Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 434

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд /томилолтоор/,

Хохирогч Э.А ,

Шүүгдэгч Л.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Е-д холбогдох эрүүгийн 2005008220416  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ...  ХХК-нд барилгын инженер ажилтай, ам бүл 5 эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 хороо 0 гудамж 0 тоотод оршин суух хаягтай, /РД: / урьд ял шийтгэлгүй, Б овогт Л.Е.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.Е нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Сандай-2 худалдааны төвд маргааны улмаас Э.А ийн нүүрэн тус хэсэгт гараар цохиж хөлөөр өшиглөж зовхи хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт эрүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, оочинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Е-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Э.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед би Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдаж байгаа Сандай-2 барилгын инженерүүдийн өрөөнд орсон. ...Би гараад цаашаа явах гэтэл Е миний ард талаас энэ муу пизда дандаа илүү дутуу юм ярьж явдаг гэж хэлсэнийг би сонсоод хаалгыг онгойлгож юу яриад хүнийг пизда нахуугаар нь доромжлоод байгаа юм ерөнхийдөө бол чиний өөрийн чинь ажил гэж хэлсэн чинь Е чамайг бол материалаар тоглуулж байгаа чи ажлаа хийж чадахгүйгээс болж ажил удааширч байгаа пизда минь эндээс зайлаарай гэж хэлсэн. Би тэгэхээр нь Е-г чи ямар сүртэй шээс вэ гэж хэлсэн чинь над руу гартаа барьсан байсан балаа шидээд босч ирээд миний эрүү хэсэгт цохисон. Би цохиулаад газарт унасан чинь миний цамцны малгайнаас татаж дарж байгаад нүүр хэсэгт хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Эхлээд өшиглөхөд миний хамар хэсэгт өшиглөөд дараа нь өшиглөхөд нь миний зүүн чихний урд хэсэгт туссан. ...надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй... Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 265.000 төгрөгний хохирол учирсан баримтгүйгээр 36.000 төгрөгийн хохирол учирсан. Цаашид гарах эмчилгээний зардалд эмнэлэгт өдрийн 85.000 төгрөгөөр 14 хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна. Би Есүхэйгээс 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...Толгой эргээд босч явж чадахгүй байна. Эрүү хөндүүртэй, хамрын дээд хэсэгт хавдаж, цус гарсан байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэн өөр нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8, 15 тал/

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр барилгын материалаас болоод маргалдсан. Би явж ороод няравт хандаж яагаад бараа цагтаа ирэхгүй удаад байгаа вэ гэж хэлсэн. Би энэ хүний өөдөөс хараал хэлж доромжилж байгаагүй. ...Гэтэл Е босож ирээд барьж байсан балаа над руу шидээд нүүр рүү цохисон. Би тэр үед тэнцвэр алдаад газар унасан. Газар унасан байхад Енамайг дээрээс өшиглөсөн. Энэ хүнтэй өмнө ямар ч өс хонзонгийн сэдэл байхгүй. Шууд босч ирээд л намайг зодсон. Толгой дээрээс дарж байгаад нүүр рүү өшиглөсөн. ...Надад эмч хэлэхдээ цаашдаа унаж татдаг өвчтэй болох магадлал 60-аас дээш хувьтай байна гэсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй. Би эмнэлэгт хэвтэх боломж байгаагүй. Би хавтас хэрэгт баримтаар байгаа 700.000 гаруй төгрөгөө нэхэмжилж байна. Мөн цаашид хувийн эмнэлэгт хэвтэхэд 850.000-1.200.000 төгрөгний зардал гарна гэсэн, хэдэн ч удаа хэвтэн эмчлүүлж магадгүй. Би гомдолтой байна. ...Есүхэйгээс 15.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А та нар дандаа материалаа хасч өгдөг. Танай агуулахад ядаж л цаасны хутга байхгүй гэх мэтээр доромжилж эхэлсэн. Тэгээд А Е-г хонцын шээсээ гэх мэтээр хэлээд Е бас уурлаж өөдөөс нь хэл амаар доромжилж байгаад А  өрөөнөөс гарсан. Тэгээд гадаа гарчихаад Е-г хонцын шээсээ гэхээр нь Е нараас нь энэ муу одоо юу гээд байгаа пизда вэ гээд араас нь гарсан. Би өрөөнд юм бичиж сууж байгаад барилцаж аваад ноцолдож эхлэх чимээнээр Х нар гараад би араас нь гартал тэр хоёр газар унаад зууралдсан байсан. А би цагдаа дуудна миний хамрыг гэмтээчихлээ гээд байсан удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 11-12 тал/,

 

            Гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ярилцаж байхад А танай агуулахад ганц ширхэг цаасны хутганы ир байхгүй биз дээ та нар дандаа дутуу бараа татаж өгдөг гэж хэл амаар доромжлоод маргалдсан. Тэгээд А гараад явахад нь Е нараас нь чи битгий агуулахаар яваад бай дараа  нь олон долоон юм яриад байх юм пизда чинь гэж хэлтэл А эргэж орж ирээд чи дандаа хүнийг пизда наахуугаар дууддаг муу лалар гэж хэлээд газар байсан. ...А ...муу хонцын шээс гэж хэлээд доромжилсон тэгтэл Е уурлаад гараад барилцаад авсан. Чи яахаараа хүнийг хонцын шээс гэдгийн гээд барилцаж авахад манай нутгийнхан тэгж хэлдэг юм, тэгж хэллээ гээд чи яах юм гээд маргахаар нь үүдний ойролцоо байсан Г боль гээд дундуур нь ороод салгахаар нь би өрөөнөөс гартал Г тэр хоёрыг салгасан байсан ба очоод хартал А газраас босож ирж байсан. А-н хамрынх нь дээд хэсэгт шалбарсан харагдаж байсан. Тэгээд дахиж барилцаж аваагүй, ингээд удаагүй цагдаа ирсэн ба 103-ийн түргэний эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” /хх-ийн 13-14 тал/,

 

            Гэрч М.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эргэж хаалга онгойлгоод А ах Е-тэй хоорондоо хараалын үгс хэлэлцээд нохой, лалар, гичий, гэх мэт үгсийг хоёулаа бие бие рүүгээ хэлж байсан. Е тэр өрөөнөөс гарч А ахтай барьцалдаж аваад үүдэнд давхардаад газар хоёулаа уначихсан хөл нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21- ний өдрийн 2779 дугаартай шинжээчийн “Э.А ийн биед зовхи хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт эрүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, оочинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/

 

Шүүгдэгч Э.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн ажиллаж байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сандей-2 худалдааны төвд Инженерүүдийн өрөөнд байж байсан. Тэр үед гаднаас манай барилгын ажлыг гүйцэтгэгч компаний инженер А орж ирээд захиалсан бараа материал дандаа дутуу ирж байна гэж надтай хэрүүл хийж эхэлсэн. ...А намайг хэл амаар доромжилж хонцын шээс гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Тэгэхээр нь би энэ муу пизда юу гээд байгаа юм бэ гээд араас нь гарсан чинь над руу жижиг хуйлсан бээлий шиг зүйл шидэхээр нь би уурандаа А-г зүүн гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод бид хоёр ноцолдож хоёулаа газарт унасан. Тэр үед манай хоёр инженер салгаж хоёр тал руугаа болоод байж байсан чинь А намайг дахин хэл амаар доромжлоод байхаар нь би цамцнаас нь доошоо татаж нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Би шинжээч эмчээс гаргасан дүгнэлтүүдийг уншиж танилцсан дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөрийг төлөх гэсэн боловч хохирогч шүүхээр шидүүлнэ гэсэн. Хохирогч намайг хонцын шээс гэх мэтээр хараагаад уг үйлдэл эхэлсэн. Би шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг хохирогчид учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Л.Е нь хохирогч Э.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Лазер Мед эмнэлгийн томографийн шинжилгээний хариу, гар бичвэртэй баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн бичиг, тархины цахилгаан бичлэг /хх-ийн 51-56 тал/, хохирлын баримтууд /хх-ийн 57 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирлын баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 34 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 тал/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 36 тал/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 37 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, Шинжлэн ухаан технологийн их сургуулийн бакалаврын диплом /хх-ийн 42, 44 тал/, ... ХХК-ний ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 43 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 45-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Е-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 9-10, 17 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Л.Е, хохирогч Э.А  нар нь үл ялих зүйлээс шалтгаалан хоорондоо маргалдаж эхэлсэн байх ба улмаар шүүгдэгч Л.Е нь хохирогч Э.А ийн зовхи хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт эрүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, оочинд цус хуралт гэмтэл

учруулжээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Л.Е хохирогч Э.А ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2779 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ. 

 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэрэгт 265.050 төгрөг баримтаар гарган өгчээ. /хх-ийн 57 тал/ Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр хохирол хор уршигтай холбоотой эм тариа авсан 411.585 төгрөгийн баримтыг шүүхэд гарган өгсөн.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Е-с хохиролд тооцож 676.635 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.А-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Мөн хохирогч Э.А  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, цаашид н эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.     

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Е нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгчийг ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж, шүүгдэгч Л.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Л.Е-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Е-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Е Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч Л.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Е-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Е-ээс хохиролд тооцож 676.635 /зургаан зуун далан зургаан мянга зургаан мянга зуун гучин таван/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.А-д олгосугай

5. Шүүгдэгч Л.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч Э.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Е-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА