Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Б.Жаргал

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ..-нд ..... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..; ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, .... гудамж, .... тоотод оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, М.. овогт Б Ц

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ц Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/395 дугаартай тушаалаар .... мөрдөгчөөр, ... цолтойгоор ажиллаж байхдаа тус дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хэлтсийн байранд эрүүгийн .. дугаартай хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хохирогч М.Мас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин мэдүүлэг авахдаа түүнийг нэг хүн зодсон мэтээр мэдүүлгийг өөрчилсөн, хохирогч М.М-ыг бүлэглэн зодсон бичлэгийг  .. дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” пабаас хуулж авсан атлаа бичлэгийг устгасан, хохирогч М.Мгар утсан дээрээ хуулж авсан түүнийг бүлэглэн зодсон бичлэгийг зориуд устгасан, гэрч Г.Уоос дахин авсан мэдүүлгийг хэрэгт хавсаргалгүй устгасан, гэрч Г.Мас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг болон түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоох зорилгоор шинжээч эмч томилсон тогтоол, уг тогтоолын дагуу гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13312 дугаартай дүгнэлтийг устгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар надад маргах зүйлгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч А Б “... 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө манай пабад үйлчлүүлж байсан хэсэг бүлэг залуус текний утсаар ярьж сууж байсан дүү М, М, Б нарыг бүлэглэн зодсон байсан. Энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагт мэдсэн. Ажил дээрээ ирэхэд манай үеэл болох М, Бат-Эрдэнэ нар байсан бөгөөд ресепшнээр ажилладаг юм. Тэр хоёр тухайн зодоон болоход цагдаа дуудаж асуудлыг урьд орой нь шийдвэрлүүлсэн байсан. Тэгээд би шууд Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиход манай дүү болох М, М, Б нар мэдүүлэг өгөөд дууссан гадаа хүлээгээд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад мөрдөгч мэдүүлэг авсан, эргээд холбогдъё гэж хэлсэн гэсэн. Мөн шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн байсан. Тэгээд дүү Мтай ярилцахад зодуулсан, толгой руугаа шилээр цохиулсан байсан болохоор би эмнэлэг явуулсан. Мөн Б, М нар хамт зодуулсан болохоор хамт эмнэлэг яв гэж гурвууланг нь явуулсан. Тэгээд би өөрийн ажиллуулдаг С хотел нэртэй буудал дээрээ ирж камерын бичлэгээ шүүж үзсэн. Манай паб-д 3 хяналтын камер байдаг бөгөөд би тэрийг шүүж үзэхэд 8 залуу 3 дүүг маань нийлж зодож байсан. Бичлэг дээр зодоон эхлүүлсэн өндөр, таргандуу эмэгтэй манай дүү Мг текэн дээр сууж байхад нь шууд нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж уг зодооныг эхлүүлж байгаа нь камерт бичигдсэн байсан. Тэгээд даамжирч зодооныг салгаж байсан Б, М, М нарыг тэд нар бүгд нийлж зодсон. Хэсэг салцгаагаад буцаад суудалдаа суухад өндөр, хар юүдэнтэй цамцтай, хар саравчтай малгайтай, үүргэвчтэй залуу текэн дээр сууж байсан манай дүү Мг шууд очоод нүүрэн тус газар нь цохьсон. Манай дүү М, М нарыг салгах гэтэл тэр залуу бусадтайгаа нийлээд зодсон. Тэгээд зодож байх явцдаа биеэсээ хутга гаргаж байгаа нь Камерийн бичлэгт байсан. Хамт явж байсан найз нь боль гээд хутгыг далд хийлгэж байсан. Тэгээд хутгаа далд хийгээд манай дүү Б, М, М нарыг ариун цэврийн өрөө рүү чирж орж байсан. Ариун цэврийн өрөөнөөс манай дүү Б, М, М нар нь гүйж гарч ирсэн бөгөөд тэдгээр хүмүүс ширээн дээр байсан пивоны шилээ шидэж байгаа нь харагдсан. Тэгээд арын хаалга руу манай дүү нарыг чирч камергүй хэсэг рүү чирж байсан. Тухайн зодоон болсон бичлэгийг манай дүү М утсан дээрээ бичээд ир гэж мөрдөгч хэлсэн. Тухайн болсон зодооны бичлэгийг нэг бүрчлэн бичиж дүүдээ өгч явуулсан. Тэгсэн чинь Ц гэх мөрдөгч бичлэгийг устга гэж хэлээд 3 бичлэгээс гол бичлэгийг нь харж байгаад устгуулсан гэж дүү ярьж байсан” /хх-н 11-13/ гэж,

гэрч М М “... өдрийг нь тодорхой санахгүй байна, мөрдөгч Ц манай ахын паб дээр очиж тухайн үеийн бичлэгийг флаш дээр хуулж авсан гэсэн. Надаас 3 удаа мэдүүлэг авсан. Эхний 2 удаа Ц мөрдөгч надаас мэдүүлэг авахдаа болсон асуудлын талаар асуусан. Дараагийн удаа мэдүүлэг авахдаа мөрдөгч надаас чамайг олуулаа биш энэ эмэгтэй зодсон юм биш үү гэж асуусан. Тэгэхээр нь би бүгдээрээ зодсон тухай болсон явдлыг бичсэн камерийн бичлэгийг нь өөрийнхөө гар утсан дээр хуулсан байгаа гээд бичлэгийг үзүүлсэн. Тэгсэн чинь ийм бичлэг хамаагүй хүний утсан дээр байж болохгүй устга гээд устгуулсан.

Мөрдөгч Ц надаас 3 удаа мэдүүлэг авсан. Эхний 2 мэдүүлэг дээр би үнэн зөвөөр болсон асуудлын талаар ярьж өгсөн. Сүүлд өгсөн мэдүүлгийн хувьд мөрдөгч Ц эрх, үүрэг тайлбарлаж өгсөн болон өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх үү гэж асуусан. Өөр асуулт асуугаагүй байж, миний яриагүй зүйлийг бичсэн байна лээ. Би сүүлд нь Баянгол дүүргийн прокурор Билгүүнжинтэй уулзаад мэдсэн. Сүүлд мөрдөгч Ц надаас мэдүүлэг авахдаа мэдүүлгийг надад уншуулахгүй шууд гарын үсэг зуруулсан юм. Тэр үед надаас чамайг зөвхөн эмэгтэй зодсон юм биш үү гэхээр нь би үгүй ээ бүгдээрээ зодсон миний гар утсан дээр бичлэг нь байгаа гээд бичлэгийг үзүүлсэн чинь шууд хамаагүй бичлэг хүний утсан дээр байж болохгүй яг одоо устга гээд устгуулсан” /хх-н 137-138/ гэж,

гэрч Г М “... 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө Б ахын дүү М пабад ирсэн. Б бид хоёр дээр зочид буудалд өрөөндөө байж байгаад 00 цаг өнгөрөөгөөд пабад орсон. Бид хоёрыг пабад орж ирэхэд Мхажууд жижиг биетэй залуу хамт сууж байсан. Тэгээд би нэг пиво аваад сууж байсан. Тухайн үед М хромон гуталтай байсан бөгөөд нөгөө залуу нь залуу хүн байж ийм гутал өмслөө гээд доромжилсон юм шиг байсан. Тэр хоёр тэнд жоохон маргалдаж байгаад намжсан байсан. Пабад тухайн үед пабыг түрээслэн ажиллуулдаг Бгийн найзууд ирсэн байсан. М нөгөө жижиг биетэй залуутай маргалдаад байж байхад бүдүүн биетэй эмэгтэй хүрч ирээд Мг шууд нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгтэл Б ирээд тэр эмэгтэйг цааш нь авч яваад ширээнд нь суулгасан. Тэр эмэгтэй ширээндээ сууж байхдаа чи миний найзаар оролдоод байгаарай. Жижигхэн гээд дээрлэхээд байгаа юм уу гээд байсан. М танай найзыг дээрлэхсэн зүйл байхгүй өөрөөс нь асуу гэж байсан. Гэтэл нөгөө жижиг биетэй залуу чи эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм уу гээд М руу дайрсан чинь тэнд байсан 7-8 залуу босож ирээд бүгдээрээ бид гурав руу дайрсан. Тэгж дайрч байхдаа намайг хэн нь мэдэгдэхгүй 2-3 удаа нүүр, нуруу руу цохиод авсан. Тэгээд хоорондоо салцгаасан. Тэнд байсан Бгийн найзуудаас тухайн үед нэг залуу ширээн дээр сууж байсан бөгөөд бид нар хоорондоо салаад байж байхад чи муу яах гээд байгаа юм бэ? гээд нөгөө залуу хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь бид гурав хойшоо болоод арын хаалганы үүдэн хэсэгт очсон. Тэнд очоод байж байхад тэр залуучууд ирээд бид гурвыг дахиад зодсон. Тэгэхээр би салгаад жоохон юмнаас болоод маргаан боллоо гэж хэлсэн. Тэгээд нөгөө хутга гаргаж ирсэн залууг би тонгорч унагасан. Тэгтэл дээрээс хэн нь мэдэгдэхгүй цохиод байсан. Тэгээд салсан чинь Б пивоны шил хагалж барьсан. Тэгэхдээ хүн цохьсон зүйл байхгүй. Тэгтэл нөгөө бүдүүн хүүхэн дахиад Мг нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Удаагүй цагдаа ирээд пабаас гарч явсан залуучуудын араас машинтай нь яваад 2 залуу, нөгөө бүдүүн хүүхнийг барьж авсан. Тэгтэл цагдаа нар нь нөгөө хоёр залууг нь машиндаа суулгаад байж байтал нөгөө бүдүүн хүүхэн цагдаа нарын хажууд Мг мөргөсөн. Цагдаа нар нөгөө эмэгтэйг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэгэхдээ нөгөө цагдаа Мг чиний хамар сонин болсон байна. Яаралтай гэмтэл очиж үзүүлчихээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл өгөөрэй гэж хэлчихээд яваад өгсөн. Тэр оройдоо М бид хоёр хамт гэмтлийн эмнэлэг явж үзүүлчихээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл өгсөн.

Тухайн үед мөрдөгч Ц эхлээд Мас мэдүүлэг аваад дараа нь надаас болсон хэргийн талаар болон биед учирсан гэмтэл байгаа эсэх, гомдол санал байгаа эсэх талаар асуугаад хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан. Тэр үед нь би болсон асуудлын талаар яриад зодуулсан, биед гэмтэл учирсан талаараа хэлсэн. Надаас мэдүүлэг авч дуусаад тэгвэл өнөөдөр явж шүүх эмнэлэгт үзүүлнэ гээд бичиг хийж өгсөн. М бид хоёр шүүх эмнэлэг орж үзүүлсэн. Миний өгсөн мэдүүлэг яагаад хэрэгт байхгүй байгааг би мэдэхгүй байна” /хх-н 148-149/ гэж,

гэрч Мын М “... би өдөр найз Уын хамт “С” пабад орсон. Тэр пабыг Б ажиллуулдаг юм. Тухайн С пабад ороход Ш, З, Б нар сууж байсан. Бид хоёр хамт суугаад нэг нэг пиво уусан. Тэгээд байж байгаад З явсан. Удаагүй Бгийн ах Дашка ирээд У бид нар тусдаа суусан. Тэгээд байж байтал зодоон болсон. Юунаас болж зодоон эхэлсэнийг мэдэхгүй. Сүүлд сонсож байхад Уыг Ш өмөөрөөд тэр бааранд байсан хүмүүстэй муудалцсан. Гадаа явж байхад цагдаа ирээд У, Ш бид нарыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тухайн үед хамт явж байсан танихгүй залуу цагдаагаас зугтаачихсан юм.

Хэрэг болсны маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэг удаа мэдүүлэг өгсөн. Дараа нь шинжээчийн дүгнэлттэй танилцаж байсан. Нийт 2 удаа мэдүүлэг өгсөн. Эхний удаагийн мэдүүлэг өгөхдөө эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь мэдүүлэг өгсөн. Нилээн хэд хоногийн дараа дахиж мэдүүлэг авсан. Би хоёр удаа мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан” /хх-н 153-154/ гэж,

            гэрч Гйн У “... М бид хоёрыг гадуур явж байхад манай найз Бгийн ажил дээр Ш, З хоёр дуудсан. Бид хоёр ирээд хамт нэг ширээнд суугаад нэг, нэг пиво ууж байхад гаднаас Дашка ах орж ирээд бид нартай хамт суусан. Тэр үед бид нартай хамт сууж байсан З гээд охин түрүүлээд явсан. Дараа нь хохирогч гэх Мөнхбагана орж ирээд текэн дээр пиво уугаад сууж байсан. Өмнө бид хоёр бие биенийгээ зүс мэддэг байсан юм. Бид хоёрыг юм яриад сууж байхад Ш, Мөнхбаганыг намайг дээрэлхээд байна гээд буруу ойлгоод манай найзыг жижиг биетэй гээд дээрлэхгүй шүү гээд нөгөө залуутай барилцаад авсан. Мөнхбаганын дүү гээд хоёр залуу бас байсан. Тэгтэл Штэй гадаа танилцсан гээд хар малгайтай, том биетэй залуу хохирогч Мөнхбаганын дүүг хавсараад унагасан. Тэр үед нь зууралдсан байсан хүмүүсийг дундуур нь зөндөө орж салгасан. Зодооныг салгаад С пабын гадаа паб дотор байсан ихэнх хүмүүс зогсож байсан чинь цагдаа ирээд тэд байсан хүмүүс зугтаад Ш, М бид гурав цагдаад баригдаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хоносон.

Би хоёр удаа мэдүүлэг өгөхдөө эхний удаа эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь мэдүүлэг өгсөн. Нилээн хэд хоногийн дараа дахиж мэдүүлэг авсан. Би хоёр удаа мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан” /хх-н 155-156/ гэж,

гэрч С Б “... манай “С” пабад нэг тусдаа өрөө, зааландаа 4 хүний 6 ширээ, 2 хүний 2 ширээтэй юм. Тэр өдөр намайг пабдаа байж байхад манай байрны дүү Баяраа ирсэн. Тэгэхээр би өөрийн найз Бадам-Очирыг текэн дээр зогсоогоод өөрөө дүү Баяраагийн хамт VIP өрөөнд орсон. Өмнө нь Ш, З хоёр ирээд сууж байсан. Дараа нь М, У хоёр ирсэн. Тэрний дараа Дашка ах ганцаараа ирсэн. Тухайн үед надад тэр пабыг түрээслэж байсан А.Бы дүү гээд 3 залуу ирсэн байсан. Нэг мэдэхэд Бы 3 дүүтэй Ш, бас нэг өндөр залуу нар хоорондоо муудалцсан. Тэгэхэд нь би гарч ирээд тэр хэдийг салгасан. Тэгээд бөөн юм болоод цагдаа ирээд цагдаад М, У Ш нар баригдаж эрүүлжүүлэхэд хоносон. Би пабаа ажиллуулаад үлдсэн. Шийн таньдаг гэх нэг өндөр, халзан залуу цагдаа нараас зугтаасан гэсэн. Тухайн өдөр би үдээс хойш 16-17 цагийн орчим очиж байцаалт өгсөн. Намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс гараад ирэхэд ямар ч байсан харанхуй болсон байсан. Үдээс өмнө очиж мэдүүлэг өгч байгаагүй. Надаас 30 орчим минут хэртэй байцаалт авсан” /хх-н 157-158/ гэж,

гэрч Чойжилрэнцэнгийн Ш “... З бид хоёр Бгийн бааранд ороод сууж байгаад Уыг дуудсан. Удалгүй З яваад өгсөн. Тэгээд нэг өрөөнд байж байгаад өрөөнөөсөө гарч пабад гарч суусан. Тэгээд гадаа гараад нэг залуутай танилцаад дөнгөж орж ирээд сууж байсан. Тэгтэл У гэж манай найзыг нэг өндөр залуу тулаад зогсон орилоод юм яриад байсан. Тэгэхээр би очоод чи манай найзыг намхан гээд дээрэлхээд байгаа юм уу гэхэд тэр залуу намайг түлхээд намайг цохихоор нь би цохиод авсан. Тэгтэл У намайг татаад бид хоёр муудалцаагүй гээд салаад гадаа гараад зогсож байхад цагдаа ирээд У, М бид гурвыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээс авчираад, эрүүлжүүлэх байранд хоносон. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Ц зөндөө дуудсан, 2 удаа мэдүүлэг өгсөн” /хх-н 159-160/ гэж тус тус мэдүүлжээ.

 

“Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг хамааруулсан байдаг.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц нотлох баримтыг зохиомлоор бий болгох, агуулгыг нь гуйвуулан гажуудуулж өөрчлөх, хуурамчаар бүрдүүлэх, устгах зэргийг ойлгох бөгөөд эсхүл хэргийн бүрдүүлбэр болгож хэрэгт хавсаргаж тусгаснаар төгсгөл болно.

 

Харин энэ хуулийн зүйл хэсгээс үзвэл 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх болон түүнийг хууль сахиулагчид гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бол 2 дахь хэсэгт тийм эрхтэй оролцогч болох хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг, энэ тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “... Ц нь хууль сахиулагч биш мөрдөгч, ... Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн субьектийг “хууль сахиулагч” гэж тодорхойлон заасан болохоос биш “мөрдөгч” гэж тодорхойлоогүй, ... Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлд л “мөрдөгч”-ийг тодорхойлон нэрлэж гэмт хэргийн субьект болохоор хуульд тусгасан” гэсэн тайлбараар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй.

Учир нь, “мөрдөгч” нь хууль сахиулагч мөн болохыг Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтыг тайлбарласан байна.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Цийг “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Цд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үүнд “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх сөрөг үр дагавартайг, шүүгдэгч Б.Цийн хувийн байдал, үүнд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. М овогт Б Цийг “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ц шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

4. Ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх шүүгдэгч Б.Цд авсан албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Цд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ