Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 039

 

    2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00039

               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, . дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, ... дугаар байранд байрлах “Х-Ш” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “СӨХ” гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүргийн . дугаар хороо, . дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ...регистртэй, Ө овогт ДБ холбогдох,

Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1,122,700 /нэг сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ХШ” СӨХ-ны гүйцэтгэх захирал Я.Л оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч “ХШ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон тус холбооны гүйцэтгэх захирал Я.Лувсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Оршин суугч Д.Б нь Монгол улсын Иргэний хуулийн нийтийн зориулалттай орон сууц өмчлөх хуулийн 149.1-д зааснаар 6 сараас дээш хугацаагаар төлбөрөө сайн дураар төлөөгүй удаа дараа амаар болон бичгээр шаардаж мэдэгдэл хүргэсэн боловч биелүүлээгүй учир иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2014 оноос 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийт 1,122,700 төгрөгийн өр үүссэн байна. Тус СӨХ нь ашиглалт хариуцсан байгууллага “Хүрээ Хаус” ХХК-д 2016 оны 8 дугаар сарын байдлаар 5,862,096 төгрөгийн өр үүссэн ба цаашид ус дулаанаар хангагдахгүй хүндрэл үүсээд байна. Уг байр нь 2012 онд биш 2013 оны 8 дугаар сард Улсын комисс хүлээн авсан болно. 2014 оны 10 дугаар сард надад уг СӨХ-ны ажлыг оршин суугчдын 100 хувийн саналаар хүлээлгэн өгсөн. СӨХ-ны хураамжийг намайг дарга болохоос өмнө 1 м.кв-ыг 250 төгрөгөөр тооцож авч байхаар тогтоож бүх оршин суугчдын хурлаар дэмжигдэж байсан. 10,000 төгрөг байсныг би дураараа 20,000 төгрөг болгоогүй. Хариуцагч нь хураамжаа төлдөггүй учраас хэдэн төгрөг төлөхөө ч мэддэггүй бололтой. Манай СӨХ-ны хурал нийт 7 удаа хуралдсан байдаг боловч хариуцагч болон түүний нөхөр нь нэг ч удаа ирж байхыг нь би хараагүй. Намайг СӨХ-ны дарга болохоос ч өмнө төлж байгаагүй болох нь банкны хуулгаар гэрчлэгдэнэ. Хариуцагчийн нөхөр н.Б нь хуульч хүн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр СӨХ2ны хураамжаа төлөхгүй бол шүүхэд хандана гэж намайг хууль ёсны шаардлага тавихад согтуугаар танхайрч, намайг багалзуурдаж, хазаж, мөргөж танхайрсан. Мөн намайг цагдаад гүтгэж мөнгө нэхэмжилсэн боловч цагдаагийн байгууллагын шалгалт, гэрчийн мэдүүлгээр баталгаажиж цагдаагийн шалгалтын явцад хэрэгсэхгүй болсон. Ил зогсоол нь намайг СӨХ-ны дарга болохоос өмнө байгуулагдсан бөгөөд уг асуудал нь СӨХ-ны хураамжид ямар ч хамаагүй тул төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй юм. Нийтдээ 32 сарын төлбөр төлөөгүй байгаа. 2014 оны 1-3, 5-12 дугаар сар, 2015 оны 1-10 дугаар сар хүртэл сарын 34,225 төгрөг буюу 718,725 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал 1 сарын 36,725 төгрөг буюу 403,975 төгрөг, нийтдээ 1,122,700 төгрөг болж байгаа. Энэ хооронд нэмэгдсэн ганц төлбөр нь хогны мөнгө авдаггүй байсныг 2,500 төгрөг нэмсэн байгаа гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагч Д.Б миний дараах тайлбар хүргүүлж байна. 2012 онд тус байранд нүүж орсон. Өмнө нь өөр СӨХ үйл ажиллагаа явуулж байсан. Сар бүр 10,000 төгрөг хурааж авдаг байсан, үйл ажиллагаа нээлттэй ил тод явуулдаг байсан. Гэтэл Я.Лувсан гэгч этгээд “Хөх Шигтгээ” СӨХ байгуулж иргэддээ хаалттай, Я.Лувсан өөрийн дураар 20,000 төгрөг болгож төлбөрөө нэмэгдүүлж, үйл ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 148-д Орон сууц өмчлөгч нь дараахь эрх эдэлнэ: 148.1.3.дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт ногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, заасан атал орон сууц өмчлөгч намайг оролцуулахгүй, нэг ч иргэддээ санал хүсэлтийг авч байгаагүй, шүүх цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсээр өнөөдрийг хүрсэн. Намайг согтуугаар хэл амаар доромжилж байсан төдийгүй “ХШ” СӨХ-д өөрийн ах дүү, танил найз нөхдөө удирдах зөвлөл, бусад зөвлөл байгуулж өнөөдрийг хүрсэн. Иргэдтэйгээ СӨХ байгуулсан цагаас хойш нэг удаа уулзаагүй, хурал зохион байгуулаагүй байна. Хүүхдийн талбай дээр архидан согтуурч, хүн зодсон асуудал нь одоо прокурорын шатанд явж байгаа юм. Ийм ёс зүй үгүй хүнээр удирдуулж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “ХШ” СӨХ нь хариуцагч Д.Бс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 1,122,700 /нэг сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“ХШ” СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдаж, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 195 дугаар гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, Я.Лг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор томилсон байна. /хх-3,4/

Хариуцагч Д.Б нь Баянгол дүүргийн, дугаар хороо, ...дугаар байрны ..тоотод оршин суудаг болох нь зохигчийн биеийн байцаалт болон түүний тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна...” гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон төлбөрийн тооцооны нэхэмжлэх, банкны дэлгэрэнгүй хуулга, төлбөр төлөөгүй айл өрхүүдийн жагсаалт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Хөх Шигтгээ” СӨХ нь хариуцагч Д.Бс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. /хх 5,6,7/

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч “Хөх Шигтгээ” СӨХ-ны удирдлагатай хувийн таарамжгүй харилцаатай бөгөөд гүйцэтгэх захирлыг тоглоомын талбайд архидан согтуурдаг, тус СӨХ-д өөрийн ах дүү, найз нөхдөө ажиллуулдаг, иргэдтэйгээ уулздаггүй, архидан согтуурч хүн зодсон асуудал нь прокурорын байгууллагад шалгагдаж байгаа гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар өөрийн шүүхэд гаргаж буй тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Болор-Эрдэнэ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээсэн бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Хариуцагч Д.Бйн СӨХ-ны засвар үйлчилгээний төлөгдөөгүй төлбөрийг тооцвол: 2014 оны 1-3 дугаар сар, 5-12 дугаар сар, 2015 оны 1-12 дугаар сард нэг сарын 34,225 төгрөгөөр нийт 718,725 /34,225*21/ төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал нэг сарын 36,725 төгрөгөөр нийт 403,975 /36,725*11/ төгрөг, нийт 1,122,700 төгрөгийн төлбөр төлөөгүй болох нь Төрийн банкны төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна. /хх 5/

Иймд хариуцагч Б.А-с 2014 оны 1-2, 5-12 дугаар сар, 2015 оны 1-12, 2016 оны 1-9 дүгээр сарыг дуустал, бүгд 32 сарын хугацааны засвар үйлчилгээний төлбөрт 1,122,700 төгрөг гаргуулж, “Х..” СӨХ-нд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

Түүнчлэн, хариуцагч Д.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... регистртэй, Ө Овогт Д.Бс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,122,700 /нэг сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун/ төгрөг гаргуулан “ХШ” СӨХ-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,495 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА