| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07511/И |
| Дугаар | 82 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 82
2017 оны 01 сарын 03 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00082 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 2г байрны 40 тоотод байрлах, /РД-5613132/ Моко хайвэй ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд хуучин ТЭХ захын хашаан дотор байрлах, /РД-2112663/ Ялгуусан ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 361,564,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Моко хайвэй” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2013.05.16-ны өдөр Ялгуусан ХХК-тай Даланзадгад-Мандалговь чиглэлийн 83 км хатуу хучилттай авто зам барих ажил гүйцэтгэхээр ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр Ялгуусан ХХК нь Зам тээврийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ерөнхий гүйцэтгэгч бөгөөд манай компани нь туслан гүйцэтгэгчээр тухайн ажлыг хийхээр тохиролцсон. 2014.12.10-нд ажил хүлээлцэх актаар 43 км замын ажлыг хүлээлгэн өгч, нийт 264,394,293 төгрөгийн ажил хийсэн. Уг төлбөрөөс Ялгуусан ХХК нь 2015 оны 9 сараас 2016 оны 2 сарын 28-ны хооронд 50,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 214,394,293 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс барьцааны суутгал 5 хувь буюу 49,056,746 төгрөг, торгууль 10 хувь буюу 98,113,492 төгрөг нийт 147,170,238 төгрөгийг суутгаж авсан боловч энэ мөнгийг манай компанид буцаан шилжүүлэх ёстой. Бид 2016.09.22-ны өдөр тооцоо нийлж нийт 361,564,532 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хэн аль нь харилцан зөвшөөрсөн болно. Ялгуусан ХХК нь Засгийн газраас санхүүжилт орж ирэхээр дээрх төлбөрийг төлнө гэдэг боловч ажил гүйцэтгэснээс хойш 2 жил гаруй хугацаанд төлбөрөө төлөхгүй байна. Иймд Ялгуусан ХХК-иас 361,564,532 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч 361,564,532 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 49,056,746 төгрөгөөр багасгаж үлдэх 312,507,786 төгрөгийг хариуцагч Ялгуусан ХХК 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 55,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 157,507,786 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Моко хайвэй ХХК нь хариуцагч Ялгуусан ХХК-д холбогдуулан 361,564,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч 361,564,532 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 49,056,746 төгрөгөөр багасгаж үлдэх 312,507,786 төгрөгийг хариуцагч Ялгуусан ХХК 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 55,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 157,507,786 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Моко хайвэй ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ялгуусан ХХК-д холбогдох 361,564,532 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 49,056,746 төгрөгөөр багасгаж үлдэх 312,507,786 төгрөгийг хариуцагч Ялгуусан ХХК 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 55,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 50,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 157,507,786 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,966,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 1,105,756 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 860,244 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА