Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-нд ..... аймаг .... суманд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, ам бүл ...; ... хамт ... аймаг, .... сумын .... дугаар багт хаягийн бүртгэлтэй, одоо ... дүүргийн ... дүгээр хороо, ... хотхон ... дүгээр байр, ... тоотод оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, П. овогт Б. Ж

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны . дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Лын нүүр тус газар цохиж эрүүл мэндэд нь баруун хацарны нум ясны хугарал, баруун нүдний ухархайн доод, дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн тохойд цус хуралт, баруун хөмсөгт шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хүн зодсон гэм буруудаа гэмшиж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар ойлгосон. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн .............. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х Л “… 2020 оны 3 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед төрсөн эгч Оийн гэрт очсон. Гэр нь Баянгол дүүргийн -р хороо .......... тоот байр байгаа юм. Ороход манай эгч О, хүргэн ах О, 3 хүүхэд нь байсан. Би хэсэг сууж байгаад 1 лааз пиво байснаас бага зэрэг уусан. Ингээд эгчийн гэрээс 00 цаг өнгөрч байхад гараад гэр рүүгээ алхаж явсан. Баянгол дүүргийн ... дугаар хороо төв рүү явдаг автобусны буудлын урд талын Арктай байрны хажуугаар явж байтал өөдөөс ирж байсан 1 эрэгтэй, 1 эмэгтэй хоёрын эрэгтэй нь гэнэт намайг барьж аваад нүүр хэсэгт гараараа олон удаа цохисон. Би ч бас зөрүүлээд барьж аваад зууралдсан. Ингээд намайг тонгойх үед тэр залуу гараараа баруун нүдний хэсэгт цохисон. Тэр үед баруун нүд гал манараад л явчих шиг болсон. Ингээд нүүр хэсгээс цус гараад би нүүрээ дараад суусан. Намайг цохиж байхад хамт явсан хүүхэн нь хараад зогсож байсан. Энэ үед эмэгтэй нь эрэгтэйгээ дагуулаад .. дугаар байрны урд талын замаар зугтаахаар нь араас нь хөөсөн. Гэнэт алга болчихоор нь хайгаад явж байтал хогийн функерний хажууд сууж байсан. Ингээд би цагдаад дуудлага өгчихөөд ганцаараа явж очоод яахаараа чи цохидог юм бэ цагдаа дээр очьё гэсэн. Намайг цохисон залуу ахаа уучлаарай би хүн андуураад цохисон байна гэсэн. Мөн би байгаа мөнгөө өгье гэж хэлсэн. Цагдаа ирэхийг хүлээгээд ирэхгүй байхаар нь заль гаргаад гэрийг нь мэдэж авах гээд тэр залууд хандан танай гэр чинь ойрхон бол ороод цусаа угаачих уу гэсэн чинь тэгье гэсэн. Тэр хоёрыг дагаад гэрт нь очсон. Гэр нь Цоглог хотхоны 201 дүгээр байрны дэлгүүртэй орцны 8 давхарт лифтний өөдөөс харсан хаалгатай 104 гэсэн дугаартай байр руу орсон. Ороход 2 согтуу залуу байсан. Намайг цохисон залуу ч гэсэн согтуу байсан. Би 00 орж цусаа угаачихаад гараад иртэл тэнд байсан 2 согтуу залуу эвлэрэх үү, эмчилгээний мөнгийг чинь өгье гэхээр нь би дахиад зодуулчих байх гээд гэрээс нь гарч 10 дугаар хорооллын цагдаагийн хэсэг рүү очсон” /хх-н 16-17/ гэж,

гэрч Э ы Г “... би 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн  -р хороо, одоо шинэ хороо байгуулагдаад  -р хороо болсон байх   г хотхоны    -р байрны    тоотод гэртэй ирсэн. Манай гэрт үеэл дүү Ж, үеэл дүү Б, Бийн найз нь гэх 1 эрэгтэй байсан. Бид нар 1 том савтай пиво хувааж уусан. Дахиад 0.75 литрийн 1 шил архи, 2 том савтай пиво аваад ууцгаасан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад амарцгаахаар болсон бөгөөд Ж эгчийнх рүүгээ явна гэсэн. Согтуу машин барьж болохгүй гэж хэлсэн чинь явна гээд гутал хувцасаа өмсөөд гарсан. Би араас нь гараад битгий яв гэтэл хүч хүрэхгүй байсан. Ж лифтэнд суухаар нь дагаад суусан. Ингээд байрны гадаа гараад ...-р байрны хажуугаар явж байтал өөдөөс нэг залуу ирж байсан. Тэгтэл Ж тэр залуугийн нүүр хэсэгт маш хүчтэй цохисон. Би хажуунаас нь явж очоод салгаад холдуулсан. Яагаад тэр залууг юунаас болж цохисон болохыг мэдэхгүй байна. Миний бодлоор архиныхаа халуунд цохисон байх гэж бодож байна. Тэгтэл нүүрэндээ цохиулсан залуу цагдаад өгнө цагдаагийн хэлтэс орьё гэсэн. Би тэр ахаас гуйсаар байгаад болиулсан. Ж тэр ахад хандан ахаа би андуураад таныг зодчихлоо гээд байсан. Тэр үед Ж намайг Бийг дуудаад ир гэхээр нь би гэр рүүгээ явж орсон. Удалгүй араас Ж нөгөө ахыг дагуулаад ороод ирсэн. Надад хэлэхдээ цусыг нь угаалгах гэсэн юм гэж байсан” /хх-н 10-11/ гэж,

яллагдагч Б Ж “...2020 оны 3 дугаар сарын 26-ны өглөө үеэл эгч Гийн гэрт очсон. Гэр нь эзэнгүй байсан бөгөөд надад гэрийнх нь түлхүүр байдаг юм. Гэрт нь байж байтал манай найз Х ирсэн. Би Хтай хамт 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байтал хөдөөнөөс манай үеэл дүү Б найзыгаа дагуулаад орж ирсэн. Бид 4 нийлээд 1 шил 0.75 литрийн архи уусан. Б, түүний найз нар бараг уугаагүй бөгөөд Х бид 2 ихэнхийг нь уусан. Х 18 цагийн үед харьлаа гээд яваад өгсөн. 19 цаг өнгөрч байхад гаднаас үеэл эгч Г орж ирсэн. Эгчид хамт уух санал тавьтал тэгье гэсэн. Бид нар нийлээд 2.5 литрийн савтай 1 пиво уусан. Дахиад дэлгүүр гарч 2 шил архи пиво авч ууцгаасан. Би нилээд согтсон байсан. Шөнийн 01 цаг хүртэл ууж сууцгаасан. Архи, пиво пиво дуусаад амрах гээд байж байтал найз Хын эхнэр нь утсаар залгаад Хыг одоо болтол ирээгүй байна гэхээр нь гарч хайх санаатай гарсан. Г эгч гаргахгүй гээд зууралдаад байсан бөгөөд бид 2 маргалдсан. Байрнаас гараад ... дугаар байрны хажууд явж байхад өөдөөс 1 залуу ирж байсан. Хажуугаар гарах үед нь би эгчид гаргасан уурандаа тэр залуугийн баруун нүдний хэсэгт гараараа цохисон. Дахиад 1 удаа нүүрэнд нь цохисон. Тэр үед араас Г эгч дагаж байсан бөгөөд намайг тэр залууг цохиод авсан чинь гүйж ирээд салгасан. Тэр залуу цагдаа дуудна гэхээр нь цагдаа дуудаад яах юм бэ ах эндээ учраа ольё гэж хэлсэн. Тэгээд би Гийг дагуулаад тэр залуугаас зугтаагаад ...-р байрны урд байрлах хогийн цэгийн хажууд очоод нуугдсан. Тэгтэл нөгөө залуу олоод хүрээд ирсэн. Тэгсэнээ ядаж танайд ороод цусаа угаая гэхээр нь би эгчийнхээ гэр болох Цоглог хотхоны 201 дүгээр байрны 104 тоотруу дагуулж ороод цусыг нь угаалгасан.” /хх-н 39-40/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хохирогч Х.Лийн гэмтэлтэй холбоотойгоор “Х.Л-н биед баруун хацрын нум ясны хугарал, баруун нүдний ухархайн доод, дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн тохойд цус хуралт, баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүйгэсэн 4165 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 21-22/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Жыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Жд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Х.Лд 1.500.000 төгрөг төлсөн тухай баримт хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсанаас гадна хохирогч Х.Л “... санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэжээ. /хх-н 47/

 

Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. П овогт Б-ны Жыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Жыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Ж торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Л гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Жд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ