Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2017/ДШМ/84

 

 

                                                         С.У-д холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай     

              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтанцэцэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2017/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.У-д холбогдох, эрүүгийн 1719000380025 дугаартай, 1 хавтас, 140 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сайншанд суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний хиймэл шүдний техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сайншанд сумын 1 дүгээр баг, ............5-В тоотод оршин суудаг, 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2475000 төгрөгийн торгох ялаар, 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах хугацаа тогтоож байсан, Боржигон овогт С-ын У /РД:ЕЭ71091662/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч С.У нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт буюу Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд хохирогч Ц.ССгийн толгойн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Сүрэндуламын Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У нь 500000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч С.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Угаас 96150 төгөргийг гаргуулж хохирогч Ц.ССд олгож, хохирогчийн 36500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хяналгүйгээр шийдвэрлэлээ гэж үзэж байна. С.Угийн хувьд тухайн өдөр ганцаараа явж байсан байдаг, болсон зүйлийнхээ талаар мэдүүлэхдээ: ... ССтэй таараад мэндэлсэн, намайг гаръя гэсэн, гараад машинд нь суухад шууд хөдөлсөн, хөдлөөд цагдаагийн урдуур ороод Анагаахын сургуулийн урд очоод нэг хүн рүү залгасан. Тэгсэн тэр хүн нь хүрээд ир гэж хэлсэн, СС би Уг дагуулаад очиж байна гэж хэлсэн, тэгээд байдал бишдэж байна гэж бодоод шууд цагдаа дуудсан чинь СС чи өөрийгөө “Замураа” гэж хэлэхгүй юу гэхээр нь би “чи тэгвэл өөрөө тэгж хэл” гэхэд СС миний утсыг булаагаад авсан. Эгчийнхээ гадаа очоод зогсонгуут нь би машинаас буугаад зугтсан гэсэн мэдүүлэг.

Хохирогч ССгийн мэдүүлэгт: ... У намайг харсанаа өөдөөс ирээд миний машинд суусан. Тэгэхээр нь эгч Сарантуяа руу залгаад У машинд суугаад буухгүй байна гэсэн чинь хүрээд ир гэхээр нь би очих гээд явж байсан чинь У намайг “чи хөдөө очиж зодох гэсэн юм уу” гээд миний толгой руу барьж байсан гар утсаараа зүүн чихний ар талд нэг цохихоор нь би утсыг нь булаагаад авсан чинь гараараа миний толгой руу 1 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-7/ байдаг.

Тухайн  өдөр хохирогч ССтэй  хамт явж  байсан  Манлайбаярыг хэрэгт

гэрчээр асуусан байдаг боловч У, СС нарын мэдүүлэгтэй холбогдуулан асууж тодруулсан зүйлгүй байдаг ба насанд хүрээгүй гэрч Манлайбаярын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа нь эргэлзээтэй байна. Хохирогч СС нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн байдаг ба яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээс харахад ССгийн биед ил харагдах гэмтэл бэртэл байхгүй. Хохирогчийн дотор муухайрна, салганана гэсэн тэмдэглэл бичиж оношийн үндэслэл хэсэгтээ тархи доргилт гэсэн байдаг ба хийгдэх эмчилгээнд ч эмийн эмчилгээ тодорхой тусгагдаагүй байна. Хохирогч анхан шатны шүүх хуралдааны өмнөхөн гаргаж өгсөн эмчилээ хийлгүүлсэн гэх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эмийн баримт нь хэрэгт авагдсан баримтаар эмчилгээтэй, эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байсан. Тухайн эмчилгээ нь учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ мөн эсэх нь нотлогддоггүй. Эдгээрээс харахад хохирогчийн биед учирсан гэмтэл нь үндэслэлтэйгээр оношлогддоггүй. Уг оношийг бүрэн бодитойгоор нарийн мэргэшлийн эмч оношилсон зүйлгүй байдаг. 2 хоногийн дараагаар үзэж, дүгнэлт гаргасан шинжээч эмчийн дүгнэлт ч гэсэн тухайн үед учирсан гэмтлийн зэргийг бүрэн бодитойгоор тогтоогоогүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Угийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хүсэлтээ гаргасан. Хүсэлтэд машины руль баруун талдаа байсан. Хүүхэд зүүн талд, хүүхдийн ар талд У сууж явсан, гар утсаа гаргаад цагдаад дуудлага өгөх гэж гаргаж ирсэн. Утсаа гаргаж байхыг хүүхэд харах ямар ч  боломжгүй. Хүүхэд намайг утсаа гаргаад шууд цохисон мэтээр ярьж байгаа нь хэргийн үйл баримтанд итгэл үнэмшлээр мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй, харагдахгүй байна гэдэг байдлаар хүсэлтээ гаргаж байсан. Ийм ч үүднээс анхан шатны шүүх хуралдаан дээр хүүхдийг оролцуулах хүсэлт гаргаж байсан. Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогчийг үзсэн мэтээр бичсэн байсан. Шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд энэ талаар тодорхой байдаг. Шинжээч эмчийн асуусан асуумжаас харахад тархи доргилтыг зовиураас нь гадна үзлэгээр илэрсэн шинж тэмдэгийг үндэслээд тавьдаг. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч талаас эмчилгээний баримтыг гаргаж өгснийг Угаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. 96150 төгрөгийн баримт нь 2017.09.13-ны өдөр хохирогч нь эмнэлэгт үзүүлээд эмчилгээ авсан байдаг. Уг хөнгөн зэргийн гэмтлийг өөрөө 2017.08.07-ны өдөр авсан гэж хэлдэг. 1 сар гаруйн дараа эмчийн бичгийг авсан байхад анхан шатны шүүх ямар байдлаар дүгнэж 96150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Анх үзсэн яаралтай тусламжийн хуудсанд хохирогчийн хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай баримт бичигдээгүй байдаг. Үүнээс харахад уг гэм хорын хохирол төлбөрийг Уд хариуцуулан гаргах нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байх тул хэргийг хянан үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  У нь  утастай  гараараа  хохирогчийн толгойн тус газар нь 2 удаа цохисон гэдгийг гэрч гэрчилдэг. Хамт явсан хүү Манлайбаяр нь хохирогчийн хүүхэд байсан. Утсыг нь хохирогч булааж аваад цагдаагийн байгууллагад өгчихсөн талаар хавтаст хэрэгт байгаа. Гэмтлийн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ч ярьдаг. Гадна харагдах сорви шархгүй л бол хөнгөн гэмтэл биш гэж үзэхгүй. Тархи доргилтыг яаж тодорхойлдог юм бэ гэхээр тархи доргилтыг үндэслэж хөнгөн гэмтэл тогтоогдлоо гэсэн эмчийн дүгнэлт байгаа. 96150 төгрөгийн баримт байгаа. Үүний ар талын хуудсан дээр тухайн эмч ямар эм тариа хэрэглэх талаар бичиж өгсөн байгаа. Хөнгөн зэргийн гэмтэл байгаа ч гэсэн үлдэц, зовиур нь хэдийд нь арилж дуусах  юм бэ,  энэ хугацаагаар

тодорхойлогддог учраас авсан эмийн нэрээр нь хараад 14 хоногийн дотор эмчлэгдэх ёстой юм байна гэж үзэж болохгүй. Он сар нь зөрүүтэй гэж яриад байж магадгүй. Эмийн сангуудад очоод эм авахаар и-баримт өгдөг. Сүүлд нь нотлох баримтыг шүүхэд өгөхөд и-баримтыг нотлох баримт гэж үзэхгүй. Тэгэхээр зарлагын паданыг сүүлд нь авч баримтаа бүрдүүлсэн байж болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх боломжтой тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  У нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт буюу Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд хохирогч Ц.ССгийн толгойн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон, нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдож байгаа гэж үзэж байгаа. Тухайн үед болсон хэргийн талаар хохирогч цагдаагийн байгууллагад мэдээлсэн ба шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар нь утсаар цохиж улмаар утсыг нь булааж авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн газар хандаж анхны тусламжийг авсан. Түүний хүү болох Манлайбаяр цуг явсан. Гэрч өөрийнхөө үзсэн, харсан асуудлын талаар хэлж ярьж хавтаст хэрэгт мэдүүлсэн. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэлж дүгнэсэн байгаа. Ийм учраас шүүгдэгч Угийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс Уг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Урнаа нь хохирогч Ц.Сумъяасүрэнгийн автомашинд орж суун түүнтэй маргалдаж улмаар толгойн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Ц.Сумъяасүрэн, түүнтэй хамт явсан 7 настай хүү С.Манлайбаяр нарын мэдүүлгүүд, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар гаргасан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 268 тоот шинжээчийн дүгнэлт, дүгнэлт гаргасан шинжээч Э.Анхбаярыг байцаасан тэмдэглэл, эмчийн эмчилгээ бичсэн баримт, эмийн зарлагын баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шинжээч хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн онош, дүгнэлт гаргахдаа хохирогчийн биеийг үзэж дүгнэлт гаргасан нь шинжээчээр байцаагдсан тэмдэглэл /хх-ийн 35-37/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/  зэргээр тус тус тогтоогдож байх тул хохирогчид учирсан гэмтэл нь бодитой байна гэж үзлээ.

Хохирогчийн 7 настай хүү С.Манлайбаяр нь болсон үйл баримтын талаар мэдүүлснийг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэрэг гарахад хамт байсан ганц гэрч нь С.Манлайбаяр хүү байх тул анхан шатны шүүх түүний мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлтэй болсон.

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байна.

 Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь хүнд биш, гэм буруугийн хэр хэмжээнд нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах,  7 настай хүүхдийн мэдүүлгийг үнэлсэн нь эргэлзээтэй гэх давж заалдсан гомдлууд үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2017/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                                                                       

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                  Т.БЯМБАЖАВ

                                                                                                      А.САЙНТӨГС