Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 936

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч Ц.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200601965 1144 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ц.М, 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Баатархайрханы 7355 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД: /,

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Төмөрсүхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Л.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед ажлаа тараад Улиастай хуучин эцэс дээр автобуснаас буугаад гэр рүүгээ явж байсан чинь Марал дэлгүүрийн хажууд байрлах тоглоомын талбай дээр зүс таних Мтэй таарсан чинь согтуу байсан. Намайг шанаа авч чадах уу гэхээр нь чадна гэсэн чинь баруун талын шанаа руу гараараа 1 удаа, баруун гараараа зүүн шанаа руу 2 удаа, зүүн гараараа баруун чамархайн орчимд 1 удаа, зүүн гараараа бас хацар руу 1 удаа, баруун гараараа зүүн хацар руу 1 удаа, дагзнаас гараараа дарж тонгойлгож байгаад нүүр рүү өвдөглөх гэхээр нь гараараа хамгаалсан чинь гаран дээр 2 удаа өвдөглөсөн. Тэр үед манай дүү Буяндэлгэр гүйж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Яллагдагч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ ялыг хүлээн зөвшөөрч байна.. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4615 тоот дүгнэлтэд: 

1. Л.Төмөрсүхийн биед баруун чамархай, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, уруулд цус хуралт, уруул өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 21/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Төмөрсүхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Л.Төмөрсүхийн: “...2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед ажлаа тараад Улиастай хуучин эцэс дээр автобуснаас буугаад гэр рүүгээ явж байсан чинь Марал дэлгүүрийн хажууд байрлах тоглоомын талбай дээр зүс таних Мтэй таарсан чинь согтуу байсан. Намайг шанаа авч чадах уу гэхээр нь чадна гэсэн чинь баруун талын шанаа руу гараараа 1 удаа, баруун гараараа зүүн шанаа руу 2 удаа, зүүн гараараа баруун чамархайн орчимд 1 удаа, зүүн гараараа бас хацар руу 1 удаа, баруун гараараа зүүн хацар руу 1 удаа, дагзнаас гараараа дарж тонгойлгож байгаад нүүр рүү өвдөглөх гэхээр нь гараараа хамгаалсан чинь гаран дээр 2 удаа өвдөглөсөн. Тэр үед манай дүү Буяндэлгэр гүйж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Л.Төмөрсүх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Ц.Мд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Мд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР