Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч  А.Баясгалан

шүүгдэгч Ц.Л

хохирогч Б.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............. тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ..-нд .... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл ...; эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж .. тоотод оршин суух,

ял шийтгэл: .... дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын 2.-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

.... дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,

..... дугаарын регистртэй, О  овогт Ц  Л

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.Л 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Б” цогцолборын талбайд хохирогч Б.Мийг газарт унагаж нүүр тус газар нь цохиж, цээж рүү нь өшиглөж биед нь зүүн дээд үүдэн 1 шүд унасан, 1 шүд хугарсан, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, дагзны шарханд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөөгүй. Хохирогч надаас эхлээд 4 сая төгрөг өгчих гээд бид хоёр тохиролцсон. Гэтэл орой нь 8 сая төгрөг өгчих гэж ярихаар нь тэгвэл чадахгүй гэж хэлсэн гэв.

 

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний нэг үүдэн шүд тал хугарч, нэг үүдэн шүд бүтэн хугарсан. Мөн толгой хагарч, нүдэнд цус хурсан. 4 сая төгрөгийг хоёр шүд хийлгэх мөнгө гэж нэхэмжилж байна. Гэхдээ шүдээ хийлгээгүй болохоор ямар нэгэн баримт байхгүй байна. Хохирол төлөгдсөн тохиолдолд гомдол саналгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б М “… 2020 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 20-21 цагийн орчим би Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вин гэсэн нэртэй байсан байхаа би сайн нэрийг нь тодорхой санахгүй байна нэг пабад найз Б түүний найз эмэгтэй С нарын хамт орж суугаад хүний хоёр хоёр шил Сэнгүр пиво 0.5 хэмжээтэйг ууцгаасан. Тэгээд баарнаас гараад гудамжаар баруун тийшээ чиглээд явган хүний замаар алхаад Б цогцолборын орчим би Б, С хоёрын араас жаахан зайтай утсаар яриад явж байгаад нөгөө хоёр луу харсан чинь танихгүй 3-4 согтуу залуу цаанаас гарч ирснээ Бтэй муудалцаад байсан. Тэгэхлээр нь би очоод юу болсон талаар асуусан чинь нэг халзан толгойтой залуу надтай маргалдаж байгаад эвлэрээд гар бариад салсан. Тэгсэнээ нөгөө халзан толгойтой залуу Б дээр очоод одоо зайл гэртээ харьж унт гэсэн чинь Б өдөөс нь маргалдсан. Тэгэхлээр нь би бас хажуугаар ороод хэрэлдсэн чинь халзан толгойтой залуу нь над дээр хүрж ирээд намайг нүүр лүү хоёр удаа гараараа цохиод газар хавираад унагаасан. Тэр үед би толгойгоороо газар хавсараад унасан. Миний нүүр лүү өшиглөсөн чинь миний шүд унасан ба намайг үргэлжилүүлээд энд тэнд цохиод байсан. Тэгэхлээр нь би босоод цаашаагаа зугтааж байгаад өөрөө халтираад унасан чинь халзан толгойтой залуу нь миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхлээр нь би нүүрээ дарсан чинь халзан толгойтой нь цаашаагаа зугтаагаад явчихсан байсан. Тэгээд боссон чинь нүд хавдаад ам хамарнаас цус гарсан. Толгойноос бас цус гарсан байсан ба цаашаа Б дээр очсон чинь Б газар хэвтэж байсан. Би сэрээх гэсэн чинь босохгүй байсан. Тэр үед түргэн ирээд Б бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр очоод би толгойдоо оёдол тавиулсан” /хх-н 27-28/ гэж,

гэрч А Б “... хороололд байрладаг В пабад найз Мийн хамт 18 цаг өнгөрч байхад орсон. Бид хоёр 0,5 граммын шилтэй пиво 2,2 ширхэгийг уусан. Тэгээд манай найз С ажпаасаа тараад 19 цагийн үед ирсэн. С 2 зайрмаг идсэн. Тэгээд бид гурав сууж байгаад 19 цаг өнгөрч байхад пабаас гэртээ харьцгаах гээд гарсан. Манай найз охины гэр Мийн гэртээ ойрхон байдаг учраас би найз охиноо гэрт нь хүргэж өгөх таксинд суусан чинь түгжрэлтэй байхаар нь би биеэ засна гээд таксинаас буусан. М, С хоёр бас буусан. Би таксинаас буугаад Циркл рүү ороод бие засчихаад Циркэлээс би 0,5 граммын 1 шилтэй пиво авсан. Тэгээд Цирклийн баруун урд талд байрлах хөшөөний зүүн талын сандал дээр би пиво задлаад 1 балгаад сууж байтал М С хоёр миний араас зам гараад ирсэн. Намайг сандал дээр суухад миний ард талын сандал дээр сууж байсан 2 эрэгтэй гадуур хувцасаа тайлаад орилцгоогоод байсан. М зам гарч байхдаа тэр хоёр залууг надтай маргалдаж байна гэж ойлгосон юм шиг байна лээ, Миний хажууд ирж зогсоод М нөгөө хоёр залуу руу яагаад байгаа юм гэхэд халзан толгойтой эрэгтэй нь юу гэнэ гээд хүрээд ирсэн. Тэгээд 2 талаас маргалдаад эхэлсэн. Би одоо болъё явъя гэхэд тэр хоёр залуу одоо амьд байгаа дээрээ зайл гээд байсан. Тэгсэн бас хөшөөний тэнд байсан байх 2 залуу одоо больцгоо гээд бид нартай маргалдаад байсан 2 эрэгтэйг цааш нь татаад холдуулсан. Тэр хоёр залуугийн дүрэмт хувцастай залуу нь над руу дайраад байсан. Манай найз охин С бид хоёрын дундуур орж ирээд салгасан. Тэгсэн цаана М халзан толгойтой залууд цохиулаад цемэнт дээр хойшоо саваад унасан. Мийн нүүр рүү нь цохичих шиг болсон. Тэгсэн С Сүлдээ рүү гүйсэн. Би дүрэмт хувцастай залуутай барицалдаад доошоо харчихсан байсан. Тэгсэн халзан толгойтой залуу нь надруу гүйгээд ирж байгаа харагдсан. Тэгсэн тэр хоёрын алиныг нь мэдэхгүй байна нэг залуу нь миний зүүн шанааруу 2-3 удаа цохиод миний 2 хөлнөөс тэвэрч өргөөд хойшоо цемэнт дээр унагасан. Тэгээд би ухаан алдсан. Гэмтлийн эмнэлэг дээр сэргэсэн. Унаснаасаа хойш юу болсныг санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 42-43, 18/ гэж,

гэрч О С “... би 20 цагийн үед ажпаа тарчихаад М, Б хоёрыг В пабад сууж байна гэхээр нь очсон. Би Бийг авах гэж очсон. Намайг ороход тэр хоёр 0,5 граммын шилтэй 2, 2 пиво уугаад сууж байсан. Би ороод 2 зайрмаг идсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд бид гурав сууж байгаад пабаас 20 цаг өнгөрч байхад гараад замын эсрэг талаас такси бариад суугаад хөдөлтөл Б бид хоёр бага зэрэг маргалдаад Б бие заслаа гээд таксинаас буугаад явсан. Тэгээд би таксины тооцоо 1000 төгрөг өгчихөд Мтэй хамт таксинаас буусан. Тэгээд Бийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь тэр хавиар хайж байтал Б өөр хүний утсаар М рүү яриад Цирклийн энд байна гээд залгаад бид хоёр Бийн байгаа газар руу очсон. Б модны хажуу талын сандал дээр суучихсан Бийн сууж байсан сандлын арын сандал дээр 2 эрэгтэй гадуур хувцсаа тайлаад зогсож байсан. М бид хоёр Б дээр очсон. Тэгээд М нөгөө 2 эрэгтэй рүү яагаад найз дээрэлхээд байгаа юм гэсэн. Тэгсэн нөгөө хоёр эрэгтэй босч ирээд Мтэй маргалдсан. Яг юу гэж маргалдаад байсныг нь одоо санахгүй байна. Би М, Б хоёрыг салгаад аваад явах гээд машин зам руу дөхөөд бид гурав явж байтал нөгөө маргалдаад байсан 2 эрэгтэй араас ирээд М шар царайтай, толгойдоо бага зэрэг үстэй эрэгтэйтэй барьдалдаад авсан. Тэгсэн чинь бор царайтай халзан эрэгтэй нь Мийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн өөр 2 эрэгтэй хүрч ирээд больцгоо гээд тэд нарыг салгах гэж оролдсон. Тэгсэн бор царайтай халзан эрэгтэй салаад цаашаа яваад Бийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгсэн бид нарын хажуугаар цагдаа өнгөрч таарсан. Тэгсэн салгах гээд байсан 2 эрэгтэй Б, М хоёрыг цохисон залуучуудыг цаашаа аваад явсан. Тэгсэн М, Б хоёр очсон. Тэгээд М бор царайтай халзан эрэгтэйтэй, Б шар царайтай богиной үстэй залуутай хоёр хоёроороо хөшөөтэй талбайн хоёр зах руу салаад хоёр тийшээ явсан. Тэгээд би Мийг нөгөө эрэгтэйгээс нь салгах гээд араас нь очсон. Тэгэхэд цас орчихсон их хальтаргаатай байсан. Халзан эрэгтэй Мийг заамдаж байгаад түлхсэн чинь М хальтираад цэцэг тарьдаг цемэнтэн саван дээр дагзаараа унасан. Тэгсэн тэр эрэгтэй Мийн нүүр рүү 2 удаа гараараа цохиод цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгсэн М ухаангүй хэвтээд өгсөн. Тэгсэн халзан толгойтой залуу Б рүү явсан. М ухаангүй хэвтээд сэрэхгүй толгойноос нь цус гараад байсан. Би Б рүү эргээд харахад маргалдаж байсан 2 эрэгтэй, салгах гээд байсан 2 эрэгтэй нар зогсчихсон Б газар уначихсан бор царайтай халзан толгойтой эрэгтэй Бийн цээж рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд би Б дээр гүйгээд очиход ухаангүй, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан” /хх-н 44-45/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Мийн гэмтэлтэй холбоотойгоор “Б.Мийн биед зүүн дээд үүдэн 1 шүд унасан, 1 шүд хугарсан, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, дагзны шарханд сорив тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувь сарниулна” гэсэн 3126 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 36/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.Лг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Лд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирлын хувьд:

Хохирогч Б.М нь хохирол нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлтэй холбоотой баримтаа шүүхэд өгөөгүй тул шаардлагыг нь хангах үндэслэлгүй байна.

Харин түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Л шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. О овогт Цн Лг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Лг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Ц.Лг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Л цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.М нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Лд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ