Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 420

 

2020        06          02                                   2020/ШЦТ/420

                                                         

 

                                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: С.Энхтуул,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Тамир,

Шүүгдэгч: Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.О-д  холбогдох эрүүгийн 2011 0000 00451 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нийлэлийн түргэн тусламжийн төвд жолооч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7-67а тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, Х овогт Н.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 67а тооотод худлаа баашиллаа гэх шалтгаанаар Г.Ганхөлөгийн баруун хөл рүү өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн өдөр буюу 2020.04.20-ны өдөр ажлынхаа ах нар болох Уламбаяр, Даваадорж, Золбоот, Нараа нартай архи ууж байгаад уг газраасаа явж Уламбаяр, Даваадорж, Золбоот нартай Н.О-н гэрт ирж замаасаа авсан архиа уусан бөгөөд энэ үед буюу өдрийн 13 цагийн орчим Уламбаяр ахын эхнэр ирээд аваад явсан тэгээд Даваадорж, Золбоот, Н.О бид 4 үлдээд архи ууж байгаад би ухаангүй болж архиндаа тасарсан. Тэгээд нэг ухаан ортол би архи ууж байсан газрыхаа шаланд уначихсан хөл их өвдөлттэй өргөх гэхэд унжаад хугарчихсан юм шиг болчихсон байсан тэр үед миний хажууд хүн байхгүй байсан бөгөөд Золбоот, Н.Ооо гэж дуудтал Н.О ирсэн бөгөөд Н.О-г эмнэлэг дуудаад өг хөл эвгүй болчихож гэхэд Н.О чи юундаа баашлаад байгаа юм гээд миний өвдөж байгаа хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж дэвссэн тэгээд мөн нуруу болон толгой орчим руу гараараа цохиод байсан тэгэхээр нь би уйлаад гуйсан бөгөөд энэ үед Золбоот цаана утсаар яриад байх шиг байсан бөгөөд Золбоот ирээд 103 дуудаж өгсөн өөр болсон зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р хуудас/

Гэрч Г.Золбоотын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчим ажлаасаа бууж байхад манай ажлын Уламбаяр, Даваадорж, Наранбаатар, Ганхөлөг нар мөн ажлаасаа буугаад архи уугаад сууж байсан бөгөөд би тэд нартай нийлэн ууж байсан архинаас уусан бөгөөд тэндээсээ явцгаан замаараа дэлгүүр орж 2 шил архи аваад уух газар олдохгүй байсан болохоор Ганхөлөг, Уламбаяр нар Н.О-нд очъё гээд утсаар нь ярьтал Н.О хүрээд ир гэсэн ба бид нар Н.О-н хуучин РС тоглоом ажиллуулдаг байранд нь 12-13 цагийн орчим очиж нөгөө авсан архиа ууж эхэлсэн бөгөөд замдаа Наранбаатар ах гэрлүүгээ явсан ирээд 2 шил архиа ууж дууссаны дараа Уламбаяр, Даваадорж 2 яваад Гөнхөлөг, Н.О бид гурав үлдсэн ба Ганхөлөг, Н.О нар явж нэг шил архи авчран нөгөөхөө бид гурав ууж байтал би ухаангүй болоод тасарсан байсан. Тэгээд нэг ухаан ортол Ганхөлөг хөгшөөн надад туслаарай хөл өвдөөд байна гэсэн тэгсэн Н.О битгий баашлаад бай гээд аль нэг хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөхөөр нь боль гэж болиулаад гарах гэтэл уг байрны хаалганууд цоожтой байсан тэгэхээр нь Н.О-с түлхүүрийг авч гаран түргэн тусламж дуудсан тэгсэн Н.О, Ганхөлөг нар уг түргэний машинд суугаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №4960 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Г.Ганхөлөгийн биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал, мултрал, баруун шилбэний тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу далд хугарал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал, мултрал, баруун шилбэний тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун тохойд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39-р хуудас/

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал, мултрал гэмтэл нь дангаараа хүндэвтэр мөн баруун шилбэний тахилзуур ясны дээд 3/1 хэсгээр хугарсан хугарал мөн тусдаа хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шагайн хугарал мултрал нь хөлөө гадагшаа эвгүй гишгэхэд үүсэх боломжтой харин шилбэний тахилзуур ясны дээд 3/1 хэсгээр ташуу хугарсан хугарал цохих, цохигдох, өшиглөх, гишгэх үед үүсэх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/

Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр буюу 2020.04.20-ны өдөр 12 цагийн орчим манай ажлын Уламбаяр, Золбоот, Ганхөлөг, Даваадорж нар манайд ирээд ганц нэг шил архи хамт ууцгаан ойр зуурын юм ярилцаад сууцгаасан бөгөөд Уламбаяр, Даваадорж нар эхэлж яваад Золбоот, Ганхөлөг бид гурав үлдэн нэмж нэг шил архи авч уугаад юу болсныг мэдэхгүй байна нэг мэдсэн намайг нэг хүн манай РС тоглоом ажиллуулдаг байшингийн цонх руу түлхэж байсан ба энэ үед би гэнэт ухаан ороход Ганхөлөг газар шалан дээр хэвтэж байхаар нь босооч гэхэд Ганхөлөг .... андаа хөл өвдөөд гишгэж болохгүй байна ..... гэхээр нь юундаа маяглаад, баашлаад байгаа юм гэж хэлээд хөлрүү өшиглөсөн тэгсэн хэн нэг нь түргэн дуудсан бололтой удалгүй түргэний машин ирээд Ганхөлөгийг аваад явахаар нь цуг машинд нь суугаад явсан өөр зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-59-р хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 43-51-р хуудас/

Хохирогч Г.Ганхөлөгийн эмчилгээний зардалтай холбогдох баримтууд /хавтаст хэргийн 12-15-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10-р хуудас/

Шүүгдэгч Н.О-н ажлын байр, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 65-66-р хуудас/

Шүүгдэгч Н.О-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 69-р хуудас/

Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 74-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Шүүгдэгч Н.О нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 67а тооотод худлаа баашиллаа гэх шалтгаанаар Г.Ганхөлөгийн баруун хөл рүү өшиглөж улмаар хохирогчийн биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал, мултрал, баруун шилбэний тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу далд хугарал, баруун тохойд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.Ганхөлөг, гэрч Г.Золбоот нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №4960 дугаар шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Ганхөлөгийг худлаа баашиллаа гэх шалтгаанаар буюу үл ялих зүйлээр шалтаглан, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч Г.Ганхөлөгийн биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал, мултрал, баруун шилбэний тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу далд хугарал, баруун тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой байна.

Прокуророос Н.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Ганхөлөг нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой 748.185 төгрөгийн баримт гаргаж ирүүлсэн, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин, түүнтэй адилтгах бусад орлого болон өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Н.О нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 1.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, түүнийг эмчлэх, нөхөн сэргээхэд зарцуулагдсан мөнгөн төлбөрийг хохирол төлбөрт хамааруулан тооцно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ. Иймд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Г.Ганхөлөг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрлөж чадаагүй хугацааны цалин хөлс, цалингийн зөрүү, өмгөөлөгчийн зардал зэргийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, өөрийгөө өмгөөлж оролцсон шүүгдэгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй  болно.

Шүүхээс шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйлийн хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон