Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0591

 

“С” ХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 642 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “С” ХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 642 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.8-д заасныг баримтлан “С” ХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 059288 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт /зөрчлийн хэргийн материал/, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй зөвхөн гомдол гаргагчийн гаргасан тайлбарыг үндэслэж, захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

“С” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “хууль зүйн туслалцаа авах” хүсэлттэй танилцаад хүсэлтийг нь бүрэн хангасан. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Г.Б нь өмгөөлөгчөөс туслалцаа авах, өмгөөлөгчтэй ирж мэдүүлэг өгөх зэрэг эрх нь нээлттэй байсан. Гэвч холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1, 3.3-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй, энэ үүргээ гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгч биелүүлээгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад шийтгэл оногдуулсан шийдвэрийг “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрх нь зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0059288 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХК-ийг улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр албан шаардлагыг биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн хэмээн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Уг шийтгэлийн хуудсыг “С” ХК-иас эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... манай зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасаар байтал улсын байцаагч бие даан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, торгуулийн арга хэмжээ ногдуулсан ... хуульд заасны дагуу манай компанийн хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй” гэж тодорхойлон маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0137360 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХК-ийг “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан, үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч“... “Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай” А/128 дугаар тушаалаар бараа, бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлсэн шийдвэрээ 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор хүчингүй болгох”-ыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр албан шаардлагыг хүргүүлсэн, “С” ХК-иас уг албан шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлэх боломжгүй талаараа 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04/1520 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдсэн байна.  

Анхан шатны шүүх “... эрх бүхий этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил мөн, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа “... уг албан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учруулсан хохирол тодорхойгүй байсан байх тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байсан гэж үзнэ” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь гомдол гаргагч “С” ХК-ийг гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл үүсэхгүй байх үүргээ биелүүлээгүй хэмээн торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлтэй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, уг шийтгэлийн хуудсыг үндэслэн албан шаардлага хүргүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, биелүүлэх боломжгүй талаараа мэдэгдсэн, үүнээс үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдож байх бөгөөд уг зөрчилд шийтгэл ногдуулахад хохирол учруулсан байхыг шаардахгүй.

            Нэгэнт гомдол гаргагчаас албан шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн буюу дээрх хуульд заасан зөрчил нь тогтоогдож буй энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчаас зөрчил нь ил тодорхой гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн хэрэгт авагдсан зөрчлийн материалаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05/1812 дугаар албан бичгээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу мэдүүлэг өгөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж ирүүлэхийг мэдэгдсэн”-ий дагуу “С” ХК-иас Г.Б-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, улмаар Г.Б-аас хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасны дагуу хариуцагч улсын байцаагчаас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авч, тайлбар, мэдүүлэг гаргах эрх нь нээлттэй байсан байна.

Гэтэл гомдол гаргагчаас дээрх эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.3-д “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж зааснаар хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээрх байдлаар улсын байцаагч хуульд заасан хугацаанд зөрчлийг шалган шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх “... гомдол гаргагчийн хууль зүйн туслалцаа авах эрх нь зөрчигдсөн, ... зөрчилд дахин зөрчлийн хэрэг нээх, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хариуцагч байгууллагын эрхийг хязгаарлахгүй” гэх мэтээр хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “С” ХК-ийн гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0059288 дугаар шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН