| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07802/И |
| Дугаар | 037 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 037
| 2016 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/00037 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, Самбуугийн гудамж-.., өөрийн байранд байрлах ... регистртэй, “Мобиком корпораци” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, Горькийн ...дүгээр гудамж, ... тоотод оршин суух, ... регистртэй, Ц.Э холбогдох,
1,675,617 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э нь манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ... тоот гэрээ байгуулан iphone 6 64GB маркийн гар утсыг 1,775,000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний ... тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулалгүй өдийг хүрлээ. Иймд Ц.Эс гар утасны төлбөрийн үлдэгдэлл 1,606,197 төгрөг, ярианы төлбөрийн үлдэгдэл 69,420 төгрөг нийт 1,675,617 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
“Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ц.Эрдэнэбат нь 1,675,617 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь 1,675,617 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбатаас гаргуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Эрдэнэбат нь “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,675,617 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн хариуцагч Ц.Эрдэнэбатад холбогдуулан 1,675,617 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,760 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ... тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 20,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА