Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 125/2020/0034/З |
Дугаар | 221/МА2021/0545 |
Огноо | 2021-10-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2021/0545
Ж.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Б-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дотоод аудитын хорооны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүгнг батлах” тухай тогтоолыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Э нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь Ж.Б нь хариуцагчид холбогдуулан Ховд аймгийн дотоод аудитын хорооны дарга Б.Д-ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан.
Шүүхийн шийдвэрээр “...дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн...”-ийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчлээгүй. Учир нь маргаан бүхий тогтоолын 3-д “Зөрчил гаргасан нягтлан бодогч Ж.Б-г хурлын шийдвэрт үндэслээд үүрэгт ажлаас нь чөлөөлж хариу мэдэгдэхийг Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-д даалгасугай” гэж шийдвэрлэсэн.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/684 дугаартай “Дотоод аудитын хорооны байгуулах тухай” захирамж гаргаж, дотоод аудитын хороо байгуулсан. Уг Засаг даргын захирамж нь өөрчлөгдөөгүй юм.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...улсын ахлах байцаагч Ж.Ц нь өөрөө шалгалт явуулж акт тогтоосон байтал дотоод аудитын хорооны хуралд оролцсон нь зөрчилтэй...” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Дотоод аудитын хорооны дүрмийн 5.1-д “хороо нь нарийн бичгийн даргатай байна. Хорооны нарийн бичгийн дарга нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 5.2.1-т “Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулж батлуулах, материалыг гишүүдэд хурлыг товлогдсон өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх, 5.2.2-т “хорооны хурлыг зохион байгуулах, ирцийг бүртгэх, хурлын тэмдэглэлийг нэгтгэх, 5.2.3-т “хорооны тогтоолыг хуралд оролцсон бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, албажуулах, холбогдох байгууллага, нэгжид хүргүүлэх”, 5.2.4-т хорооны хурлын тэмдэглэл, тогтоол болон холбогдох баримт бичгийг архивт хүлээлгэн өгнө” гэж заасан. Гэтэл Дотоод аудитын хорооны дүрмийг зөрчиж Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/684 дугаартай “Дотоод аудитын хороо байгуулах тухай” захирамжид Ховд аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Ө нь хорооны гишүүнээр томилогдоогүй этгээд Хүнс хөдөө аж ахуйн газрын нягтлан Ж.Б-г ажлаас халах санал гаргаж шийдвэр гаргахад оролцсон байна.
Харин Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Ө нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар “...хяналт шалгалт, аудитын тайланг бэлтгэн нэгжлийн даргад танилцуулах үүрэгтэй” юм байна.
Ховд аймгийн Засагийн даргын А/684 захирамжийн дагуу нарийн бичгийн даргаар Ж.Ц-ийг томилжээ. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албан улсын ахлах байцаагчийн 35-02-160, 35-02-161, 35-02-162, 35-02-163, 35-02-165, 35-02-166, 35-02-167 актуудыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Ц санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Ө нар гаргасан байна.
Өөрөөр хэлбэл Ж.Ц, Г.Ө нар нь Дотоод аудитын 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтыг зөрчсөн байна. Энэ нь Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлд “...аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хэлэлцэх ноцтой асуудал бол 14000.0 мянган төгрөгийн тендерийн ажлыг нягтлан бодогч Ж.Б ээжээрээ хийлгэж 4000.0 мянган төгрөгийн материалын үнийг өөрөө хятад улс руу авч явж бараа нийлүүлсэн, “Г” ХХК руу 380.0 мянган төгрөгийн бараа материалын үнэн шилжүүлээд тухайн хүмүүст уг өргөмжлөл шагнал өгөгдөөгүй нь ажилчдын тайлбар баримтаар тогтоогдсон...” гэж хуулийн байгууллагаас шалгаж эцсийн шийдвэр гараагүй байхад нотлогдсон мэтээр үндэслэлгүй мэдээллийг хорооны гишүүдэд танилцуулсан байна. Гэтэл Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/195 дугаартай прокурорын тогтоолоор Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь албан конторын урсгал засварт 14,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр хуулийн холбогдох заалтыг зөрчиж, тендер шалгаруулалгүйгээр нягтлан бодогч Ж.Б нь өөрийн ээж Х.Г-гаар шууд гэрээ байгуулсан тус ажлыг гүйцэтгүүлсэн, мөн “Г” ХХК-д 378,000 төгрөгийн өргөмжлөл, мандатын үнэ гэж шилжүүлэг хийсэн байх боловч уг өргөмжлөлийг тухайн байгууллага аваагүй, үйл ажиллагаандаа ашиглаагүй” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан байна.
Гэтэл шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2, 34.2, 34.3 гэх хуулийг зөрчсөн байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” өөрөөр хэлбэл дотоод аудитын хороо нь актыг хэлэлцэж баталгаажуулахаар байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Дотоод аудитын хорооны дарга Б.Д-ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээс харахад Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/195 дугаартай тогтоолоор Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь албан конторын урсгал засварт 14,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр хуулийн холбогдох заалтыг зөрчиж, тендер шалгаруулалгүйгээр нягтлан бодогч Ж.Б нь өөрийн ээж Х.Г-гаар шууд гэрээ байгуулсан тус ажлыг гүйцэтгүүлсэн, мөн “Г” ХХК-д 378,000 төгрөгийн өргөмжлөл, мандатын үнэн гэж шилжүүлэг хийсэн байх боловч уг өргөмжлөлийг тухайн байгууллага аваагүй, үйл ажиллагаандаа ашиглаагүй болох нь Ховд аймгийн Прокурорын тогтоолоор тогтоогдсон.
Хариуцагчаас маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, тайлбар, санал авах боломжоор хангаагүй. Захиргааны актыг сонсох, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага захиргааны актыг мэдэгдээгүй байгааг шүүх анхаараагүйд гомдолтой.
Шүүхийн шийдвэрээ дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий тогтоолд дурдсан Төсвийн тухай хуулийн 1.1, 4.1.49-д заасан төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай, зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгоно” гэх хуулиудыг зөрчөөгүй.
Шүүх хэрэгт авагдсан баримтаар эцэслэн шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: Ховд аймгийн Дотоод аудитын хороо нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж 03 дугаар тогтоолыг гаргасан. Уг хуралдаанаар 3 сум, нэр бүхий байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухайн авч хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гаргасан.
Дотоод аудитын хорооны хуралдаанаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэж, 14000.0 мянган төгрөгийн тендерийн ажлыг тус газрын нягтлан бодогч Ж.Б ээжээрээ хийлгэж 4000.0 мянган төгрөгийн материалын үнийг өөрөө хятад улс руу авч явж бараа нийлүүлсэн, “Г” ХХК руу 380.0 мянган төгрөгийн бараа материалын үнэ шилжүүлж, тухайн хүмүүст уг өргөмжлөл, шагнал өгөгдөөгүй нь ажилчдын тайлбар, баримтаар нотлогдсон байдаг.
Дээрх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан хавсралт хүснэгтийн 2-д заасан “Шууд худалдан авч болох төсөвт дээд хязгаар”-гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 5.1-д “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх хүрээг тодорхойлсон” 5.1.3-д “Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал”-д санхүүгийн хяналт шалгалт хийх эрх хэмжээг дотоод адиутад олгосон.
Мөн дотоод аудитын нэгжийн дарга нь дотоод аудитын хороонд тус дүрмийн 7.6.5-д зааснаар “аудитад хамрагдсан байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох санал”-ыг оруулж шийдвэрлүүлэн, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх эрхтэй байна.
Үүний дагуу маргаан бүхий тогтоолоор Ж.Б-г ажлаас чөлөөлөх хариуцлагын арга хэмжээ авхуулахаар эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.
Анхан шатны шүүхээс аймгийн Дотоод аудитын хороо нь хууль журмын дагуу хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдаж зохих журмын дагуу шийдвэрээ гаргасан, хуралдааны процесст зөрчил байхгүй гэж дүгнэсэн бөгөөд Ж.Б-д ногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж байдлаас хэтэрсэн байна гэсэн дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Төсвийн тухай хууль зөрчсөн албан тушаалтан, төрийн албан хаагчид Төрийн албаны хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Б нь ганц биш олон төрлийн зөрчил гаргаж холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн нь нотлогдсон. Тухайн нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой улсын байцаагчийн 7 акт тавигдаж хүчин төгөлдөр болсон. Үүнийг шүүх дүгнээгүйд гомдолтой байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн хүрээнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч бүр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах үүргийг хүлээдэг.
Дээрх зөрчлүүдээс дүгнэхэд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ж.Б-д зөрчлийн шинж байдалд тохирсон хариуцлага тооцсон гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Ж.Б нь Ховд аймгийн Дотоод аудитын хорооны дарга Б.Д-д холбогдуулан Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” 03 дугаартай тогтоолын 1 дэх заалтаар “...Ховд аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газарт хийгдсэн шалгалтаар тогтоосон 2,386,694 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 40,000,000 төгрөгийг тухайн байгууллагад орлого авах улсын байцаагчийн актыг баталж, 3 дахь заалтаар “...Зөрчил гаргасан нягтлан бодогч Ж.Б-г хурлын шийдвэрт үндэслээд үүрэгт ажлаас нь чөлөөлж хариу мэдэгдэхийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-д даалгаж” шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс “...улсын байцаагч нараас хуулийн байгууллагаас шалгаж эцсийн шийдвэр гараагүй байхад нотолсон мэтээр хорооны гишүүдэд танилцуулж, үндэслэлгүй шийдвэр гаргуулсан...” гэж, хариуцагчаас “...Ж.Б-гийн гаргасан зөрчил тогтоогдсон, аудитад хамрагдсан байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох санал гаргах эрхтэй...” гэж тус тус маргасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана”, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр Дотоод аудитын хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-д “...хорооны хуралд шаардлагатай гэж үзвэл дотоод аудиторууд, тухайн байгууллагын холбогдох албан тушаалтанг оролцуулж болно” гэснийг Дотоод аудитын хороо нь “гомдол гаргах хугацаа өнгөрсөн буюу хүчин төгөлдөр болсон акт”-ыг хэлэлцэж баталгаажуулж байхыг ойлгохоор байна. Дээрх дүрмийн дагуу нэхэмжлэгч Ж.Б-г тус хорооны хуралд заавал оролцуулж, сонсох ажиллагааг хийх шаардлагагүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/684 дүгээр захирамжаар Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Б.Д, гишүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Н.Б, мэргэшсэн нягтлан бодогч, иргэдийн төлөөлөл Ч.М, нарийн бичгийн дарга санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ж.Ц нарын нийт 7 гишүүний бүрэлдэхүүнийг баталж, Дотоод аудитын хорооны 2020 оны 09 сарын 02-ны өдрийн хуралдаанд аймгийн Засаг дарга Б.Д, гишүүдэд Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Г.Ө, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Б, Ховд их сургуулийн нягтлан бодогч Н.Б, Ч.М, нарийн бичгийн дарга, улсын ахлах байцаагч Ж.Ц нар оролцсон байх бөгөөд Дотоод аудитын хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.4-т заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 29 дүгээр тушаалын хавсралтаар Дотоод аудитын хорооны дүрмийн 3.6-д Хурал нь нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцсоноор хүчинтэйд тооцно гэснийг хангасан тул Ховд аймгийн засаг даргын баталсан удирдамжийн дагуу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Ц нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд акт, албан шаардлага бичсэн ба уг шалгалтын тайланг аймгийн Дотоод аудитын хорооны хуралд танилцуулж, хэлэлцүүлсэн нь Дотоод аудитын дүрмийг зөрчөөгүй, хорооны хурлын нарийн бичгийн даргаар томилогдсон нь дээрх эрхийг хязгаарлаагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Дотоод аудитын нэгжийн дарга дараах асуудлыг Дотоод аудитын хороо, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж тайлагнана”, 7.6.1-д “гүйцэтгэсэн дотоод аудит, сангийн хяналт шалгалтын дүн”, 7.6.5-д “аудитад хамрагдсан байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох санал гаргах эрхтэй” гэж заасан байна.
Хорооны хуралд санхүүгийн ахлах байцаагч Ж.Ц аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар танилцуулж, хорооны гишүүн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Г.Ө нэхэмжлэгч Ж.Б-г ажлаас халах саналыг оруулж, улмаар уг санал гишүүдийн саналаар дэмжигдсэн болох нь хорооны хурлын тэмдэглэлд тусгагджээ. Нэхэмжлэгч Ж.Б-тай холбоотой нөхөн төлүүлэхээр акт тогтоосон бөгөөд дотоод аудитын хорооны хурлын тэмдэглэлд Ж.Б-гийн ноцтой гэх зөрчлийн талаар эдийн засгийн албанд шилжүүлсэн байна.
Үүнээс үзвэл, эдийн засгийн албанд шилжүүлж шийдвэрлэсэн зөрчлийг нэхэмжлэгч Ж.Б гаргасан эсэхийг шийдвэрлээгүй байхад “ажлаас халах санал” оруулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хорооны хуралд дүгнээгүй өөр бусад үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б-д холбогдох зөрчлийг хууль ёсны дагуу гарах боломжтой байхыг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “....Ж.Б-д зөрчлийн шинж байдалд тохирсон хариуцлага тооцсон...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд Ховд аймгийн Дотоод аудитын хороог дахин хуралдаж шийдвэр гаргах хүртэл маргаан бүхий Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүнс хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” 03 дугаар тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.3 хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН