Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 11

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б

Хариуцагч: А аймгийн Ө сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймгийн Ө сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаар шийдвэрээр А аймгийн Ө сумын Дойт баг, Мухар цагаан гэх нэртэй газарт Үр тарианы зориулалтаар 020500233 нэгж талбарын дугаар бүхий 300 га газрыг А.Б 15 жилийн хугацаатайгаар засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу олгосон.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан цагаас хойш тус сумын төрийн албан хаагчдын хариуцлагагүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхгүй, нутгийн иргэдийн танхайрлаас шалтгаалан, уг газар дээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж чадалгүй өнөөдрийг хүрч, ихээхэн хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироод байна. Уг газрын кадастрын зураг дээрхи солбилцлыг тухайн үед газрын даамал байсан Б анх буруу бичиж өгснөөс 2012-2015 онуудад удаа дараа өөрсдөө болон, Улаанбаатар хотоос кадастрын мэргэжлийн байгууллага хөлслөн аваачиж солбилцлыг хайлган нэлээд хэмжээний үргүй зардал гаргасан ... 2015 оны 07 дугаар сарын эхээр уринш хийж эхлэн 20 орчим га талбайд химийн уринш хийгээд байтал тэр хавьд нутагладаг П гэгч эмэгтэй 6 залуу дагуулан ирж хадлангийн талбайгаа хамгаална гэж айлган сүрдүүлж ажлыг зогсоосон. 2016 оны 6 дугаар сарын 20-нд талбай дээрээ очин ажлаа эхэлж, 30 орчим га-д химийн уринш хийгээд байтал, дахин урд жилийн байдал давтагдаж П тэргүүтэй хүмүүс ирж эсэргүүцэн ажил зогсоосон. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай хүмүүс очиж, 40 орчим га талбайд уринш хийгээд байтал багийн засаг дарга С нь 4 хүн дагуулан ирж, эсэргүүцэн, бусад малчдаа дуудаж авчирна, бүр олуулаа ирнэ гээд явсан байна. Ингээд орой нь олон хүмүүс ирж, хэрүүл маргаан гарсан тул аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга, аймгийн цагдаагийн газрын дарга зэрэг хүмүүсийн утсыг олж холбогдон, гомдол гаргаж, аймгийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсний дагуу сумын цагдаа ирж манай ажлыг зогсоож, цугларсан хүмүүсийг тараасан ба ажил хийхээр очсон хүмүүс маань цагдаагийн албан хаагчийн зөвлөсний дагуу, ойролцоо тариа тарьж байгаа У-н гадаа очиж хоноглосон.

Нутгийн иргэдтэй учраа ололцохоор, 2015 оны 9 дүгээр сард тэр хавийн хүмүүсийг хадлангаа авч байх үеийг нь тааруулан очиж уулзан, “... улаан буудайн тариалалт хийхдээ та нарт ногоон тэжээл тарьж өгъе, учир зүйгээ олцгооё..'' гээд газрын бүх бичиг баримтаа үзүүлтэл бүгд эсэргүүцэн хэл амаар доромжлон, зарим нь "... тэгвэл 100 сая төгрөг өг” гэж хашхиран хэрүүлийн шинжтэй юм болоод үр дүнгүй өнгөрсөн.

2016 оны 1 дүгээр сард бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа тухай гомдлоо сумын засаг дарга А, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга О нарт гаргасан боловч засаг дарга А ямар ч арга хэмжээ авч хариу ирүүлээгүй. Харин аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас уг газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа талаар 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 117 тоот албан бичиг, мөн Өгийнуур сумын засаг даргад хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 116 тоот албан бичгийн хуулбарыг тус тус ирүүлсэн болно. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, засаг даргын Тамгын газар, газрын даамалд хаяглан уг газрын асуудалтай холбоотой тайлбарыг хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирүүлээгүй.

А.Б миний зүгээс уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой лавлагааг орон нутгийн засаг захиргааны байгууллагаас авах, аливаа шийдвэр гарсан, тохиолдолд холбогдох шийдвэртэй танилцаж албан ёсоор хуулбарлуулан авах эрхийг Б.А-д 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр итгэмжлэн олгосон юм. Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, миний газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон А аймгийн Ө сумын засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай захирамжтай танилцуулж албан ёсоор хуулбарлан өгсөн байв. Ийнхүү Б.А-с уг захирамжийн баталгаажсан хуулбарыг надад ирүүлснээр, миний газар эзэмших эрх хүчингүй болсон талаар мэдлээ.

А аймгийн Ө сумын засаг дарга н.А нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай, Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг гаргахдаа, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд заасан Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэг буюу Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу, хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хэрэгжүүлэлгүй, оролцогчийн эрхийг хаан боогдуулсан зэргээр хуулийг ноцтой зөрчлөө.

А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн а/40 дүгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжид: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйчийн 40.1, 40.1.6 дахь хэсэгт  заасныг үндэслэсэн нь миний, уг газрыг эзэмших нөхцөл байдлын хувьд ямар ч үндэслэлгүй тул уг захирамжийг хууль бус гэж үзэж байна. Учир нь газрын төлбөрийг, 2011-2017 он дуустал бүрэн гүйцэд төлсөөр ирсэн бөгөөд энэ нь банкны төлбөрийн баримтаар нотлогдож байна.

А.Б миний бие, газар дээрээ үйл ажиллагаа явуулахад саад болсон дээрх хүчин зүйлүүдийг, тухайн газраа 2 жил дараалан бүрэн ашиглах боломжийг алдагдуулсан, хүндэтгэн үзэх хангалттай шалтгаан гэж үзэж байна. Иймд А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн А.Б надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө, Б.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б-с 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан байсан, хоёрдугаарт газар эзэмших эрхийг цуцлах гэж байгаагаа газар эзэмшигч А.Б-д мэдэгдээгүй. Түүнчлэн сумын Засаг даргаас А/40 дугаартай захирамжийг гаргахдаа бусад байдлаар хууль зөрчсөн асуудал байгаа. Мөн А/40 дугаартай захирамжийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн заалтууд нь үндэслэлгүй байна. 

Газрын координатын цэг, газрын солбилцлыг тодорхой болгохын тулд нэхэмжлэгч талаас сумын Засаг захиргааны байгууллага болон Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад солбилцлын зөрүүтэй асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсан. Тийм учраас Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж кадастрын зургийг анх хийсэн Геокад гэдэг компаний мэдээллийг авч Улаанбаатар хотод байх байгууллагаас кадастрын зургийг гаргуулж авсан байдаг. Энэ асуудлаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж хүсэлт гаргаж, ийм асуудал байна гэж газрын байршлыг заалгаж, тухайн газар дээр нь тэмдэглэлээ хийлгэж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газрынхаа байршлыг мэдэж авсан.

Үүнээс хойш нэхэмжлэгч талаас тухайн газар дээр үйл ажиллагаа явуулахаар очиход нутгийн иргэдийн эсэргүүцэл, хууль бус үйлдлээс шалтгаалан газар эзэмших эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээний хөрөнгө хүч зарцуулж тодорхой ажиллагаа хийсэн. Энэ ажиллагаа хийх болгон дээр аймгийн Цагдаагийн хэлтэс, сумын удирдлагууд, аймгийн Засаг дарга, Захиргааны байгууллагад гомдол, хүсэлт гаргаж ирсэн боловч өдий хүртэл асуудлыг шийдээгүй байсан. Эдгээр асуудлыг шийдээгүй байсан учир А.Б-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдгийг мэдэгдээгүй, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд тухайн газар эзэмшигч буюу барьцаалагчид нь мэдэгдэх ёстой гэсэн үүргээ биелүүлээгүй байсан. 

А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захирамж нь Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс буюу 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гарсан байдаг. Энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн мэдэгдэх сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй. Гуравдугаарт Сумын Засаг даргын А/40 дугаартай захирамж гарахдаа бусад байдлаар хууль зөрчсөн асуудал байна. Үүнд Захиргааны ерөнхий хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн учир энэ хуульд нийцсэн байх шаардлагатай. А/40 дугаартай захирамжийг гаргахдаа сумын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим буюу 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн бодит, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын урьдчилан мэдэгдэж оролцох оролцоог хангах, эдгээр зарчмыг хэрэгжүүлээгүй. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 42.2-д захиргааны акт хаяглагдсан этгээдийн овог нэр, эцгийн нэр байх ёстой, 42.3-д захиргааны акт бий болох бодит үндэслэлийг заах, 42.4-д заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гарах хугацаа болон хэнд гомдол гаргах гэж байгаа асуудлыг зааж өгөх, 40.4-д заасан захиргааны акт нь шаардлага бүхий бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой гэсэн заалтуудыг зөрчсөн. 

Дөрөвдүгээрт А/40 дугаартай захирамжинд Газрын тухай хуулийн заалтууд байдаг. Үүнд А аймгийн Ө сумын А/40 дугаартай захирамжинд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмших, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 41.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтуудыг үндэслэл болгосон байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 41.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэдэг дээр А.Б-ын зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байтал цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн газрын төлбөр төлж байсан талаар тодорхой баримтуудыг хэрэгт хавсаргасан байдаг. Иймд төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. 

Захиргааны акт гарсан бол Захиргааны актыг мэдэгдэнэ. Хүргүүлсэн юм уу гэхээр хүргүүлээгүй. Утсаар факсаар бусад хэлбэрээр үзүүлсэн зүйл байхгүй. Нөгөө талаараа Ц гэх хүн энэ асуудлыг аваад явсан гэж хэлдэг. Өнөөдөр хариуцагч нь Ц биш. Ц гэх хүнд гэрээг авах үүрэг ч байхгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Тийм асуудлыг Газрын харилцааны байгууллагаас тавиад байгаа нь хууль зөрчсөн асуудал  учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч А аймгийн Ө сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг газрыг анх 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дуудлага худалдаагаар 500 газрыг үр тарианы зориулалтаар Д.Ц ялагч болж эзэмшсэн боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 86 тоот захирамжаар 200 га газрыг нь Ж.Д-д шилжүүлсэн. 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128 тоот захирамжаар 300 га газрыг А.Б-д шилжүүлсэн байдаг. А.Б шилжүүлсэн үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан 300 га газрын кадастрын зураг дээрхи солбицол буруу байна гэсний дагуу автокад программ дээр шалгаж үзэхэд тухайн үеийн хэрэглэж байсан автокадын зургийн солбицолтой таарч байсан нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байсныг харуулж байна.

2015 оны 06 дугаар сард А.Б ирээгүй Д.Ц Засаг даргын тамгын газарт ирж газрын даамал Г.У-тай уулзсан. Тухайн өдөр хойшлуулж болохгүй албан ажилтай байсан учраас газар дээр нь очих боломжгүй байсан ба хуулийн хугацаа дууссан байсан тул тухайн газрыг зааж өгөх шаардлагагүй гэж үзсэн.

Сумын засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 38 тоот албан бичгээр тус газрыг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй. Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 д заасны дагуу 2017 оны 7 сарын 03-ны өдрийн а/40 дүгээр захирамжаар тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож тухайн өдөр газрын даамал Г.У, байгаль орчны хянаптын улсын байцаагч Ж.Б, Дойт багийн засаг дарга Д.С нар Дойт багийн Цахиуртын хоолой гэдэг газарт очиж Д.Ц-д танилцуулж хуулбарыг өгөхөд аваагүй. 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Д.Ц, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.А нар дээрх захирамжийг бичиг хэргийн эрхлэгч М.О-с хуулбарлан, хуулбар үнэн гэсэн тамга даруулан баталгаажуулж авсан. Д.Ц нь А.Б-д 2011 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 128 тоот захирамжаар дээрх 300 га газрыг шилжүүлснээс хойш зориулалтын дагуу газраа ашиглаагүй мөн 2015 он хүртэл газрын байршлаа заалгах гэж ирээгүй болно. Энэ нөхцөл байдал нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн а/40 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болсон гэж үзэж байна. Иймд иргэн А.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзсан. Татгалзсан үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтын дагуу хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн А.Б-д газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гарах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлсэн боловч захирамжийг гартал ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй, өөрөө ч ирж уулзаагүй. Захиргааны акт гарсан байхад мэдэгдээгүй гэж хэлж байна. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмшигчийг тухайн газар дээрээ байна гэсэн мэдээллийн дагуу манай Газрын даамал Урантүлхүүр, байгаль орчны улсын хяналтын байцаагч Ж.Б,  Дойт багийн засаг дарга нар захирамжийн нэг хувийг танилцуулж нэг хувийн өгөх гэсэн чинь аваагүй байдаг. 

Энэ хэрэг дээр А.Б гэх хүн огт явахгүй байгаа, харин Ц гэх хүн өөрөө 500 га газар эзэмшиж байсан гэж хэл ам хийгээд хөөцөлдөөд яваад байдаг.  2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ц гэх хүн А.Б-ыг төлөөлж ирсэн захирамжийн хуулбарыг хувилж авна гээд хэл ам гаргаж, маргаан үүсгэж байгаад Газрын даамал Урантүлхүүр, байгаль орчны улсын хяналтын байцаагч Ж.Б нартай хамт бичиг хэргийн эрхлэгч О дээр орж захирамжийг хуулбарлаад хуулбар үнэн гэсэн тэмдгийг дарж өгөөд явуулсан байдаг. Энэ талаар У, Б нар гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Ингэж мэдэгдсэн байхад мэдэгдээгүй, захирамжийн нэг хувийг уншиж танилцчихаад захирамжийг аваагүй байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.3-т тухайн актыг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын  10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл шүүхэд гомдол гаргах хугацаа нь дууссан гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн А.Б-с А аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан “А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Газар эзэмших эрхээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэгжүүлээгүй гэх үндэслэлийн тухайд: 

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Аймгийн 2008 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 10 дугаар тогтоолын хавсралтаар Өгийнуур сумын Дойт баг Мухар цагаан /атаршсан тариалангийн газар/ 500 га газрыг үр тарианы зориулалтаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр байршил, хэмжээг тогтоосон байна. /х.х-н 58-71/

 

Ийнхүү А аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 82 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны ялагчаар тодорч ялагчтай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлсэн иргэний газар эзэмших эрхийг хавсралтаар баталж, иргэн Д.Ц-д тус сумын Дойт баг, Мухар цагаан гэх газар Үр тарианы зориулалт бүхий 500 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд иргэн Ж.Д болон А.Б нартай Д.Ц-ийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай 86 дугаар захирамжийн хавсралтаар иргэн Д.Ц-ийн эзэмших эрх бүхий 500 га газраас 200 га газрыг иргэн Ж.Д-д, 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 128 дугаар захирамжийн хавсралтаар иргэн Д.Ц-ийн эзэмших эрх бүхий /үлдсэн/ 300 га газрыг иргэн А.Б-д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна. /х.х-н 79-105, 112-115/,

А аймгийн Ө сумын Газрын даамлын 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр иргэн А.Б-ын эзэмших эрх бүхий Дойт баг, Мухар цагаан гэх газарт байрлах 300 га газрын кадастрын цэг, захын цэгүүдийн  координатыг тогтоосон байна. /х.х-250/

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас: “ ... Уг газрын кадастрын зураг дээрхи солбилцлыг тухайн үед газрын даамал байсан Б анх буруу бичиж өгснөөс 2012-2015 онуудад удаа дараа өөрсдөө болон, Улаанбаатар хотоос кадастрын мэргэжлийн байгууллага хөлслөн аваачиж солбилцлыг хайлгасан ... Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж кадастрын зургийг анх хийсэн Геокад гэдэг компаний мэдээллийг авч Улаанбаатар хотод байх байгууллагаас кадастрын зургийг гаргуулж авсан байдаг. Энэ асуудлаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж хүсэлт гаргаж, ийм асуудал байна гэж газрын байршлыг заалгаж, тухайн газар дээр нь тэмдэглэлээ хийлгэж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газрынхаа байршлыг мэдэж авсан ...” гэж тайлбарласан байх бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: “ ... А.Б-д шилжүүлсэн үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан 300 га газрын кадастрын зураг дээрхи солбицол буруу байна гэсний дагуу автокад программ дээр шалгаж үзэхэд тухайн үеийн хэрэглэж байсан автокадын зургийн солбицолтой таарч байсан” гэж үгүйсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 40  дугаар зүйлд зааснаар шүүхээс нотлох баримт цуглуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан “Геокад” ХХК-ий инженер М.Б-н үйлдсэн Өгийнуур сумын Дойт баг, Мухар цагаан гэх газар иргэн Ц-ийн эзэмшиж байгаа 300 га газрын кадастрын зураг, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн мэргэжилтэн Б.О-н 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулсан зураг /нэгж талбайн 020500233 дугаар, А.Б-ын эзэмших эрх бүхий Өгийнуур сум, Дойт баг Мухар цагаан гэх газар байрлах 300 га газар/, гэрч Ж.Б-н мэдүүлэг: “ ... энэ гурван зурагтай танилцлаа, координатын цэгүүд зөрүүтэй байна ... солбилцлийн цэг яагаад зөрсөн талаар би тодорхой сайн мэдэхгүй байна” гэх, гэрч Г.У-н  мэдүүлэг: “ ... солбилцлийн цэг зөрүүтэй байгаа нь газрын байршилд зөрүү гарна ...” гэх, гэрч Ч.О-н мэдүүлэг: “ ... уг кадастрын зурагт авагдсан координатын цэгийг харахад цэг нь зөрүүтэй байна. Газрын байршил зөрөх магадлалтай ...” гэх, гэрч Б.О-н мэдүүлэг: “ ... захын цэг нь 31:52, 30:52 гэсэн байгаа нь хоорондоо нилээн зайтай, тооны машин дээр хийж үзэхэд ойролцоогоор 9500 метр орчим болж байна ...”гэх, шинжээч Г.Р-н дүгнэлт: “ ... 2012, 2015 онуудын кадастрын зурган дээр бичигдсэн солбилцлыг шинжилж үзлээ. Газрын даамлаар ажиллаж байсан Ж.Б-гийн 2012 онд гаргасан кадастрын зургийн солбилцол “Зэгст өндөр толгой” гэдэг газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын мэргэжилтэн Б.О-гийн 2015 онд гаргасан кадастрын зургийн солбилцол “Мухар цагаан” гэх газар бууж байна ... солбилцлын зөрүүтэй асуудлыг судлан үзэхэд тухайн үед ажиллаж байсан газрын даамлын хариуцлагагүй, санамсаргүй үйлдлээс болж зургийн эх файл хөдөлсөн байна ...” гэж, “Геокад” ХХК-ий 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 24/18 дугаар албан бичигт “ ... тухайн үед эзэмшигч нь мэдэгдэхгүй байсан Мухар цагаан гэх үр тарианы зориулалт бүхий 300 га газрыг иргэн А.Б энэ миний газар гэж хэлээд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр кадастрын зураг хийлгэсэн болно” гэж тус тус тайлбарлажээ. /х.х-н 120-132, 169-171, 204-211, 220, 223-224, 250/

Дээрх тайлбар, дүгнэлт, бичгийн нотлох баримтыг шинжлэн үзэхэд нэхэмжлэгч А.Б нь өөрийн эзэмших эрх бүхий 300 га газраа 2012-2015 оны хооронд үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй явдал нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалаагүй, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл анх тус газрын байршил, кадастрын зургийг тухайн үеийн газрын даамал зөрүүтэй гаргаж өгснөөс иргэн А.Б үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч, 2015 онд “Геокад” ХХК-д хандан кадастрын зургийг гаргуулан, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.О-гоор нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулснаар тус газрыг байршлыг зөвтгөн тогтоолгожээ./х.х-н 173-175, /

Иймд иргэн А.Б-г 2012-2015 оны хооронд өөрийн эзэмших эрх бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмших, ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. 

 

2. Ийнхүү 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эзэмших эрх бүхий газрын байршлыг зөвтгөн тогтоолгосноос хойш нутгийн иргэд саад учруулснаас болж үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх үндэслэлийн тухайд:

Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт зааснаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй байна. 

Нэхэмжлэгч А.Б-с 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.О-д газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан бүхий асуудлын талаар гомдол гаргаж, тус газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаар албан бичгээр “ ... таны Өгийнуур сумын Дойт баг Мухар цагаанд байршилтай 300 га газрын эзэмших эрх 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хүчинтөгөлдөр байгаа тул та газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой ... нутгийн иргэдийн хууль бус эсэргүүцэл танхайралтай холбогдолтой асуудлаар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана уу” гэх хариу хүргүүлжээ. Улмаар энэ талаар нэхэмжлэгч удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /х.х-н 137-143, 226-238/ 

Уг маргаан бүхий газартай холбогдуулан тухайн сумын иргэдээс өргөдөл гомдол гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар холбогдох нотлох баримт шүүхийн үзлэгээр гарч ирээгүй болно. 

Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт зааснаар Тариалангийн газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг баг иргэдийн Нийтийн хурлын санал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулах гэсэн хуулийн заалтыг хариуцагч тал хэрэгжүүлж ажиллаагүй байна. 

Түүнчлэн уг маргаан бүхий газар нь бусад газар эзэмшигч, ашиглагч нарын газартай  давхцаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” заажээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сумын засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар албан бичгээр иргэн А.Б-ын эзэмших эрх бүхий газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчид сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. /2-р х.х-н 71-74, 93-94/

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны зарчим 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 13 дугаар зүйлийн 13.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 15 дугаар зүйлийн 15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах; 25.1.3.шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах; 27 дугаар зүйл. Сонсох ажиллагааг явуулах 27.1.”Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. 27.6. “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 27.7.Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэж заасныг зөрчжээ. 

Тухайлбал, маргаан бүхий А/40 дүгээр захирамжийг гаргах болсон талаар иргэн А.Б-д сумын засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар албан бичгээр мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэр 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулийн зохицуулалттай бөгөөд уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нэхэмжлэгч А.Б-д хүргүүлсэн албан бичгийг дээрх хуулийн хүрээнд гарсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “ ... маргаан бүхий захирамжийн тухайд нэр бүхий хэдэн иргэдийн газрыг төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Энэ заалт нь иргэн А.Б-д хамаарахгүй ...” гэж тайлбарласан бөгөөд хэргийн оролцогч нар газрын төлбөр төлсөн эсэх, 2015 онд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хийсэн эсэх талаар хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

Маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн /иргэн А.Б-д холбогдох хэсэг/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалт нь газраа ашиглаагүй байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх гэсэн хоёр нөхцөлийг хангасан байхыг шаарджээ.

Нэхэмжлэгчийн тухайд дээрх үндэслэлүүдээр эзэмших эрх бүхий газраа 2 жил ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн А аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Л.А-г Ө сумын засаг даргаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр захирамжаар Л.А-г Ө сумын Засаг даргын үүрэгт ажлаас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрийн “С.Б-г Ө сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” Б/32 дугаар захирамжаар С.Б-г Ө сумын Засаг дарга томилогдох хүртэл хугацаанд Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн түр томилсон байна. Иймд Ө сумын Засаг дарга жинхлэн томилогдоогүй, түр орлон гүйцэтгэгч С.Б засаг даргын үүргийг гүйцэтгэж байх тул уг хэрэгт хариуцагчаар татах үндэслэл үүсэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.М-ыг оролцуулах тухай итгэмжлэл ирүүлсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Ө сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/40 дүгээр захирамжийн /1 дэх заалтын А.Б-д үр тарианы зориулалтаар 300 га газар хүчингүй болсонд тооцсугай гэх/ А.Б-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газар/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ОДОНТУЯА