| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2016/06117/И/ |
| Дугаар | 00563 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 00563
“Баян уул сити” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05696 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Баян уул сити” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Визард констракшн” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21 435 495 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
14 989 869 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Ганбаатар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян уул сити” ХХК нь 2014 онд “Визард констракшн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Визард констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн Хуучин Зайсан, 10 дугаар хаус, 2 дугаар ээлжийн орон сууцны барилгуудын гадна болон дотор өрлөг, шаврын ажлыг 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гүйцэтгэж, гэрээний хавсралтад заасан нэгж м.кв талбайн ажлын хөлсийг тооцож, мөн гадна 36 м.куб өрлөгийг 1 м.кубыг 65 000 төгрөгөөр бодож тохиролцсон. Дээрх 2 орон сууцны барилгын ажлын нийт хөлс 86 916 270 төгрөгийг “Визард констракшн” компани төлөхөөс 57 579 295 төгрөгийг авсан. Гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг ажил бүрийн дараа ажил хүлээлцсэн хуудас, хяналтын хуудсаар бүрэн баталгаажсан байдал зэргийг үндэслэн олгохоор тохиролцсон. Гэтэл “Визард констракшн” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 25-наас хойш ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 21 435 495 төгрөгийг төлөөгүй байна. Ажлын хөлсөө удаа дараа шаардсан боловч захирал, нягтлан нь олддоггүй, өнөөдөр, маргааш тооцоо бодно гэсээр өнөөдрийг хүрлээ. Дээр дурдагдсан орон сууцны хоёр барилга 2015 оны 5 дугаар сард бүрэн ашиглалтад орсон. Иймд “Визард констракшн” ХХК-иас ажлын хөлс 21 435 495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 онд “Баян уул сити” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах 198 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын, мөн гэрээ байлгуулалгүйгээр Хан-Уул дүүрэг, хуучин зайсан дахь 10 дугаар хаусын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын өрлөг шаврын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. “Баян уул сити” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн хуучин зайсан дахь 10 дугаар хаус, 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэсэн акт, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэсэн акт, Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын 2014 оны 8 дугаар сарын 14-нөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх ажил гүйцэтгэсэн акт, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэсэн актууд, “Баян уул сити” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.9-д заасныг тус тус үндэслэн нийт хийсэн ажлын тоо хэмжээ түүний төлбөрийг харуулсан байдаг. Үүнээс гадна тус компани нь “Баян уул сити” ХХК-д баримтаар нийт 61 409 295 төгрөгийг төлсөн байна. Хоёр компани хоёулаа хяналтын инженертэй, “Баян уул сити” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг шалгах явцад ажлын доголдол, чанарын шаардлага хангахгүй байдлууд нилээдгүй илэрч, зөрчлийг фото зургаар бэхжүүлэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийт 5 568 057 төгрөгийн акт үйлдсэн байна. 2 тал гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “Б талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж буулгасан буюу дахин хийсэн ажлын материал, механизм, бусад зардлыг туслан гүйцэтгэгч талаар төлүүлэх эрхтэй” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 350 дугаар зүйлын 350.1.6, 350.1.7-д зааснаар уг актын дүнг “Баян уул сити” ХХК нь хариуцах ёстой. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Баян уул сити” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын өрлөг, шаврын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэрээний дагуу “Баян уул сити” ХХК-д 66 409 295 төгрөгийг төлсөн. Гэвч гүйцэтгэгч талын хүлээлгэн өгсөн ажлын үр дүнгийн доголдлоос үүсэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийт 5 568 057 төгрөгийн акт тавигдсан. Тус орон сууцны 147 тоотын гадна хана цуурсны улмаас нийт 275 000 төгрөгийн зардал гарсан. 114, 117, 118, 120, 130, 147, 153 тоот захиалагч нарын зүгээс байрны м.кв-ийн зөрүү гарсан гэсэн. Шаардлага тавьсан. Энэ нь зөвхөн барилгын гадна хананы өрлөг муруй, багана, дам нурууг бариулж өрөөгүйгээс үүсэх тул эдгээр захиалагч нарт м.кв-ын зөрүүд нийтдээ 16 798 000 төгрөг төлсөн. Нийт гүйцэтгэгчийн ажлын үр дүнгийн доголдлоос учирсан хохирол, доголдлыг арилгахад шаардагдсан зардал, ажлын үр дүнг шалгах явцад тавьсан акт зэрэг нь 22 641 057 төгрөгөөс өмнөх ажлын хөлсний үлдэгдэл болох 7 651 188 төгрөгийг хасч үлдэгдэл 14 989 869 төгрөгийг “Баян уул сити” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч тал нь захиалагчийн бүх хяналт доор ажлаа гүйцэтгэж, актаар гарын үсэг зурж хүлээлцэж байсан. Гүйцэтгэгчийн хувьд ажлыг 2014 оны 11 дүгээр сараас өмнө хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш ямар нэг доголдлын талаар яригдаж байгаагүй. Энэ талаарх баримт байхгүй. Харин “Визард констракшн” ХХК-ийн дангаараа үйлдсэн 5 568 057 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн барилгын ажлыг “Баян уул сити” ХХК нь гэрээнд заасан бүх ажлаа хийж дуусгасан ба үүнийг нь улсын комисс акт үйлдээд хүлээгээд авсан учраас энэ хохирлын асуудлаа өөрсдөө хариуцах естой. 192 айлын орон сууцны 7 айлын байрны талбайн дутуу байснаас 16 798 000 төгрөг төлсөн гэжээ. Өрлөг шаврын ажлаас болж талбайн зөрүү гарсан байх боломжгүй. Тийм учраас хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Визард констракшн” ХХК-иас 16 815 348 төгрөг гаргуулж, “Баян уул сити” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 620 147 төгрөгийн нэхэмжлэл болон “Баян уул сити” ХХК-иас 14 989 869 төгрөг гаргуулахыг хүссэн “Визард констракшн” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 127 төгрөг, хариуцагчаас төлсөн 232 900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Визард констракшн” ХХК-иас 242 026 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Баян уул сити” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батмагнай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч “Визард констракшн” ХХК-иас 16 815 348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Баян уул сити” ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа дараах тооцооллын алдаа гаргасан. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрт “Визард констракшн” ХХК нь “Баян уул сити” ХХК-тай 2014 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн хуучин зайсан, 10 дугаар хаус, 2 дугаар ээлжийн орон сууцны барилгуудын гадна, дотор өрлөг шаврын ажлыг гүйцэтгүүлэх, шавардлага, өрлөгийн ажлын хөлсийг 65 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирчээ гэж үзсэн байна. Тухайн шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч “Баян уул сити” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил, түүний үнэлгээ /НӨАТ ороогүй дүнгээр/, “Визард констракшн” ХХК-ийн нэхэмжлэгчид төлсөн нийт дүн зэргийг бодон нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээг гаргасан байна. Уг нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг гаргахдаа доор дурдсан аргачлалаар гаргасан гэж үзлээ. Үүнд:
1. Гүйцэтгэгчийн буюу “Баян уул сити” ХХК-ийн Баянгол дүүргиин 6 дугаар хороо, 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 8 дугаар сарын 14-нөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны хугацааны ажлыг захиалагч гүйцэтгэгч баталгаажуулсан гүйцэтгэлээс 57 294 945 төгрөг.
2. Гүйцэтгэгчийн буюу “Баян-Уул сити” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 10 дугаар сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 11-ний хугацааны ажлыг 1 тоот ажил гүйцэтгэх актаар баталгаажуулсан 11 622 672 төгрөг.
3. Хан-Уул дүүргийн Хуучин Зайсан, 10 дугаар хаусын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс 2014 оны 9 дүгээр сарын 15-ны хугацааны ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны болон 2014 оны 10 дугаар сарын 13-ны 1 тоот ажил гүйцэтгэх актаар баталгаажуулсан 9 307 026 төгрөг.
Гэвч шүүх шийдвэртээ шавардлага, өрлөгийн ажлын хөлсийг 65 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирчээ гэж үзсэн атлаа 36 см ханын өрлөгийн ажлыг 65 000 /НӨАТ орсон дүн/ төгрөгөөр тооцчихоод мөн давхар тухайн хананд хийгдсэн 1229.6 м.кв шаварыг ажлыг нэмэн 10 000 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ тооцож нийт дүнг гаргасан нь алдаатай байна гэж үзлээ. Энэ тохиолдолд 36 см-ын хана нь өөрөө м.куб-ээр хэмжигддэг, ханын шаврын ажлын хэмжээ нь м.кв-аар хэмжигддэг тул уг хэмжээс нь зөрүүтэй гардаг болно. Мөн Хан-Уул дүүргийн Хуучин Зайсан, 10 дугаар хаусын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс 2014 оны 9 дүгээр сарын 15-ны хугацааны ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны болон 2014 оны 10 дугаар сарын 13-ны 1 тоот ажил гүйцэтгэх актаар баталгаажуулсан дүнг бодохдоо алдаж 9 169 866 төгрөг гарах байсныг 137 160 төгрөгөөр илүү тооцсон байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг тооцоолон гаргахдаа доор дурдсан аргачлалаар гаргах нь зүйтэй байсан. Үүнд:
1. Гүйцэтгэгчийн буюу “Баян-Уул сити” ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 8 дугаар сарын 14-нөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны хугацааны ажлыг захиалагч гүйцэтгэгч баталгаажуулсан гүйцэтгэлээс 46 228 545 төгрөг,
2. Хан-Уул дүүргийн Хуучин Зайсан, 10 дугаар хаусын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс 2014 оны 9 дүгээр сарын 15-ны хугацааны ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны болон 2014 оны 10 дугаар сарын 13-ны 1 тоот ажил гүйцэтгэх актаар баталгаажуулсан 9 169 866 төгрөг,
Дээр дурдсан тооцооллын дагуу нэхэмжлэгч “Баян-Уул сити” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 8 дугаар сарын 14-нөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны хугацааны ажлыг захиалагч гүйцэтгэгч баталгаажуулсан гүйцэтгэлийн 46 228 545 төгрөгийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 10 дугаар сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 11-ний хугацааны ажлыг 1 тоот ажил гүйцэтгэх актаар баталгаажуулсан 11 622 672 төгрөгийн, Хан-Уул дүүргийн Хуучин Зайсан, 10 дугаар хаусын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгад 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс 2014 оны 9 дүгээр сарын 15-ны хугацааны ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны болон 2014 оны 10 дугаар сарын 13-ны 1 тоот ажил гүйцэтгэх актаар баталгаажуулсан 9 169 866 төгрөгийн, нийт 67 021 083 төгрөгийн /НӨАТ-гүй дүн/ ажил гүйцэтгэсэн болох нь харагдаж байна.
Иймд хариуцагч “Визард констракшн” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч “Баян-Уул сити” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт нийт 67 021 083 төгрөг байснаас 61 409 295 төгрөгийг төлсөн бөгөөд үүний зөрүү болох 5 611 788 төгрөгийг төлөх нь зүйтэй гэж үзэн шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар заасан 16 815 348 төгрөгөөс 11 203 560 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Бид “Визард констракшн” ХХК-иас ажлын хөлсөнд одоогийн байдлаар 57 579 295 төгрөг аваад байна. Ажлын хөлсний үлдэгдэл 21 435 495 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн атлаа хийсэн ажлын нийт дүнг 86.96.270 /НӨАТ-тай дүн/ төгрөг хэмээн тавьсан байгаа нь нийт үнийн дүн таарахгүй байсан бөгөөд зарим шаардлагаасаа татгалзсан уу, багасгасан уу гэдгийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05696 дугаар шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Баян уул сити” ХХК нь хариуцагч “Визард констракшн” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21 435 495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 14 989 869 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Зохигчид 2014 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “Баян уул сити” ХХК нь орон сууцны барилгын гадна, дотор өрлөг, шаврын ажлыг 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч “Визард констракшн” ХХК нь /блок/ ажлын гүйцэтгэлийн үнээр ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-7 дугаар тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг талууд “ажил гүйцэтгэх акт”-аар тодорхой тохирч, гүйцэтгэгч “Баян-Уул сити” ХХК Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 192 айлын 2-р ээлжийн орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн Хуучин зайсан, 10-р хаус, 2-р ээлжийн орон сууцны барилгуудад гадна, дотор өрлөг, шаврын ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй байна.
Талууд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 192 айлын 2-р ээлжийн орон сууцны барилгын өрлөг шаврын ажлын үр дүнд 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр акт үйлдэж 57 294 945 төгрөгийн ажил, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр акт үйлдэж 11 622 672 төгрөгийн ажил, мөн Хан-Уул дүүргийн Хуучин зайсан, 10-р хаус, 2-р ээлжийн орон сууцны барилгын өрлөг шаврын ажлын үр дүнд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр акт үйлдэж 9 307 026 төгрөгийн ажил тус тус хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч “Баян уул сити” ХХК-ийг 78 224 643 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 8, 14-15, 21 дүгээр тал/
Хариуцагч “Визард констракшн” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 192 айлын 2-р ээлжийн орон сууцны барилгын өрлөг шаврын ажлын үр дүнд 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр актаар хүлээж авсан 57 294 945 төгрөгийн ажлын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, доголдолтой байсан гэж маргасан байх боловч энэхүү татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Захиалагч “Визард констракшн” ХХК-иас ажлын хөлс 61 409 295 төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон, талууд маргаагүй байх тул анхан шатны шүүх гүйцэтгэсэн ажил 78 224 643 төгрөгөөс дээрх төлбөрийг хасч, үлдэх 16 815 348 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч “Визард констракшн” ХХК нь ажлын үр дүнг доголдолтой болохыг баримтаар нотлоогүй, барилгын зураг төсөлд тусгагдсанаас барилга өөрөөр баригдсан нь захиалагчийн хяналттай холбоотой, туслан гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас ханын өрлөг муруй болсон байх үндэслэлгүй, ажлын гүйцэтгэлийг захиалагч хүлээн авсан гэж дүгнэж хариуцагчийн 14 989 869 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ