| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0057/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2020-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 60
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Хохирогч Б.Э-О
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Дийн Т-д холбогдох 2016000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, ам бүл 1, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, Говь-Алтай аймаг, Дэлгэр сум, Баянхонгор багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ00000 регистрийн дугаартай, Х овогтой Д-ийн Т
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Т 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн нутаг дэвсгэрт иргэн М.Б-той “Гүйцэж түрүүлэх үедээ осол гаргах шахлаа" хзмээн маргалдаж ноцолдох явцад нь салгаж, болиулах гэсэн хохирогч Б.Э-Оы толгой, ууц, нуруу хэсэгт нь урт нарийн төмрөөр олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь "зүүн чихний ар хэсэгт шарх, цус хуралт, баруун хөх, зүүн дал, зүүн хөх, зүүн далны доод хэсэг, зүүн ташаанд толгойд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: : 2020 оны 06 дугаар сард хохирогч Б.Э-Оы зээ дүү Ц эмнэлэгт хүргээд өгөөч ах аа. Бие өвдөөд үхэх нь байна гэж хэлсэн. Би маргааш явах байсан бөгөөд би өнөөдөр явахгүй. Чи маргааш надтай явахгүй юу даа гэж хэлсэн чинь өнөөдөр явмаар байна гээд байсан. Цыг аваад явсан. Явж байх замд урд явж байсан машин удаан яваад байсан. Хэн юм бол гэсэн чинь Энхээ эгч байна гэж хэлсэн. Аймаг руу яаралтай явж байсан учраас зөв талаар нь тойроод өнгөрөөд явсан. Гэтэл 2 замын уулзвар дээр буруу тал руу шахаж орж ирсэн. Би яасан аймаар юм бэ? гээд нөгөө тийшээ шахсан чинь хажуугаар гараад явсан. Цагаан тоос татуулж давхиж явсаар түрүүлж очсон байсан. Би дэлгүүрийн үүдэн дээр зогссон чинь тэнд зогссон. Та 2 дүрэм мэддэггүй юм уу? Яагаад араас буруу талаар дайрч орж ирээд байгаа юм бэ? Зөв талаар нь явж болдоггүй юм уу? гэж хэлэхэд нөхөр нь хуцваа чи гэж хэлээд намайг цамцны захаар боогоод заамдаж авсан. Б.Энх-Отгон надад чи гүйцэж түрүүлж чадаагүйдээ хорсоод байгаа юм уу? гэж хэлсэн. Нөхөр нь намайг боож байхад түүхий эдийн грушик Содоо гэдэг залуу ирж салгаж авсан. Гэтэл над руу Б.Э нөхөртэйгээ хамт бүлэглэж дайраад байсан. Би хаваржингаа 250 ямаагаа ганцаараа самнасан учраас 2 хүнийг байтугай данхтай цайгаа өргөж чадахгүй байгаа. 2 хүнийг дийлэхгүй учраас төмөр бариад авах юм бол эмэгтэй хүн айгаад цаашаа зугтаана гэж бодсон. Гэтэл зугтаах бус хоёулаа бүлэглэж дайраад байсан. Миний өмсөж байсан хувцсыг урсан байсан. Хоёулаа над руу дайрч байхад Содоо ирж салгасан. Гэтэл Б.Э над руу чулуу шидсэн. Том чулуу шидэх гэхэд нь араас нь хүн ирээд чулууг нь авсан. Дахиад чулуу аваад шидэхэд миний хавирган дээр оносон. Дахиад дайраад байхаар нь хүйснийх нь дээд хэсэгт хөлөөрөө жийгээд өөрөөсөө хөндийрүүлээд чи холдоочээ, цаашаа яв гэж хэлсэн чинь чамаар алуулна гээд дайраад байсан. Содоо миний барьсан төмрийг авсан. Би Содоод чи Б.Энх-Отгоныг бариад байж бай. Би хөдөлье гэж хэлсэн. Гэтэл Б.Энх-Отгон миний машины хамар дээр гарчихаад чи дайрч ал гээд хэвтээд байсан. Би Содоогоор бариулж байгаад зөөлөн ухарч байгаад явсан гэв.
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Т манай зээтэй явж байсан. Бид нар хойно, урдаа ороод явж байсан. 3 салаа зам байсан бөгөөд хамгийн урд талд Д.Б, хамгийн хойд талаар нь бид 2 явж байсан. Машины хар шилний цаанаас нь хүн даллаад байсан. Бид хэн юм болдоо. Чи бид хоёрын таньдаг хүн явж байгаа юм байх даа. Зэрэгцэж очоод харъя гээд харсан чинь энэ хэд явж байсан. Манай дүү Ц бие нь сул. Цн бие өвдөөд энэ хэд хамт явж байгаа юм байлгүй. Эмнэлэг явж байгаа юм байна гэж хоорондоо яриад өнгөрөөд явсан. Бид хүргэнийхээ хашааны үүдэн дээр зогссон. Дэлгүүрийн үүдэн дээр Д.Быг зогсож байна гэхээр Цтой уулзах гээд очсон. Бид 2 зодно гэж огт бодоогүй. Цтой уулзъя. Яасан юм бол. Бие муутай юм чинь эмнэлэг орох ажилтай явж байгаа байх гээд очиж зогсоод дөнгөж түлхүүрээ хариулж байсан чинь Д.Б гарч ирээд мэнд ус ч мэдээгүй, учиргүй цохиод байсан. Энэ чинь юу болж байна аа. Салгахаас гээд гарч ирсэн. Тэр өдөр халуун байсан. Миний нүүр ам чинэрээд даралт ихтэй байсан. Би машинаасаа буугаад дундуур нь орсон. Д.Б машиныхаа хойд талын хаалгыг онгойлгож байсан. Тэгэхээр нь би энэ 2 салчихсан байна. Овоолдоо гээд дэлгүүр лүү оръё гэж бодоод эргэж байсан машиных нь хаалга таг гээд хаагдсан. Миний чихэн дээр тог гээд төмрөөр цохисон. Би шүүгдэгчийг машиныхаа ар тал руу орох гэж байгаа юм байлгүй гэж бодсон. Огт тийм зүйл бодоогүй. Би чихээ дарсан чинь миний гар цус болсон. Би шүүгдэгчийг яаж байгаа юм бэ? гэж хэлсэн. Би тухайн үед янз бүрийн зүйл хэлснээ үгүйсгэхгүй. Намайг хэд хэд цохиод байхаар нь амь авраарай гэж орилсон. Тухайн үед Ц, Б 2 машинаасаа буухгүй суугаад байсан. Та нар буугаач. Намайг авраач гэж орилсон. Манай нөхөр, манай зээ 2 хоёулаа буугаад ирсэн. Буянтогтох бууж ирээд төмрийг нь салгаж байсан. Дэлгүүрээс хүмүүс гарч ирээд төмрийг нь авсан. Шүүгдэгч надад чамайг гүйцээнэ, ална гэж хэлээд байсан. Тэгж хэлэхээр нь би ал чи гэж хэлээд машиных нь хамар дээр нь гарсан. Намайг залуучууд барьж авсан. Хүмүүст цагдаа дууд гэж хэлсэн боловч цагдаа дуудаагүй. Би өөрөө алхаж цагдаад дээр очсон. Эхлээд очиход цагдаа байгаагүй. Дараа нь буцаад очсон чинь цагдаа байж байсан Цохисон төмрийг нь хүмүүс аваачиж өгсөн. Зогсож байсан чинь шүүгдэгч ирсэн. Бид хоорондоо хэрэлдэж, маргалдаад байсан чинь цагдаа эмнэлэг рүү явж цусаа тогтоо. Эмчид үзүүлж ир гээд явуулсан. Шүүгдэгч үлдсэн. Ийм зүйл болсон. Ямар ч мэнд мэдэхгүй, нэг нутаг орны хүмүүс байж ингэж болохгүй. Бид үе тэнгийн, нэг дор өссөн Намайг зодчихоод дараа нь ганц удаа утсаар яриагүй, ирж уулзаагүй. Уучлаарай гэж гуйгаагүй. Надад өс хонзон ихтэй юм уу? гэж бодож байгаа юм. Бидний хооронд ямар ч хэрүүл маргаан болоогүй. 2 машин зэрэг зогссон. Мэнд ус мэдээгүй. Бууж ирээд манай нөхрийг цохисон. Нөхөртэй маргалдсан байж болно. Хажууд нь зүгээр салгах гээд байж байсан хүнийг том төмөр бариад цохиж болохгүй. Дараа нь ирээд уучлаарай гэх юм бол би уучилна. Би гомдолтой байна. Би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэнэ. Би тухайн үед эмнэлэгт очиж үзүүлэхэд миний даралт 200 хүрсэн байсан. Нэгэндээ өс хонзон хадгалж, дахин дахин нэгнийгээ зодоод байх юм бол цаана нь Монгол Улсын хууль гэж байдаг байх. Бид хуульд захирагдаж л таарна. Ирж уулзаад эсхүл утсаар яриад бие чинь яаж байна вэ? гэж асууж болно. Би их зовсон. 2 хоног гэртээ хэвтэж байгаад аргаа бараад сумын эмнэлэгт хэвтсэн. Хүнээс уучлалт гуйж сурах хэрэгтэй. Бид 60 нас хүрэх гэж байгаа нас тогтсон хүмүүс. Би эмнэлгээр явна. Зардал мөнгийг нь яах вэ? Бид зардал их зүйл авах гээд байгаа зүйл байхгүй. Би гарсан зардлын баримтаа цагдаа, шүүхэд өгсөн. Би шуналтай хүн биш. Намайг хохироосон нь үнэн. Хэрэв миний даралт буухгүй, бие өвдөөд байх юм бол цаашид хохирол нэхэмжилнэ. Би хүнд муу зүйл санадаггүй. Шүүгдэгчийг ирэх байх гэж зөндөө харсан гэв.
Д.Тын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 55 см урттай,
цагаан өнгийн төмрийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн
тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8-рт/
Хохирогч Б.Эны мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...Манай нөхөр Быг ямарч шалтгаангүй, гараараа хэд хэд цохиж авахаар нь би машинаасаа буугаад салгах гэсэн чинь Б машин дотроосоо урт цагаан өнгийн төмөр гаргаж ирээд миний чих, толгой, дал, гуя руу мал тууж байгаа юм шиг цохисон. Энэ үед гудамжинд явж байсан манай сумын Содоо, Э нар ирж намайг салгасан. Ингээд би хэсгийн төлөөлөгчид болсон асуудлын талаар мэдэгдээд сумын Эрүүл мэндийн төв орж эмчээр зүүн чихний арын хэсэгт 4 оёдол тавиулсан. Мөн биеийн ил, далд хэсгүүд хөх няц болсон байгаа ...төмөр цагаан өнгийн трубагаар миний зүүн чихний ар хэсэгт нэг удаа цохисон, баруун хөх, зүүн хөх, зүүн далны доод хэсэг, зүүн ташаан толгой орчим тус тус нэг удаа цохиж зодсон ...Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/
Гэрч М.Буянтогтохын мөрдөн байцаалтад өгсөн "...Д.Т машин дотроосоо урт цагаан төмөр гаргаж манай эхнэр Эны толгой руу цохиж харагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 21-рт/
Гэрч Ц.Сийн мөрдөн байцаалтад өгсөн "...Миний харсанаар Т урт цагаан төмрөөр Э эгч рүү далайж байхыг харсан цохихыг нь хараагүй. Харин намайг Төртогтохын гарнаас төмөр авахад Э эгчийн зүүн чихний ар хэсгззс нь цус гарч байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22-рт/
Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтад өгсөн "...Т гартаа урт цагаан төмөр барьчихсан Э эгчийн нуруун дундуур цохисон. Харин хажууд нь Б ах хэрэлдээд байж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 23-рт/
Гэрч Х.Цын мөрдөн байцаалтад өгсөн "...Хаанаас ч юм бүү мэд Т гартаа урт цагаан төмөр барьчихсан Энхээ эгчийг цохисон чинь Энхээ эгч орилоод намайг салгаач авраач гээд надруу орилоод тэр хавиар нэг юм болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны
06 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаартай "...1. Эны биед зүүн чихний ар
хэсэгт шарх, цус хуралт, баруун хөх, зүүн дал, зүүн хөх, зүүн далны доод хэсэг, зүүн
ташаанд толгойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо 3. ШЭХГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх
дүгнэлт /хх-ийн 33-34-рт/
Д.Тын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Т 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн нутаг дэвсгэрт иргэн М.Бтой “Гүйцэж түрүүлэх үедээ осол гаргах шахлаа" хэмээн маргалдаж ноцолдох явцад нь салгаж, болиулах гэсэн хохирогч Б.Эны толгой, ууц, нуруу хэсэгт нь урт нарийн төмрөөр олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь "зүүн чихний ар хэсэгт шарх, цус хуралт, баруун хөх, зүүн дал, зүүн хөх, зүүн далны доод хэсэг, зүүн ташаанд толгойд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан “хохирогч Б.Эы мэдүүлэг, гэрч М.Б, Ц.С, Ц.Э, Х.Ц нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 216 дугаартай дүгнэлт, Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Т үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Хохирогчийн нотлох баримт гаргаж өгсөн 170.655 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Д.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх 102-рт/ байх бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй тул улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 55 сантиметр урттай цагаан өнгийн төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Дийн Тыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаад шүүгдэгч Д.Тоос 170.655 төгрөг гаргуулж хохирогч Б.Эд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 55 сантиметрийн урттай цагаан өнгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА