Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 281

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсайхан,

Өсвөр насны шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч Х.Ц, түүний өмгөөлөгч А.Бүдханд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 19-89/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Э-д холбогдох эрүүгийн 1905038480182 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ... дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 байрны 0 тоотод оршин суух хаягтай, /РД: / улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны яллагдагч Б.Э  нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн спорт зааланд” насанд хүрээгүй иргэн З.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан өргөж газар унаган эрүүл мэндэд нь урагдал, хаван бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч У.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Өсвөр насны яллагдагч У.Э нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хохирогч З.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан өргөж газар унаган эрүүл мэндэд нь  баруун мөрний үеийн урд хэсгийн булчин шөрмөсний шилжих бусэд урагдал, хаван гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч З.С-с Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх- ийн 3 тал/,

 

              Насанд хүрээгүй хохирогч З.С-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 30 өдөр 13 цагийн орчим төмөр замын 38 дугаар дунд сургуулийн спорт зааланд ...сагсан бөмбөг тоглож байхад Т уурлаад чамаас бөмбөг гарсан гэж маргалдсан Тэгээд миний нүүр лүү хэд хэдэн удаа алгадаад дараа нь цээж рүү түлхтэл араас Т гийн найз Э  гүйж ирээд миний толгой руу 2 удаа цохисон. …Бид нарыг салгах гээд дундуур ортол Т дахиад нүүр лүү цохиод дахин хөл рүү өшиглөөд Э  намайг араас тэвэрч аваад заалны шал руу шидсэн. Тэр үед миний баруун мөр мултарсан. ...Уг маргаан зодоон болсон байдал нь спорт заалны хяналтын бичлэгт бичигдсэн байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлийг Э  намайг Т рүү хараад зогсож байхад араас ирж тэврээд газар шидэх үед шаланд баруун гарын булчин хэсэг цохигдож уг гэмтэл үүссэн гэж үзэж байна. 450.000 төгрөгний баримтыг Э ын аав гаргаж өгөөд эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн. Цаашид гарныхаа эдгэрэлтийн байдлаас шалтгаалж эмнэлэгт үзүүлэх эсэхийг шийдэх учир тухайн гарсан зардлыг тэр үед нь нэхэмжилнэ. ...Т зодоон маргааныг эхлүүлж нүүр лүү алгадасан үйлдэл хийсэн боловч тухайн үедээ Тгийн цохилтоос надад ямар нэгэн гэмтэл бол учраагүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16, 103-104 тал/,

 

              Иргэний нэхэмжэгч Т.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хавтас хэрэгт баримтаар 450.000 төгрөг авагдсан. Уг мөнгийг Э ын аав өгсөн. ...Анх эмнэлэг имрайн зурагт гарснаар цагирган булчин нь задарсан гэж гарсан. Уг булчиныг эдгээж байгаад эмчлүүлэх чиглэл өгсөн. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол яваандаа хөшөөд уг гар нь татах хөдлөхгүй болох тахир дутуу болох магадлалтай гэж хэлсэн. ...Цаашид эмчилгээ Монголд улсад хийгдэхгүй бол Тайланд болон Солонгос улсад очиж оёулах шаардлагатай. Мөн уг эмчилгээг хийлгэхэд дагаж явах 1-2 хүний зардал болон эм тариа эмчилгээний зардлыг цаашид нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 тал/,

 

            Гэрч З.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 38 дугаар бүрэн дунд сургууль дээр Герман хэлний сургалтанд суугаад 12 цагийн үед завсарлаад зааланд тоглосон. ...Тус спорт заалны буланд Гёте сургуулийн 12а ангийн сурагч Т бөмбөг гаргасан. Улмаар Т, С-ны цээжнээс хойшоо түлхсэн чинь С-ны хойд талаас Гёте сургуулийн

12 дугаар ангийн сурагч Э  ирээд С-ы толгой дагз хэсэг рүү гараараа цохисон. ...Т, Э  С-ны араас очоод газар унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Гэрч Т.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э  чи амжихгүй шүү гээд Сайнханы хойноос баруун гарын булчин орчим руу өшиглөөд араас нь тэврээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

   Шинжээч эмч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус гэмтэл нь унах үед өшиглөх, эвгүй дарж унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10854 дугаартай “...З.С-ны биед баруун мөрний үений урд хэсгийн булчин шөрмөсний шилжих бүсэд урагдал, хаван гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/,

 

Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, флаш сидинд үзлэг хийсэн “...Б.Э  нь хохирогч З.Сайнханы толгой хэсэг рүү баруун гараараа цохиод тэврээд дээшээ өргөж байгаад шал хэсэг рүү унагаад толгой хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөж байгаа харагдаж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 90-100 тал/,

 

Өсвөр насны шүүгдэч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 30 өдөр төмөр замын 38 дугаар дунд сургуулийн Герман хэлний сургалтанд оролцсон. 13-14 цагийн үед завсарлаад бид нар зааланд тоглосон. ...Би Сайнханыг өргөж аваад газар шидсэн. Тэгээд манай ангийн Одхүү намайг хориглоод заалнаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-114 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм буруу үйлдэл гаргахгүй. Хохирогчоос уучлалт гуйсан...”  гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

         

   Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 72 тал/, сургалтын сертификат /хх-ийн 73-76 тал/, ... сургуулийн өргөмжлөл, батламж /хх-ийн 77, 79, 80, 81, 82, 83, 84 тал/, нас тоолсон “... 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Э  нь 17 нас 1 сар 1 хоногтой...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 85 тал/, гэрч Х.З-н /хх-ийн 131-132 тал/, гэрч Х.Ц /хх-ийн 31-32 тал/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Э  нь Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хохирогч З.С-г зодож, эрүүл мэндэд нь баруун мөрний үений урд хэсгийн булчин шөрмөсний шилжих бүсэд урагдал, хаван бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байна. Энэ нь хэргийн 38 талд авагдсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10854 дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №10854 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Э  нь хохирогч Ч.С-г цохих, өшиглөх, газар шидэж унагаахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Э ыг насанд хүрээгүй хохирогч З.Сайнханыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир өсвөр насны шүүгдэгч Б.Э ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэргийн 141 дэх талд авагдсан 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолоор өсвөр насны яллагдагч Д.Т-д холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн 143 дахь талд Д.Т-г хохирогч З.С-ны эрүүл мэндэд халдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгааг тус тус тэмдэглэх шаардлагатай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас өсвөр насны хохирогч З.С-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 410.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байна. /хх-ийн 67-70 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны шүүгдэгч нь нийт 445.000 төгрөгийг хохиролд тооцож нөхөн төлсөн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Э , түүний хууль ёсны төлөөлөгч Х.Ц-маа нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Мөн өсвөр насны хохирогч З.С, түүний хууль ёсны төлөөлөгч Н.З  нараас нь энэ хэргийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, цаашид хагалгаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.    

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Э  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудаар нь 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 1 хоногтой байсан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 17 нас 7 сар 25 хоногтой байх тул өсвөр насны шүүгдэгч гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Өсвөр насны шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгоход анхаарахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлд заасан.

 

Мөн өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

 

Шүүх анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, Гёте сургуулийн 12а ангийн сурагч зэрэг өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хуулинд заасан хөнгөрүүлэх байдал зэргийг дүгнээд өсвөр насны шүүгдэгч Б.Э-д ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна гэж үзэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгчид тэнссэн хугацаанд хяналт тавих, хянан хүмүүжүүлэхийг түүний оршин суугаа газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, хараа хянанлтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Х.Ц-д тус тус даалгав.  

 

Энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий Компакт дискийг шүүхэд ирсэн бөгөөд энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Б.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Э-д мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-т тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Э  нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Э-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, хараа хяналтандаа байлгаж хянан хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Х.Ц-д тус тус даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск-г хавтаст хэрэгт хадгалаж, өсвөр насны шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.С-д 445.000 төгрөг хохиролд тооцож нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

6. Өсвөр насны хохирогч З.С, түүний хууль ёсны төлөөлөгч Т.З нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА