Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 435

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Х-д холбогдох эрүүгийн 2005009080441 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энэрэлт их эрдэнэ” ХХК-д мужааны туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Монос 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0 байрны 0 тоотод түр оршин суудаг, /РД:/ урьд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Т овогт Б.Х.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Х нь 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” нэртэй зочид буудалд иргэн Х.Г-н биед халдан нүүрэн тус газарт нь гараа цохиж болон хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, дээд уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                Хохирогч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө би хүргэн Жасрай, Олноо болон эмэгтэй найз Мөнхтуяа нарын хамт модны хоёрын дунд замд байрлах Намуун гэх нэртэй зочид буудалд орж үйлчлүүлсэн. ...Намуун зочид буудлын ресейпшн бид хоёр маргалдаж байтал тухайн буудлын дээд давхраас 2 эрэгтэй хүн ирээд намайг “чи яагаад байгаа юм, эмэгтэй хүн дээрэлхэхээ болиоч” гэж хэлэхээр нь би тэр хоёр залууд хандаж “чамд хамаагүй” гэж хэлээд тухайн хоёр эрэгтэй хүнтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд би тэр 2 залуутай маргалдаж байгаад өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд “би бичлэг хийж байгаа шүү” гэж хэлтэл тэр 2 залуугийн туранхайвтар нь над дээр ирээд надтай ноцолдож байгаад намайг текний хажуу талын шатны харанхуй булан руу чирээд аваад явсан. Тэгээд харанхуй руу ороод байж байтал тухайн эрэгтэй миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Би тухайн эрэгтэйд цохиулаад газар уначихсан юм. ...Би босч ирээд камерын бичлэг байгаа эсэхийг асууж байтал нөгөө залуу орж ирээд буцаж буудал руу орж ирээд шатаар дээшээ гараад явсан. Надад учирсан бэртлийг тэр хоёр залуугийн туранхайвтар эрэгтэй нь ганцаараа учруулсан... Надад учирсан бэртлийг ...Хишигбат гэх залуу нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж газар унагаагаад газраас босох гэж байхад хөлөөрөө зүүн нүдний хавьцаа нэг удаа өшиглөж учруулсан. Надад цаашид хийлгэх эмчилгээ болон гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 48-49 тал/,

 Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нөгөө 2 залуугийн хар куртиктэй нь “чи яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ” гээд гар утсыг нь булааж авах гээд ноцолдоод, тэр 2 ноцолдсон чигээрээ ресейпшиний хажуу талын харанхуй булан руу орсон. Би үлдсэн нэг залууд нь хандаж наад хоёроо салгаач гэж хэлчихээд эргэж хараад цагдаад дуудлага өгсөн. ...дуудлага өгч дуусаад эргээд харахад нөгөө ноцолдож байсан эрэгтэй харанхуй булангаас гараад ирсэн. Тэр хоёр харанхуй булангаас гарч ирэхэд утсаар бичлэг хийгээд байх шиг байсан. Залуугийн уруулнаас нь цус гарчихсан тэгээд тэрийгээ надад харуулаад байсан. Ямар ч байсан уруулнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 тал/,

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-27 тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 3014 дугаартай “...Х.Г-н биед зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, дээд уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Уг гэмтлийнг аваад үйлдэл хөдөлгөөн хийнэ, амь насанд аюулгүй гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,

Шүүгдэгч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгтэл нөгөөх залуу гар утсаа гаргаж ирээд бид хоёрын бичлэгийг хийгээд байх шиг байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн эрэгтэй дээр явж очоод “чи яахаараа хүний бичлэг хийдэг юм, наадахаа устга” гээд гар утсыг нь авах гэхэд тухайн залуу гар утсаа өгөхгүй гээд бид хоёр ноцолдож эхэлсэн. Тэгээд би тухайн залуутай ноцолдож байгаад хажуу талын харанхуй булан руу явж ороод тухайн залуугийн нүүр рүү нь баруун гараараа хоёр удаа цохиод газар унахаар нь нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Ш намайг боль боль гэхээр нь би тухайн эрэгтэйгээс холдсон... Х.Г-н биед хөнгөн гэмтэл учирсан байсан. Тус гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Б.Х нь хохирогч Х.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү зан байдлын хувьд аливаад шударга хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг. Миний үгэнд маш сайн ордог... Манай дүү одоогоор ээжтэйгээ Ганданд нийтийн байр түрээслэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 67 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 69 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70 тал/, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 70 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-76 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 77-79 тал/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн “....” ХХК-ний тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Х-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 32-33 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Б.Х нь хохирогч Х.Г нар нь үл ялих зүйлээс буюу бичлэг хийлээ гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж эхэлсэн байх ба улмаар Б.Х нь хохирогч Х.Г-н биед зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, дээд уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл учруулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Б.Хишигбатын хохирогч Х.Г-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 3014 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.  

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд “надад цааш хийлгэх эмчилгээ байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул /хх-ийн 48-49 тал/ шүүгдэгч Б.Х-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж, шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Х-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг шүүхэд ирсэн бөгөөд энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тт овогт Б-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Х-д мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск-г хавтаст хэрэгт хадгалаж, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Х.Г гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА