Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1021

 

 

 

 

 

 

     2020          06       02                                2020/ШЦТ/1021

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

 улсын яллагч А.Ариунаа,                       

 шүүгдэгч  Б.Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2006 01975 1082 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б.Б, Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн “Манхан” суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, “Мөнх-Ариун-Ундрах” ХХК-д шил наагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 875 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ургах наран” хорооллын 6-32 тоотод оршин суух иргэн Б.Даваапүрэвийн байрны вакум цонхыг янзалж байхдаа монетан бөгж 1 ширхэг, өрөөсөн алтан ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч Б.Б гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ургах наран” хорооллын 6-32 тоотод оршин суух иргэн Б.Даваапүрэвийн байрны вакум цонхыг янзалж байхдаа монетон бөгж 1 ширхэг, өрөөсөн алтан ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэний өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй, үнэхээр их гэмшиж байна” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Г.Ганбаярын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамт ажилладаг Бат-Эрдэний хамт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн “Ургах наран” хорооллын 6-32 тоот айлд цонхны ялаа, шумуулны тор хийлгэх дуудлагаар очсон. Тэгээд маргааш өглөө нь 99240573 дугаараас нэг хүн залгаад “та нар муусайн хулгайч манайхаас мөнгөн, аяга, алт, монетон эдлэл авсан байна. Та нарыг цагдаад өгнө” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй цагдаагийн газраас дуудсан. Би энэ чиглэлээр 8 жил ажиллаж байхад ийм зүйл урьд нь болж байгаагүй. Би урьд Цагдаагийн байгууллагад хүртэл ажиллаж байсан. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний бодлоор тэр айл нэг цонх нь чийхарч дуугараад байгаа болохоор уурлаад тэгсэн байх” гэх мэдүүлэг[2],

3. “Тод Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №934 дугаартай “Эд зүйлийн үнэлгээний тайлан”,[3]

4.  Хохирогч Б.Даваапүрэвийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Тухайн засвар хийсэн 2 эрэгтэй хүн эхэлж орж ирээд хамт том өрөө рүү ороод цонхоо үзээд залуувтар эрэгтэй нь унтлагын өрөөны цонхны хаалтыг хийхээр болсон. Тухайн засвар хийсэн өдрийн өглөө ээмэг, бөгж байсан. Юмаа хийж байх үедээ нэг нэгэн рүүгээ орж гарч байсан. Тэгэхээр ээмэг, бөгжийг тухайн 2 эрэгтэй хүнээс өөр авсан хүн байх үндэсгүй...” гэх мэдүүлэг[4],

-Хохирогч Б.Даваапүрэвийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэг өгсөн: “...Тухайн үед манай гэрээс 2 ширхэг монетон бөгж, алтан ээмэг хулгайд алдагдсан байсан. Харин манай гэрээс хулгай хийсэн залуу алтан өрөөсөн ээмэг, монетан бөгж 1 ширхгийг өөрөө сайн дураараа цагдаад авч ирж өгч, надад хүлээлгэн өгсөн. Мөн надаас ирж уучлалт гуйж, гэм буруугаа хүлээсэн тул миний хувьд санал гомдолгүй байна. Миний хохирол бүрэн барагдсан гэж үзэж болно...” гэх мэдүүлэг[5],

5. Шүүгдэгч Б.Б2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ургах наран” хорооллын 6-32 тоотод өөрийн ажлын ах Ганбаярын хамтаар байшингийн вакум цонхны ялаа, шумуулны тор 2 ширхгииг захиалгаар хийж өгч ажилласан. Ингээд би ажлаа хийж дуусгаад гарах гэтэл том өрөөний цонхонд хийсэн ялаа, шумуулын тор чийхарч дуугараад очиж үзчихээд буцах гэтэл хажуу талын шкап дээр 2 ширхэг шар өнгөтэй зүйл байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд би үүдэнд очиж ажлын хөлсний тооцоогоо аваад уг айлаас гарсан. Ингээд 2020 оны 04 сарын 04-ний өдөр Баянзүрх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс манай ажлын Ганбаяр ах бид хоёрыг дуудаж уулзсан. Тухайн үед Ганбаяр ахаас уг хэргийн талаар асууж тодруулан гэрчийн мэдүүлэг авч, надаас мэдүүлэг аваагүй явуулсан. Тэгээд минии хувьд үүнээс хойш бодсоны эцэст өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэр айлаас хулгайлж авсан шар өнгийн өрөөсөн ээмэг, шар өнгийн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг эрүүгийн мөрдөгч, цагдаагиин дэслэгч Г.Энхбаярт хүлээлгэн өгсөн. Миний тухайн айлаас дээрх эд зүйлсийг хулгайлж авсныг манай ажлын Ганбаяр ах мэдээгүй юм...” гэх мэдүүлэг[6] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Б.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, эд зүйлийг сайн дураар буцаан өгсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.Б.Бд анхааруулсугай.

            4. Шүүгдэгч Б.Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б.Бд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 25 дугаар тал

[4] Хавтст хэргийн 10-11 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 34 дүгээр тал