Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

өсвөр насны шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, хууль ёсны төлөөлөгч Б.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20.... оны .... дугаар сарын ...-нд ....... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, .... боловсролтой, ....., ам бүл ..; ..... хамт ......дүүргийн ..... дүгээр хороо, ......... хотхон .... дугаар байрны .... тоотод оршин суух, ялгүй, .............дугаарын регистртэй, М  овогт Дгийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Өсвөр насны шүүгдэгч Д.Б 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ........... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.Т нүүр рүү цохих зэргээр биед нь халдаж баруун чихэнд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хохирогч хүүхдийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Цаашид ийм байдал гаргахгүй, сургуульдаа сурч чадна. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хүүхдийнхээ төлөө анхаарал сулруулсан гэдгээ ойлгож байна. Цаашид сурч, хүмүүжихэд нь анхаарах болно гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч Д Т “... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны орой 19 цаг өнгөрч байхад ганцаараа Хуримын ордны баруун талын турникэн дээр очсон. Очоод зогсож байхад найз Б, Ц нар ирсэн. Ингээд байж байгаад явахаар болоход араас Б дуудсан. Би чигээрээ яваад байсан чинь Б араас хүрээд ирсэн. Эргэж харахад хараад байна уу гэж хэлсэн. Би тоохгүй чигээрээ 2 найзтайгаа юм яриад явах үед Б араас дахиж ирээд цохих гээд байхаар нь 2 гарыг нь бариад авсан юм. Гэтэл баруун зүүн гараараа 2 талын шанаанд 2 удаа цохисон. Би ухаан алдаад унасан. Унах үедээ зүүн талын чих хэсгээ шил юм уу нэг зүйл дээр унаад зүссэн байсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй” /хх-н 21-22, 64/ гэж,

гэрч И Н “... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед найз Э, Б бид 3 байрны гадаа уулзаад юм ярьж сууж байгаад турникэн дээр очиж дасгал хийхээр болсон. Ингээд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын арын далангийн хойд талд байрлах турник дээр очоод дасгал хийцгээсэн. Тэр үед бидний хажууханд 1 хүүхэд ирчихсэн зогсож байсан бөгөөд хэсэг хугацааны дараа гурвуулаа болчихсон зогсож байсан. Ингээд бид нарын хажуугаар гараад явж байхад Б тэр 3 хүүхдийг дуудаад нэг хүүхдийг нь дагуулаад цаашаа явсан. Дагуулж явсан хүүхдийнхээ нүүр хэсэгт 2 гараараа цохиод авсан чинь нөгөө хүүхэд нь газар унаад босч ирэхгүй байсан” /хх-н 9-10/ гэж,

гэрч Уын Э “... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед найз Н, Б бид 3 байрны гадаа уулзаад юм ярьж сууж байгаад Б хажууханд зогсож байсан 3 хүүхдийг дуудсан. Б явж очоод нэг хүүхдийг нь дагуулаад цааш явсан бөгөөд зогсож байх үедээ дагуулж явсан хүүхдийг 2 удаа нүүр хэсэгт нь цохиод газар унагаасан. Газар унасан хүүхэд босож ирэхгүй байсан” /хх-н 11-12/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Д.Т гэмтэлтэй холбоотойгоор Д.Т биед баруун чихэнд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэсэн 5370 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 26-27/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

өсвөр насны шүүгдэгч Д.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд оногдуулах ялын санкцыг “торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, ... “ гэж хуульчилсан байхаас гадна, мөн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зүйлд өсвөр насны хүнд “нийтэд тустай ажил хийлгэх, зөрчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” ял оногдуулна гэж ялыг төрлийг нь тодорхойлжээ.

 

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд торгох ялыг өсвөр насны хүнд оногдуулж болохгүй гэж хуульчилсан зохицуулалт байхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хориглосон хязгаарлалтууд өсвөр насны хүнд хамаарахгүй гэж үзэхээр байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл өсвөр насны шүүгдэгч Д.Б 17 нас хүрч байгаа, тэрээр ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид сурдаг сурагч тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй, харин түүний бусдад учруулсан хохирол төлбөрийг ар гэр эцэг, эх төлж барагдуулсан байдал нь торгох ялыг биелүүлэх боломжтойг харуулж байна.

Иймд прокурорын гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүх хүлээж аваагүй болно.

 

Түүнчлэн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр хуульчилсан нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжит хугацаанд нийцнэ.

 

Шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Д.Т хууль ёсны төлөөлөгч Ц.Д“... 300.000 төгрөг хүлээн авч сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлжээ. /хх-н 64/

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. М овогт Дгийн Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Д.Б цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Д.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Бт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ