Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00768

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03492 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00176 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ХХК, “Г” ХХК-д тус тус холбогдох,

Гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 12 174 460 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 2 934 044 төгрөг, нийт 15 108 504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, Б.Мөнхбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Э- нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Г” ХХК-тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, “Г” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор гэрээнд заасан орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон. Н.Э- орон сууцны үнийн 10 хувь буюу 10 956 960 төгрөгийг 2014 оны 06 сарын 04-нд “Г” ХХК-д бэлнээр төлж, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 217 500 төгрөгийг “Г” ХХК-ийн 2600075914 тоот дансанд тушааж, нийт 12 174 460 төгрөгийг төлсөн. “Г” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түмэн амгалан цогцолбор хорооллыг барих төслийг “Б” ХХК-д шилжүүлсэн. Бын гүйцэтгэх захирал Ц.Батбаяр нь “Г” ХХК-ийн гэрээний үүргийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулах шийдвэр гаргасан хэдий ч санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар нэг ч төгрөг төлөөгүй.

Иймд 12 174 460 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан алдангийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцоход 241 хоногт тооцоход 2 934 044 төгрөг, нийт 15 108 504 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т хараат болон охин компани нь толгой компанийхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийхаа өрийг хариуцахгүй гэж хуульчилсан. Охин компани “Г” ХХК-ийн өрийг хариуцахгүй. Энэ талаар ямар нэгэн гэрээ байхгүй. “Г” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн хүлээн авсан өдрөөс эхлэн хариуцна гэж тохиролцсон. “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.Чулуудайтай байгуулсан гэрээгээр хариуцлага, өр төлбөрийг хувьцаа эзэмшигч Б.Чулуудай хариуцахаар болсон. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 1.5-д гэрээ байгуулсан эрх бүхий байгууллагад худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн өдрөөс өмнө бусад иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээ хэлцлээс үүдсэн өр төлбөрийг Б.Чулуудай хариуцана, “Б” ХХК хариуцахгүй гэж заасан.

Иймд тус компани нь хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Чулуудайтай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр “Г” ХХК-ийн хувьцааг “Б” ХХК худалдан авч, “Г” ХХК нь тус компанийн охин компани болсон. Энэ гэрээгээр өмнөх бүх харилцаа, төлбөр тооцоог иргэн Б.Чулуудай хариуцахаар тохиролцсон гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03492 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-аас орон сууцны төлбөрт төлсөн 12 174 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 934 044 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 492.53 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 209 741.36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00176 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж, “Н.Э-ад олгож” гэсний дараа “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу тодорхойлоогүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхдээ алдаа гаргасан” гэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл байгаа гэж үзсэн боловч тус хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

“Б” ХХК болон иргэн Б.Чулуудай нарын хооронд байгуулсан “Г” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д Гэрээ байгуулсан буюу эрх бүхий байгууллагад худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн өдрөөс өмнө бусад иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээ хэлцлээс үүдсэн зөрчил, өр төлбөр, маргааныг Чулуудай хариуцахаар заасан заалт, буюу тус нотлох баримтыг үнэлж үзээгүй болно.

Иймд давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч “Б” ХХК, “Г” ХХК-иас  орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа үнэд төлсөн 12 174 460 төгрөгийг буцаан гаргуулах, алдангид 2 934 044 төгрөг тооцож, нийт 15 108 504 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсээгүй гэж, хариуцагч “Г” ХХК нь өөрийн компанийн хувьцааг 100% “Б” ХХК-д шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус тус зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч “Г” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд баригдах Түмэн амгалан цогцолборын С блокийн 9 давхарт 44,55 мкв талбайтай орон сууцыг захиалсан байна. “Г” ХХК нь орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж дуусган хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч “Г” ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй, орон сууцыг бариагүй, нэхэмжлэгч Н.Э- нь гэрээгээр заасан үүргийн дагуу 12 174 460 төгрөгийг төлсөн үйл баримтуудын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар гэрээнээс татгалзах, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасны дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх биш харин тодорхой хугацаанд үргэлжилдэг, урт хугацааны гэрээнд хамаардаг тул тухайн төрлийн гэрээнээс татгалзахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг анхаарах шаардлагатай.

Хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зохицуулсан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 221.5.-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог ба гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалж, ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг байна. Хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч “Г” ХХК нь татан буугдаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа ба компанийн хувьцааны өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн явдал нь тухайн компанийг гэрээгээр бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Энэ талаар хоёр шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангасан хууль зүйн үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00176 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН