Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00562

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2017/00046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,

 

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7221 дүгээр шийдвэрээр Д.Наранцэцэгээс 173 804 338 төгрөгийг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Д.Наранцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 39 байрны 218 тоотод байрлах 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 хороо, “Хүрмэн” эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв газар эзэмших эрхийг битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулсан гэх бөгөөд албадан дуудлага худалдааны комиссын хурлын тогтоолоор миний дээрх эд хөрөнгийг 173 804 338 төгрөгт тооцож, С.Отгоннямд шилжүүлэн өгөх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс илтэд багаар үнэлэн С.Отгоннямд өгөх гэж байгаад гомдолтой байна. Миний газар түүн дээр дутуу баригдсан барилгын үнэлгээ нь зах зээлийн үнээр бол 300 000 орчим ам.долларын үнэтэй байхад хэт багаар үнэлж шилжүүлээд мөн орох орон байрыг маань хүртэл шилжүүлэн өгөх гэж буйг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би орох оронгүй, бүх насаараа хуримтлуулсан гэр бүлийн хөрөнгөө алдвал яаж амьдрах билээ. Би санал болгох хуралдааны тэмдэглэлийг 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хуулбар үнэнгээр авсан болно. Энэхүү тэмдэглэлээс тусдаа шийдвэр гэсэн баримт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гардаггүй бөгөөд энэхүү тэмдэглэл нь эцсийн шийдвэр учраас хавсаргав. Иймд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 96 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7221 дүгээр шийдвэрээр Д.Наранцэцэгээс 173 804 338 төгрөгийг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Наранцэцэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Номин супермаркет”-ын 39 дүгээр байрны 218 тоотод байрлах 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Хүрмэн” эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв газар эзэмших эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь харилцан тохиролцож, орон сууцыг 113 750 000 төгрөг, эзэмших эрхтэй газрыг 500 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал гаргасан. Төлбөр төлөгч Д.Наранцэцэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/94843 дугаартай үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 113 750 000 төгрөгийн 70 хувь буюу 79 625 000 төгрөг, эзэмших эрхтэй газрыг 500 000 000 төгрөгийн 70 хувь 350 000 000 төгрөгөөр барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Номин супермаркет”-ын 39 дүгээр байрны 218 тоотод байрлах, 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Хүрмэн” эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв эзэмших эрхтэй газрыг анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдааны талаар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/183 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд харилцан тохиролцож тогтоосон үнэлгээний 50 хувь буюу орон сууцыг 56 875 000 төгрөгөөр, эзэмших эрхтэй газрыг 250 000 000 төгрөгөөр тус тус 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Д.Наранцэцэгийг байлцуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн төлбөр төлөгч Д.Наранцэцэгийн гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөртөө тооцож төлбөр авагч С.Отгоннямын нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж тус албанд хүсэлт гаргасан дагуу энэ хугацааг олгож, хэрэв хугацаа өнгөрвөл орон сууцыг, газар эзэмших эрхийн хамт С.Отгоннямд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Д.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00046 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжийг олгоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин миний бие 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэндийн/ улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх талаар хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингээс ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар “нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно” гэж заасан байх ба хүсэлтийг яагаад үндэслэлгүй гэж дүгнэсэн талаар заагаагүй. Хэргийн оролцогчоос гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хангалгүй хэт нэг талыг баримталж хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгч талд шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжийг олгоогүй нь хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00046 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

             Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7221 дүгээр шийдвэрээр Д.Наранцэцэгээс 172 685 497 төгрөг гаргуулж С.Отгоннямд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 39 дүгээр байр, 218 тоотод байрлах 45.3 м.кв талбай бүхий  2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 240 м.кв газар эзэмших эрхээр хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 25-26 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 39 дүгээр байр, 218 тоотод байрлах 45.3 м.кв талбай бүхий  2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 240 м.кв газар эзэмших эрхийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 147/1028, 147/6566 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 147/0404 тоот тогтоолоор хураасан байна. /хх-ийн 35-38 дугаар тал/

 

Анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцжээ.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцож орон сууцыг 113 750 000 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 500 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон байх ба хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг талуудын тохиролцсон үнийн 70  хувиар буюу орон сууцыг 79 625 000 төгрөг, газар эзэмших эрхийг 350 000 000 төгрөгөөр тогтоосныг буруутгахгүй үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн  байна. /хх-ийн 43-46 дугаар тал/

 

Анхны дуудлага худалдаагаар орон сууц, газар эзэмших эрхийг оруулсан боловч үнийн санал гараагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа санал гаргах доод үнийг 50 хувь буюу орон сууцыг 56 875 000 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 250 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

          Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж маргаж байгаа боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

          Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцааны эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй байх тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас  2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр санал болгох хурал зарлаж, уг хурлаар  үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 39 дүгээр байр, 218 тоотод байрлах 45.3 м.кв талбай бүхий  2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 240 м.кв газар эзэмших эрхийг төлбөр авагч С.Отгоннямд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт  заасантай нийцсэн,  төлбөр төлөгчийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 49-54, 65-67 дугаар тал/

 

Иймд анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн эмнэлгийн магадлагаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2017/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ