шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй гэснээс гадна тэдгээрийн өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэм буруугийн талаар мөн маргахгүй, харин “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг хэрэглэхийг шүүхээс хүссэнийг хангаж шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

  1. Боржигон овогт Г.Ухуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Г.У, Боржигон овогт Л.Э нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх”  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Уыг 6 /зургаа/ сар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Уыг 6 /зургаа/ сар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Эг 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. У, Л.Э нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. У, Л.Э нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өөрчлөн, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уаас нийт 383.600 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч нар болох Ж.Ферхардад 198.000 төгрөг, А.Энхтөгөлдөрт 5600 төгрөг, хохирогч О.Гүндалайд 180.000 төгрөг тус тус олгосугай.

 

            8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У, Л.Э нарыг “цагдан хорьсон”-г хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ