| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0795/Э |
| Дугаар | 942 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Н.Уранбайгаль,
иргэний хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнх-Оюун,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Д.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00031 0075 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.О, 1989 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Эмсид” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн, 10 дугаар хороо, 1а хэсэг, 2030 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Цэвэр усны хангамжийн газрын постны баруун урд автобусны буудлын замд “Эмсид” ХХК-ны эзэмшилийн “Hyundai-Aero city 450” маркийн 25-31 УНА улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч 46 настай, эмэгтэй, Ш.Энхтуулыг автобусанд бүрэн сууж амжаагүй байхад нь автобусаа хөдөлгөн улмаар унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Иргэний хариуцагч Г.Мөнх-Оюун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Жолоочтойгоо ярьж уулзаад хохирогчийн төлбөр мөнгийг төлж барагдуулахаар удирдлагуудад уламжилсан. Д.О нь бичиг баримтын асуудалтай байгаа болохоор ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа” гэв.
Хохирогч Ш.Энхтуул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн Улиастайн постны автобусны буудал дээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед Улиастайн автобуснаас буугаад гачууртын автобусанд суух гэсэн чинь хөдөлсөн. Тэгэхээр нь буцаад улиастайн автобусандаа суух гээд очиход урд хаалга хаасан, хойд хаалга нь онгорхой байхаар нь суух гээд баруун хөлөө тавих үед хаалгаа хаагаад хөдөлж, баруун хөл хаалганд хавчуулагдаж, чирэгдэж унаад ухаан алдсан. Гачууртын автобус миний сууж явсан улиастайн автобус байсан ба постны буудал дээр зогсох үед дамжиж суух байсан юм. Тухайн үед гэр рүүгээ харих гээд 7 настай хүү Э.Отгон, 10 настай охин Э.Энхцацрал нарын хамт явж байсан. Хүүхдүүд том болсон учраас гэмтээгүй. Автобус руу би эхэлж ороод хавчуулагдсан, хүүхдүүд миний ард байсан учраас автобусанд суугаагүй. Хүүхдүүдийн биед гэмтэл учраагүй. Толгойны баруун, дээд хэсгийн яс цуурсан, баруун хөлний шагай хэсэг хөхөрсөн. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхад эм тариаг жолооч авч өгч байсан. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх үед гарсан зардлыг би өөрөө төлсөн. Надаас 300.000 төгрөг эмчилгээнд гарсан, гомдолтой байна. 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралд сууна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 71-72/,
Хохирогч Ш.Энхтуул нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...жолооч О нь миний эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй болно” гэжээ.
Иргэний хариуцагч Г.Мөнх-Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай компаний жолооч О нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн тойргийн Усан сангийн постын камд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд Х.Аеросити маркийн 25-31 УНА улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа зорчигчийг автобусанд бүрэн суулгалгүй унагааж гэмтээсэн гэж сонссон. Ослын талаар нарийн сайн мэдэхгүй. Өнөөдрийн байдлаар хохирогчид мөнгө төгрөг өгөөгүй байгаа, компанийн удирдлагууд шийдэх байх, би удирдлагууддаа уламжилна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №986 дугаартай дүгнэлт:
1. Ш.Энхтуулын биед гавлын дагзны дээд хэсгээс баруун доош үргэлжлэн баруун чамархай хүрсэн шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд цус хуралт, тохой, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар амь гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрлээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 58-59/,
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №59 дугаартай дүгнэлт:
1.Н.Aerocity маркийн 25-31 УНА улсын дугаартай автобусны жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” Гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Зорчигч Ш.Энхтуул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үнлэслэл тогтоохдогүй байна.
3. Зам тээврийн осол замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 55/,
2020 оны 01 дүгээр сарынн 01-ний өдрийн хэргийн газарт үлэг хийсэн тэмдэглэл: Зам тээврийн осол нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо цэвэр усны хангамжийн газрын постны баруун замд Aerocity маркийн 25-31 УНА автобусны жолооч Д.О нь зорчигч нарыг буулгаад хөдлөхдөө автобусанд сууж байсан Ш.Энхтуулыг бүрэн суулгалгүй хөдөлж, унагаасан байв. Осол 19 цаг 03 минутанд гарсан ба зорчигч Ш.Энхтуулыг ГССҮТ-д хүргэсэн. Автобусыг бааз руу байрлуулсан, ослын дуудлагыг 22 цаг 30 минутанд өгсөн. Жолооч Д.Огаар зорчигч Ш.Энхтуул автобусанд суух гэж байгаад чирэгдэж эхэлсэн цэгийг заалгаж “А” үсгээр, чирэгдэж унасан цэгийг мөн заалгаж “Б” үсгээр тэмдэглэж хэмжилийг явууллаа. Үзлэгт Ш.Энхтуулын төрсөн дүү Ш.Энхболдыг байлцуулсан. Зам тээврийн осол болсон зам нь асфальтан, шулуун тэгш, хуурай, суурийнгийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, хашлагагүй, хайсгүй байв. Зорчигч Ш.Энхтуул автобусны арын хаалгаар суух гэж байгаад чирэгдэж унасан байв. /хх-ийн 9-12/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.О нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Цэвэр усны хангамжийн газрын постны баруун урд автобусны буудлын замд “Эмсид” ХХК-ны эзэмшилийн “Hyundai-Aero city 450” маркийн 25-31 УНА улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч 46 настай, эмэгтэй, Ш.Энхтуулыг автобусанд бүрэн сууж амжаагүй байхад нь автобусаа хөдөлгөн улмаар унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь
Хохирогч Ш.Энхтуулын: “...Баянзүрх дүүргийн Улиастайн постны автобусны буудал дээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед Улиастайн автобуснаас буугаад гачууртын автобусанд суух гэсэн чинь хөдөлсөн. Тэгэхээр нь буцаад улиастайн автобусандаа суух гээд очиход урд хаалга хаасан, хойд хаалга нь онгорхой байхаар нь суух гээд баруун хөлөө тавих үед хаалгаа хаагаад хөдөлж, баруун хөл хаалганд хавчуулагдаж, чирэгдэж унаад ухаан алдсан. Гачууртын автобус миний сууж явсан улиастайн автобус байсан ба постны буудал дээр зогсох үед дамжиж суух байсан юм. Тухайн үед гэр рүүгээ харих гээд 7 настай хүү Э.Отгон, 10 настай охин Э.Энхцацрал нарын хамт явж байсан. Хүүхдүүд том болсон учраас гэмтээгүй. Автобус руу би эхэлж ороод хавчуулагдсан, хүүхдүүд миний ард байсан учраас автобусанд суугаагүй. Хүүхдүүдийн биед гэмтэл учраагүй. Толгойны баруун, дээд хэсгийн яс цуурсан, баруун хөлний шагай хэсэг хөхөрсөн. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхад эм тариаг жолооч авч өгч байсан. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх үед гарсан зардлыг би өөрөө төлсөн. Надаас 300.000 төгрөг эмчилгээнд гарсан, гомдолтой байна. 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралд сууна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хэргийн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ш.Энхтуул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Д.О нь бусдад учруулсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Од ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д. Ог замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР