| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/1010/Э |
| Дугаар | 1028 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1028
2020 06 03 2020/ШЦТ/1028
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан ,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нд холбогдох эрүүгийн 2009 00929 0567 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Н, Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник, хангамжийн инженер мэргэжилтэй, Монгол алт ХХК-д программ хангамжийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 92б байрны 905 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, //,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.Н 2020 оны 02 дугаар сарын 19-ны өглөө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 92Б байрны 905 тоот гэрээсээ “Майнтех техноложи” ХХК-ний Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нарийн сухайтын “МАК” ХХК-ны уурхайн оффист байрладаг серверийн админ эрхтэй хэрэглэгчийн нууц үгийг сольж системийн үйл ажиллагааг зогсоосон, сүлжээний “Тгороз 6420ХА” төхөөрөмж рүү хандах админ нууц үгийг өөрчлөн дахин хэрэглэх боломжгүй болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Н 2020 оны 02 дугаар сарын 19-ны өглөө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 92Б байрны 905 тоот гэрээсээ “Майнтех техноложи” ХХК-ний Өмнө-Говь аймгийн Гурван Тэс сумын нарийн сухайтын “МАК” ХХК-ны уурхайн оффист байрладаг серверийн админ эрхтэй хэрэглэгчийн нууц үгийг сольж системийн үйл ажиллагааг зогсоосон, сүлжээний “Тгороз 6420ХА” төхөөрөмж рүү хандах админ нууц үгийг өөрчлөн дахин хэрэглэх боломжгүй болгосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Н гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
2. “Майнтех Техноложи” ХХК-ий үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Энхбаяраас 2020 оны 02 дугаарс арын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан: “... “Майнтех Техноложи” ХХК нь уул уурхайн программ хангамж, автоматжуулалтын компани юм. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өглөөний 06 цагаас 07 цагийн хооронд 59.153.115.133 дугаар бүхий 1Р хаягтай Юнивишн хэрэглэгч манай компанийн эзэмшлийн үйлдвэрлэлийн систем ажиллаж буй сервер компьютерт сүлжээгээр зөвшөөрөлгүй хандалт хийж, бүх админ пасспортуудыг сольж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг 2 өдөр доголдуулж, 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан. Мөн Тгороз 6420ХА төхөөрөмжийн админ паспортыг сольсон бөгөөд шинээр сольсон админ паспортыг дээрх хэрэглэгчээс олж авахгүй бол дээрх төхөөрөмжийг дахин ашиглах боломжгүй, шинээр худалдан авах хэрэгтэй болно. Уг төхөөрөмжийн үнэ нь 7010 ам. доллар. Дээрх 1Р хаяг дээрх хэрэглэгчийг олж өгч, бидний хохирлыг барагдуулж, дахин халдлага хийхээс урьдчилан сэргийлсэн зохих арга хэмжээг авч өгнө үү” гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол[2],
3. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Файлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл[3],
4. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тогтоол[4],
5. Хохирогч Б.Энхбаярын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагаас 7 цагийн хооронд сүлжээ ажиллагаагүй болсны дараа “МАК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу манай гурван ажилтан тухайн сервер, сүлжээний төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулахын тулд ажилласан. Манай ажилтан Б.Өнөболд, П.Гантогтох нар Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд байрлах “МАК” ХХК-ний уурхайд томилолтоор очиж ажилласан. Мөн төв оффис дээр Г.Батдэлгэр хоёр хоног ажилласан. Тухайн гурван ажилтны хоёр өдрийн хөлс нийлээд 6,200,000 төгрөг, админ эрхийг сольсны улмаас дахин ашиглах боломжгүй болсон “Тгороз 6420ХА” нэртэй сүлжээний төхөөрөмжийн өртөг болох 19,395,027 төгрөг, нийт 25.595.027 төгрөгийн хохирол учирсан байна. Сүлжээний төхөөрөмжийг админ эрхийгүйгээр ашиглах боломжгүй тул дахин авахаас өөр арга байхгүй.Сүлжээний төхөөрөмжийн админ унагааж дахин ашиглах боломжгүй. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийн шинээр сольсон нууц үгээр дахин ашигалж болно” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Г.Батдэлгэрийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд манай байгууллага “Майнтех техноложи” ХХК-тай хамтран “Монголын алт” “МАК” ХХК-ний Өмнөговь аймгийн “Гурван тэс” сумын нарийн сухайтын уурхайд үйл ажиллагаанд хэрэглэх серверийг дагалддаг тоног төхөөрөмж, програм хангамжийн хамт суурилуулж 2019 онд хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш 2020 оны 05 дугаар сар хүртэл системийн хэвийн ажиллагаа засвар үйлчилгээ хариуцан ажиллахаар болсон. Тухайн серверийг “Монголын алт “МАК” ХХК-наас суулгасан “Касперскай энд поинт секюрити 11” нэртэй цахим халдлагад хариу үзүүлэх зориулалтай програм, “Виндөүс” серверийн өөрийн нууц үг, “галт хан”-аар хамгаалагдсан байсан. Сервер хандах эрх надад байгаа. Би сервер лүү 2020 оны 02 дугаар сарын 19-ны өглөө хандаж сервер унагаасан этгээдийн сервер дээр бүртгэгдсэн “Лог" болох 5,909 КБ ЗИП” файлыг би авчирсан. “Касперскай энд поинт секюрити 11” програм руу хандах эрхийг би тодруулаад хариу, хэлье, одоо мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Б.Өнөболдын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани “МАК” ХХК-тай гэрээ байгуулж, уурхайд оффист хяналтын систем суурилуулж өгсөн. Тэгээд манай компаниас “МАК” ХХК-ний IT инженер Э.Н гэх залууд серверийн талаар мэдээлэл өгч Э.Н хариуцан ажиллахаар болсон. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр МАК ХХК-ний уурхайн ажилтан манай сүлжээ ажиллахгүй байна. Ирээд үзээд өгөөч гэсэн дуудлагаар инженер Гантогтохын хамт очиж шалгахад сервер унтарсан байхаар нь асаагаад нууц үгийг оруулахад нууц үг солигдсон байсан. Мөн оффис дээр байдаг сүлжээний төхөөрөмжийн нууц үгийг мөн сольсон байсан” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч П.Гантогтохын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Тухайн үед намайг “МАК” ХХК-ний Өмнөговь аймаг дахь уурхайд ээлжийн IТ инженерээр ажиллуулж эхэлсэн бөгөөд миний ажил үүргийн хуваарь уурхай дээр 14 хоног, Улаанбаатар хотод оффис дээр 14 хоног ажилладаг байсан. Уурхайд ажиллах хугацаандаа “МАК” ХХК-ний хяналтын системийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 10-ний өдөр Өмнөговь аймгийн нарийн сухаатын уурхай дээр хамт ажилладаг Өнөболдын хамт очиж байсан. Тэгтэл 2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө “МАК” ХХК-ний уурхайн ажилтан Өнөболд руу залгаад манай сүлжээ ажиллахгүй байна. Ирээд үзээд өгөөч” гэж анх дуудлага өгсөн. Дуудпагын дагуу инженер Өнөболдын хамт очоод серверийг шалгахад сервер унтарсан байхаар нь асаагаад нууц үгийг оруулахад нууц үг солигдсон байсан. Тэгэхээр нь МАК ХХК-ний IТ инженер Э.Н рүү залгахад утас нь холбогдохгүй байсан учир Өнөболдын хамт ахлах инженер Батдэлгэрээс зарим зүйлийг тодруулж уурхайн бүх сүлжээг шалгаж үзэхэд оффис дээр байдаг сүлжээний төхөөрөмжийн нууц үгийг болон тохиргоог сольсон байсан. Мөн уурхайн дотор байрладаг зөөврийн станцуудын тохиргоог оролдож өөрчилсөн байсан. Уг өдрөөс эхлэн 2019 оны 02 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Өнөболд, Батдэлгэр нартай хамт засвар үйлчилгээний ажлыг хийж хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан” гэх мэдүүлэг[8],
9. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Юнивишн” ХХК-ний албан бичгээр ирүүлсэн 59.253.115.133 1Р хаягийн мэдээлэл[9],
10. Э.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа[10], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11],
11. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ[12], шүүгдэгч Э.Нгийн өмгөөлөгч В.Гэрэлт-Одын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт[13], зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Нгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 4,000,000 төгрөг авсан, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.Нд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Э.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Э.Нд анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Өндөр овогт Энхтайваны Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Э.Нд анхааруулсугай.
5. Шүүгдэгч Э.Н нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 4 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 22 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 55 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 57 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 58 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 72 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 76 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 96 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 95 дугаар тал