Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 278

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Хохирогч Б.М ,

Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.Э-т холбогдох эрүүгийн 2005004140206 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Говьсүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, метал технологийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо сэлбийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух хаягтай, /РД:/ урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт У.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч У.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  хотхоны 0 тоот гэртээ байхдаа хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан эхнэр болох Б.М-г хардалтын улмаас биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны 0 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.М ыг хардалтын улмаас зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 17 цаг 30 минутын үед хоёр хүүхдээ аваад С гэх дүүгийнхээ гэрт байж байтал гаднаас нөхөр Б-с ирлээ гэж орж ирээд хоёулаа гэртээ орж ярилцъя гээд ширүүн өнгө аястай хэлсэн. Нөхөр Э  архи уучихсан байсан. Манай дүүгийнх манай байрны хажуу талын орцонд байдаг, тэгээд бид хоёр гэртээ ороход Э  миний бүх хувцасыг тайлж шидээд шалдан болгоод өмд урсан. Бас Э  өөрийнхөө хувцасыг бүгдийг нь тайлаад минийх жижигхэн байна уу гээд эрхтэнээ ам руу чихээд май хөх гээд хэлсэн. Тэгэнгүүтээ давхар гараа үтрээ рүү хийгээд тэгээд үсдээд ам руу боовоо чихээд минийх жижигхэн байна уу гээд орилоод байсан. Би унтлагныхаа өрөө рүү зугтаагаад ороход Э  араас дагаж орж ирээд намайг түлхэж унагаагаад дахин өмнө үйлдлүүдээ давтаж хийсэн. Би урдаас нь эсэргүүцэл үзүүлж чадаагүй. 30-40 минут орчим ийм байдалтай байж байгаад Э  хувцасаа өмсөөд чи цагдаагаа дууд, танайхан намайг шоронд өгөг гээд гараад явсан. Тэгээд би тэсвэрлэхгүй юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн.

...Дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг манай нөхөр Э  надад учруулсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би найзуудтайгаа шинэ жил тэмдэглээд ирэхэд утсанд мессэж ирсэн. Сайхан амраарай миний хайр гээд миний таньдаг хүнээс мессэж ирсэн байсан. Тэрийг нөхөр харчихаад 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Э  архи ууж орж ирээд үсдээд толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. Дараа нь 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хөдөөнөөс ирээд намайг дагуулаад айл руу явсан. Миний харилцаж байсан хүний эхнэр нь намайг дагуулаад хүрээд ир гэж хэлсэн гээд замдаа явж байхдаа нөхөр Э  чиний энэ харилцаж байгаа байдал чинь үнэн бол ална энэ тэр гээд намайг занаад байсан. Тэгээд тэр айлд орчихоод намайг түлхэж унагаасан. Тэр айлын хүмүүс зодоон үүсгэхийг хүсэхгүй та нар гэртээ очиж асуудлаа шийд гэсэн. Миний харилцаж байсан эрэгтэйгийн эхнэр бид хоёрын мессэж бичиж байсан зургийг үзүүлээд манай нөхөр тэр зургийг дарж аваад энэ явдал чинь үнэн юм байна шүү дээ гээд тэр айлаас гарсан. Бид хоёр нөхрийн найзын машинтай явж байсан. Машин дотор явж байхад миний хоолойг боогоод хөл рүү өшиглөсөн мөн гарнаас зулгаагаад байсан учраас хуучин гэсэн гэмтлүүдийг бас манай нөхөр Э  учруулсан. ...Тухайн үед нөхөр бид хоёр гэртээ ороод маргаантай байж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэр үед надад гар хүрсэн, бас давхар бэлгийн харьцаанд орсон учраас мэдүүлэгтээ тэгээд хэлчихсэн юм. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зодоход манай хоёр хүүхэд хадам дүү Б, 2020 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зодоход нөхрийн найз Энхээ байсан. 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр бол нөхөр бид хоёр байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 26-27 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найзуудтай уулзаж байгаад гэртээ иртэл надад мессеж ирсэн. Тэгээд нөхөр хардаж уурласан. Хардалтын улмаас 2020 оны 1 дүгээр сарын 5, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр тус тус маргаан үүсгэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Гэрч У.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө шөнө 00 цаг өнгөрөөд манай бэр эгч М гаднаас орж ирсэн. Манай бага дүү уйлаад байхаар нь манай ах бэр эгчид чиний утасны гэрэлийг асаах гээд утсыг чинь авахад мессеж ирлээ, энэ хүн хэн юм, миний хайр сайхан амраарай гэсэн гээд ах бэр эгчтэй маргалдаж эхэлсэн. ...Тэгээд өдөржин ямар нэг маргаан бололгүй бүгдээрээ гэртээ байж байгаад 18-19 цагийн үед ах гараад явсан. Тэгээд ах шөнө 01 цаг өнгөрөөд согтуу ирсэн. Мессэжний тухай яриад эгчтэй маргалдаад эгч рүү пиво сандал авч шидсэн. Бас эгчийн үснээс зулгаасан. Би ахыг хориод болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Шинжээч эмч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.М ын биед зовхи, дух, цээж бугалга, бугуйн үенд дэх цус хурапт, өвдөгөнд цус хуралт, өтгөний сүвний орчимын зулгарапт гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хузүүнд тохой шуунд хуучин зулгаралт гэмтэл, цээжинд хуучин цус хуралт гэмтлүуд байх ба уг гэмтлүүд 2020 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /хх-ийн 36-37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээч эмчийн 1348 дугаартай “...Б.М ын биед зовхи, дух. цээж бугалга, бугуйн үенд цус хурапт, хүзүүнд хуучин зулгаралт, цээжинд хуучин цус хуралт, тохой шуунд зулгаралт, өвдөгт шинэ цус хуралт, өтггөний сүвний орчим шинэ зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

 

Шүухийн шинжилгээний ундэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч эмчийн 254 дугаартай “...Б.М ын биед зовхи, дух, цээж бугалга, бугуйн үенд шинэ цус хурапт, өвдөлт. шинэ цус хуралт, өтгөний сүвний орчим шинэ зулгарапт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.М ын биед учирсан хузүүнд хуучин зулгаралт, цээжинд хуучин цус хуралт, тохой шуунд хуучин зулгаралт гэмтлүуд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.. Б.М ын биед учирсан зовхи, дух, цээж, бугалага, бугуйн үенд шинэ цус хуралт, өвдөгт шинэ цус хуралт, өтгөний сүвний орчим шинэ зулгаралт гэмтлүүд нь 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр, хүзүүнд хуучин зулгаралт цээжинд хуучин цус хуралт, тохой шуунд хуучин зулгаралт, гэмтлүүд нь 2020 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-43 тал/,

 

Шүүгдэгч У.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед эхнэр гаднаас орж ирэхээр утасны гэрлийг нь асаах гээд эхнэрийнхээ утсыг аваад үзтэл 99058883 гэсэн дугаараас миний хайр сайхан амраарай гэж мессеж ирсэн. ...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой би шинэ жил тэмдэглээд гэртээ ороод мессежнээс болж хэрэлдэж сандал шидсэн. Тэгээд би 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Октъябрын сангийн аж ахуй руу ажлаар явсан. Тухайн хугацаанд эхнэртэйгээ утасны цаанаас хэрүүлтэй байсан. 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө нэг эмэгтэй хүн залгаад “чи янхан эхнэрийнхээ бөгс бөөрийг захирч чадахгүй байна уу” гэхээр нь би “хэн бэ” гэтэл “Э  уу” гээд миний нэрийг хэлсэн. Танай эхнэрээс болж манай гэрт бөгс бөөрний асуудал дийлдэхээ байлаа танайд ч бас адилхан байгаа биз дээ гэхээр нь би харин тийм гэсэн чинь тэр эмэгтэй надад баримтууд зөндөө байгаа гэсэн. Би хөдөөнөөс гараад эхнэрийгээ аваад утсаар ярьсан эмэгтэйтэй уулзахаар очиход ...тэр эмэгтэй би танай эхнэрийг зөндөө уучилж боломж олгосон. Нөхөрт битгий хэлээч гээд гуйгаад байхаар чинь охиныг чинь бодоод өршөөсөн зэргээр хэлсэн. Тэр эрэгтэйтэй харилцсан мессэж, дансаар мөнгө авсан мессэж, манай охидуудын зураг, миний зураг байсан. Тэр эрэгтэйгийн манай эхнэрт 300.000 төгрөг шилжүүлсэн байсныг тэр эрэгтэйгийн эхнэр нь мэдчихээд манай эхнэрт танай нөхөрт чинь хэлнэ шүү гэж дарамталж байгаад буцаагаад 300.000 төгрөг авсан гэсэн. Мөн тэр эмэгтэй надад чи хадам ээжийгээ дагуулж ирэхгүй яасан юм, хадам ээж чинь мэдэж байгаа шүү дээ гэж хэлсэн. Мөн тэр эрэгтэй манай эхнэр рүү ээж дүү нар сайн уу гэх зэргээр хүргэн нь болсон аятай мессежүүд бичсэн байсан. Гараад би машин дотор эхнэр Э ыг алгадсан. Тэгээд би Э ыг гэрийн гадаа буулгачихаад шууд хөдөө явчихсан. Тэгээд хөдөө байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ирээд гэртээ ортол эхнэр гэртээ байхгүй хадмынд байсан. Тэгээд хөдөө байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ирээд гэртээ ортол эхнэр гэртээ байхгүй хадмынд байхаар нь очоод эхнэр М-г аваад гэр рүүгээ ороод эхнэртэйгээ хэрэлдээд толгой руу нь гар хүрсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 73-74 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Эхнэрээ хардаж зодсон. Ингэж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Эхнэрээ уучлалт гуйж эвлэрсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э ын хувийн байдалтай холбоотойгоор хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 5-7 тал/, дуудлага мэдээллийг шалгах хуудас /хх-ийн 56 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 59 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 66 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

                                                                                   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.Э-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 28-29 дэх талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

          

Харин шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг нотолсон бусад нотлох баримтуудтай нийцэж байх тул үнэн зөв гэж дүгнэж үнэлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:     

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын “...Хардалтын улмаас маргаан гарч зодсон...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг болон хэрэгт авагдсан хохирогч Б.М ын “...Сайхан амраарай миний хайр гээд миний таньдаг хүнээс мессэж ирсэн байсан. Тэрийг нөхөр харчихаад 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Э  архи ууж орж ирээд үсдээд толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. Дараа нь 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хөдөөнөөс ирээд ...тэр айлд орчихоод намайг түлхэж унагаасан. Миний харилцаж байсан эрэгтэйгийн эхнэр бид хоёрын мессэж бичиж байсан зургийг үзүүлээд манай нөхөр тэр зургийг дарж аваад энэ явдал чинь үнэн юм байна шүү дээ гээд тэр айлаас гарсан. Машин дотор явж байхад миний хоолойг боогоод хөл рүү өшиглөсөн, мөн гарнаас зулгаагаад байсан. …2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ...тухайн үед нөхөр бид хоёр гэртээ ороод маргаантай байж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэр үед надад гар хүрсэн...” гэсэн, гэрч У.Б-н “2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө шөнө 00 цаг өнгөрөөд манай бэр эгч Э  гаднаас орж ирсэн. Манай бага дүү уйлаад байхаар нь манай ах бэр эгчид чиний утасны гэрэлийг асаах гээд утсыг чинь авахад мессеж ирлээ, энэ хүн хэн юм, миний хайр сайхан амраарай гэсэн гээд ах бэр эгчтэй маргалдаж эхэлсэн. ...Мессэжний тухай яриад эгчтэй маргалдаад эгч рүү пиво сандал авч шидсэн. Бас эгчийн үснээс зулгаасан. Би ахыг хориод болиулсан...” гэсэн, шүүгдэгч У.Э ын “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед эхнэр гаднаас орж ирэхээр утасны гэрлийг нь асаах гээд эхнэрийнхээ утсыг аваад үзтэл 99058883 гэсэн дугаараас миний хайр сайхан амраарай гэж мессеж ирсэн. ...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой ...мессежнээс болж хэрэлдэж сандал шидсэн. ...2020 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө нэг эмэгтэй хүн залгаад “чи янхан эхнэрийнхээ бөгс бөөрийг захирч чадахгүй байна уу” гэхээр нь би “хэн бэ” гэтэл “Э  уу” гээд миний нэрийг хэлсэн. Танай эхнэрээс болж манай гэрт бөгс бөөрний асуудал дийлдэхээ байлаа танайд ч бас адилхан байгаа биз дээ гэхээр нь би харин тийм гэсэн чинь тэр эмэгтэй надад баримтууд зөндөө байгаа гэсэн. Би хөдөөнөөс гараад эхнэрийгээ аваад утсаар ярьсан эмэгтэйтэй уулзахаар очиход ...тэр эрэгтэйтэй харилцсан мессэж, дансаар мөнгө авсан мессэж, манай охидуудын зураг, миний зураг байсан. Тэр эрэгтэйгийн манай эхнэрт 300.000 төгрөг шилжүүлсэн байсныг тэр эрэгтэйгийн эхнэр нь мэдчихээд манай эхнэрт танай нөхөрт чинь хэлнэ шүү гэж дарамталж байгаад буцаагаад 300.000 төгрөг авсан гэсэн. Мөн тэр эрэгтэй манай эхнэр рүү ээж дүү нар сайн уу гэх зэргээр хүргэн нь болсон аятай мессежүүд бичсэн байсан. Гараад би машин дотор эхнэр Э ыг алгадсан. Тэгээд би Э ыг гэрийн гадаа буулгачихаад шууд хөдөө явчихсан. Тэгээд хөдөө байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ирээд гэртээ ортол эхнэр гэртээ байхгүй хадмынд байхаар нь очоод эхнэр Э ыг аваад гэр рүүгээ ороод эхнэртэйгээ хэрэлдээд толгой руу нь гар хүрсэн...” гэсэн өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөгчийн тогтоолоор хэрэгт хавсаргасан гар утаснаас авсан мессэж, зураг бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч У.Э хохирогч Б.М ын биед 3 удаа буюу 2018 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө, 2020 оны 1 дүгээр сарын 05, 09-ний өдрүүдэд халдаж зодохдоо нэг шалтгаанаар буюу эхнэрээ өөр хүнтэй хардаж зодсон нөхцөл байдал нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч У.Э ын 2020 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогч Б.М ын биед “...хүзүүнд хуучин зулгаралт, цээжинд хуучин цус хуралт, тохой шуунд хуучин зулгаралт…” бүхий гэмтэл, 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн үйлдлийн улмаас “... зовхи, дух, цээж, бугалга, бугуйн үенд шинэ цус хуралт, өвдөгт шинэ цус хуралт, өтгөний сүвний орчим шинэ зулгаралт...” бүхий гэмтэл учирсан, эдгээр гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь хэргийн 32-33 дахь талд авагдсан шинжээч эмчийн 1348 дугаартай дүгнэлт, мөн 40-43 дахь талд авагдсан шинжээч эмчийн 254 дугаартай нэмэлт дүгнэлтээр тус тус нотлогдсон тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.  

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан ...үйлдлийг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч У.Э ын хохирогч /эхнэр/ Б.М ын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд шүүгдэгч У.Э ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Харин шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, прокуророос У.Э ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. 

 

   Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн үндсэн шинж нь тоогоор буюу давтамжийн хувьд гурваас дээш удаа үйлдэгдсэн байхаас гадна гэрлэгчдийн хэн нэг гэр бүлийн харилцаанд давуу эрх олж авах гэсэн, өөрийн эрхшээл дарамтанд байлгах зорилготой нөгөө этгээдийнхээ бие махбодод халдаж буй идэвхтэй үйлдэл ба энэ үйлдэл удаан хугацаагаар дадал зуршил болсон, тогтмол байхыг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаар хохирогч Б.М , шүүгдэгч У.Э нар албан ёсоор гэрлэлтээ батлуулсан /хх-ийн 22 тал/ эхнэр, нөхөр байх тул Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие бие халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэг хүлээдэг.  

 

 Гэтэл бие биедээ үнэнч байх, бие бие халамжлах, хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх Гэр бүлийн тухай хуулинд заасан үүрэг зөрчигдөж, хохирогч Б.М  нь гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа үүсгэсэн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн гэмт хэрэг гарсан байна.  Өөрөөр хэлбэл энэ шалтгааны улмаас буюу хардалтын тодорхой нэг сэдэлттэйгээр шүүгдэгч У.Э хохирогч Б.М ыг бусадтай хардаж үргэлжилсэн үйлдлээр зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон” гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж үзнэ.

 

Иймд прокуророос “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах Есөн-Эрдэнэ хотхоны 29-3-55 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.М-ыг хардалтын улмаас байнга зодсон...” гэж шүүгдэгч У.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М ын эрүүл мэндэд хөнгөр хохирол учирсан ба тэрээр хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгч У.Э-аас гаргуулах хохиролгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус тусад нь эдлүүлэх ялын санал гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч У.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж болон шүүгдэгчийн хувийн байдал болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны буюу 4, 6 насны 2 хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч У.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.  

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд шүүгдэгч биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.Э ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт У.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт У-Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-т 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

               

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА