Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 05

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.М-д холбогдох “2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №061803000001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ийг хүссэн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Батжаргалын дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

             Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Батжаргал шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.М 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших “Хавирга” хилийн боомтын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд хяналт шалгалт хийх явцдаа “О.Золбоо нь тарифын бус хязгаарлалттай бараа болох 12.9 кг үхрийн махыг “Истана” маркийн 21-07 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудал доор хүрэн өнгийн цүнхтэй чихрэн дунд нууж, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” зөрчлийг илрүүлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр /огноон 2017 оны 03 дугаар сарын 16 гэж буруу бичсэн/ Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг баримтлан 061803000001 дугаартай шийтгэлийн хуудсаар 12.9 кг үхрийн махыг хураах албадлагын арга хэмжээ авсан материалыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр прокурорын хяналтанд ирүүлснийг хүлээн авч хянахад

              Зөрчилд холбогдогч О.Золбоогийн гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үхрийн мах нь тарифын аргаар хязгаарласан буюу татвар оногдуулахаар заасан бараа биш учир Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу ... нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ... шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй байх ба үхрийн махыг хурааж авах ажиллагаа нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураах албадлагын арга хэмжээнд хамаарч байна.

               Гэтэл гаалийн улсын байцаагч Ц.М нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны /ЗШША-2/ тэмдэглэл, шийтгэлийн хуудсанд 2017 онд зөрчил үйлдэгдэж, албадлагын арга хэмжээ авсан мэтээр огноог буруу бичсэнээс гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  ... Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна... гэж заасныг зөрчин шийтгэлийн хуудсаар албадлагын арга хэмжээ авсан байна.

               Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.М-ийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 061803000001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

               Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Батжаргал нь тус аймгийн “Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №061803000001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна.

               Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.М нь Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/105 дугаар тушаалаар ...Сайншанд дахь Гаалийн газарт шилжин томилогдсон байх бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Л.О нь “...Шийтгэлийн хуудсанд 2017 онд зөрчил үйлдэгдсэн мэтээр огноог буруу бичсэн нь компютерт мэдээлэл шивж оруулахдаа санамсаргүйгээр буруу бичиж, бичиг үсгийн алдаа гаргасан..., “эд зүйлийг хураах албадлагын арга хэмжээ”-г шийтгэлийн хуудсаар авсан нь хууль хэрэглэх туршлага дутаж, буруу хэрэглэсэн..., нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй байгаа талаар тус тус дурьдаж, ...прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь, ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн “2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №061803000001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                         П.АМАРЖАРГАЛ