Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 37

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч П.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт П-ын Х-т холбогдох 2016000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн,  43 настай, эрэгтэй, ам бүл 1, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Индэрт баг, 8 гудамжны 3-32 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДГ000000 регистрийн дугаартай, Х овогтой П-н Х

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Хнь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 3-33 тоотод оршин суух иргэн Ч.Оюуны монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 7-н хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн мөнгө 25.000 төгрөг хулгайлан авч, 175.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч П.Хшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би тухайн үед архи уусан байсан. Нэг мэдэхэд мөнгөн аяга авчихсан байсан. Бурхан дээр нь 25.000 төгрөг байсан эсэхийг мэдэхгүй байна. Байсан л гэж хэлсэн. Хохирлыг барагдуулж, дахиж тийм хэрэг хийхгүй гэж уучлалт гуйсан. Намайг биеийн байдал муу байгаагийн улмаас эмнэлэгт хэвтэж байх хооронд Лхагвадорж мөрдөгч мэдүүлэг авч шүүхэд шилжүүллээ гэж хэлсэн. Миний бие өвчтэй, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бөгөөд хагалгаанд ор гээд Улаанбаатар хот руу хөөж байгаа гэв.

.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12-рт/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-5-рт/

Хохирогч Ч.О-ы мөрдөн байцаалтад өгсөн "...Ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрт хулгай орж миний шинэ цагийн 7-н хэмжээтэй мөнгөн аяга, бурхны өмнө байсан 25.000 төгрөг алга болсон байсан. Тухайн үед манай бэр Б хэлэхдээ өглөө манай гэрт зүүн хашаанд байсан Х орж ирсэн. Тэр л орсон байх. Өдөр 2 удаа хашааны хаалгаар орж ирээд танай гэр рүү орох гээд байсан. Би хөөгөөд гаргасан гэж хэлсэн. П.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай гэрт ирж, манай бэр Бадамцэрэнгээс уучлалт гуйж шинэ цагийн 7-н хэмжээтэй шинэ мөнгөн аяга 1 ширхэг, 25.000 төгрөг өгөөд явсан байсан. Тухайн үедээ надаас уучлалт гуйх гэж хүлээж байгаад явсан гэсэн ...Би гомдол саналгүй учир шүүх хуралд оролцохгүй" гэх мэдүүлэг / хх-ийн 17-20-рт/

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...2020 оны 03 сарын  16-ны өглөө  10 цагт Хүрэлбаатар нь манай  гэрт согтуу орж ирж архи  нэхсэн гэтэл 2020 оны 03 дугаар сарын 27-нд Х нь өөрийн хамаатны дүү гэх нэг эмэгтэйн хамтаар манай гэрт ирээд надтай уулзаад Х нь би танай хадам ээжийн мөнгөн аягыг бурхны чинь өмнө байсан бэлэн мөнгөний хамт хулгайлчихсан юм гэж хэлэхэд цуг явсан эмэгтэй нь Х-ын 2 эгч нь танай хадам ээжийн хохирлыг барагдуулна. Цагдаад гомдолгүй гээд хэлээд өг гэж хэлсэн ...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед гэртээ байж байхад П.Х нь нэг эмэгтэй хүнтэй хамт ирээд уучлалт гуйгаад 1 ширхэг мөнгөн аяга, 25.000 төгрөг өгөөд явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 28-33-рт/,

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн "...Гэрт нь нэг эмэгтэй, эрэгтэй 2 хүн байсан. Ах мөнгөн аяга, бэлэн 25.000 төгрөг өгчхөөд намайг уучлаарай гэж хэлчхээд буцаад гараад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 39-рт/

"Ашид билгүүн" ХХК-ийн 2020 оны 04 сарын 11-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан / хх-ийн 53-54-рт/

Шүүгдэгч П.Х-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулсан...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-рт/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83-рт/, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/хх-84-рт/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх85-рт/, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-86-рт/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-87-90-рт/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг лавлах хуудас /хх-92-рт/, Өвчний түүх 105-109-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа дүгнэлтдээ: Шүүгдэгч П.Х-ын хувьд анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргээ ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйсан. Хэргээ хүлээн мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу оногдуулах ялыг 2 дахин багасгаж оногдуулах боломжтой. П.Х-н биеийн байдлын тухайд элэгний хорт хавдартай бөгөөд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 3-33 тоотод оршин суух иргэн Ч.О монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 7-н хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн мөнгө 25.000 төгрөг хулгайлан авч, 175.000 төгрөгийн хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан “хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ,  хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.О-ы мэдүүлэг, гэрч М.Б, Б.А нарын мэдүүлэг, шүүгдэгч П.Х-н мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг   нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Энэ нь эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч П.Х үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Иймд шүүгдэгч П.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч П.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах  орон байранд  нэвтэрч, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч П.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч П.Х нь элэгний хорт хавдартай, бие өвчтэй болох нь тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ялтныг ял эдлэхээс чөлөөлж болохоор зохицуулсан байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хавтгай дөрвөлжин хэлбэртэй цоожны даруулга 1 ширхэг, монгол цоож, түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.О-д  буцаан олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Хүрэлбаатар нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт П-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Хүрэлбаатарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3, 4-д зааснаар ялтан П.Хүрэлбаатарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Х-ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хавтгай дөрвөлжин хэлбэртэй цоожны даруулга 1 ширхэг, монгол цоож, түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.О-д  буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА