Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 421

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2879/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-н Ч-д холбогдох эрүүгийн 2005001440028 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг Өлзийт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Заамар алтны уурхайд том тэрэгний жолооч ажилтай гэх, ам бүл 2 эхийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 0 дүгээр хороо Бумбат 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, /РД: / урьд ял шийтгэлгүй, Б овогт П.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Ч  нь 2020 оны 1 дүгээр сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын баруун талын далангийн орчим 64 настай иргэн Ц.Д-н өмсөж явсан куртик, гар утас, хавтас зэргийг хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдэн 257.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн,

2020 оны 1 дүгээр сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын баруун талын далангийн орчим 64 настай иргэн Ц.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Ч-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын шинэ эцсийн автобусны буудлын Сод Монгол шатахуун түгээх станцын баруун хойд зүгт 27 метр зайд доош харсан байдалтай эрэгтэй хүний цогцос байлаа. ...Хэргийн газарт шинжээч ерөнхий байдлаар гэрэл зургийн аргаар бэхжүүлэн улавч, халаад, зориулалтын хувцсыг өмсгөв. ...Хэрэг учрал болсон гэх газрын хөрс нь нилэнхүүдээ шороон гадаргуутай хөрсөнд цас орж дагтаршсан, зарим хэсгээр зөөлөн цас тогтсон. Олон гутлын мөртэй, хүний хөдөлгөөн ихтэй буудлын зүүн болон баруун хэсэг хэрэг учрал болсон гэх газрын ойр орчим гэрэлтүүлэг сайтай, цогцос байгаа газрыг харсан хяналтын камергүй. ...Цогцосны хэвтэр хэсгийг А цэгээр тэмдэглэв. Цогцос эд эрхтэн бүдэн, эмгэг өөрчлөлтгүй, зүүн хацар, зүүн мөр, зүүн ташаа хэсгээр газар дарагдсан, баруун гарын тохой хэсгээр сарвуу хүртэл газар тулж мөр, баруун цээж хагас, баруун ташаа дээш газраас хөндийрсөн байдалтай, ам хамрын хэсгээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарч газарт шингэсэн, баруун гарын сарвуун ард хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. ...Цогцосны саарал өнгийн ноосон цамцны халаасанд хар хөх өнгийн даалинтай шар өнгийн чулуун хөөрөг, хар хөх өнгийн алчуур байсныг хураан авав... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 8-14 тал/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...яллагдагч Д.Ч  нь хохирогчтой тааралдсан гэх шатны хэсгийн 1, талийгаачийн цогцос олдсон газрыг 2, нөжирсөн цус олдсон гэх газрыг 3 гэж тэмдэглэн хэмжилт хийв. 1 дугаараас 2 дугаар хүртэл зайг хэмжихэд 114 м ...зайтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 15-16 тал/,

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн “...Үзлэгийг 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагт эхлүүлж ...явуулав. ...Нас бараад 16-20 цаг болсон. духны зүүн дээд хэсэгт 2x15 см хүрэн ягаан зулгаралттай, зүүн нүдний дээд доод зовхинд хөхөлбөр ягаан цус хуралттай, хавдаж овойсон. Зүүн хацар болон зүүн хөмсөгний гадна хэсгийг хамарсан 7х5.2 см хүрэн улаан зулгаралттай, хамрын нуруунд 0.5х0.3 см, хамрын нурууны зүүн хэсэгт 1.2х0.2 см зах ирмэг тэгш бус шархтай, хамрын үзүүрт 0.3х0.2 см, 0.2х0.2 см, хамрын зүүн угалзанд 0.7х0.4 см, 0.3х0.3 см хүрэн ягаан зулгаралтуудтай. Өөр биед үүссэн гэмтэл шархгүй байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 17-20 тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн “...Пунцагын Ч-с дараах эд зүйлийг түр хураан авч, тэмдэглэл үйлдэв. Үүнд: Амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн эрэгтэй хүний малгайтай, голоороо, цахилгаантай, ямар нэгэн бичиг лого байхгүй куртик, улаан өнгийн хар хосолсон, нуруу, цээжний хэсэгт гэрэл цацруулагчтай, юүдэнтэй, ажлын хувцасны загвартай, хар өнгийн бохирлогдсон куртик, Nokio маркийн дотроо 89054069 дугаартай, цэнхэр хүрээтэй хар өнгийн хэвийн ажиллагаатай гар утас, АПУ гэсэн логотой хар өнгийн 5 ширхэг автобусны карттай 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 1 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байсан хэтэвч, хар өнгийн 38 размерын хагас түрүүтэй, арзгар ултай, арьсан материалтай, шороо мэт зүйлээр бохирлогдож эдэлгээний элэгдэлд орсон хос гутал зэрэг эд зүйлс байв...” тэмдэглэл /1 хх-ийн 22 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай “...Сэжигтэн Д.Ч ийн өмссөн хувцаснаас гэмт хэрэг үйлдэгдэх үед авч явсан гэх хар өнгийн куртик, хар өнгийн хэтэвчийг хураан авч тусгайлан үзлэг хийхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 23-25 тал/,

 

Яллагдагч Д.Ч ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлүүд /1 хх-ийн 27-42 тал/,

 

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б-н “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар сургуулийн орчим гудамжнаас П овогтой Ч-г дайчлан баривчлан эрүүгийн цагдаагийн албаны машинд суулган тус цагдаагийн хэлтэс рүү ирэх замдаа “...би уулзалдаагүй найзтайгаа уулзалдаад салаад явж байхдаа зурагтын орчимд нэг өвгөнтэй муудалцаад над руу агсараад байхаар нь би хүчтэй нүүрэн тус газар нь цохиод дараа нь хамж унагаагаад дээрээс нь дэвсэж зодоод өмсөж байсан куртикийг нь тайлж аваад тэндээс зугтаасан юм. Би уг хүнийг зодсондоо маш их харамсаж байна. Би уг хүний эрүүл мэндийн хохирлыг нь барагдуулах болно...” гэснийг илтгэх хуудас болгон танилцуулъя” гэх илтгэх хуудас /1 хх-ийн 54 тал/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1 хх-ийн 64-65, 67-68, 70, 72, 76 тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “ ...Оргил засварын газрын камерын бичлэгт ...2020 оны 1 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 23 дугаар хороо зурагтын шинэ эцсийн автобусны буудлын урд талын автобус зогсох хэсэг буюу Еагэл буудлын баруун талын хэсэгт байх далангийн доош чиглэсэн шат харагдаж байв. Бичлэгийн хугацаа бодит цагтай таарч байсан бөгөөд үзлэгийг 22 цагаас хойш бичлэгийг тоглуулахад 22 цаг 30 минутанд талийгаач согтрууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэхээр гуйвсан байдалтай шатны орчим ганцаараа зогсох бөгөөд шатны зүүн хэсэгт байх бариулаас барьж шатаар уруудав. Шатаар уруудсаны дараа шатны доод хэсэгт юу болж байгаа нь мэдэгдэхгүй байсан бөгөөд бичлэгийг 6 цаг хүртэл хугацаанд шүүхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно...,

...Хуяг Оргил Хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт ...цаг хугацааны хувьд 22 цаг 40 минут болсон гадаа харанхуй байдалтай байв. Талийгаач хоёр хөл дээрээ гуйвсан байдалтай өдөр өмссөн байсан хувцастайгаа дэлгүүрийн шатаар дээш өгсөн дэлгүүр орох бөгөөд ганцаараа явж байв. Бичлэгийн 22 цаг 41 минутанд талийгаач дэлгүүрийн хаалгаар гарч шатаар уруудан чигээрээ явах бөгөөд уг чигт нь автомашины зам байдаг болно. ...куртикний энгэрийн дотор талын халааснаас хөндлөн дэлгэгддэг хар өнгийн хэтэвч гаргаж ирээд мөнгө тоолон худалдагчид өгч бохь худалдаж аваад хэтэвчээ эргүүлэн халаасандаа хийж дэлгүүрээс гарч явснаар бичлэг дуусав. ...уг бичлэгийн цаг нь бодит цагаас 30 минутаар түрүүлж байв...” гэсэн тэмдэглэлүүд /1 хх-ийн 69, 71, 73, 77 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 223 дугаартай:

“Талийгаач Ц.Д-н цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй,

Талийгаачийн цогцост хамар ясны хугарал, нүүр, 2 өвдөгний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдсон болно.

Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй болно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Талийгаач нь этилийн спиртийн хурц хордлогын улмаас нойр булчирхайд цус харваж үхэжсэнээс өвдөлтийн шокт орж нас баржээ.

Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

Талийгаач нь АВО системээр АВ 2 бүлгийн цустай байжээ.

Талийгаач элэгний өөхөн хувирал, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байсан байх  ба  эдгээр  нь  нас  барахад  нөлөөлсөн  болно”  гэсэн  шинжээчийн

дүгнэлт /1 хх-ийн 157-165 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 267 дугаартай: “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн тохиолдолд нойр булчирхайн цус харвалт нь гэмтлийн улмаас үүсээгүй байна. Нойр булчирхайн цус харвалт нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас үүссэн бөгөөд талийгаачид нойр булчирхайн эд тасарсан, няцарсан гэмтсэн зүйл үгүй байна. Нойр булчирхайд цус харвасан үед үхжилт явагдаж эхэлнэ. Этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нойр булчирхайд цус харвасан тохиолдолд хүндрэл үүсэж үхэлд хүргэдэг. Тухайн тохиолдолд спиртийн хордлогын улмаас дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн цочмог хямралын улмаас үхэлд хүргэжээ” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт /1 хх-ийн 169-174 тал/

 

Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “...гар утас 184.000, куртик 51000, хавтас 1500, карт 18000, карт 3000, ...нийт тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн харьцуулалтын аргаар 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 257.500 төгрөг” гэх тайлан /1 хх-ийн 179-180 тал/,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ц.Д нь миний төрсөн аав байгаа юм. 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр аав маань Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 а байрны 806 тоотод байх гэрээсээ өөрийн хүү Алтангэрэлийн гэрт очиж 4 хүүхдийг нь харах гээд 09 цагийн үед гараад явсан. 9 цаг 30 минутын үед бэр Ц-тай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-513 тоотод байх гэрт нь Цэрэннамжирийг гараад явж байх үед нь зөрөөд орж ирсэн байсан. Тэгээд 17 цаг орчимд А рүү аав Ц.Д А-н охины Сэлэнгийн ........ гэсэн дугаараас “Модны хоёрт байх гэртээ ирсэн, охины утсыг цэнэглэгч нь ажиллахгүй болохоор аваад ирлээ гэж ярьсан” байсан. Түүнээс хойш 22 цагийн орчимд Ц-г гэртээ байхад нь ирээд охин Сэлэнгийн утсыг өгчихөөд эргээд гарсан байсан. Тэгэхдээ бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд ганцаараа эргээд гараад явсан. Тэрнээс хойш гэртээ ирээгүй. Тухайн орой нь бэр Цэрэннамжир, хүргэн Өлзий нар А-н гэрийн орчимд хайсан боловч олоогүй. Тэгээд 2020 оны 1 дүгээр сарын 3-ны орой 19 цагийн орчим Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс залгаж ирж уулзах талаар мэдэгдэж ирж уулзахад аавыг нас барсан байна гэж хэлсэн. ...Тухайн куртик болон гар утас нь талийгаач аавын минь эд зүйлс мөн байна. Харин хар өнгийн “APU” гэсэн хавтас нь аавынх биш байна. Үүнээс арай том хавтгай хөндлөн түрийвч байсан. ...Надад хэргийн улмаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80, 84 тал/,

 

Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 02-ны орой манай аав Д 22:10 цагт над руу ..... гэсэн дугаараас залгаад аав нь хүүхдүүдэд чинь утсыг нь өгчихсөн, одоо харих гээд явна гэж утсаар ярьсан. Би араас нь 22:59 цагт залгахад утас нь дуудаад авахгүй байсан. 23:00 цагаас эхлээд утас нь холбогдох боломжгүй болсон. ...Манай гэрээс гарахдаа хар куртик, хар өмд, хар гуталтай, ногоон өнгийн шилефэн малгайтай байсан. Биедээ байнга хөөрөгөө авч явдаг. Хүмүүстэй нийлж архи уудаггүй. Уухаараа ганцаараа л архи уудаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 87-88 тал/,

 

Гэрч Ц.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагийн үед би Баянгол дүүргийн 23 дугаар хорооны байр орох гээд зурагтын хуучин эцсийн автобусны буудлын замын хойд талаас таксинд суугаад зурагтын далангийн замаар эргээд явж байхдаа машины цонхоор харахад жалганд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би тухайн хүнийг тогтож сайн хараагүй бөгөөд иргэнийхээ үүргийн дагуу цагдаад дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 90 тал/,

 

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, хувьсгалчдын 0 тоотод байх Хуяг-Оргил дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагт ногоон бүрх малгайтай настай эрэгтэй 10 орчим минут үйлчлүүлсэн бөгөөд гарахдаа нэг ширхэг Түмний ундаа аваад явсан. Тухайн хүн ганцаараа байсан ба орой нь 22 цаг 40 минутанд дахиад ганцаараа гуйвсан байдалтай орж ирээд бохь худалдаж аваад гараад явсан. Тэгэхэд согтуу байх шиг байсан. Тухайн хүний биед гэмтэл шарх ажиллагдаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92-93 тал/,

 

Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг гэртээ байхад 22 цагийн орчим аав Д  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд охин Л-н утсыг өгчихөөд л яваад өгсөн. 23 цагаас хойш утас нь холбогдохгүй байсан бөгөөд 00 цаг өнгөрөөгөөд гэрийн доод талын дэлгүүр хүртэл явж гудамжаар шалгахад харагдаагүй. Мөн надаас гадна хүргэн Ө зурагтын орчим хайсан боловч олоогүй гэж байсан. Манай гэрээс гарахад 22 цаг 05 минут болж байсан. Талийгаач богино хар куртик, бараан өнгийн өмд, хар гутал, бүрх малгаатай явж байсан. ...Талийгаач өөрийнхөө хоёр симтэй бандгар, хоёр талдаа шар өнгийн товгор резинтэй товчлууртай утас байсан. Маркийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 95 тал/,

 

Гэрч П.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш хараагүй байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт гаднаас 19 цагийн орчимд ирсэн. Бараан өнгийн куртиктэй явж байсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 96 тал/,

 

Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Ч 16 цагийн үед ганцаараа манай гэрт ирсэн. Ч өмнөх шөнө манай гэрээс гарахдаа зузаан, ажлын хар хөх өнгийн куртиктэй байсан бөгөөд харин эргэж ирэхдээ арай нимгэн, ар талдаа малгайтай куртик өмссөн, өөрийнх нь нокиа гар утаснаас гадна дахиад нэг шар өнгийн бандгар гар утас барьчихсан орж ирсэн. Тэр утсаа найзтайгаа сольсон гэж тайлбарласан. .” гэх мэдүүлэг/1 хх-ийн 99-100 тал/,

 

Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчим манай эхнэр Оюунчимэг өөрийн дугаараас миний дугаар руу залгаад “үл таних нэг ах 14 мянган төгрөгийн тооцоо хийлгүй барьцаанд нь утсаа үлдээгээд яваад өглөө, ирж авах юм болов уу яах юм бол гэж ярьсан. ...2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед эхнэртэй ярихад эхнэр “нөгөө гар утас барьцаанд үлдээсэн хүн ирээд утсаараа ийш тийш ярьж байгаад гар утаснаасаа симээ аваад, утсан дээр байсан зургаа устгачихаад яваад өгсөн ямар сонин юм бэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 101-102 тал/,

 

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Соёрх караокед ажлаа хийж байх үед 4 эрэгтэй хүн орж ирээд 2 дахь ширээнд суусан. Тэгээд 4 шил нийслэл нэртэй пиво уугаад 2 дуу дуулж сууж байгаад 2 эрэгтэй нь түрүүлээд гарсан. ...14.000 төгрөгийн тооцооны оронд шар, хар хосолсон, бандгар LK бичигтэй гар утсаа үлдээсэн. ...Тэгтэл маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 17-18 цагийн үед хар малгайтай хар куртиктэй 40 орчим насны гар утсаа барьцаанд үлдээсэн эрэгтэй орж ирээд ахад нь мөнгө олдсонгүй утсаараа яриад мөнгийг нь өгчихье гэхээр нь за гээд утсыг нь өгтөл дүү гэх хүн рүүгээ яриад байх шиг байсан. Тэгээд би караокений гал тогоо руу орчихоод ирэхэд нөгөө ах гараад явж байхаар нь ахаа та хаачих гэж байгаа юм бэ гэтэл тамхи татчихаад ороод ирнэ гэхээр нь тэгвэл та гар утсаа үлдээ гэсэн чинь гар утсаа үлдээгээд гарч ирсэнээс хойш орж ирээгүй. Тэгэхээр нь би утсыг нь шалгаж үзэхэд өөрийнхөө зургийг устгаад, сим картаа аваад явчихсан байсан. Би өмнөх өдөр нь гар утсыг шалгаж авахад тэр ах өөрийнхөө зургийг утсан дээрээ дарчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 104-105 тал/,

 

Шүүгдэгч Д.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Бишрэлтийн гэрээс гараад зурагтын шинэ эцэс рүү чиглээд далангийн хажуугаар явж байхад үл таних хөгшин ганцаараа Шинэ эцсийн автобусны буудлын баруун талд байрлах улаан тоосгон барилгын хажуу талын шатаар доош буугаад жижиг гүүрэн дээр зогсож байсан. Тэгээд би тухайн хүнд туслах зорилгоор очсон, би тэр хүнээс “зам уруу гарах гэж байгаа юм уу” гэхэд “чяцганууд минь та нар тэгдэггүй юм, та нар шиг чяцга надад байгаа” гэж хэлээд миний энгэрээс татахаар нь би өөрөөсөө холдуулах гээд цааш түлхсэн чинь тэр хүн хойшоо унах гээд байхаар нь би куртикний зүүн талын энгэрээс нь бариад авах үед хөгшин хойшоо цээжээ эргэх үед куртик нь тайлагдсан. Тайлагдсан куртикийг би тэр дор нь газар хаяад би зүүн гараараа шатны бариулаас барьж харин нөгөө гараараа хөгшиний зүүн талын сугаар нь түүнийг тэвэрсэн боловч хөгшинийг дийлэлгүй хөгшин бөгсөөрөө гурван шат гулгаж унасны дараа би хөгшиний дээрээс дарж унах гээд байсан учраас хөгшиний мөрөн дээр дараад урагшаа үсрэх гэж байхдаа баруун хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсөн. Тэгээд босч ирээд харахад тэр хөгшин шатны төмрөөс дараад босоод ирсэн бөгөөд би хажуугаар нь зөрөөд явах үедээ газар хаясан куртикийг нь аваад явсан. Тухайн үед куртикны халаасанд нь хоёр симтэй, шар, хар өнгө холилдсон гар утас байсан, мөн Апу гэсэн бичигтэй хар өнгийн хавтас, дотор нь автобусны карт байсан. Тэгээд би түүний куртикийг нь аваад тэр чигтээ автобусанд суугаад 3 дугаар эмнэлэг дээр буугаад Саппоро дээрээс Нарангийн голд байх эгч Долгормаагийн гэрт очиж хоносон. Нөгөө хөгшинөөс авсан куртикийг эгчийн хашаанд орох үедээ хашаанд байх гражид эгчид мэдэгдэхгүйн тулд нууж үлдээсэн. Харин куртикнээс гар утсыг нь авчихсан. ...Би тухайн явдлын талаар хэнд ч хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 107-108 тал/, яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. ...Би тэндээсээ өндөр шатаар Д д автобусны буудал дээрээс яармаг, зурагт чиглэлийн автобусанд суугаад 3-р эмнэлгийн автобусны буудал дээр буугаад автобус хүлээсэн боловч автобус ирэхгүй байхаар нь хойд талын өндөр байшингийн орцонд ороод шатан дээр нь хоносон...” 

“...намайг зүүн гараараа заамдаад авсан тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд зүүн гарын тохой хэсгээр нь түлхсэн тэгтэл хохирогч баруун гараараа шатны хөндпөвч төмрөөс барьсан байхдаа баруун гар талуугаа дотогш эргэж барьсан байсан бөгөөд зүүн тал руугаа эргээд унасан. Унах үедээ хохирогч нүүрээрээ гүүрний бариулын доод хэсэгт байх хөндпөвч төмрийг мөргөчихсөн юм. Би тухайн үед талийгаачийг бие авч явах чадваргүй унаад ямар нэгэн зүйл мөргөөд гэмтэх боломжтой байсан гэдгийг мэдэж байсан боловч цааш нь түлхчихсэн юм. Куртик нь тайлагдсан байхад нь дургүй хүрээд аваад явчихсан. Тэгтэл куртикний халаасанд утас, хар өнгийн хавтас байсан. Тэргээд куртикийг өөрөө өмсөж, гар утсыг караокед барьцаанд үлдээж, хавтасанд автобусны карт хийж ашигласан. Би өөрийн үйлдсэн дээрэмдэх болон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирол, төлбөрийг бүрэн  төлж барагдуулах болно. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 219-220, 223-224 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 2-ноос 3-ныг шилжих шөнө ажлынхаа хүимүүстэй шинэ жил тэмдэглээд орой 22 цаг өнгөрч байхад хохирогчтой таарсан. Явган хүний хальтиргаатай гүүрэнд настай хүн явж байхаар нь туслах уу ах аа гэсэн чинь та нар шиг чяцаганууд байдаг гээд уурлаад намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн, унах гэхээр нь тохой хэсгээс татсан чинь куртик нь тайлагдсан байсан. Тэгээд би куртикийг нь аваад явчихсан. Надад зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Миний буруу...“ гэх мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч П.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч нь Өвөрхангай аймагт 1982 онд айлын 5 дахь хүүхэд болж төрсөн бөгөөд доороо нэг эрэгтэй дүүтэй. Арван жилийн сургуульд суралцаж боловсрол эзэмшээгүй учир нь дүү маань Төв аймгийн Баянцогт суманд хөдөө мал маллахаар шилжин ирсэн. ...Архи согтууруулах ундааны зүйл нээх уугаад яваад байгааа байдал ажиллагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 184 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 185 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 186 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 187 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. 

                                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ч ийг Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын баруун далангийн орчим 2020 оны 1 дүгээр сарын 02-3-нд шилжих шөнө 64 настай хохирогч Ц.Д гийн өмсөж явсан куртик, гар утас, хавтас зэргийг хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдэн 257.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2005001440028 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар 2020 оны 1 дүгээр сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын баруун талын далангийн орчим шүүгдэгч Д.Ч , амь хохирогч Ц.Д  нар тааралдаж, хоорондоо үл ойлголцон маргалдсан байх ба улмаар шүүгдэгч нь амь хохирогчийн өмсөж явсан куртик, гар утас, хавтас зэргийг хүч хэрэглэн хууль бусаар авч, эрүүл мэндэд хөнгөн зэргийн буюу хамар ясны хугарал, нүүр, 2 өвдөгний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

Тодруулбал, гэмт хэрэг гарсан гэх 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр амь хохирогч Ц.Д  өөрийн төрсөн хүүгийн хүүхдүүдийг харах зорилгоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Г513 тоотод байх гэрт нь очсон байх ба тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 22 цаг 05 минут үед гэр рүүгээ харих гэж гарч яваад Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын баруун талын далангийн орчим шүүгдэгч Д.Ч той тааралдаж түүнд дээрэмдүүлж, зодуулсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-н “...аав Ц.Д  орой 22 цаг орчимд Цэрэннамжирийг гэртээ байхад нь ирээд эргээд гаргаад явсан байсан. ...куртик болон гар утас нь аавын эд зүйлс мөн байна...” гэх, гэрч Ц.Ц-н “...манай гэрээс гарахад цаг яг 22 цаг 05 минут болж байсан. Талийгаач богино хар куртик, бараан өнгийн өмд, хар гутал, бүрх малгайтай явж байсан...” гэх, гэрч П.Д-н “...Ч-г 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш хараагүй байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт гаднаас 19 цагийн орчимд ирсэн. Бараан өнгийн куртиктэй явж байсан...” гэх, гэрч Д.С “...2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Ч 16 цагийн үед ганцаараа манай гэрт ирсэн. Ч өмнөх шөнө манай гэрээс гарахдаа зузаан, ажлын хар хөх өнгийн куртиктэй байсан бөгөөд харин эргэж ирэхдээ арай нимгэн, ар талдаа малгайтай куртик өмссөн, өөрийнх нь нокиа гар утаснаас гадна дахиад нэг шар өнгийн бандгар гар утас барьчихсан орж ирсэн. Тэр утсаа найзтайгаа сольсон гэж тайлбарласан” гэх, гэрч Б.О “...2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Соёрх караокед ажлаа хийж байх үед 4 эрэгтэй хүн орж ирээд 2 дахь ширээнд суусан. Тэгээд 4 шил нийслэл нэртэй пиво уугаад 2 дуу дуулж сууж байгаад 2 эрэгтэй нь түрүүлээд гарсан. ...14.000 төгрөгийн тооцооны оронд шар, хар хосолсон, бандгар LK бичигтэй гар утсаа үлдээсэн. ...тэгэхээр нь би утсыг нь шалгаж үзэхэд өөрийнхөө зургийг устгаад, сим картаа аваад явчихсан байсан. Би өмнөх өдөр нь гар утсыг шалгаж авахад тэр ах өөрийнхөө зургийг утсан дээрээ дарчихсан байсан...” гэх мэдүүлгүүд, цогцосны гадна биед үзлэг хийсэн “...духны зүүн дээд хэсэгт 2x15 см хүрэн ягаан зулгаралттай, зүүн нүдний дээд доод зовхинд хөхөлбөр ягаан цус хуралттай, хавдаж овойсон. Зүүн хацар болон зүүн хөмсөгний гадна хэсгийг хамарсан 7х5.2 см хүрэн улаан зулгаралттай, хамрын нуруунд 0.5х0.3 см, хамрын нурууны зүүн хэсэгт 1.2х0.2 см зах ирмэг тэгш бус шархтай, хамрын үзүүрт 0.3х0.2 см, 0.2х0.2 см, хамрын зүүн угалзанд 0.7х0.4 см, 0.3х0.3 см хүрэн ягаан зулгаралтуудтай...” гэх, эд зүйлд үзлэг хийсэн “...Пунцагын Чимэддоржоос ...Амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн эрэгтэй хүний малгайтай, голоороо, цахилгаантай, ямар нэгэн бичиг лого байхгүй куртик... зэрэг эд зүйлс байв.” гэх, хүний биед үзлэг хийсэн тухай “...Сэжигтэн Д.Ч ийн өмссөн хувцаснаас гэмт хэрэг үйлдэгдэх үед авч явсан гэх хар өнгийн куртик, хар өнгийн хэтэвчийг хураан авч тусгайлан үзлэг хийхээр тогтов...” гэх тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б-н “...Пунцаг овогтой Ч ...цагдаагийн хэлтэс рүү ирэх замдаа “...би уулзалдаагүй найзтайгаа уулзалдаад салаад явж байхдаа зурагтын орчимд нэг өвгөнтэй муудалцаад над руу агсараад байхаар нь би хүчтэй нүүрэн тус газар нь цохиод дараа нь хамж унагаагаад дээрээс нь дэвсэж зодоод өмсөж байсан куртикийг нь тайлж аваад тэндээс зугтаасан юм. Би уг хүнийг зодсондоо маш их харамсаж байна...” гэсэн гэх илтгэх хуудас, шинжээчийн  223 дугаартай “...Талийгаачийн цогцост хамар ясны хугарал, нүүр, 2 өвдөгний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдсон болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй болно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч Д.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний буруу, прокуророос ирүүлсэн зүйл ангийн хувьд маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Д.Ч ийн амь хохирогч Ц.Д г өндөр настай, биеэ хамгаалах чадваргүй байсан болохыг мэдсээр байж эрүүл мэндэд халдан биед нь хөнгөн гэмтэл учруулж, түүний өмсөж явсан куртик, KL гэсэн бичиглэлтэй гар утас, хар өнгийн хавтас зэргийг авч явсан дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, илээр, хууль бусаар авсан” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргүүдийн шинжийг тус тусдаа хангасан байна. 

 

Харин хохирогч Ц.Д гийн амь хохирсон шалтгаан нь шүүгдэгч Д.Ч ийн түүнд хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, талийгаач нь спиртын хордлогын улмаас дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн цочмог хямралын улмаас нас барсан болох нь хэргийн 169-174 талд авагдсан 267 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон ба эдгээр тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Д.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцох нь түүний үйлдэлд тохирно гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан буюу Дээрэмдэх” гэмт хэрэг, мөн  “өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч  нь хэргийн зүйчлэл болон үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчид 257.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар, мөн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...хэргийн улмаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж,  шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, Ч гэдэг хүнийг дахин хармааргүй байна” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ч  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

 Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт тус тус хамаарч байна.   

 

Шүүгдэгч Д.Ч-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тэрээр ам бүл 2, ээжийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн 24 хороо, Бумбат 4 дүгээр гудамжны 12 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж нэмж нэгтгэж нийт 3 жил 2 сар хорих ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр маргах зүйл байхгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээнээс доогуур ял буюу 1 жил хорих ял оногдуулах гэсэн ялын саналыг тус тус гаргасан.

 

Шүүх талуудын гаргасан ялын саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тухайн зүйлд заасан ялын доод хэмжээгээр буюу 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Ч ийн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж шүүгдэгч Д.Ч ид оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулах...” саналыг  шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн боловч тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...нэхэмжлэх зүйлгүй...” талаар мэдүүлсэн байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх ойлголтод хамаарахгүй, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчид гомдол саналгүй болсон, гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзэх үндэслэл болгохгүй юм. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн эзэмшлийн доод талдаа шар өнгийн оруулгатай дэлгэц нь мэдэрдэг, дэлгэцийн доод талын товчлуур дээрээ KL гэсэн бичиглэлтэй гар утас 1 ширхэг, хар өнгийн синтфонон материалтай, юүдэнтэй куртик 1 ширхэг, хар өнгийн хавтас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-т буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн явсан маршутыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ч  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ч ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсантай тул түүнд өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” болон “Хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Б овогт П-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон ”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Д.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ч-ийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 3 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, тогтоол хүчин төгөлдөр болмогц доод талдаа шар өнгийн оруулгатай дэлгэц нь мэдэрдэг, дэлгэцийн доод талын товчлуур дээрээ KL гэсэн бичиглэлтэй гар утас 1 ширхэг, хар өнгийн синтфон материалтай, юүдэнтэй куртик 1 ширхэг, хар өнгийн хавтас 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-т буцаан олгосугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” болон “Хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА