Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Б.Г

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......................... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ...-нд ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... гэх, ам бүл 2; ....хамт .... дүүргийн .. дугаар хороо, ...  гудамжны ... тоотод оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, ... овогт . Б.Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Г 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Гандантэгчилэн” хийд дотор хохирогч Э.Сийн эзэмшлийн “Самсунг Эс-9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хохирлыг төлөх болно гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э.С “... би эхнэр Ягийн хамт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Гандантэгчилэн хийдэд ном уншуулах зорилгоор явж байсан. Бид хоёр Жанрайсаг бурхны тэр хавиар зураг авхуулчихаад нар зөв тойрчихоод ном бичүүлэхээр ном бичдэг өрөөнд нь ортол халаасанд байсан гар утас маань алдагдсан байсан. Хамгийн сүүлд Жанрайсаг бурхны хажууд зургаа даруулчихаад гар утсаа өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийсэн байсан. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Скай гар утас худалдааны төвөөс “Самсунг Эс-9” маркийн гар утсыг шинээр нь хайрцаг сав, дагалдах хэрэгсэлтэй нь 1.950.000 төгрөгөөр худалдан авсан ” /хх-н 16-17/ гэж,

гэрч Г-н Я “... 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим өөрийн нөхөр Э.Сийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчилэн хийд дээр цуг явж байгаад Жанрайсаг бурханд орж мөргөөд бүтэн тойрчихоод гарч яваад тэндээсээ хүмүүсийн айлтгал бичүүлдэг газар ороод мөнгө, ном бичүүлсэн баримтаа хураалгахаар дараалалд зогсож байтал нөхрийн гар утас нь байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 89005157 дугаарын утсаар залгахад холбогдох боломжгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан” /хх-н 22-23/ гэж,

яллагдагч Б.Г “... би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийд дээр өөрийн найз Ганзоригтой уулзахаар очсон боловч уулзаж чадаагүй. Тэгээд Гандангийн төв Жанрайсаг бурхан байдаг хэсэг рүү ороод дэмий байж байтал үл таних надаас ах хүний халааснаас гар утас нь цухуйгаад байхаар нь тэрийг нь аваад Тэди төв дээр үл таних эмэгтэй хүнд 80.000 төгрөгөөр зараад мөнгөө ууж идээд дуусгасан” /хх-н 39-40/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл /хх-н 5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 9-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 26-28/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-н 25/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээгээр Samsung S9 /64gb/ загварын гар утсыг 750.000 төгрөг гэж үнэлсэн байх ба үнэлгээний зардалд 5.000 төгрөг тушаасан байна. Хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Гоос нийт 755.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Сид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г хэдийгээр хохирлыг төлж барагдуулаагүй боловч анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.С гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Э овогт Б.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Б.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 755.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Сид олгосугай.

5. Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.С гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Год урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ